Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 840

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Д овогт Ч-гийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн  1905028480934 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ... -ний өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ХХК-д жолооч ажилтай, ам бүл ..., эцэг, эхийн хамт ....... аймгийн ........ сумын ... дугаар баг ........ гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ч-гийн Э-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ......... дүүргийн ....дугаар хороо ... дугаар бичил хорооллын .... дугаар байрны .... тоотоос иргэн С.Д-ийн 650.000 төгрөгний үнэлгээ бүхий Samsung galaxy А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.Э мэдүүлэхдээ: “Л-, Д- бид гурав хамт байж байгаад 06 дугаар сарын 30-ны орой хороололд бааранд орж, пиво уугаад Д-ийн гэрт буюу бичил хорооллын 12 дугаар байранд орж хоносон. Би шөнө хоночихоод өглөө нь Д-ийн гар утсыг авч гараад зарсан. Тэгээд ажил руугаа явсан” гэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ........... дүүргийн ... дугаар хороо ...  дугаар бичил хорооллын ...  дугаар байрны ....  тоотоос иргэн С.Д-ийн 650.000 төгрөгний үнэлгээ бүхий Samsung galaxy А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч С.Д-ийн “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай найз Болдбаатар над руу залгаад чи Э-г хайж байгаа биз дээ тэр чинь энд Саппорогийн ард талын Шонхор нэртэй буудалд надтай хамт байна гэхээр нь би явж очоод Э-гаас бэлэн 300.000 төгрөгөө авъя, чи надаас мөнгө зээлж авсан биз дээ гэхэд цалин буух арай болоогүй байгаа цалингаа буухаар чамд өгье гэхээр нь за за гэж хэлчихээд би буудлаас яваад өгсөн юм. Намайг зочид буудлаас явахад өглөө 09 цагийн үед хүрээд ирээрэй, би 22-ын товчоо орж хүнтэй уулзах ажилтай юм гэхээр нь за за гээд харьж амраад маргааш өглөө нь очоод 22-ын товчоо орохоос өмнө Э- миний гар утсаар нэг хүнтэй ажил яриад тэгэж байгаад 22-ын товчоо орохооргүй болчихоор нь би хажуудаа дагуулж яваад мөнгө авчих санаатай яваад байсан юм. Тэгээд тэр өдөр машин тэрэг угаалгаж, гадуур хамт явж байгаад 23 цагийн үед хорооллын нэрийг нь мэдэхгүй нэг бааранд Э-, Л- бид гурав ороод гурав гурван шил пиво ууж бүжиглэж байгаад шөнө нь 04 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад манайд бид гурав очиж хонохоор бичил хорооллын 12 дугаар байрны 123 тоотод очиж унтаж амарсан юм. Тэгээд 11 цагийн үед би сэрээд л гар утсаараа ярих гэтэл гар утас олдохгүй, Э- манайд байхгүй, Л- унтаж байхаар нь Э-г асуухад мэдэхгүй шүү дээ гэхээр нь би найз Л-ын эзэмшлийн ..... ОРБ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины түлхүүр чинь хаана байгаа юм бэ, машин дотор чинь Э-гийн хувцаснууд байгаа гэхэд манай найз Л- ширээн дээр машины түлхүүр тавьсан гэхээр нь байхгүй болчихоор нь гарч машинаа харахад машин зогсоолд байсан бөгөөд уг машины түлхүүрийг урд талын 11 дүгээр байрны булангийн дэлгүүрт үлдээчихсэн байсан. Тэгээд би гар утсаа олж авч чадахгүй Э-г олж авч чадахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна. Миний гар утас нь Samsung galaxy A-50 маркийн гар утас байсан. Би өөрийн гар утсаа 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Мобикомын салбараас 839.000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Би гар утсаа 650.000 төгрөгөөр үнэлж байна.  Миний гар утас нь гэргүй, баруун дээд буландаа жижиг цууралттай цэнхэр өнгийн гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /13-14 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.Л-ын “... хорооллын бичил рүү Д-ийн гэрт бид гурав очиж нэг том пиво уугаад амарсан. Өглөө нь Д- бид хоёр сэрэхэд Д-ийн А-50 маркийн гар утас болон миний автомашины түлхүүр хоёрыг Э-  аваад явчихсан байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Д-ийн байрны ойролцоох дэлгүүр лүү орж худалдагчаас хар өнгийн хувцастай махлаг шар царайтай дунд зэргийн нуруутай залуу танайд автомашины түлхүүр үлдээгээгүй биз гэж асуухад яг хоногийн өмнө та хоёрыг ярьж байгаа шиг нэг залуу орж ирээд энэ түлхүүрийг 2 залуу удахгүй ирж авах байх гэж хэлээд үлдээсэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

          Ашид Билгүүн ХХК-ны Samsung galaxy А-50 маркийн гар утсыг 650.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

          Ч.Эгийн яллагдагчаар өгсөн “ ... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна. 2019 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр шилжих шөнө Д-, Л- бид гурав хорооллын бааранд орж гурав, гурван шил пиво уугаад өглөө үүрээр бичилийн 12 дугаар хорооны орчимд байрлах Д-ийн гэрт очиж унтсан. Тэгээд би өглөө 07-08 цагийн орчимд сэрээд Д-ийн ширээн дээр ил байсан гар утсыг  нууцаар, хэлэлгүй авсан. Мөн би Л-ын автомашины түлхүүрийг ширээн дээрээс авч автомашины араас өөрийн цүнхээ авсан. Тэгээд түлхүүрийг 11 дүгээр байрны булангийн дэлгүүрт үлдээсэн. Би ажилдаа явах гэтэл зардлын мөнгө хэрэгтэй байсан учир гар утас хулгайлсан. Би хулгайлсан гар утсаа Хархорин захын орчимд танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Э нь С.Д-ийн 650.000 төгрөгний үнэлгээ бүхий Samsung galaxy А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-ид  Samsung galaxy А-50 маркийн гар утасны үнэлгээ болох 650.000 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Ч.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ч-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Эгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 24 /хорин нэг/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч 308 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Э-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Эгаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч ...... дүүргийн ...... хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух Д-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ