| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04451/И |
| Дугаар | 00126 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 3-35В тоотод оршин суух, Оорцог овогт Лхаасүрэнгийн Мөнхсайхан /РД:УЕ83040577/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 6-8 тоотод оршин суух, Бэсүд овогт Дүгэрсүрэнгийн Энхтайван /РД:ЦБ67012771/-д холбогдох,
гэм хорын хохиролд 758 590 төгрөг болон хойшид гарах эмчилгээний зардлыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мөнхсайхан, хариуцагч Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 03 дугаар сарын 05-ний шөнө Хан-уул дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар цахилгаан станцын урд талын замын уулзвар дээр Тоёото приус маркийн машинаар 40 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед хариуцагч Д.Энхтайван нь өөрийн машинтай явж байгаад миний машины араас мөргөсөн. Миний унаж явсан машин нь манай дүүгийн нөхөр Ч.Нямаагийн машин байсан. Ослын улмаас миний биед болоод унаж явсан машинд хохирол учирсан. Эхний үнэлгээгээр автомашинд урьдчилсан байдлаар 2.695.000 төгрөгний хохирол учирсан байна гэсэн хариу өгсөн. Ослын улмаас автомашины засварын зардал мөн миний биед учирсан гэмтэлд эмчилгээний шууд болон шууд бус зардлууд нийлээд нийт 3.695.000 төгрөг болсон. Ослын улмаас миний толгой өвддөг, хүзүү, нуруу хөших, нүүрний хэсэгт зулгаралт үүсч хөхөрсөн байсан. Шүүх шинжилгээний албанд хандан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тэгээд би Батлан хамгаалах цэргийн эмнэлэгт 24 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Ингээд эмнэлэгт хэвтээд бие дээрдсэн боловч цаашид физик эмчилгээнд явах шаардлагатай байнгын эмчийн хяналтанд байхыг эмч зөвлөсөн. Одоогоор миний бие хүнд зүйл өргөж болохгүй нуруу өвддөг болсон. Одоо автомашины оношлогоонд оруулсан 585.000 төгрөгний хохирол, мөн би өөрөө “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсан, энэ ослын улмаас 3 дугаар сарын зээлээ төлж чадаагүй. 1 сарын зээл 120.000 төгрөгийг төлдөг. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед осол гарсан нь миний буруу болчимгүй явдал гаргасандаа уучлал гуйж байна.Осол гарсны маргааш нь Л.Мөнхсайхантай уулзаж толгой, нуруу, сээрний зургийг гэмтлийн эмнэлэгт очиж авахуулсан. Эхний гэмтлийн эмнэлэг дээр авахуулсан зургийг Л.Мөнхсайхан нь танил талаараа хөөцөлдөж байгаад зургийг эерэг гаргалаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан. Дахин зураг авахуулах шаардлагатай байна гэхээр нь би шаардлагатай мөнгийг өгч байсан. Хамгийн эхлээд би холоос явдаг хоол ундны мөнгө гээд 100.000 төгрөг өгсөн. Ингээд эмчилгээний зардал нийт 1.100.000 гаруй мөнгөн төгрөг өгсөн. Автомашины хувьд анхны замын цагдаагийн оношлогооны үнэлгээгээр гарсан хохирлыг өгсөн. Дахин үнэлгээ бол ослын дараа ч учирсан байж болох учраас би хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ нэхээд байгаа эмчилгээний болон бусад гарсан зардлыг би төлчихсөн гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхсайхан нь гэм хорын хохиролд 758 590 төгрөг болон хойшид гарах эмчилгээний зардлыг хариуцагч Д.Энхтайванаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд Д.Энхтайван нь 2016 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-3 ХХК-ийн урд замд Тоёото приус маркийн 59-75 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” 2.7а “Жолоочид ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөнөөс Л.Мөнхсайханы жолоодож явсан Тоёота приус маркийн 84-44 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
Уг ослын улмаас Л.Мөнхсайханы биед хөнгөн гэмтэл учирсан, түүний жолоодож явсан автомашинд 2 631 000 төгрөгний шууд, 3 695 000 төгрөгний нийт хохирол тогтоогдсон, энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээнд хүрээгүй гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон Д.Энхтайванд холбогдох 688 дугаартай гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Тээврийн прокурорын газрын 2016.03.29-ний өдрийн 705 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Тоёото приус маркийн 84-44 УНА улсын дугаартай автомашины өмчлөгчөөр М.Нямаа тэмдэглэгдсэн байх боловч осол болох үеийн техникийн тодорхойлолтод өөрчилсөн тэмдэглэл хийгдээгүй, ослын үед Л.Мөнхсайхан нь бусдын тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь өөрийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул Л.Мөнсхайхан нь уг автомашинд учирсан хохирлыг шаардах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг бөгөөд М.Нямаа өөрөө нэхэмжлэл гаргаагүй, мөн өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг нь тодорхойлсон итгэмжлэлийг Л.Мөнхсайханд олгоогүй байна.
Иймд Л.Мөнхсайханыг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн тул автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний талаарх бичгийн баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Л.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтууд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалаас хуулбарласан байх бөгөөд тухайн баримтуудыг үндэслэн гарсан хохирлыг Д.Энхтайван төлсөн болох нь 2016.03.17-ны өдрийн мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2016.03.21-ний өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, 2016.04.04-ний өдрийн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Л.Мөнхсайхан нь ослын улмаас орлого тасалдаж, “Транскапитал” ББСБ-ын зээлийн гэрээний дагуу зээлийн төлөлт хийгдээгүй гэх 120 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч хэдэн төгрөгний орлого олдог, ямар ажил эрхэлж байсан талаар нотолсон баримтгүй, мөн хойшид гарах зардлыг тооцох боломжгүй байх тул Л.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч Ж.Отгонбаяр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Энхтайванаас 758 590 төгрөгийг гаргуулахыг хүссэн Л.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 780 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Д.ХУЛАН