Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 860

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.М-,

хохирогч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Б-ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905031170891 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “...... ” баарны хамгаалагч ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг ........ гудамж ....  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Б овогт Б-ын М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Г.Э-ийг түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Тухайн үед Э- нь дүү охин болон найз нарын хамт миний ажилладаг бааранд орж ирсэн. Тэгээд захиалга өгч ширээнд суугаад гурвуулаа үйлчлүүлж байх хугацаандаа 2 хүнтэй маргалдаж, уг маргааны улмаас 3 ширээний хүмүүс хоорондоо зодолдсон. Тэр хүмүүсийг гаргачихаад байж байтал Э- нь дүү охины хамт бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Араас нь эмэгтэй найз нь гараад гурвуулаа бүжиглэж байхдаа Э- ардаа зогсож байсан эмэгтэйг тохойгоороо дарсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй бөгсөөрөө эргүүлээд түлхсэн. Би энэ явдлыг хараад очиж салгаад нөгөө эмэгтэйчүүдийг “ширээ рүүгээ түр суучих” гэж хэлчихээд Э-т “чи боль л доо, сая зөндөө маргаан хийчихээд, эмэгтэй хүн байж одоо больчих л доо” гэж хэлээд өсгөгчнийхөө хажууд зогсож байтал над руу самардаад дайрсан. Би Э-ийн гарыг бариад автал дүү охин, найз залуу хоёртойгоо нийлээд гурвуулаа дайрсан. Тэгэхээр нь би гурвуулангийнх нь гарыг бариад дижи-ний тек рүүгээ шахаад “больчиоч” гэж хэлэхэд болихгүй төмсөг рүү өшиглөөд байсан. Би гарын нь алдахад Э- ширээ рүүгээ явсан. Би тэр залууд нь “чи эрэгтэй юм байж, эмэгтэйгээ тайвшруулаад ширээндээ суучих, энд зөндөө зодоон хийгээд байна” гэж хэлэхэд “мэдэж байгаа, мэдэж байгаа” гээд намайг цохих гээд дайраад байхаар нь түүнийг өөрөөсөө зайлуулсан. Тэр үед Э- залуугийн араас намайг самардаад байсан ба залууг түлхэхэд Э-ийг давхар түлхсэн. Тэгээд Э- ширээ мөргөсөн” гэв. 

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э- мэдүүлэхдээ: “Би “.....” бааранд дүү болон найз нарын хамт ороод нэг виски, 2 ундаа захиалаад ширээнд суусан. Тэгээд авсан вискигээ аягалж тавьчихаад уулгүйгээр бүжиглэсэн. Би М-оос НӨАТ-ын баримт нэхэхэд надтай зүй бус харьцсан. Тэгэхээр нь надад сонин санагдсан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай дүү охиныг нэг охин түлхэхээр нь би хажуугаар нь ороод нөгөө охиныг буцаагаад түлхсэн. Тэгэж байтал М- цаанаас ирээд надтай барьцалдаж аваад, миний гарыг байнга бариад байсан. Тэгээд надаас холдоод явчихгүй над руу дайраад байсан. Надтай хамт явж байсан залуу бидний дундуур ороод “чи больчих” гэж хэлсэн. Тэр өдөр М- над руу байнга дайрч байсан. Надад М-ыг самардаж, маажсан зүйл байхгүй ба маргааш нь түүнтэй тааралдахад ямар ч тийм зүйл байгаагүй. М- бид хоёр барилцаж байхад намайг хүчтэй түлхэхэд би ширээ мөргөсөн. М- надтай хамт явж байсан залууг түлхсэн үйлдэл болоогүй. Би цагдаа дуудаад өгчих, эсхүл цус тогтоогоод өгөөч гээд гуйгаад байхад хэн ч цагдаа дуудаж өгөөгүй. Дүү маань цагдаа дуудах гэтэл баарны хамгаалагч нар утсыг нь булааж аваад байсан. Би 900.000 төгрөгийн гоо сайхны хагалгаанд орохоор байгаа ба компьютер томографийн зураг авахуулсан. Нийт 1.100.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос Б.М-ыг “Г.Э-ийг түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч дараах нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр түүний үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

Гэрч О.Г-гийн “... хажуунаас нэг эмэгтэй намайг бөгсөөрөө түлхсэн чинь Э- нөгөө түлхсэн эмэгтэйг нь цаашаагаа түлхсэн. Тэр үед баарны хамгаалагч ирээд “та нар яагаад хэрүүл маргаан үүсгээд бие биенээ өдөөд байгаа юм бэ” гэсэн чинь Э- жаахан согтуу байсан болохоор хамгаалагчтай маргалдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/

 

Б.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Э- бүжгийн талбай дээр хоёр найзынхаа хамт бүжиглэж байсан чинь хажууд нь бүжиглэж байсан танихгүй эмэгтэйтэй хоорондоо шүргэлцээд тэрнээс болоод Э- нэг эмэгтэйг түлхээд авсан. Тэгэхээр нь би очоод болиулаад Э-ийг “чи одоо больчих, эмэгтэй хүн байж тайван бай” гэж хэлчихээд өсгөгчний хажууд очоод зогссон чинь Э- өөдөөс “чи юу гээд байгаа юм” гээд хэрүүл хийгээд хамт явсан хүмүүсийн хамт дайраад Э- гутлынхаа өсгийгөөр жийгээд хамт явсан эмэгтэй нь өвдөглөөд дайраад байхаар нь би гарнуудыг нь тавиулаад хойшоогоо ухарсан чинь өөдөөс  хэрүүл хийгээд дайраад байсан. Тэр үед Э- над руу дайрахаар нь би өдөөс нь түлхсэн чинь Э- цаашаагаа тэнцвэр алдаад хий гишгээд ширээний өнцөг нүүрээрээ мөргөөд унасан. Тэгээд босоод ирэхээр нь харсан чинь  Э-ийн духнаас цус гарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-40 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын явцад бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тухай “... бүжгийн талбайн харалдаа урд талын ширээн дээр нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн суугаад юм яриад босож бүжиглэж байгаа бичлэг байх бөгөөд хар хувцастай эмэгтэй бүжиглэж байгаад ардаа байсан эмэгтэйг түлхэх үед нөгөө эмэгтэй өөдөөс нь юм ярихад хохирогч Э- нөгөө эмэгтэйг түлхэхэд нөгөө эмэгтэй зөрүүлээд Э-ийг түлхэж авч байх бөгөөд буцаагаад Э- түлхээд хоорондоо юм яриад зогсож байх үед хар фудволктой хамгаалагч очоод Э-тэй юм яриад хажуу тийшээ болтол Э- араас нь очоод гарнаас нь зуураад хамгаалагчтай түлхэлцээд байх үед Э- хамгаалагчийн нүүр лүү нь гараараа цохих үед хамт явсан залуу дундуур нь орж болиулах гэж байх ба хамгаалагч Э- болон хамт явсан эрэгтэйг давхар хойш нь түлхээд Э- нөгөө эрэгтэйгийн хамт хойшоогоо нэг болсноо эргээд хамгаалагч руу дайрах үед хамгаалагч Э-ийг түлхэхэд Э- бүжгийн талбайн харалдаа байрлах хүнгүй ширээг толгойгоороо мөргөж унаж байгаа бичлэг байх бөгөөд нийт 25 минут 33 секундын бичлэг байсныг тэмдэглэлд тусгаж үзлэгийг 14 цаг 55 минутанд дуусгав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судласан дүрс бичлэгт “ ... Э- нь М-ыг нүүр лүү нь гараараа цохих үед хамт явсан залуу дундуур нь орж болиулах гэж байх ба М-, Э- болон хамт явсан эрэгтэйг давхар хойш нь түлхээд Э- нөгөө эрэгтэйгийн хамт хойшоогоо нэг болсноо эргээд хамгаалагч руу дайрч дунд нь байсан залуугийн толгой дээгүүр гараараа М-ыг цохих үйлдэл хийж байх ба энэ үед М- урдаа зогсож байсан залууг түлхэх үед Э- хамт түлхэгдэж улмаар бүжгийн талбайн харалдаа байрлах хүнгүй ширээг толгойгоороо мөргөж унаж байгаа” нөхцөл байдал бичлэгт бичигджээ.

Дүрс бичлэгт бичигдсэн нөхцөл байдал нь Б.М-ын ялладагчаар өгсөн “ ... Тэр үед Э- над руу дайрахаар нь би өөдөөс нь түлхсэн чинь Э- цаашаагаа тэнцвэр алдаад хий гишгээд ширээний өнцөг нүүрээрээ мөргөөд унасан” гэсэн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байна.

Харин хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “ ... Тэгэхээр нь би Г-г татаж аваад нөгөө эмэгтэйг нь цааш нь түлхсэн чинь баарны хамгаалагч М- хүрч ирээд цааш нь намайг хүчтэй түлхсэнээс болж би духаараа ширээний өнцөг мөргөөд уначихсан” гэсэн мэдүүлэгтэй дүрс бичлэгт бичигдсэн нөхцөл байдал нь тохирохгүй байна.

Хохирогчийн мэдүүлэгт “М- нь шууд хохирогчийг түлхэж унагаасан” агуулгатай боловч дүрс бичлэгт “хохирогч өөрөө М- луу довтолж түүнийг цохих үйлдэл” хийсэн болох нь тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.М- нь бүжгийн талбай дээр гарсан маргааныг зохицуулах үед өөр лүү нь довтолж, биед халдах үйлдэл хийсэн Г.Э-ийн эсрэг хариу үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

 

Нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Г.Э- нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь Б.М-ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.М-т холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                ТОГТООХ НЬ:

  

1. Б овогт Б-ын М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.М- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ