Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Б.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн    Б.Ёад холбогдох 1932000000161 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мандах” их сургуулийн оюутан, * тоотод оршин суух хаягтай, Ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Баагарцогтын Ё, регистрийн дугаар *.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Ё нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт баригдаж байгаа "Мандал хотхон” орон сууцны барилгын ажилчдын амралтын байранд иргэн Х.Эбтай “Түмэнямын хөнжлийг өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ё мэдүүлэхдээ:... Би Зүүнхараад Мандал хотхон барилга дээр ажил хийх гэж ирээд ажиллаж эхэлсэн. 2019 оны 07 сарын 20-ны орой амрах байрандаа байж байгаад унтаж амрах гээд Түмэннямын хөнжлийг нөмрөөд байж байсан чинь Эб надаас нэхээд би нөмөрч унтана гээд надаас булаагаад авсан. Тэгэхлээр нь би өхнжлөө авах гээд булаалцалдаж авсан. Тэгсэн чинь араас намайг Эб шээс минь гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хөнжлийг нь өөдөөс нь шидээд бид хоёр барилцаж авч ноцолдсон. Тэгээд хүмүүс салгасан. Тэгээд байж байсан чинь Эб гадаа гарч орж ирээд миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд хажууд байсан хүмүүс мөн салгасан. Тэгээд байж байгаад Эб эргэж ирээд уучлаарай гээд надтай гар барингуут нь би босож ирээд хамар руу нь духаараа нэг удаа мөргөсөн гэх мэдүүлэг.  

            Хохирогч Х.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны орой Мандал сумын 2-р багт баригдаж байгаа “Мандал хотхон” барилгын ажилчдын байранд амарч байтал хамт ажиллаж байсан Ё надаас миний нөмөрч байсан хөнжлийг нэхэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Гэтэл Ё миний баруун хацар руу нэг удаа алгадаад хөлөөрөө гэдэс рүү нэг удаа дэвсээд авсан. Тэгэхлээр нь би босож өөдөөс нь зодолдож бид хоёр барилцаж авсан. Бид хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдож цохилцож байтал хамт байсан хүмүүс салгасан. Тэгээд би байж байгаад Ё руу очоод уучлаарай гээд гар барьсан. Гэтэл Ё гар бариад өөр рүүгээ татаад миний хамар руу мөргөчихсөн. Тэгэнгүүт нь би хамраа дараад гэрээс гарч хамраас гарсан цусаа цэвэрлэсэн. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

            Гэрч А.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр амралтын байрандаа унтаж амрах гээд байж байсан. Гэтэл Ё нөмрөх гэж байсан хөнжлийг Эб гэдэг залуу авчихсан байсан. Тэгээд тэр хоёр хөнжлөө булаалцалдаад хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгэхлээр нь би салгасан юм. Тэгээд байж байсан чинь Эб Ёаас уучлаарай гээд гар барьсан чинь Ё Эбын хамар руу духаараа нэг удаа мөргөөд авсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

            Гэрч О.Эс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид нар ажлаа тараад байрандаа амрах гээд хэвтэж байсан юм. Ё хэвтэж байгаад босоод гарчаад ороод ирэхэд нь Эб нөмөрч байсан хөнжлийг нь авчихсан байсан. Тэгээд  Ё нөмрөх гэж байсан хөнжлөө Эбаас аваад ор руугаа явж байсан чинь араас нь Эб Ёыг гөлөг чинь гэж хэлсэн. Гэтэл Ё эргэж хараад хөнжлөө Эб руу шидээд тэр хоёр барилцаж аваад ноцолдож эхэлсэн. Тэгэхлээр нь бид нар салгасан. Тэгээд тэр хоёр хөнжлөө булаалцалдаад хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэр үед Эб гадаа гарч орж ирээд Ё руу дайраад дахин тэр хоёр барилцаж авсан. Тэгэнгүүт нь бид нар мөн салгасан. Тэгээд удалгүй Эб Ёаас уучлаарай гээд гар барьсан чинь Ё Эбын хамар руу духаараа нэг удаа мөргөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

            2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №162 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

  1. X.Эбын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр уүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /хх-ийн 20 хуудас/,

                   Б.Ё мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Зүүнхараад Мандал хотхон барилга дээр ажил хийх гэж ирэдэ ажиллаж эхэлсэн. 2019 оны 07 сарын 20-ны орой амрах байрандаа байж байгаад унтаж амрах гээд Түмэннямын хөнжлийг нөмрөөд байж байсан чинь Эб надаас нэхээд би нөмөрч унтана гээд надаас булаагаад авсан. Тэгэхлээр нь би өхнжлөө авах гээд булаалцалдаж авсан. Тэгсэн чинь араас намайг Эб шээс минь гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хөнжлийг нь өөдөөс нь шидээд бид хоёр барилцаж авч ноцолдсон. Тэгээд хүмүүс салгасан. Тэгээд байж байсан чинь Эб гадаа гарч орж ирээд миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд хажууд байсан хүмүүс мөн салгасан. Тэгээд байж байгаад Эб эргэж ирээд уучлаарай гээд надтай гар барингуут нь би босож ирээд хамар руу нь духаараа нэг удаа мөргөсөн. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 32 хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, шүүгдэгч Б.Ёын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, Мандах Их сургуулийн сургалтын албаны тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ё нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт баригдаж байгаа "Мандал хотхон” орон сууцны барилгын ажилчдын амралтын байранд иргэн Х.Эбтай “Түмэнямын хөнжлийг өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Х.Эбын мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, гэрч А.Гтийн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/, гэрч О.Эсийн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №162 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 хуудас/,   шүүгдэгч Б.Ёын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ёыг хохирогч Х.Эбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ё нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт баригдаж байгаа "Мандал хотхон” орон сууцны барилгын ажилчдын амралтын байранд иргэн Х.Эбтай “Түмэнямын хөнжлийг өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ё нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарцогтын Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Ёын торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Б.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ёад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж. Эрдэнэбат.