| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06045/И |
| Дугаар | 210/МА2026/00166 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00166
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээ цуцалж, орон сууцны төлбөрт төлсөн 66,922,287 төгрөг, алдангид 33,461,143 төгрөг нийт 100,383,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр *******,*******, *******ы 38 дугаар блокийн 13 дугаар давхрын А тоот хаягт байрлах 37.77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалж, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ болох 66,992,287 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагчид төлсөн. Хариуцагч нь 2024 оны 1 дүгээр улиралд барилгын ажлыг бүрэн дуусгаж захиалагчид орон сууцны түлхүүрийг гардуулж, улмаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаагүй байхаас гадна өөр хүнтэй давхардуулан гэрээ байгуулсан тул орон сууцыг олгох боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Тиймээс нэхэмжлэгчийг *******,*******, *******ы 38 дугаар блокийн 13 дугаар давхрын А тоот хаягт байрлах, 37.77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.
1.2. Гэрээний 5.1, 8 дугаар зүйлийн 8.12-т заасан орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул алданги 33,461,143 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах *******ы 38 дугаар блокийн 13 дугаар давхрын А тоот хаягт байрлах, 37.77 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, алданги 33,461,143 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулна.
1.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа хариуцагч нь орон сууцыг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд ашиглалтад оруулаагүй, уг барилга 16 давхар баригдахаас одоогоор 13 давхар баригдаж барилгын ажил зогссон, 2025 онд ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт тодорхой болсон тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг цуцалж байна.
Иймд гэрээ цуцалсан тул хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 66,922,287 төгрөг, алданги 33,461,143 төгрөг, нийт 100,383,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 100,383,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 660,217.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 659,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон бөгөөд тус өдөр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Би хэргийн материалтай танилцаагүй, хэргийн талаар мэдээлэлгүй байсан тул шүүх хуралдаанд нөгөө талтай мэтгэлцэх, асуулт асуух, нотлох баримт гаргаж өгөх, хариуцагч талын эрх ашгийг хамгаалан шүүх хуралдаанд оролцох боломж байгаагүй.
4.2. Нэхэмжлэлийн шаардлага болох 100,383,430 төгрөгөөс орон сууцны үнэ болох 66,922,287 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги 33,461,143 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч *******ийн гомдлоор мөрдөн шалгах албанд эрүүгийн хэрэг үүсч, ******* ХХК болон гүйцэтгэх захирал ******* нарыг яллагдагчаар татсан боловч уг нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талаас хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан тул нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Уг өөрчилсөн шаардлагыг хариуцагч тал гардаж авахгүй байсан учраас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагаас түүнийг албадан ирүүлж, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д гардуулж өгсөн. Мөн шүүх хуралдааны товыг хуульд зааснаар 3 хоногийн өмнө шүүгчийн туслах мэдэгдсэн.
Гэвч хариуцагч тал шинээр *******д итгэмжлэл олгон хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед ******* гэх этгээдэд олгосон итгэмжлэлээсээ хариуцагч татгалзаагүй байсан бөгөөд ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нэг жил гаруй хугацаанд нэхэмжлэгч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх зохигчийн эрхээр бүрэн хангасан, шүүх нэхэмжлэгч талын хэргийн материалтай танилцах эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан тохиолдолд нэхэмжлэгч тал дахин өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахыг үгүйсгэхгүй. Иймээс шүүх хэргийн материалтай танилцах, талуудыг мэтгэлцэх боломжоор хангасан.
5.2. Хариуцагч нь ******* ХХК болон мөн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгчээс тодруулахад уг асуудлын талаар гомдол гаргаагүй, нэр бүхий орон сууцны захиалагч нар гомдол гаргасан ч би үүнд оролцоогүй гэж тайлбарласан. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ******* ХХК болон мөн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* нарт холбогдуулан гомдол гаргасан талаар дурдаагүй атлаа давж заалдах гомдолд уг асуудлыг хөндсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хуульчилсан. Уг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дурдаж байгаагүй атлаа давж заалдах гомдолд дурдаж буй нь үндэслэлгүй.
5.3. Алданги нь Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээний дагуу хариуцлага хүлээж буй хэлбэр тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч талын гаргасан эхний нэхэмжлэлийн шаардлага орон сууцыг өмчлөлд шилжүүлэн авах тухай байсан. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд зөвлөмжид гэрээг цуцлах хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна гэж тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гэрээний заалтууд түүнийг цуцлах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймд алдангийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах *******ы хаягт байрлах, 37.77 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, алданги 33,461,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 66,922,287 төгрөг, алданги 33,461,143 төгрөг, нийт 100,383,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
3. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,,, хаягт байрлах, 37.77 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, ******* нь орон сууцны үнэд 66,922,287 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-12/
3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний шинж, агуулга, тохирсон нөхцөл, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
3.3. Гэрээний 3.1.4, 4.1-д хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу орон сууцны төлбөрийг хариуцагчид төлөхөөр тус тус тохиролцсон байна.
3.4. Нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 33,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,922,287 төгрөг, нийт 66,922,287 төгрөгийг орон сууцны үнэд хариуцагчид төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 16-19/
3.5. Хариуцагч орон сууцыг 2024 оны 1 дүгээр улирал буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохирсон боловч өнөөг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
3.6. Иймээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
3.7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнээд хариуцагч ******* ХХК-аас 66,922,287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн зөв боловч нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг зөвтгөн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсныг хасаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг гэж нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан алданги 33,461,143 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.1. Талууд гэрээний 5.1, 8.12-т орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
4.2. Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид тус тус гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч алдангийн талаар маргаж тайлбар ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ тохиолдолд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.3. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алданги шаардсан, анхан шатны шүүх гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангид 33,461,143 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь дээрх үндэслэлээр буюу хариуцагч хариу тайлбар гаргаагүй энэ талаар мэтгэлцэж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх тус хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан. Үүний дараа нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч хариуцагч уг шаардлагыг гардаж аваагүй. Улмаар шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан шийдвэрлэж, хариуцагчид 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрчилсөн шаардлагыг гардуулсан. Энэ хугацаанд шүүхээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байх тул тэрээр хэргийн материалтай танилцах, нотлох баримт ирүүлэх, гаргаж өгөх замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Түүнчлэн, хариуцагч байгууллагын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаан хийх өдөр сольсон нь тухайн байгууллагын зохион байгуулалттай холбоотой байх тул анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн материал танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 100,383,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 325,300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлал гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ