| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 303/2025/00139/И |
| Дугаар | 213/МА2026/00001 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 213/МА2026/00001
*******ийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 303/ШШ2025/00603 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох
Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 1.1-т Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ: гэж, мөн гэрээний 2.1-т нийт ажлын хөлс нь 20,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг.
Дээрх гэрээний 1.1.1-т /Иргэний хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох (иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох, "Стандарт холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК, Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК)-д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох/ гэж тохиролцсоны дагуу дээрх иргэний хэрэг маргаануудад өөрийн туслах болох Б.Норовыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өмгөөлөгч миний ИХШХШТХуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг үндэслэн өмгөөлөгчөөр тус тус оролцож зохих шийдвэрүүдийг гаргуулан ажилласан байдаг.
Үүнд:
-Иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.07-ны өдрийн 131/ШШ2024/00886 дугаартай шийдвэр
- Стандарт холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаартай шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.17-ны өдрийн 213/МА2024/00018 дугаартай магадлал;
- Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаартай шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.24-ны өдрийн 213/МА2025/00004 дугаартай магадлал зэрэг болно.
******* ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн ******* нь үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувь хувьцаа эзэмшигч байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх. үүрэгтэй гэж үйлчлүүлэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг тус тус зөрчсөн буюу үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй байна. Хариуцагчтай ажлын хөлс, зардлын талаар ярилцахад хэзээ, хэрхэн төлөх талаар тодорхой хариу өгөөгүй байна. Иймд хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү .... гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Бид анх Стандарт холдинг ХХК болон Үүр тээл ХХК нартай үүссэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор өмгөөлөгч Б. Гантөмөртэй 5.000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Уг гэрээний дагуу шүүхийн маргаанд оролцуулах, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг хүлээлгэсэн. Дараа нь өмгөөлөгч *******ийн зүгээс Стандарт холдинг ХХК-аас 60,000,000 төгрөгийн буцаан олголт авах боломжтой. Мөн Үүр тээл ХХК-аас 125,000,000 төгрөгийн алдангийг хэрэгсгэхгүй болгоно гэсэн үндэслэлээр дахин 20,000,000 төгрөгийн гэрээг санал болгосон тул бид уг амлалт, итгэлцэлд үндэслэн хоёр дахь гэрээг байгуулсан болно. Гэвч уг хоёр дахь гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар бидэнд ямар ч албан ёсны мэдээлэл, тайлан хэрэгжилтийн явцын тайлбар ирүүлээгүй, мөн уг хоёр компанитай эвлэрэхээс өөр оновчтой хувилбаргүй болсон тул бид өөрсдийн санаачилгаар эдгээр компанитай анх нэхэмжилсэн дүнгээрээ эвлэрэл байгуулж, өр төлбөрийнхөө оронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.
Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс хоёр дахь гэрээгээр амласан үр дүн гарч хэрэгжээгүй, харин ч манай тал нөхцөл байдлыг удирдан зохион байгуулж, өмгөөлөгчийн оролцоогүйгээр энэхүү маргааныг эвлэрлээр шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хуулийн 290.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх ашгийг хамгаалан ажил үйлчилгээ үзүүлсэн бол уг үйлчилгээ нь зөвшөөрөгдсөн, үр дүнгээ өгсөн, эсвэл үр шимийг нь хүлээн авсан нөхцөлд зүй ёсны шаардлага гэж тооцогддог. Гэтэл дээр дурдсан нөхцөлүүд хангагдаагүй учир, нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн төлбөр нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд өмгөөлөгч *******ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний төлбөр нь мөргөлдөөнийг эцэслэхэд нөлөөлөөгүй, үр дүн нь биелээгүй, хуулийн үндэслэл дутмаг тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү...гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, 303/ШШ/2025/00603 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмгөөлөгч *******т олгосугай гэж шийдсэнийг миний бие тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэр нь дараах үндэслэл, баримт нотолгоог үл харгалзан гарсан тул Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдээсэй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Гэрээний давхардал, хуурсан үйлдэлтэй холбоотой нөхцөл: Анх миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* нь өмгөөлөгч *******тэй 2024 оны 05-р сард "Үүр тээл "ХХК, "Стандарт холдинг "ХХК-н нэхэмжлэлтэй хэргүүд дээр хамтад нь 5,000,000 төгрөгийн төлбөртэй өмгөөллийн гэрээ гэрээ байгуулж, гэрээний дагуу
төлбөрийг бүрэн төлж дуусгасан байдаг. Энэ өмгөөллийн гэрээний 2 хувийг өмгөөлөгч ******* нь тухайн үедээ:"Танайд гэрээ хэрэггүй.,1 хувийг нь шүүхэд өгдөг юм." гээд авсан гэсэн. Манайд гэрээний хувь үлдээгүй гэсэн үг. Энэ төлбөр төлсөн талаар банкны баримт, тайлбар, гэрчийн мэдүүлгийг урд нь
бүрдүүлж өгсөн. 2024 оны 10-р сард ******* Баянхонгорт ирсэн үедээ надтай ганцаарчлан уулзаж "Эдгээр хэргүүдийг танайд ашигтайгаар зохицуулж болно, шүүгч.прокурор нарыг аргалахад мөнгө хэрэгтэй,яриад тохирсон байгаа. Нэхэмжлэгчийн нэхсэн алдангиудыг би бүгдийг хэрэгсэхгүй болгуулж өгье, Хэрвээ ямар ч алданги, хүү төлөхгүйгээр шийдүүлбэл 20.000.000 / Хорин сая/ төгрөгийг нь надад өгөөрэй, шүүх, прокурорын хүмүүсийг мөнгөөр аргалдаг юм шүү, илүү авахгүй, бид ялагдана гэж байхгүй, ялагдаж ч үзээгүй " гэх зэргээр амлаж, итгэл төрүүлж.гар барин ******* миний биетэй тухайн гэрээг байгуулсан. Энэ үед итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* Улаанбаатар хотод ажилтай
эзгүй байсан. Энэ яриа нууц шүү гэсэн.Гэрээг *******д бид хэлээгүй байсан.
Тэр өдөр би *******ыг энэ хэргүүд дээр урд нь өмгөөлөгч *******тэй гэрээ байгуулсан тухай мэдээгүй байсан. Дараа нь мэдсэн. Дараа нь энэ хэргүүд бүгд өмгөөлөгч *******, болон түүний туслах Б.Норов нарын
ялагдлаар дууссан байдаг.Шүүх хурлын дараа өмгөөлөгч *******:" Би ялагдчихлаа, 20 сая төгрөгийг чинь авахгүй ээ." гэж байсан боловч одоо энэ мөнгийг ямар нэгэн аргаар олж авахаар улайрч байгаа нь цаанаасаа нэхэлтэй байгаа юм болов уу гэж бодож байгаа. Гэрч болон нотлох баримтын оролцоог үл харгалзсан нь: Манай зүгээс 5,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн баримт болон, гэрээний дагуу Б.Норовыг гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Одоо бас Б.Норовыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Шүүх Б.Норовыг гэрчээр оролцуулж, Норовын дансаар *******т шилжүүлж байсан мөнгө хэнд өгсөн,ямар ажлын хөлс болохыг нотлуулж, бидний өгсөн нотлох баримтыг харгалзан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Шинэ гэрээний хүчин төгөлдөр байдалд эргэлзээ байна. Тухайн хэрэг дээр өмнөх гэрээ, гэрч, төлбөрийн нөхцөл байдал нотлогдсон нөхцөлд, дараа нь байгуулсан шинэ гэрээ нь бодит байдалд нийцээгүй, итгэл дээр дөрөөлж, хуулийн хүрээнд залилан мэхэлсэн үйлдэл хийсэн. Гэвч шүүх энэ гэрээг шууд биелүүлэх шийдвэр гаргаж,
өмнөх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй нь нэг хэрэг дээр олон гэрээ байгуулж, давхар шийдвэр гаргасан зохисгүй жишиг болсон хэмээн үзэж, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.
5. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Миний нэр дээрх шүүхэд иргэний 3 төрлийн маргаантай хэрэгт нэхэмжлэл ирсэн ба өмгөөлөгч оролцуулахаар манай эхнэр *******тэй 5,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд, өөрт нь 3,000,000 төгрөгийг бэлнээр болон туслах Б.Норовын нь дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлээд барагдуулчихсан. Дээрх хэргүүдэд ******* өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэг удаа бусад хуралд дандаа туслах Б.Норов нь Улаанбаатараас ирж, эсвэл шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. ******* Баянхонгор аймагт ирэхдээ ...би энэ хэргүүдийг чинь бүгдийг нь янзалж өгнө, ялчих юм бол 20,000,000 төгрөг өгөөрэй... гээд бэлдсэн маягт гаргаж ирээд надаар гарын үсэг зуруулсан. ******* өмгөөлөгч гэрээнийхээ дагуу хэлсэн ярьсандаа ч байгаагүй. Бүх хэрэгт ялгагдаад манайх хүү, алдангитай нь бүх ажлын хөлсийг төлж байгаа. ******* өмгөөлөгчид бэлнээр 3,000,000 төгрөгийг өгсөн 2,000,000 төгрөгийг туслах Б.Норовын дансаар шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Норовыг гэрчээр оролцуулаач гэж 3 удаа хүсэлт гаргахад, хүсэлтийг хангаагүй, мөн нотлох баримт шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай иргэний 3 төрлийн маргаанд оролцохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өөрийн туслах Б.Норовт итгэмжлэл олгосноор дээрх иргэний хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж дууссан тул эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын төлбөрт 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ******* надад холбогдсон шүүхийн 3 төрлийн иргэний маргаанд хууль зүйн туслалцаа авахаар ******* өмгөөлөгчтэй манай эхнэр ******* 5,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэтэл өмгөөлөгч тухайн шүүхээр шийдвэрлэгдсэн нэг иргэний хэрэгт өөрөө, хоёр хэрэгт өмгөөлөгчийн туслах Б.Норовыг оролцуулсан. Өмгөөлөгч ******* миний толгойг эргүүлж байгаад сүүлд надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан нь энэ 20,000 төгрөгийн гэрээ байсан. Бид ******* өмгөөлөгчид бэлнээр 3,000,000 төгрөгийг, туслах Б.Норовын дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны журам зөрчсөн, үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.
4. Нэхэмжлэгч ******* 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ -ний үүргийг хариуцагчаас шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад хариуцагчаас шаардаж буй шаардлагын үндэслэлээ тодруулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2024/00851, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 131/ШШ2024/00886, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаар шийдвэрүүд, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 213/МА2024/ 00018 дугаар магадлал нотлох баримтаар авагджээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
6. Хэрэгт нэхэмжлэгч *******өөс шүүхэд гаргасан ...2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариуцагч *******тай харьцаж байсан емайл болон хавсаргасан файл, viber зурвас зэрэг баримтад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасанд ажиллагааг хийгээгүй нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн байна.
7. Мөн хариуцагч ******* татгалзлаа нотлох үүргийн хүрээнд Б.Норовоос гэрчийн мэдүүлэг авхуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэсэн агуулгаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай гаргасан хүсэлтийг нь шүүх 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 303/ШЗ2025/01830, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 303/ШЗ2025/01843 дугаартай захирамжуудаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
8. Иймд, анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх зарчмаар хэргийн үйл баримт, зохигчийн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 303/ШШ2025/00603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.