| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2025/00200/И |
| Дугаар | 210/МА2026/00168 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00168
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/07945 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж, *******ад учирсан хохиролд 265,057,180 төгрөг, *******-д учирсан хохиролд 62,366,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь олон нийтийн фэйсбүүк сүлжээн дэх ******* гэх хаягийг ашиглан 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч нарын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа, тогтмол халдаж, өнөөг хүртэл үргэлжилж байна. Тодруулбал, “...******* гэрээгээ зөрчсөн, бага сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн, үйлчлүүлэгчтэйгээ өрсөлдсөн” гэх, “... ******* нь үйлчлүүлэгчийнхээ баримт бичгийг ашигласан” гэх, “...******* нь үйлчлүүлэгч байгууллагын нууц мэдээлэл, бизнесийн нууц, баримт бичгийг ашигладаг, ёс зүйгүй этгээд” гэх агуулга бүхий мэдээг удаа дараа нийтэд түгээсэн.
1.2. Хариуцагч ******* нь фэйсбүүк дэх ******* гэх хаягийг ашиглах арга замаар ******* үндсэн хуудас болон бусад олон нийтэд нээлттэй болон хаалттай фэйсбүүк групп, пэйжид байршуулах, *******-ийн зарим харилцагч, үйлчлүүлэгч байгууллагыг иш татах буюу “tag” хийх, төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлэх зэрэг олон хэлбэр, хүрээнд удаа дараа, тогтмол түгээж, гутаан доромжлох болсон.
Дээрх мэдээлэл нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн агуулгагүй, нэхэмжлэгчийн нэрийг шууд заасан, түүний үйл ажиллагаа руу шууд чиглэсэн, гутаан доромжилсон, илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байдаг.
1.3. *******ын хувьд холбогдох шаардлагыг хангасны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1118 тоот захирамжаар ******* бага сургуулийн боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийг авсан. Бага сургуулийн үйл ажиллагаанд зориулж *******аас 550 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч ******* хууль бус үйлдэл хийж олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу фэйсбүүк хуудсаар удаа дараа нэр заан ажил хэргийн нэр хүнд болон нэр төрд халдсан үйлдлийн уршгаар тус сургуулийн элсэлт болон үйл ажиллагааг явуулах боломжгүй болж 265,057,180 төгрөгийн хохирол учирсан.
1.4. ******* нь ******* банкны Жижиг дунд бизнесийн академитай 2024 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн ба энэ хүрээнд Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт сургалт явуулах 36,500,000 төгрөгийн гэрээ, Хамтын өсөлт өсөлт хөтөлбөрт Процесс менежмент болон Хүний нөөцийн менежмент сэдвүүдээр сургалт явуулах 10,164,000 төгрөгийн гэрээ, Ногоон бизнес хөтөлбөрт сургалт явуулах 5,082,000 төгрөгийн гэрээг байгуулан ажиллаж амжилттай, үр дүнтэй гүйцэтгэсэн. Эдгээр хөтөлбөрүүд нь жил бүр хэрэгждэг. Гэтэл 2025 оны Хамтын өсөлт хөтөлбөрт 4 сэдвийн 64 цагийн сургалтын санал болгосноос зөвхөн нэг сэдвийн 16 цагийн сургалтад шалгарч 19,166,400 төгрөг алдагдсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт 43,200,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээг санал болгосон боловч биднийг шалгаруулаагүй зэрэг нь хариуцагч *******ийн хууль бус үйлдэл хийж олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу фэйсбүүк хуудсаар удаа дараа нэхэмжлэгч нарын нэрийг заан ажил хэргийн нэр хүндэд халдахын зэрэгцээ, харилцагч байгууллагууд болох ******* банк руу гаргасан худал мэдээллээс болсон.
Иймд хариуцагч ******* нь өөрийн ******* гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан *******, ******* сургууль болон иргэн *******аас уучлалт гуйх, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн пост бүртээ залруулга хийхийг даалгах, энэхүү үйлдлийн улмаас *******ад учирсан хохирол 265,057,180 төгрөг, *******-д учирсан хохирол 62,366,400 төгрөг нийт 327,423,580 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ******* дунд сургуультай ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр нийт 10,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хамтран ажиллах гэрээг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сар хүртэл байгуулсан. Энэ хугацаанд сургуулийн зүгээс *******-д сургуулийн дунд ба урт хугацааны хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрүүд, онцлог давуу талууд, сургалтын бодлого, зорилт, үндсэн ба дэд процессууд, холбогдох дата, хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй бүхий л дүрэм журам зэрэг байгууллагын олон тооны дотоод мэдээлэл, бизнесийн ноу-хау, эцэг эхийн судалгаа, гадаад дотоод орчны шинжилгээ зэргийг зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд нээлттэй ярилцаж, цаасаар болон файлаар бэлдэж хоорондоо дамжуулсан.
2.2. Гэтэл манай сургуульд үйлчилгээ үзүүлж дуусмагц ганцхан сарын дараа *******, түүний үүсгэн байгуулагч ******* нь 2024 оны 7, 8 дугаар сараас эхлэн манай сургуульд нэвтрүүлсэнтэй адилхан стандарт нэвтрүүлсэн буюу ISO 9001 Олон улсын чанарын стандарт, ISO 21001 Боловсролын стандарт нэвтрүүлсэн ******* бага сургуулийг *******д үүсгэн байгуулж, багш нарын сонгон шалгаруулалт хийж буй талаар сурталчилгаа хийж, улмаар элсэлт авч эхэлсэн.
2.3. Үүнийг мэдмэгцээ ******* түүний үүсгэн байгуулагч ******* нь зөвлөх үйлчилгээний ёс зүйг зөрчиж үйлчилгээ үзүүлэгч байгууллагатайгаа өрсөлдөх бизнесийг эхлүүлж байгаа нь шударга бус, ёс зүйн зөрчлийг гаргаж буй үйлдэл болох талаар бичиж пост оруулсан. Мөн өөрийн байр суурь, үзэл бодлыг зөв зүйл, нэхэмжлэгчээс үйлчилгээ авагчийнхаа хувьд түүнээс шударга, ёс зүйтэй байхыг шаардах эрхтэй субъект гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* өөрийн ******* гэх фэйсбүүк хаягаар дамжуулан нэхэмжлэгч *******ын нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг, нэхэмжлэгч *******-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээлэл тараасан фэйсбүүк дэх ******* гэх хаягаар залруулга, няцаалт хийхийг хариуцагч *******т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 327,423,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,935,468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д 70,200 төгрөг, нэхэмжлэгч ******* 70,200 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх “...хариуцагч *******ийн дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ад 265,057,180 төгрөгийн хохирол, нэхэмжлэгч *******-д 62,366,400 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:
4.1а. ******* нь гэрээний оролцогч этгээд биш атлаа *******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудсаар ******* бага сургуулийн талаар *******ын фото зургийг оруулж олон нийтэд түгээсэн нь уг сургуулийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, үйлчлүүлэгчдийн итгэлцлийг алдагдуулж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон нь нотлогдоно. /1хх 29-31, 83-84 талд буй үзлэгийн тэмдэглэл/ Хариуцагч *******ийн ******* фэйсбүүк хуудас нь нийт 11,000 дагагчтай тул дээрхи худал мэдээ нь тэр хэмжээний хүнд хүрч цааш нийт 186 удаа шейр буюу хуваалцаж, нийт 148 удаа сэтгэгдэл бичигдсэн.
4.1б. Мөн ******* төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа үндэслэлгүй худал мэдээлэл гаргасны улмаас ******* бага сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хичээлийн шинэ жил эхэлсэн хойно буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацаа хоцорч гарсан тул 2024-2025 оны хичээлийн элсэлт авах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж бодит хохирол учирсан.
4.1в. Хариуцагч нь ******* бүрэн дунд сургуулийг төлөөлдөг гэх боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээтэй холбоотой ямар нэг шаардлага огт гаргадаггүй атлаа гэрээнд огт хамааралгүй банк болон төрийн хяналт шалгалтын бүхий л байгууллагад үндэслэлгүй худал мэдээлэл гаргасан үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид мөнгө санхүү, сэтгэл санааны хохирол учирсаар яваа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
4.1г. *******-ийн санхүүгийн тайлангаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг зөвхөн 2024 оны 8, 9, 10 саруудаар хязгаарлаж гаргасан. /Үүнд засвар, тохижилт, тавилга, ус дулаан, тог цахилгаан, гэх мэт урсгал зардлыг тооцоогүй/
Түрээсийн нийт төлбөр 197,269,000 төгрөг байгаагаас зөвхөн 2024 оны 8, 9, 10 сарууд буюу элсэлт авч чадаагүйн улмаас учирсан түрээсийн төлбөр 90 сая төгрөг, элсэлтийн маркетингийн үйлчилгээнд төлсөн зардал 11,791,280 төгрөг, 2024 оны 8, 9, 10 саруудын цалингийн зардал 90 сая төгрөг, цалингийн зардал 3,000,000 төгрөг зөвхөн 3 сараар тооцоход бодит хохирол нийт 104,791,280 төгрөг болдог. Дээрх тооцоо болон санхүүгийн аудит хийсэн тайлангаас үзэхэд *******ад учирсан 104,791,280 төгрөгийн хохирол нь *******ийн үйлдэлтэй шууд хамааралтай шалтгаант холбоотой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь худал мэдээлэл тараагаагүй буюу бодит үйл баримтад үндэслэн мэдээлэл тараасан. *******, ******* нар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, сургуулийн үйл ажиллагааны бүхий л ноу хауг мэдсэн. Уг үйл явдлаас 2 сарын дараа нэхэмжлэгч адил төрлийн сургууль байгуулсан буюу хариуцагчтай бизнесийн өрсөлдөгчид болсон. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн тараасан мэдээлэл үндэслэлтэй. ******* зөвлөх үйлчилгээ үзүүлж, хариуцагчид гэрчилгээ олгосон. Уг гэрчилгээний дагуу ******* бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулах байтал хуурамч буюу хүчин төгөлдөр бус гэрчилгээ олгосноос шалтгаалан талуудын хооронд маргаан үүссэн. Уг асуудлаар Үндэсний итгэмжлэлийн төв, Стандартчилал хэмжил зүйн төв, Цагдаагийн байгууллага гэх мэт бүх шатны байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэгч талаас олгосон гэрчилгээ нь хуурамч, бүртгэлгүй гэрчилгээ байдаг. Хариуцагчийн эрх ашиг бодитоор хөндөгдсөн учир үйл баримтад тулгуурлан мэдээлэл гаргасан. Нэхэмжлэгч талын олгосон гэрчилгээ хуурамч болох нь тогтоогддог. Хариуцагч тал үнэн бодитой мэдээлэл тараасан учир гомдлыг эс хүлээн зөвшөөрч байна.
5.2. Хохирол учирсан гэх хуулийн этгээд нь ******* бага сургууль юм. Нэхэмжлэгч ******* нь ******* бага сургуулийн хувьцаа эзэмшигч байдаг. ******* бага сургуульд хохирол учирсан гэж тайлбарлаж буй тохиолдолд уг байгууллага учирсан хохирлыг нэхэмжлэх ёстой. Ямар учраас тус сургуулийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй байна. ******* бага сургуулиас учирсан хохирлыг нэхэмжлээгүй байх атал уг байгууллагад учирсан хохирлыг хувьцаа эзэмшигч ******* нэхэмжилсэн. Иймд гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй юм.
5.3. Аудитын дүгнэлтээр зөвхөн нэхэмжлэгч *******ын ******* бага сургуульд хөрөнгө оруулсан гэх үйл баримт нотлогддог. Уг баримт нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан ******* бага сургуульд хохирол учирсан гэдгийг нотолсон баримт биш. Иймд ******* өөрийн ******* бага сургуульд оруулсан хөрөнгө оруулалтыг *******ээс гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй, мөн тус сургуульд элсэгчдийн тоо хариуцагчаас шалтгаалаагүй.
Тусгай зөвшөөрөл олгогдохгүй явсаар удсан нөхцөл байдалд хариуцагчийг буруутгаж, сургуулийн элсэлт хойшилсон гэж тайлбарладаг. Уг асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх ёстой. Аудитын дүгнэлтээр тогтоосон мөнгөн дүн бүхий хохирлыг хариуцагч учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй тухайд;
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хэргийн талаарх үйл баримтын цаг хугацаа, үйл явдлын талаарх дүгнэлтүүдийг бичээд хууль хэрэглээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын нэр төртэй холбогдох хэсгийг хангах үндэслэлийг 5.8-т дүгнэж бичихдээ шүүх тухайн талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт бичигдээд буй үйл явдал, нэхэмжлэгч *******ын гомдол гаргаад буй постуудад би юуг ч худлаа бичээгүй, энэ хүнийг илтэд гүтгэсэн ямар нэгэн зүйлийг зохиож нэр хүндэд нь халдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь манай сургууль (гэр бүлийн бизнес)-тай хамтран ажиллах гэрээ байгуулж зөвлөж ажиллаж байх гэрээний хугацаанд ижил төрлийн бизнес хийж эхэлсэн тухайгаа зарласан. Энэ нь миний үзэж буйгаар ёс зүйгүй, эрээ цээргүй, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хүнээс гарч боломгүй үйлдэл санагдсан учраас энэ тухай өөрийн цахим хуудаснаа бичиж нийтэлсэн. Би худал, огт болоогүй, илт худал мэдээлэл, үйл явдлыг бичээгүй байтал Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдлаа гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хуулийн энэхүү заалтаас үзэхэд хүнийг гутаасан худал мэдээллийг цацахыг хориглосон байна, гэтэл миний хувьд үүсээд буй харилцааны талаар тэр нь мэргэжлийн ёс зүйн алдаа гэж үзэж байгаа талаар бичиж, үзэл бодлоо илэрхийлж яагаад болохгүй вэ гэдгийг шүүхийн шийдвэрээс ойлгохгүй байна.
6.2. Мөн шүүх талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэхдээ хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэж дүгнэлт гаргаагүй. Анхан шатны шүүх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх захиргааны актыг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасан. Тухайлбал, Менежментийн системийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх стандарт MNS ISO-20700:2017 гэх зөвлөхүүдийн хувьд баримтлах ёстой цагаан толгой болсон эрх зүйн баримт бичигт зөвлөх нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, үйлчлүүлэгчтэйгээ ижил төрлийн бизнес эрхлэхгүй байх талаар зохицуулалтыг тусгасан бөгөөд үүнийг дагаж мөрдөхгүйгээр үйл ажиллагаа явуулж буйг буруу гэж үзсэн миний үзэл бодлыг хүний нэр төрд халдлаа гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч ******* нь сургууль байгуулан үйл... *******ийн зөвлөхөөр ажилладаг ******* бүрэн дунд сургуулийн баримтыг ашигласан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэнтэй мөн санал нийлэхгүй, хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар авхуулсан баримтуудыг үнэлээгүй гэж үзэж гомдолтой байна.
******* болон түүний зөвлөхүүд манай сургуулийн бүх бичиг баримт, сургуулийн шилдэг багш, боловсон хүчнүүдтэй бүтэн хагас жилийн хугацаанд танилцаж, харьцаж, уншиж, бичиж, зөвлөлдөж хамтарч ажилласан. Бидний зүгээс нэгэнт төлбөр мөнгө төлж зөвлөх үйлчилгээ авч буй тул тэдэнд итгэж байгаа зүйлээ сайжруулах, чанаржуулахын тулд юугаа ч нуухгүйгээр бүрэн итгэж, ил тод харьцсан. Өөрөөр хэлбэл, *******ын баг манай сургуулийн бүтэн 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулж бүтээж бий болгосон ажлын бүх ноу-хаутай бүтэн 6 сарын турш харилцаа холбоо үүсгэж, хамтран ажилласан. Манай сургуулийн хувьд оньсон тоглоом, уламжлалт арга барилаар хүүхдийг хөгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаагаараа бусад сургуулиудаас ялгардаг онцлогтой, гэтэл ******* сургуулийнхаа маркетинг хийхдээ хөгжим, урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх тухай хөтөлбөр боловсруулсан талаар ярьж нийтэлсэн байдаг. Мөнгөө төлж, үйлчилгээ авсны эцэст яг ижил төрлийн бизнесийг хэлбэрийн хувьд өөрчилсөн байдлаар хийх нь зөвлөх хүний хувьд байж болох ёс зүй мөн үү гэдэг асуудлыг хөндсөнийг хүний нэр хүнд үндэслэлгүйгээр халдаж, гутаасан гэж үзэхгүй байна.
Би хэрэгт нэхэмжлэгчийн танилцаж, сайжруулах зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан зарим бодлогын бичиг баримтыг хавсаргаж өгсөн, мөн нэхэмжлэгч гэрээний хугацаанд ижил төрлийн бизнес хийхээр хүсэлтээ өгөөд материал бүрдүүлэлтээ хийсэн талаарх баримтууд нь миний хувьд юуг ч худлаа яриагүй болохыг нотлох баримтууд хангалттай бүрдсэн. Гэтэл шүүх сургуулийн бичиг баримт ашигласан нь баримтаар тогтоогдохгүй байна гэх өнгөц, зөвхөн харагдах байдлаас нь дүгнээд буй нь хэт өнгөц, гэрээ байгуулж хамтран ажилласан байгууллагын хувьд хэтэрхий хохиролтой дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна.
Улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд гэрээний үүрэг, үүргийн зөрчлийн талаар маргаагүй, ******* нь сургуулийн зөвлөх байна гэх мэт дүгнэлтүүдийг хийсэн байна. Миний хувьд тус сургуулийн зөвлөхийн хувьд дээрх маргаан бүхий постуудыг бичиж оруулсан, харин *******ын компанийн үзүүлсэн үйлчилгээндээ өгч буй гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийн гүйцэтгэл хангалттай эсхүл хангалтгүй эсэх талаар, олон улсын нэртэй сертификат өгөөд байгаа нь хүчинтэй эсэх талаарх асуудлыг хянуулахаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, хяналт шалгалтын ажил хийгдэж байгаа талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан тул энэ талаар уr хуралдаан дээр маргаагүй гэдгээ мөн илэрхийлж байна.
6.4. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 30ж³³/424 дугаартай албан бичгээр “энэ оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэн ******* нь “******* нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрийн дор аудит хийж, хуурамч сертификат тараах залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх гомдлыг 105 дугаарт бүртгэн *******ийг хохирогчоор тогтоон, тус гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ээс 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “...******* дунд сургуулийн зөвлөх *******ээс гаргасан ******* нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрийн дотор аудит хийж, хуурамч сертификат тараах залилах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоор тогтоож, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг хийсэн байна. Иймд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна” хэмээн хэрэг бүртгэлтийн 250601149 дугаартай хэрэг нээсэн тогтоол авагдсан.
Энэхүү баримтуудаас харахад *******, захирал ******* болон ******* дунд сургууль, *******ийн хооронд байгуулсан гэрээ, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар цагдаа шалгаж байгаа эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь цагдаагийн байгууллагаас баримтуудыг авах хүсэлт, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогддог. Тийм байхад шүүхээс үүнийг эрүүгийн хэрэг үүсгээгүй гэсэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гaprax эрхгүй байдлаар шийдвэрлэсэн нь хэргийг шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил. Мөн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчөөр ыг оролцуулсан, үүнээс хойш уг өмгөөлөгчид шүүх хурлын товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй ноцтой зөрчлийг гаргасан. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6.5. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга шүүхийн эрх, нэр төр, эрхэмсэг байдлын эрх, бизнес эрхлэх эрх зөрчигдөж, шударга өрсөлдөөнд хохирол учирсан.
6.6. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс албан ёсоор баталж, бүх гишүүн орнууд дагаж мөрдөхийг зөвлөмжилсэн “Бизнес ба Хүний эрхийн тухай НҮБ-ын Удирдах зарчмууд (UNGPs)” баримт бичигт зааснаар миний хувьд Шүгэл үлээгчийг хамгаалах зарчмууд зөрчигдсөн, олон улсын үүрэг зөрчигдсөн гэж үзэж байна. Эдгээр зарчмуудын дагуу шүгэл үлээгчийг дарамталж, дуугүй болгох, шүүхээр хүчээр хориг тавих, шүгэл үлээгчийн нотлох баримтыг шүүх тооцоогүй, буруутган шийдвэр гаргасан, үг хэлэх эрхийг хориглосон. Энэ нь “шударга, хүртээмжтэй гомдол гаргах боломж”-ийг зөрчсөн.
Бусдын эрхийг зөрчихөд оролцохгүй байх үүргийг зөрчсөн, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь ашиг сонирхлын зөрчилтэй, хуурамч сертификат тараасан, ISO 20700:2017 мэргэжлийн ёс зүйн стандарт зөрчсөн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан гэсэн эрсдлийг шүүх огт үнэлээгүй, энэ талаар нэг ч асуулт асуусангүй. ёстой)
6.7. Гомдлыг шийдвэрлэх тогтолцоонд шударга, хараат бус, ил тод, дахин дарамт үүсгэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл шүүх миний үг хэлэх эрхийг хориглосон, ШШГЕГ захирамжийн дагуу миний ёс зүйн талаар бичсэн постуудад өдөр бүр хяналт тавьж, нэхэмжлэгч талд ямар ч хамааралгүй, нэр дурдаагүй, зөвлөх үйлчилгээ, аудитын салбарын ёс зүйт байдал, хувь хүний ёс зүйн талаарх үзэл бодлын талаарх постуудыг шалгаж, нотлогдох үндэслэлгүй байхад Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн заалтаар арга хэмжээ авна гэж хэд хэдэн мэдэгдэл дуудаж өгч, байцаалт авч дарамт учруулсан. Миний бие Хүний эрхийн үндэсний комисст хандсан, шүгэл үлээсэн хүнийг гэмтэн мэт болгосон, хариуцагчийн буруу үйлдлийг хамгаалсан, далд эдийн засгийг хамгаалсан, шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах ямар ч механизм ажиллаагүй, энэ нь 31-р зарчмыг бүхэлд нь зөрчсөн. Олон нийтийн эрх ашгийн төлөө хуурамч аудит, стандартын зөрчлийг илчилсэн ч надад хамгаалалт олгоогүй, харин шүүх шийтгэсэн, дуугүй болгох оролдлогыг хийж ажилласанд гомдолтой байна.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн нэр төр сэргээхтэй холбоотой хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй учир шүүх нэхэмжлэгч нарын нэр төрийг сэргээж, холбогдох залруулга хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хэргийн нэр хүндийг гутаасан гэх мэдээлэл тарааснаа үндэслэлтэй болохыг хуульд заасны дагуу нотолж чадаагүй.
7.2. Шүүхээс хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтуудыг бүрэн үнэлсэн. Хариуцагчийн Google Drive-д байрлуулсан мэдээллийг нэхэмжлэгч түүнд мэдэгдэхгүйгээр, ашигласан гэж тайлбарладаг. Энэ талаар шалган үзэхэд нэхэмжлэгч уг мэдээллийг олж авах боломжгүй байсныг тухайн өдөр мэдсэн. Адил төрлийн үйл ажиллагаа эрхэлж, хариуцагчтай бизнесийн өрсөлдөгчид болсон гэж тайлбарладаг. Бид ******* сургуулийн эцэг эх, суралцагчтай утсаар огт холбогдож байгаагүй. ******* бүрэн дунд сургууль нь хөтөлбөрийн хувьд оюун ухааны чиглэлийн сургууль байдаг бол миний үүсгэн байгуулсан сургууль нь урлагийн боловсрол олгох сургууль байдаг. Мөн гэрчилгээ хуурамч байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь Үндэсний итгэмжлэлийн төвийн албан бичгээр нотлогддог гэж тайлбарлаж байна. Уг албан бичиг нь гэрчилгээг хуурамч эсэхийг тогтоох байгууллага биш гэх агуулгатай байдаг.
7.3. Нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдаж буй асуудал 1 жил гаруй хугацаанд үргэлжилж, байнга байцаалт өгөх шаардлагатай болдог. Уг нөхцөл байдлыг хэргийг удаашруулах зорилгоор үйлдсэн. Манай байгууллагын зүгээс хариуцагчид олгосон гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байдаг. Хариуцагч гэрчилгээг хуурамч, хүчин төгөлдөр бус байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүссэн гэх үйл баримт тогтоогддоггүй.
7.4. Хариуцагч *******ийн үндсэн фэйсбүүк хуудаст шүүхээс үзлэг хийсэн. Зарим нийтлэлийг 30 хүртэлх удаа зассан байдаг. Үзлэг хийх үед засагдсан байсан нийтлэлд үзлэг хийсэн. Нийт хэдэн нийтлэлийг уг байдлаар засварласныг таашгүй. Мөн хариуцагч талаас хэдэн сарын хэдний өдөр ямар байдлаар гутаан доромжилсон болох нь тодорхойгүй гэх байдлаар тайлбарладаг. Хариуцагч 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд 31 удаагийн нийтлэл оруулсан. *******ын нэрийг дурдсан 5 нийтлэл, компанийн нэрийг дурдсан 6 нийтлэл, ёс зүйгүй гэх 11 нийтлэл, баримт бичиг хулгайлсан гэх 9 нийтлэл байдаг. Бүх нийтлэл он сартайгаа байдаг бөгөөд уг үйл баримтыг шүүх тогтоосон.
7.5. Хариуцагч *******т ёс зүйн асуудлын талаар хөндөх эрх байхгүй. Би өдийг хүртэл уг асуудлын талаар тайлбар хийгээгүй. Энэ бүхнээс шалтгаалан дахин сэргээгдэхгүй хохирол амссан. Олон улсын ISO 20700 стандартын талаарх асуудлыг Монгол Улсад анх хөндөж байсан хүн би юм. Нэхэмжлэгч тал бүх үйл ажиллагаандаа уг стандартыг мөрддөг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг огт зөрчиж байгаагүй. Харилцагч нарын мэдээллийг огт нэр дурдан олон нийтэд тарааж байгаагүй. Мөн хариуцагч тайлбартаа шүгэл үлээж, илрүүлсэн гэх зүйлсийг дурдлаа. Манай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг талаар нээлттэй зарладаг учир энэ талаар олж илрүүлсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж, *******ад учирсан хохиролд 265,057,180 төгрөг, *******-д учирсан хохиролд 62,366,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* нь ******* бүрэн дунд сургуультай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр ISO9001 Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээний сургалтыг явуулах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, сургалтын мөрөөр хэрэгжүүлэлтийн үүрэг даалгавар өгөх, баримт бичгүүдийг хамтран боловсруулах, ******* бүрэн дунд сургууль нь ажил, үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 5 сарын хугацаатай байгуулжээ. /1хх-ийн 172-174 дүгээр тал/
3.2. ******* нь *******-ийн захирал бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ерөнхий боловсролын ******* сургуулийг үүсгэж байгуулж, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/1118 дугаартай захирамжаар тусгай зөвшөөрөл олгож, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгожээ. /2хх-ийн 12-22 дугаар тал/
3.3. Хариуцагч ******* нь ******* фэйсбүүк хуудсаар “...2023.10.23-ны өдөр *******-тай байгуулсан 6 сарын хугацаатай ISO 9001 зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах гэрээ байгуулсан ба сургууль дээр 6 сарын турш 7 хоногт 2 ирж мэдээлэл цуглуулаад, дөнгөж зөвлөгөө өгч дуусмагц сарын дараа сошиалаар шинэ сургууль нээлээ гээд зарлаж буйг хараад ичлээ, бичлээ. Ёс зүйтэй компани гэж үнэлээд уулзсан, одоо бол шоок болоод байна. Мэргэжлийн ёс зүйн том алдаа хийлээ. Бидний байгуулсан гэрээний мэдээллийн аюулгүй байдал бүлэгт бүх хязгаарлалт дурдсан ба гэрээ мөрддөггүй, төлбөр авах цаас аятай ашигладагт харамсаж байна. ...Зөвлөгөө өгч мөнгө авна, ажиглаж байгаад бизнес босгочихно, араас нь бас дарамтлана. Таны бусармаг үйлдлээс болоод ISO зөвлөгөө авах бизнес эрхлэгчид, хүмүүст айдас төрөхөөр байна. *******, бид таныг хувь хүний хувьд хүндэлдэг, ирсэн зөвлөхүүдийг нь хүндэлж бүх процесс, бичиг баримтаа дэлгэсэн, харин хийж буй бусармаг үйлдэлтэй чинь хэзээ ч эвлэрэхгүй ...”, 2024.08.05-ны өдөр “...хамтран ажиллаад дууссан чинь зөвлөх компани маань өөрөө шинэ сургууль байгуулчихлаа. Бид зөвлөчихөв үү, юу болов”, 2024.08.12-ны өдөр “...******* нь мэргэжлийн ёс зүйн асар том алдаа гаргав...”, 2024.08.13-ны өдөр “...ёс зүйг шаардья гээд 16,000,000 төгрөг төлөөд зөвлөх үйлчилгээ авлаа, гэрээ дууслаа зөвлөх компани ижил бизнес нээснээ зарлалаа, мэдээлэл, бизнесээ булаалгалаа, мэргэжлийн ёс зүйг шаардлаа...”, 2024.08.28-ны өдөр “...ISO 9001, 21001 стандарттай сургууль гээд зарлаж байсан нь саяхан, сарын өмнө. Одоо ISO 9001-тэй гэж бичсэнээ арилгасан байна. Манай бичиг баримтууд л даа....”, 2024.12.10-ны өдөр “...*******, 2. *******, 3. ******* (Англи улсын *******-н итгэмжлэгдсэн аудит, 2017) компаниуд бүгд ******* захирлын эцсийн өмчлөлтэй, зөвлөхүүд нь шэйр эзэмшсэн компаниуд бөгөөд ******* захирал Сургалт, Зөвлөх үйлчилгээнээс гадна АУДИТ хийж сертификат олгодог байна. Энэ нь, “Стандартчилал, техникын зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн (3, 15.2, 15.5) заалтууд болох Бие даасан, хараат бус байх, Бодьтой, шударга байх үндсэн гол зарчмууд зөрчигдсөн ба Үндэсний итгэмжлэлийн төвийн 2024.09.06-ны өдрийн 02/183 тоот бичигт тус компани менежментийн тогтолцооны баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдээгүй (аудит хийх эрхгүй), хүсэлт тавьж байгаагүй болохыг мэдэгдсэн. Энэ нь дээрх хуулийн 15.2, 15.5 заалтуудыг ноцтой зөрчсөн, далд, хуурамч аудитын сертификат олгодогийг баталдаг...” гэх агуулга бүхий мэдээллийг нэхэмжлэгч нарын нэр заан оруулсан болох нь тогтоогдсон. /1хх-79-89 дүгээр тал/
3.4. Дээрх мэдээллүүд нь нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй эсэх, үүний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
4.1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь өөрийн фэйсбүүк хуудсаар тараасан нэхэмжлэгч нарын талаарх мэдээллийнхээ үнэн зөвийг болон бодит байдалд нийцэж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй, нотолж чадаагүй бол няцаах үүргийг хүлээнэ.
5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт холбогдох хариуцагчийн тараасан мэдээлэл үнэн зөв болох нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ******* фэйсбүүк хуудсаар залруулга хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.1. Нэхэмжлэгч *******-ийн ******* бүрэн дунд сургуультай байгуулсан гэрээний дагуу холбогдох баримт бичиг болон үйл ажиллагаатай нэхэмжлэгч нар танилцсан үйл баримтад маргаагүй бөгөөд энэ байдлаар олж авсан мэдээллээ ашиглан сургууль байгуулж, үйлчлүүлэгч байгууллагынхаа бизнесийг булааж, гэрээний үүргээ зөрчсөн, үүнээс улбаалан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд мэргэжлийн болон бизнесийн ёс зүй зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна эдгээр зөрчлийг гаргасан эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Учир нь
Аливаа гэрээний эрх, үүргийн харилцаа нь тухайн гэрээг байгуулсан этгээдүүдийн хооронд үүсэх тул гэрээний нэг тал үүргээ зөрчсөн эсэх асуудлаар гэрээний талууд маргасан тохиолдолд шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжтой. Иймд ******* нь ******* бүрэн дунд сургуультай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэх асуудлаар тус гэрээний оролцогч биш этгээд болох хариуцагч маргах эрхгүй тул энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нарыг гэрээний үүрэг зөрчсөн, мэргэжлийн болон бизнесийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэнэ. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Иймд Менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж MNS ISO 20700:2017 стандартыг шүүх хэрэглээгүй, огт болоогүй, илт худал мэдээлэл, үйл явдлыг бичээгүй байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, сургуулийн бичиг баримт ашигласан нь тогтоогдохгүй байна гэж өнгөц дүгнэлт хийсэн гэх агуулга бүхий хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.
5.2. ******* бүрэн дундын сургууль нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А24/IS8 дугаартай албан бичгээр Үндэсний итгэмжлэлийн төвд “...хэрэгжүүлсэн стандартаа баталгаажуулахаар Олон улсын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлэх нийт 5,949,873.60 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг *******-аас санал болгосны дагуу байгууллагын албан ёсны түнш байгууллага гэгдсэн *******, гүйцэтгэх захирал *******тай 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулж баталгаажуулалтын аудитыг ...3 үе шаттай хийсэн. Гэтэл дараа нь бидний олж мэдсэнээр зөвлөх үйлчилгээний салбарын стандартаар зөвлөх үйлчилгээний компани нь өөрийн зөвлөсөн байгууллагадаа баталгаажуулалтын аудит хийх сонирхлын зөрчил үүсгэдэг тул хориотой гэж ойлгогдож байна. ...нэг удирдлагатай буюу захирал нь ******* байгаагаас харахад ... *******, *******-иудын зөвлөх үйлчилгээний гэрээнүүд хууль зөрчсөн эсэх талаар шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү” гэж ханджээ. /1хх-ийн 201-202 дугаар тал/
Дээрх албан бичигт Үндэсний итгэмжлэлийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02/183 дугаартай албан бичгээр “...*******, *******-иуд нь тус төвөөс менежментийн тогтолцооны баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдээгүй, итгэмжлүүлэх хүсэлт гаргаагүй байна. Мөн манай төв нь байгууллага хоорондын зөвлөх үйлчилгээний гэрээнд хууль зөрчсөн эсэх талаар шалгаж дүгнэлт гаргах эрхгүй тул эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэйг зөвлөмжилж байна.” гэж хариу өгчээ. /1хх-ийн 203 дугаар тал/
Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд ******* бүрэн дунд сургууль нь *******-аас зөвлөх үйлчилгээ авч, түүний баталгаажуулалтын аудитыг *******-аар хийлгэсэн гэж дурдсан байх ба тус компани нь менежментийн тогтолцооны баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдээгүй, итгэмжлүүлэх хүсэлт гаргаагүй нь *******-ийн нэрийг оролцуулан хууль ноцтой зөрчсөн, далд, хуурамч аудитын сертификат олгодог гэж буруутгах үндэслэл болохгүй байна.
Иймд ******* фэйсбүүк хуудсаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр оруулсан “...*******, *******, ******* (Англи улсын *******-н итгэмжлэгдсэн аудит, 2017) компаниуд бүгд ******* захирлын эцсийн өмчлөлтэй, зөвлөхүүд нь шэйр эзэмшсэн компаниуд бөгөөд ******* захирал Сургалт, Зөвлөх үйлчилгээнээс гадна АУДИТ хийж сертификат олгодог байна. ...Энэ нь Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн /3, 15.2, 15.5/ заалтууд болох бие даасан, хараат бус байх, бодитой шударга байх үндсэн гол зарчмууд зөрчигдсөн, ...тус компани менежментийн тогтолцооны баталгаажуулалтын төрлөөр итгэмжлэгдээгүй (аудит хийх эрхгүй), хүсэлт тавьж байгаагүй болохыг мэдэгдсэн. Энэ нь дээрх хуулийн 15.2, 15.5 заалтуудыг ноцтой зөрчсөн, далд, хуурамч аудитын сертификат олгодогийг баталдаг” гэх мэдээлэл нь нэхэмжлэгч *******-ийн хувьд бодит байдалд нийцээгүй гэж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн харилцааг зохицуулдаг тул зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэх *******-ийг дээрх хуулийг зөрчсөн, далд, хуурамч аудитын сертификат олгодог гэж буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
6. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нарын талаар өөрийн фэйсбүүк хуудсаар тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг баримтаар нотолж чадаагүй байх тул тухайн мэдээллийг бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дүгнэх үндэслэл болно.
Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй, сөрөг агуулгатай мэдээллийг бусдад тараасан байх нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлд хамаардаг. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдох асуудлаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хүний эрхийн талаарх олон улсын пакт, зарчмууд зөрчигдсөн гэх гомдлыг хангахгүй.
7. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Энэхүү учирсан хохирлыг шаардахад гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэл болон хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай.
7.1. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн Жижиг дунд бизнесийн академитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сургалт явуулах зарим хөтөлбөрт шалгараагүйгээс 62,366,400 төгрөг алдагдал хүлээсэн гэж, нэхэмжлэгч ******* нь ******* сургуульд оруулсан хөрөнгө оруулалтын зардалд гарсан гэх 265,057,180 төгрөгөөр тус тус хохирлоо тодорхойлж, хариуцагчийн хууль бус үйлдлээс сургуулийн элсэлт болон үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон, сургалтын хөтөлбөрт шалгараагүй гэж тайбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас ******* сургуулийн элсэлтийн болон бусад үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн *******-ийн Жижиг дунд бизнесийн академиас *******-ийг сургалтын хөтөлбөрт шалгаруулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлээс 327,423,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг тогтоосон гэх *******-ийн санхүүгийн тайлан, дансны хуулга, сургалтын гэрээ зэрэг бичгийн нотлох баримтууд нь учирсан гэх хохирол болон хариуцагчийн хууль бус үйлдлийн шалтгаант холбоог нотлохгүй. Иймд нэхэмжлэгч нарт учирсан хохирол баримтаар тогтоогдохгүй байна шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, сургуулийн тусгай зөвшөөрөл хугацаа хожимдож гарсан, 104,791,280 төгрөгийн хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч талын дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд:
8.1. Хариуцагчийн *******ад холбогдуулан гаргасан “зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрийн дор аудит хийж, хуурамч сертификат тараах залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа /1хх-62, 94/ явагдаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэх журмыг зөрчөөгүй буюу мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй болжээ.
8.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч ыг оролцуулах хүсэлтийг хариуцагч нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргаснаар тус өмгөөлөгч 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй /1хх-139-145, 157-158/ байна. Мөн хариуцагчийн зүгээс ыг оролцуулах хүсэлтийг дахин илэрхийлээгүй, харин өмгөөлөгч г оролцуулах болохыг илэрхийлж, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлжээ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ыг оролцуулах эсэх нь хариуцагчийн хүсэл зоригт хамаарах тул түүнд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
9. Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/07945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,906 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА