Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 843

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Б-ийн С-ад яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905028070961 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  ..... оны ... дугаар сарын ... -ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ......... ажилтай, ... аймаг ....... сум ... баг ....... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .. дүүргийн ... дугаар хороо ......... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн С-

 

Холбогдсон хэрэг. Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ...... гудамжны ...  тоотод гэртээ хамтран амьдрагч И.Н-ийг “айлын хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар марган улмаар зодож, түүний биед “тархи доргилт, хамар, зовхи, дал, бугалага, гуянд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.С- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр архи уусанаас болж эхнэртэйгээ маргалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ...... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ........... гудамжны .... тоотод гэртээ хамтран амьдрагч И.Н-ийг “айлын хүүхэд өмөөрлөө” гэх шалтгаанаар марган улмаар зодож, түүний биед “тархи доргилт, хамар, зовхи, дал, бугалага, гуянд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч И.Н-ийн “Тэр өдрөөс өмнө манай нөхрийн өвөө нь нас бараад буяны ажилд яваад 3 хоноод ирэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн байхаар нь би уурлаад бид хоёр жоохон маргасан чинь манай нөхөр эхлээд миний дух руу нэг удаа цохисон. Тэр үед нь миний уур хүрээд нөхрийгөө нэг удаа маажсан чинь нөхөр намайг хойш нь болгоод гэрт байсан жижиг хуванцар сандлыг аваад над руу шидсэн чинь миний дух, хамар оногдоод шалбарсан. Яг тэр үед манай дүү гаднаас орж ирээд миний хамарнаас цус гарсан байгааг хараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд намайг өргөдөл гарга гэхээр нь би өргөдөл гаргасан. Тухайн хэрэг болохоос өмнө Б.С- миний биед халдаж байсан тийм юм байхгүй. Тэр өдөр хамгийн анхны удаа миний биед халдсан байгаа. Анх би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа нөхөртэйгээ маргаад бухимдсан байсан болохоор хоёр удаагийн гаргасан асуудлыг олон удаа гээд хэлчихсэн юм байгаа биздээ. Тэр үед бол яг бухимдаад юу ярьж байснаа ч одоо санахгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр бид хоёр маргасан асуудал байгаа. Гэхдээ миний дух руу нэг их аймар цохиогүй. Зүгээр нэг хуруугаараа  чичлээд өнгөрсөн. Харин 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бол яах аргагүй дух руу цохиод сандал шидэх үед хамар зулгарч цус гарч дух хавдсан байгаа.

... Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7997 дугаартай:

“1. И.Н-ийн биед тархи доргилт, хамар, зовхи, дал, бугалага, гуянд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Б.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед өөрийн уусан архиндаа захирагдаж өөрийн эхнэрийн биед халдсан асуудалдаа маш их гэмшиж байна. Тухайн хэрэг гарсанаас хойш би өөрийн эхнэрээс уучлалт гуйн дахин өөрийн гаргасан алдаагаа гаргахгүй байж, эхнэртэйгээ сайн дураар эвлэрэн одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд миний үйлдсэн хэрэгт хамгийн доод хэмжээгээр арга хэмжээ авч өгнө үү. Мөн миний бие өөрийн эхнэртэйгээ одоо болон цаашид хамтран амьдрах учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч И.Н-ийн “...миний бие одоо өөрийн нөхөр С-тай гэр бүлийн харьцаатай амьдарч байгаа бөгөөд бид хоёрын хооронд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэсэн хүсэлт /хэргийн 60 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Б.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ