Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 844

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Г.Баттогтох,

хохирогч Ш.Ш- түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас  Б овогт Б-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 201626023135 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны  өдөр ........ хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ........ дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух  хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ............., Ү-............. дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг  бусдын барьцаанд тавиулж Ш.Ш-д 76.808.625 /далан зургаан сая найман зуун найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Ш-тай Б- компанид ажиллаж байхдаа танилцсан. Манайхаас материал авдаг байсан. Гол шалтгаан нь Ш-ийн итгэлийг алдсан нь үнэн. Найз нь ийм асуудалд орчихлоо гэдгээ хэлсэн чинь найз нь тусална гэж хэлсэн. Тэгээд надад Замын-Үүдэд том шланз байгаа тэрийг авчраад зарж болно, хэрэв чадахгүй бол нисэхэд байгаа 100 мк талбайтай байр үзүүлээд өөрийнхөө байрыг зараад энд түр сууж болохгүй юм уу гэж хэлж байсан. Дараа нь би Ш- ийм, ийм барилга барьж байгаа Хонконгоос хөрөнгө орж ирэх гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэрнээс биш би Ш-г залилъя гэсэн бодол байгаагүй. Гэхдээ 32.500.000 төгрөгнөөс баримттайгаар төлсөн нь 18.000.000 төгрөг төлсөн байгаа” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ш- мэдүүлэхдээ: “2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б- анх утсаар ярьсан өмнө бид хоёр ажил хэргийн шугамаар холбоотой байсан болохоор би их итгэдэг байсан. Дараа нь надтай утсаар яриад уулзмаар байна гэсэн. Би барилга дээр байна завгүй ирээд уулзчих гэсэн. Тэр оройдоо ирээд уулзсан. Гурвуулаа ирж уулзсан. Гурав, дөрвөн хавтастай зузаан бичиг баримттай явж байсан. Б- хэлэхдээ энэ замын концессын гэрээ байгаа юм, эндээс 3.000.000 доллар нь орж ирэх гэж байгаа гэж хэлсэн. Б- нь надад дутуу баригдчихсан байгаа барилга байгааг мэдэж байсан. Энэ мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй байна гэхэд миний дутуу барьсан барилга байгаа гэж хэлэхэд чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа вэ гэсэн. Би ойролцоогоор 1 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Тэгвэл би тэр барилга руу чинь хөрөнгө оруулалт хийж өгье болох уу гэсэн. Тэгэхээр би болно, тэгвэл би чамтай ашгийг 50 хувь хүртэл хувааж болно гэж хэлсэн. Тэгсэн за тэгвэл болж байна гээд явсан. Дараа нь 8 дугаар сарын 30-ны өдрийн үед над руу ярьсан за одоо болох гээд байна 14 хоногийн дараа 3.000.000 доллар нь орж ирэх гээд байна, одоо зам тээврийн сайд гарын үсгээ зурчихвал болох гээд байна. Тэр болтол надад ойр зуурын зардал хэрэгтэй байна гэсэн. Тэгээд чамд түр хэрэглэх мөнгө байна уу гэхэд чи мэдэж байгаа найз нь их хэмжээний зээлтэй байгаа гэхэд чамд аргалах боломж байна уу, үл хөдлөхөөс чинь байна уу гэсэн. Миний үл хөдлөхүүд бүгд барьцаанд байгаа, би эгчээсээ асууж өгье гэж хэлсэн. За тэгвэл надад 35.000.000 төгрөгийн хэрэг байна гэсэн. Тэгээд чи зохицуулаад өгөөрэй гэсэн. Би эгчтэй ярилцаад байраа барьцаанд тавиад өгөөч ээ, энэ хүн найдвартай хүн байгаа юм гээд эгчийнхээ 2 өрөө байрыг итгэмжлэхээр захиран зарцуулах бүх эрхийг бүгдийг нь шилжүүлж авсан. Тэгээд 9 дүгээр сарын 03-ны өдөр уулзаад ярихдаа миний нэг хуурай дүү байдаг тэрэнд 35.000.000 төгрөгөөр мөнгөний барьцаанд тавина гэж хэлсэн. Тэгээд хэд хоног алга болчихоод гэнэт одоо гэрээ хийхгүй бол болохгүй нээ гэж хэлэхэд би яг цутгалтын ажил хийгээд яг завгүй байна, орой байж болохгүй юм уу гэхэд би бүх гэрээг бэлдчихээд байж байя, чи ирээд гарын үсэг зурчихаад л явчих гэсэн. Тэр үед би эгчтэйгээ хамт очоод гарын үсэг зураад л гарсан. Тэр үед байсан хүмүүсийг бүгдийг нь танихгүй. Ганцхан Улаанаа гэдэг өвөр монгол залууг таньж байсан. Тэгээд нотариат ороод гарын үсэг зурчихаад чи одоо явж бай, найз нь араас нь гэрээг чинь өгнө гээд одоог болтол өгөөгүй байгаа. Би дараа нь дуудаад чи ирээд 9 дүгээр сарын 24-ний өдөр мөнгөнийхөө барьцааг би өөрөө төлнө гэсэн гараар бичсэн өргөдөл бичээд өгчих гээд бичүүлж авсан. Тэгсэн 32.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан Б-ы байрыг би төлөх нь үнэн болно гэж өөрийн гараар бичиж өгчихөөд явсан. Б- надад 14 хоногийн дотор чөлөөлж өгнө гэхээр арай амжихгүй байх чи 1 сарын хугацаанд чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд за болох гээд байна, одоо сайдтай уулзчих юм бол болох гээд байна гээд утсаар яриад яваад байсан.12 дугаар сард над руу ярьсан ажлын чинь гадаа байна гээд би гараад очсон. Хоёулаа нэг хүн дээр очиж уулзая гэсэн. Би тэгье гээд цуг явсан. Тэгсэн хуурай дүү дээрээ шөнийн 23 цагт очиж уулзсан. Би машин дотор нь сууж байхад тэр залуу ирээд цонхоор энэ хүн таны байрыг чөлөөлж өгөхгүй бол яах вэ гэхээр нь би итгэж байгаа чөлөөлж өгөхгүй бол шүүхэд өгнө гэж хэлсэн. Тэгээд л нөгөө залуу яваад өгсөн. Үүний дараагаас Б- 1 сар орчим алга болсон. Би 1 сард Б-тай ярихад би Мартын 8 гэхэд чөлөөлж өгнө гэсэн. Тэгээд би 3 дугаар сар дуустал хүлээгээд залгасан утсаа авахаа больсон. Би аргаа бараад ... телевизийн эгч рүү ярьж холбогдоод болсон асуудлаа хэлж Б-тай холбогдоод хэлээд өгнө үү гэсэн. Тэгээд би 2 хоногийн дараа эгч рүү нь ярихад тийм асуудал байхгүй гэж байна гээд утсаа салгасан. Тэгээд би Б-г хайж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас над руу ярьсан. Байрыг чинь худалдах гэж байна гэсэн. Тэрнээс хойш нэг уулсан. Бэлэн өгсөн С- хийсэн байна гэсэн баримт байсан. Би тэр баримтан дээр гарын үсэг зураагүй. Б- бас өөрөө мэдэхгүй байсан. С-той баримт үйлдсэн нь үнэн болно гэсэн мэдүүлэг байдаг.  Б-гаас болоод манай эгчийн байр өмчлөх эрх нь бүрэн зөрчигдчихөөд байгаа. Манай эгчийн байрыг бүрэн чөлөөлж  өмчлөх эрхийг нь сэргээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

          Прокуророос яллагдагч Б.Б-г “2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ............., Ү-............. дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг  бусдын барьцаанд тавиулж Ш.Ш-д 76.808.625 /далан зургаан сая найман зуун найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлджээ.

          Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Ш- П.С- нар нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ” байгуулж, нийт 32.500.000 төгрөгийг П.С- нь Ц.Ш-д зээлдүүлэхээр харилцан тохиролцож байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 105 дугаар хуудас/

Мөн Ц.Ш- нь зээлийн барьцаанд гэрчилгээний дугаар ............., Ү-............. дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг  барьцаалж “Барьцааны гэрээ”-г 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 196 дугаар хуудас/

Ц.Ш-, П.С- нарын хооронд байгуулсан гэрээнүүдээс үүссэн маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэрээр /хэргийн 1 дүгээр хавтас 86-88 дугаар хуудас/  шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт:

“1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ш-гаас 48.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.С-т олгож, хариуцагч Ц.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Ш- нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 16102 товчооны зам 25-р байрны 3-р орц 3 давхарт байрлах 64 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

Энэ шийдвэрээс дүгнэхэд Ц.Ш-, П.С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний асуудлыг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлээд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд прокуророос дүгнэсэн яллагдагч Б.Б- нь “Ц.Б-ы 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ц.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ............., Ү-............. дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг  бусдын барьцаанд тавиулж Ц.Ш-д 76.808.625 /далан зургаан сая найман зуун найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан” гэсэн нь Б.Б-гийн холбогдсон гэмт хэргийн бодит байдалтай нийцэхгүй болжээ.

Учир нь “үл хөдлөх орон сууцыг бусдын барьцаанд тавиулж” гэсэн нөхцөл байдлыг иргэний хэргийн шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин шүүгдэгч Б.Б- нь Ц.Ш-г “барьж байгаа барилгад чинь хөрөнгө оруулалт олж өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гэж хуурч П.С-оос зээлийн гэрээгээр хүлээн авах 32.500.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Ш-гийн  “2015 оны  8 дугаар сарын сүүлээр ажил хэргийн шугамаар харилцан ажилладаг байсан урьд  Б- ХХК–ны захирлаар ажиллаж байсан Бадарчийн Б- надтай ирж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  дэргэд UBNN нэртэй газрын барилгын ажил дээр ирж уулзсан. Тэгэхдээ хоёр Өвөрмонгол хүнтэй явж байсан бөгөөд гадаадаас замтай холбоотой мөнгө орж ирэх гэж байгаа гэсэн. Тухайн үед 21 дүгээр хороололд барилга барьж байгаад хөрөнгө оруулалт байхгүй учраас зогсоосон байсан барилга байсан. Б.Б- тэр барилгад чинь хөрөнгө оруулалт хийе гэж хэлсэн. Тэгээд би ашигтай санал байна гэж бодоод зөвшөөрсөн.

... тэгэхээр нь надад бол мөнгө төгрөг эд хөрөнгө гэх зүйл байхгүй, харин манай төрсөн эгч Б-ы нэр дээр байгаа байрыг барьцаанд тавьж болох эсэх талаар өөрөөс нь асууя гэж хэлсэн. Тэгээд би эгч Б-д хандаж мөнгөний хэрэг байна Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байраа надад итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлээд өөртөө итгэмжлэл хйилгүүлж авсан. Б.Б- надад манай нэг хуурай дүү байдаг юм, тэр хүнд гэрчилгээгээ барьцаанд тавиад 35.000.000 төгрөг авна гэж хэлсэн.

... тухайн үед би маш их ажилтай завгүй байсан бөгөөд Б.Б- би өөрөө нотариат энэ тэрээ зохицуулъя гэж хэлсэн.

... Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн замын зүүн талд Б- нотариат олчихлоо гэж дуудсан. Тэгээд би эгч Б-тай хамт очсон. Тэгээд очиход Б- өөрийнхөө хуурай дүү гэх залуу ирсэн байсан. Б.Б- хэлэхдээ энэ залуу таны уулзахдаа ирсэн Улаанаа гэх Өвөрмонгол залуу болон нөгөө найз нь Саруул байрыг барьцаанд авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүлээд Б- надад байрныхаа итгэмжлэлийг хийж өгөөд бид хоёр тэндээс гараад явсан. Б.Б-  намайг тухайн үед маш яаруу ажилтай байсан гэдгийг мэдэж байсан бөгөөд намайг явж бай араас чинь зээлийн гэрээгээ аваачаад өгнө гэж хэлсэн.

... одоо эгч Б-ы надад итгэмжлэл хийж өгсөн байрыг Б.Б- нь намайг хуурч мэхлэн С-т барьцаанд тавьж өгүүлсэн. Барьцааны мөнгийг Б- өгөх ёстой байсан боловч өгөхгүй байсаар байгаад С- нь Б- эгч бид хоёрыг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган өгч одоо байрыг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд хурааж аваад байгаа”... гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 220-221, 228-229 дүгээр хуудас/

Гэрч Ц.Б-ы “Миний төрсөн дүү Ш.Ш- нь 2015 оны 9 дүгээр сард надруу утсаар холбогдож өөрийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо 25-3 тоот орон сууцыг надад итгэмжлээд өгөөч манай нэг  найз гадаадаас хөрөнгө оруулалт өгнө гэж байна. Таны байрыг зээлийн барьцаанд тавих гэсэн юм. Тэр найз маань ойр зуур хэрэглэх мөнгө гаргаад өгөөч гэсэн юм гэж хэлсэн. Ингээд би өөрийн дүү Ш-д туслах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ахуйн үйлчилгээний ордон дотор үйл ажиллагаа явуулж байсан нотариатын газарт орж Ш.Ш-д би өөрийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо 25-3 тоотод орон сууцыг зээлийн барьцаанд тавих худалдах эрхийг шилжүүлэн өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 145 дугаар хуудас/

 

Гэрч П.С-ын “Би Бадарчийн Б- болон Цэвээнсүрэнгийн Ш- , Цэвээнсүрэнгийн Б- нарыг 2015 оны 9 дүгээр сарын үеэс л мэддэг болсон. Таних болсон шалтгаан нь миний бие 2015 оны 9 дүгээр сарын эхээр Toyota Prado 120 маркийн орж ирсэн, улсын дугаар  аваагүй машиныг бусдад зарахаар болж үнэгүй.мн болон унаа.мн гэсэн сайтуудад байрлуулсан зар тавьсанаас хойш 7 хоногийн дотор надруу Түшиг гэх залуу болон Б- гэх залуу нар хамт ирж машиныг Да хүрээ зах дээрээс ирж үзчихээд 37.5 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэхдээ мөнгийг 5.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 32.500.000 төгрөгийг 14 хоногийн дотор өгнө, гэхдээ барьцаанд нь нэг байр тавина гэж хэлсэн. 14 хоногийн дотор мөнгөө хэрхэн өгөх талаар асуухад “Б- болон Түшиг нар нь урдаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, гааль дээрээ бэлэн арматур төмөр ирчихсэн байгаа энэ авч байгаа машиныг өвөрмонгол залууд арматур төмрийнхөө тооцоонд өгөөд явуулна. Арматур төмөр орж ирээд л мөнгөтэй болчихно” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би машинаа тухайн хоёр залууд зарахаар болсон ба намайг модны хоёрын Гандан талдаа байх Доктор авто засварын газрын ойролцоо байх нотариатын газар дуудаж уулзсан ба намайг  очиход Түшиг болон  Б- нар ирчихсэн байсан ба байрны гэрчилгээ авч ирэх хүн ирээгүй байна гээд бид нар гадаа хүлээж байх үед одоогийн Б- гэх эмэгтэй болон Ш- нар ирсэн. Ингээд нотариатын газар руу орсон ба би өөрийнхөө машиныг Ш- зараад 32.500.000 төгрөг дээр нь Ш-гийн эгчийн байрны гэрчилгээг надад барьцаанд тавьж байгаа мэтээр гэрээ хийсэн. Гэтэл нотариатч эмэгтэй тэр гэрээг үзээд за та нар машиныхаа мөнгийг өгч дуусаж байж байрны гэрчилгээгээ буцааж аваад машины гэрчилгээ Ш-гийн нэр дээр шилжнэ гэж хэлсэн. Машины гэрчилгээг одоо шилжүүлж авмаар байна, тэртэй тэргүй 32.500.000 төгрөг дээр нь байрны гэрчилгээ тавьж байгаа юм чинь гэж хэлэхэд Ш- болон түүний эгч Б- нар зөвшөөрч байсан.

... ингээд яаж машины гэрчилгээг тэд нарт тухай өдөрт нь шилжүүлж болох боломжтой талаар ярилцаж байх үед ... тэр үед Б- ажилтай гээд яараад яваад өгсөн ба эхний хийсэн гэрээ болохгүй байх үед дахин дуудаж надад зээлийн гэрээний барьцаанд байрныхаа гэрчилгээг үлдээх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэхэд өөрийн дүү Цэвээнсүрэнгийн Ш- итгэмжлэл хийсэн гэсэн байсан тул тухай итгэмжлэлээр нь би зээлийн гэрээ хийсэн. Ингээд миний 37.500.000  зарах гэж байсан машиныг Б- өөрийн нэр дээр шилжүүлж авахаар болсон ба би 37.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг нь бэлнээр авах байсан ч Б- нь надад тухай өдөр нотариатаас гараад 4.500.000 төгрөгийг өгсөн ба 32.500.000 төгрөгөө 33.000.000 болгоод өгчихнө гэж хэлээд явсан. Ингээд тухай өдрөөс хойш сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд би Б- гэх залуутай хамт явсан Түшиг гэх залуутай холбогдож байсан ба Түшиг гэх залуу нь одоо ажил бүтэх гээд байна, удахгүй ороод ирвэл мөнгийг чинь өгөөд байрны гэрчилгээг авна гэж явсаар сарын хугацаа өнгөрсөн ба би тэр үед ер нь машиныг Б-, Түшиг, Ш- нар хамт авчихлаа гэж бодсон учраас Түшигтэй нь холбогдоод асуудаг байх үед Түшиг нь сүүлдээ Б- чиний машиныг авсан, энэ тэр гээд Б- руу бүх асуудлаа чихээд эхлэхээр нь Б-тай 2015 оны 10 дугаар сараас хойш холбогдож эхэлсэн ба би Б-тай холбогдож “та  надад байрны гэрчилгээ барьцаанд тавьсан Ш- гэх хүнийг дагуулж ир” гэж хэлэхэд Ш- Б- нар нь над дээр хамт ирж” манай гэр болох Сансарт байх байрны  гадаа уулзсан. Тэр үед Ш- Б- нар нь хамт надтай уулзсан ба би Ш-гаас 33.000.000 төгрөгөө авъя эсхүл байраа надад шилжүүлж өг би шүүхэд хандлаа гэж хэлэхэд Ш- болон Б- нар нь шүүхэд хандаж болно, чи шүүхэд ханд ханд, мөнгө чинь удахгүй 7-10 хоногийн дотор ороод ирнэ тэр үед чинь хүү  алдангитай нь өгчихнө гэж хэлж байсан. Ингээд тэр уулзсан өдрөөс хойш Ш-гийн 88110835 гэсэн дугаар руу олон удаа залгахад нэг ч удаа утсаа авдаггүй байсан. 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын үеэс Б-тай утсаар ярих гэхээр утсаа авахгүй алга болчихдог сүүлдээ  аргаа бараад Б-тай иргэний үнэмлэх дээр байдаг гэрийнх нь хаягаар очиход ээж нь байсан ба гэрт нь хүлээж ээжээр нь дуудуулж байгаад уулзахад сар гарны дараа бүтээгээд өгнө гэж гэрийнхэн нь хэлж байсан ч сар гаран хэлсэн хугацааг нь хүлээж байгаад буцаад уулзахад л Б- нь мөнгө нь бүтсэнгүй гээд л хугацаа сунгадаг. 32.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байхгүй. Гэхдээ гэрээн дээр Ш- нь мөнгө бэлнээр авсан мэтээр надад гарын үсэг зурж өгөөд гэрээ үйлдсэн” .. гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 26-28 дугаар хуудас/

 

Гэрч Н.Б-ын “... Б- нь манай ахтай 1 жилийн өмнөөс л танилцаж найзлаж эхэлсэн. Б- нь манай ах дээр ирээд “Хөгшиндөө хятадуудаас арматур төмөр зээлээд өгөөчээ, яг цаг хугацаанд нь мөнгийг нь өгнө, би нэг барилгын компаниас байр авчихсан юмаа” гэж ахаас гуйсан байдаг ба манай ах Б-д туслах зорилгоор Хятадуудыг нь уулзуулж өгье болох талаас нь ярьж өгье гэж хэлсэн. Ингээд манай ах өөрийн арматур төмөр авч зардаг хятад хүнтэй уулзуулахад тухай хятад нь зөвшөөрч цаг хугацааг нь тохироод арматур төмөр өгөхөөр болсон. Ингээд Б- нь тухайн арматур төмрөө аваад Барилгын компанидаа өгсөн боловч Хятадад өгөх мөнгөө цаг тухайд нь өгч чадахгүйд хүрсэн. Тэр үед Хятадууд нь мөнгөө авахаар Б-гаас нэхэх үед Б- нь одоогийн Ш- гэх хүний байрыг барьцаалж хүний зарах гэж байсан Prado 120 автомашиныг аваад тухайн  машинаа ломбарданд тавьж Хятадуудад өрөө дарсан байдаг.

... буцааж машинаа авч чадахгүй байсаар байгаад машинаа алдсан. Мөн барьцаанд  тавьсан Ш-гийн байрыг авч өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн талаар ах надад хэлсэн” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Б-ийн “...Б- нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа байрнаас байр авсан гэж хэлж байсан ба тэр үедээ надад зээлээр  авах арматур төмөр хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өөрийн таньдаг Өвөрмонгол залуугаас арматур төмөр зээлээр авч өгсөн. Тэр арматур төмрийг Б- байрныхаа төлбөрт өгсөн байх. Надтай нэлээд хэсэг хугацааны дараа уулзаад өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байрны бичиг баримтыг надад харуулаад энийг барьцаанд тавьж мөнгө болгох ломбард надад хэрэгтэй байна гэж хэлэхээр нь ломбарданд тавьж мөнгө авч яах гэж  байгаа юм гэж хэлэхэд би урдаас хятадуудтай нийлж арматур төмөр их хэмжээгээр оруулж ирэхээр болсон, надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас хятадууд намайг мөнгө олоодох гээд шахаад байна гэж хэлэхээр нь ямар гарц байгаа талаар яриад сууж байтал Б- нь энэ байрыг  юунд ч хамаагүй тавиад мөнгө гаргах хэрэгтэй байна, тэгвэл урдаас арматур төмөр ороод ирнэ, удахгүй суллаад авчихна гэж хэлэхээр нь би зар дээрээс машин буюу Toyota Prado 120 маркын гаалийн бичигтэй машиныг зарна гэсэн байсан зарын дагуу С- гэх залуутай холбогдож утсаар яриад Б-тай хамт очиж уулзсан ба С- Чингис банкинд ажилладаг гээд банкны гадаа очиж уулзаж Б-гийн байдлыг хэлээд урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө өгөөд үлдсэн мөнгөнд нь байрны гэрчилгээ барьцаанд тавина хугацаанд нь найдвартай үлдсэн мөнгөө өгөөд гэрчилгээг авна гэж хэлхэд С- зөвшөөрсөн.

... би очиж машиныг нь унаж ирээд Б-д өгч байсан. Тэр үед Ш- гэх залуу явчихсан байсан. С-ос авч явсан машиныг Б- авч явсаныхаа хоёр хоногийн дараа над руу яриад энэ машиныг ломбарданд үнэтэйгээр тавиад өгөөч, гадуур ломбарданд 20.000.000 төгрөгнөөс дээш авахгүй байна гэж хэлэхээр нь би өөрөө машинаа тавиад мөнгө зээлдэг Него центр төв дээр очиж Б-гийн авсан машиныг үзүүлээд 25.000.000 төгрөгөнд барьцаанд тавьж мөнгийг нь Б- бэлнээр аваад явсан. Тухай мөнгөө Б- юунд зарцуулсан талаар мэдэхгүй, уг нь бол урдаас арматур төмөр оруулж ирнэ гэж л байсан

... Би Б-гаас Ш- гэж ямар хүн юм бэ гэж асуухад “би арматур төмөр оруулж ирэхээр Ш- надаас арматур төмөр зээлж авч барилгаа босгож дуусгах гэж байгаа юмаа” гэж хэлж байсан. Ийм учраас Ш- надад энэ байрыг барьцаанд тавьж урдаас арматур төмөр оруулж ирэх ажлаа зохицуул гэж байгаа юмаа гэж хэлсэн. Б-тай хамтарч ажилласан зүйл байхгүй. Б- надад 10.000.000 долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих концессын гэрээ зам тээврийн яамтай хийх гэж байгаа талаар ярьсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-33 дугаар хуудас/

 

Гэрч С.Х-ын “...2015 оны 01 дүгээр сарын үед би өөрийн компаний нэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рояал хаус ХХК-ний барьж байсан байрны ажилд арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийсэн ба энэ ажилд Б- хамт оролцохоор болсон. Би арматур төмөр нийлүүлээд хөлсөнд нь байр авахаар ярилцаж тохиролцсон ба Б- надаас “чи компанийхаа гэрээнд миний нэрийг оруулаад өгөөч, би энэ баригдаж байгаа байрнаас байр авъя, чи угаасаа арматур төмөр нийлүүлэх учраас би бас өөр газрууд руу арматур төмөр нийлүүлэх ажил ярьсан байгаа, дундаас нь олсон ашгаараа байрныхаа мөнгийг төлөөд дуусгачихна чамд чирэгдэл болохгүй” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд дээрх компанитай арматур төмөр нийлүүлэх гэрээндээ Б-гийн нэрийг оролцуулж  барьж байгаа байрнаас нь 2 байр авахаар болсон.  Ингээд гэрээнд заасны дагуу бүх арматур төмөр нийлүүлэх ажлыг хамт биелүүлэхээр болж гэрээний дагуу арматур төмөр нийлүүлж эхэлсэн. Ингээд Б- нь өөрийнхөө байранд нийт 32.000.000 төгрөгний арматур төмөр нийлүүлсэн байдаг. Мөн миний байрны төлбөрт 9 тонн арматур төмрийг нийлүүлсэн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б- нь дээрхи компаний байрнаас гарсан ба тухайн байранд 32.000.000 төгрөгний үнэ бүхий арматур төмөр нийлүүлсэн байдаг. Ингээд Б- нь надтай хамт Рояал хаус ХХК-тай хийсэн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан ба миний бие ганцаараа гэрээний  үүргээ биелүүлж арматур төмрөө нийлүүлж, өөрийн байрны үнийн дүнг дуусгана” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/

 

Гэрч У.З-гийн  “... Б- гэх  хүн нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай ажил дээр ирээд 2005 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаар аваагүй Toyota Landcriuser Prado маркын В 3370 хөдөлгүүрийн багтаамжтай мөнгөлөг өнгөтэй  №1213756 гаалийн бичигтэй аралын ... дугаартай машиныг барьцаалж зээл авахаар болоход нь 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлэхээр болж гэрээ хийж  машиныг нь авч үлдээд мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан.

... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн 1 удаагийн зээлийн хүүг дутуу хийж түүнээс хойш хүү болон үндсэн зээлийн мөнгөө өгөхгүй удсан учир 2016 оны 02 дугаар  сарын 4-ний өдөр Б-г дуудаж уулзаад зээлээ төлөхийг шаардахад мөнгөө төлж чадахгүй болсон барьцаанд тавьсан машиныг хураалгахаар болж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд Б-гийн барьцаанд тавьсан дээрх машиныг 2016 оны 02 дугаар сарын дунд үеэр бусдад зарж хохирлоо барагдуулж Б-тай холбоотой зээлийг хаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/

 

Роял Хаус консракшн ХХК-ний Арматур худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээ. /хэргийн 1 дүгээр хавтас 115-121 дүгээр хуудас/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэр. /хэргийн 1 дүгээр хавтас 86-88 дугаар хуудас/

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 76 дугаар хуудас/

Авто машин  барьцаалсан Зээлийн гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 38-41дүгээр хуудас /

Гаалийн ерөнхий газрын албан тоот /хэргийн 1 дүгээр хавтас 238 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Ц.Ш-д учруулсан хохирлын хэмжээ нь их хэмжээнд хүрэхгүй байгаа тул шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Гэмт хэрэг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэг нь “ ... эд хөрөнгө хурааж арваас дээш арван таван жил хорих” гэсэн ялтай бөгөөд харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмийн дагуу Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд Б.Б- нь хохирогч Ц.Ш-г хуурч зээлийн 32.500.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнээс дээрх мөнгийг гаргуулах шийдвэр гарсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөх санал гаргасны дагуу ажлын тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд хохирогчид 15.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 17.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баримт үйлдэж шүүхэд өгчээ.

Иймд шүүгдэгч Б.Б-гаас үлдэгдэл хохирол болох 17.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ш-д олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь Ц.Ш-гийн өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 18.000.000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй тул түүний учруулсан 32.500.000 төгрөгийн хохирлоос хасч тооцох боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг хэлэлцэхэд түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос 15.000.000 төгрөг төлж барагдуулсан тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэх явцад шүүгдэгч Б.Б- нь сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлэг өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн хохирогч Ц.Ш- нь П.С-оос зээлсэн 32.500.000 төгрөгийг Б.Б-г төлнө гэсэн итгэл үнэмшилээр хандсаны улмаас иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж улмаар зээлийн төлбөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл байдал үүссэн байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-гаас 17.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ш-д олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ