Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00082

 

 

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07905 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 292,741,333.33 төгрөг, алдангид 146,370,666.66 төгрөг нийт 439,112,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч *******ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан ******* ангийн 3-р талбай дахь хэсэгчилсэн 1-р талбай, *******ний МЧХ-ийн 1, 2-р талбайг түрээслэх сонгон шалгаруулалтыг зарласан.

Дээрх ажлын хэсгийн хурлаар *******ний МЧХ-ийн 1-р талбайд ******* шалгарч 20 705 м.кв талбайг 82,820,000 төгрөг, 205 метр урт замын нэг сарын төлбөр 500,000 төгрөгөөр түрээслэх нийт 83,320,000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулахаар шалгарсан.

*******-тай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу түрээсийн хөрөнгө нь нурмаг ачаа ачиж буулгах зориулалтаар, Улаанбаатар төмөр замын *******ний ачих, буулгах нэгдүгээр хэсгийн зам дагуу зам талбайг ачаа ачиж буулгах зориулалтаар 9 вагоны фронттой салбар зам, 20,705 м.кв талбайн өнгө үзэмж, чанар байдлыг шалгаж, фото зургаар баримтжуулан акт үйлдэж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийг байлцуулан түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн.

Харин түрээслэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор эхний сарын түрээсийн төлбөрийг, барьцаа төлбөрийн хамт төлөх ба түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны өдрийн дотор дансаар шилжүүлэх, түрээслэгч түрээсийн хөрөнгийг гэрээний хавсралт №2-т зааснаар актаар хүлээн авсны дараа өөрийн буруугаас болж ашиглаагүй бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон.

Гэтэл түрээслэгч ******* нь гэрээгээр тохирсон барьцаа болон сарын төлөлтийг түрээслүүлэгчид хугацаандаа төлөхгүй байсан тул түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн, урьдчилгаа болон барьцаа тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах зохицуулалтын дагуу түрээсийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр цуцалсан.

Талбай хүлээлцсэн актад *******ний ачиж буулгах хэсгийн ачилт буулгалтын 20,705 м.кв талбайгаас 4,070 м.кв талбайд ******* ХХК-ний 4,128 тонн нүүрс хадгалагдаж байгааг хамт хүлээлцсэн тул нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээгээр тохирсон талбайн хэмжээ болох 20,705 м.кв-аас 4,070 м.кв талбайг хасаж, үлдэх 16,635 м.кв талбайг м.кв-ыг 4,000 төгрөгөөр тооцож талбайн нэг сарын түрээсийн төлбөр 66,540,000 төгрөг, үүн дээр 205 мерт урт замын нэг сарын төлбөр 500,000 төгрөгийг нэмэгдүүлж гэрээний нэг сарын төлбөр нийт 67,040,000 төгрөг байхаар тооцолсон.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээг цуцалсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл төлөөгүй түрээсийн төлбөрт 292,741,333.33 төгрөг, алданги 146,370,666.66 төгрөг, нийт 439,112,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ын зарласан тендерт хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сард сонгон шалгаруулалтад шалгарсан. Уг сонгон шалгаруулалтыг зарлахад 7 хоногийн дотор төлбөр төлөх шаардлагуудыг тавьсан. Түрээсийн талбайг хүлээж авахаар очиход уг талбайд ******* ХХК-ийн нүүрс байсан бөгөөд анх тендер зарлахдаа үүнийгээ манай компанид мэдэгдэхгүйгээр 20,705 м.кв талбай түрээсэлнэ гэсэн. Мөн нэхэмжлэгч талаас холбогдох байгууллагаас шаардлагатай баримт бичиг, зөвшөөрөл авч өгнө гэсэн боловч энэ үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани үйл ажиллагаа явуулж чадаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас түрээсийн төлбөрт 292,741,333.3 төгрөг, алданги 146,370,666.7 төгрөг, нийт 439,112,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,403,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 2,353,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өвчний учир оролцох боломжгүй талаар мэдэгдэж, эмнэлэгт үзүүлж акт авч чадаагүй гэж хэлсэн. Би энэ талаар шүүхэд мэдэгдэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хүрэлцэн ирж оролцоогүй учир нэхэмжлэгчийг оролцуулж шүүх хуралдаан хийхийг хүссэн боловч миний хүсэлтийг мөн хангаагүй нь талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан. Ингэснээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах болсон, манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх, асуулт асууж хариулт авах хүсэлтэй байсан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.

4.2. Шүүхээс маргааны зүйл болох түрээсийн талбайг нэхэмжлэгч бүрэн суллаж хүлээлгэн өгсөн эсэх, өмнөх түрээслэгчийн нүүрс, эд хөрөнгө байсан эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Хариуцагчаас түрээсийн талбайгаа бүрэн суллаж хүлээж авахыг нэхэмжлэгчээс шаардахад хэрэгжүүлээгүй, түрээсийн талбайг бүрэн хүлээж аваагүй, хариуцагчийг түрээсийн талбайгаа бүрэн ашиглах боломжоор нэхэмжлэгч хангаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нүүрс буулгах талбай түрээсэлж, нүүрсээ буулгасан боловч тухайн түрээсийн талбайгаас нүүрсээ вагонд ачиж цааш нь тээвэрлэж чадаагүй учир нь вагон таталт, буулгалтын гэрээг байгуулах байсан боловч нэхэмжлэгчийн хүнд сурталаас болж уг гэрээгээ хийж өгөөгүй зэрэг нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнг бүтнээр хариуцагч төлөхөөр анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагчийг хохироон шийдвэрлэсэн.

Иймд Баянгол Хан-Уул Сонгннохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07905 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч гомдолдоо өмгөөлөгч авах эрхийг анхан шатны шүүх хангаагүй гэж дурдсан байна. Улаанбаатар төмөр зам нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 7 хоногийн хугацаанд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тухайн нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хугацаанд хариу тайлбар шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Сүүлд болсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар шүүхэд ирүүлээгүй тул өмгөөлөгч авах эрхийг шүүх хангаж шийдвэрлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.2. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн талбайг хүлээлцэж акт үйлдсэн. Акт үйлдэхдээ ******* ХХК-ийн 4000 м.кв нүүрс байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч үнийн дүнгээс хасаж төлбөрийг авсан. Түрээсийн гэрээний нийт талбай 20 705 м.кв бөгөөд уг талбайгаас 4000 м.кв талбайг хасахад 16,705 м.кв үлдэж байна. Энэ нь нийт талбайн 5/1 хэсэгт байрлаж буй нүүрс учир бусад хэсэгт үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой тул тус шаардлагыг хүлээн авах боломжгүй.

5.3. Нэхэмжлэгч нь тухайн тооцооллыг хэрхэн хийсэн талаар хүснэгт хэлбэрээр гаргаж өгсөн бөгөөд тайлбарт байдаг. Бид тухайн тооцооллыг гаргахдаа түрээсийн гэрээний нийт төлбөрөөс ******* ХХК-ийн 4000 м.кв нүүрсийг хасаж үлдэх өртгөөр тооцоолол хийж алдангийг өгсөн. Тухайн тооцоолол хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч тал маргаагүй байхаас гадна тухайн нотлох баримтыг үгүйсгэсэн баримт, тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 292,741,333.33 төгрөг, алдангид 146,370,666.66 төгрөг, нийт 439,112,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийг түрээсийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргийг зөрчсөн тул гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон алданги шаардсан гэх агуулгаар, хариуцагч нь татгалзлаа анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг зам арчилгааны болон вагон тавьж өгөх, татан авах гэрээг байгуулаагүй буруутайн улмаас нурмаг нүүрс ачиж гаргах зөвшөөрлийг гааль өгөөгүй тул түрээсийн зүйлийг бүрэн эзэмшиж чадаагүйгээс төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй гэх агуулгаар тус тус тайлбарласан.

 

3.2. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч ******* нь нурмаг ачаа ачих зориулалтаар *******ын эзэмшлийн *******ний ачиж буулгах хэсгийн 9 вагоны фронттой салбар зам, 20705 м.кв талбайг түрээслэх, түрээслүүлэгч *******д ******* нь түрээсийн талбайг 1 м.кв талбайг 4,000 төгрөгөөр тооцон 82,820,000 төгрөг, 205 метр урт замын төлбөрт 500,000 төгрөг, нийт нэг сарын түрээсийн төлбөрт 83,320,000 төгрөгийг төлөхөөр талууд тус тус тохиролцжээ.

 

3.3. Мөн гэрээний 3.4-т түрээслэгч нурмаг ачаа ачиж буулгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө тухайн орон нутгийн эрх бүхий байгууллага буюу гаалиас авах бөгөөд өөрсдийн хөрөнгөөр ачиж буулгах тоног төхөөрөмжөө өөрсөдөө бэлтгэсэн байх, гэрээний 8.4.11-т түрээслүүлэгчийн Замын 3 дугаар ангитай салбар зам арчилгааны гэрээ байгуулах, гэрээний 8.4.12-т УБТЗ-тай салбар замд вагон тавьж өгөх, татаж авах гэрээ байгуулахаар тус тус тохиролцсон байна.

 

3.4. Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн зүгээс удаа дараа зам арчилгааны гэрээ, салбар замд вагон тавьж өгөх, татаж авах гэрээг байгуулах хүсэлт тавьсан боловч эдгээр гэрээг байгуулаагүйгээс гэрээний зорилго биелэгдээгүй үүрэг зөрчигдсөнд нэхэмжлэгч буруутай гэх агуулгатай гомдлыг ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан.

 

3.5. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад бичгээр тайлбар гаргаагүй боловч анхан шүүх хуралдаанд оролцож дээрх тайлбарыг гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүйгээс маргааны зүйлийн талаар зохигчдын хооронд мэтгэлцээн явагдаагүй байна. Ийнхүү маргааны зүйлийн талаар мэтгэлцээн явагдаагүйгээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Энэ тохиолдолд талуудын хооронд ямар харилцаа үүсч, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан ямар асуудлаар хэрхэн үүссэн талаарх үйл баримт тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэж эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болж буй үйл баримтыг талууд нотлох бөгөөд шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодруулах улмаар мэтгэлцээнийг зөв явуулахад чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4. Хэргийн баримтаар талууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээнд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 тал гарын үсэг зурж, Улаанбаатар төмөр замын тэмдэг дарагдаж, хууль зүйн албанаас дугаар авснаар гэрээг албажуулж, улмаар талууд түрээсийн талбайг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээлцжээ. /хх-ийн 25-32, 37-38/

 

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн зүйлийг хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч талууд гэрээгээр тохирсон тул 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр тооцохоор тохирсон гэж тайлбарласан.

 

4.2. Хэргийн 4-7 дугаар талд авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТГ/23/307 түрээсийн гэрээний төлбөрийн тооцоолол гэх баримтад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 89,386,666.67 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 67,040,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2,234,666.67 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 292,741,340.33 төгрөг, алданги 146,370,666.66 төгрөг бүгд 439,112,000 төгрөг гэж,

 

хэргийн 50 дугаар талд авагдсан төлбөрийн тооцоолол гэх баримтад 2023 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр 83,320,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 83,320,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөр 83,320,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөр 83,320,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр 24,189,677.4 нийт 357,469,677.4 төгрөг, алданги 178,734,838.7 төгрөг, бүгд 536,204,516.1 төгрөг гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байна.

 

4.3. Дээрх хэргийн 4-7 дугаар тал дахь баримтууд дутуу байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Харин хэргийн 50 дугаар тал дахь тооцооллын баримт нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй, тодорхой бус байхаас гадна холбогдох санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаагүй байх тул хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Харин шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байхаас гадна нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,353,410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлал гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ