Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00224

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******өд холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ******* нь надаас 15,000,000 төгрөгийг зээлээч маргааш буцаагаад өгье гэсэн хүсэлт гаргасан. Хариуцагч нь хувийн бизнес эрхэлдэг тул зээлсэн мөнгийг хэлсэн хугацаандаа буцаагаад өгчих байх гэж итгээд түүний хэлснээр өөрийнх нь эзэмшлийн *******анд харилцах ******* тоот данс руу би өөрийн эзэмшлийн *******ны 5134120127 тоот харилцах данснаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа зээлсэн мөнгөө буцааж өгөхийг шаардсан боловч өгнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн. Иймд 13,000,000 төгрөгийг *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие ******* гэдэг хүнээс огт мөнгө зээлээгүй. Учир нь миний бие 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Тайланд улсад зорчиж явахад миний найз болох н.******* над руу холбогдон ...*******өө чамд бутлуур байна уу. Дорнод аймагт Зак *******-ийн нүүрсний уурхай дээр нүүрс бутлах ажил байна... гэсэн. Иймд миний зүгээс *******-ний захирал ******* руу холбогдож бутлуур байгаа талаар асууж тодруулахад ...нэг бутлуур сул байгаа. Хэрэв та ажил олж өгсөн тохиолдолд орлогын 15 хувийг танд өгье... гэх саналыг надад тавьсан. Уг саналыг хүлээн зөвшөөрч, зуучлалын гэрээ байгуулагдсан гэж миний хувьд үзсэн. Ийнхүү ******* болон Зак ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Техникийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тэдний хооронд байгуулагдсан гэрээний 5.3 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөр 96,690,000 төгрөг, мөн тээврийн зардал болох 11,970,000 төгрөг, нийт 108,930,007 төгрөгийг ******* нь авах ёстой байсан. Мөн ******* нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авлаа гэж тухайн үед өөрөө надад хэлсэн. Тэр үед миний бие гадаад улсад явж байсан учир *******тай ярилцаж тохиролцсоны дагуу зуучлалын хөлс болох 15 хувь 15,000,000 төгрөгийг авах тухай илэрхийлсэн бөгөөд ******* ч түүнийг хүлээн зөвшөөрч надад шилжүүлсэн. Энэхүү *******гаас шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь зуучлалын хөлсний төлбөр юм. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 13,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 15,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ *******-д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 15,000,000 төгрөгийг хариуцагчид зориулж өгч байгаа нь гүйлгээний утгаас шууд харагдана. Тухайн мөнгө шилжүүлсэн баримтад зээл гэх агуулгатай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй болно. Мөн хариуцагчид шилжүүлсэн гэх 15,000,000 төгрөгийг иргэн ******* нь нэхэмжлэх эрхгүй этгээд юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх ирүүлсэн хүсэлтдээ:

5.1. Тус шүүх *******гийн нэхэмжлэлтэй *******өд холбогдох хэрэг хянагдаж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр тус хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэлээс татгалзаж байна. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 13,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн.

3.1. Хэрэгт хариуцагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан талаарх баримт авагдсан байна.

4. Дээрх шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлсэн.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 168 дугаар зүйлдийн 168.2 дахь хэсэгт Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэлэлцээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлдийн 168.2 дахь хэсэгт энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч *******өд холбогдуулан гаргасан 13,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Д.ХУЛАН