Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 213/МА2026/00006

 

 

*******ын нэхэмжлэлтэй Баян-Овоо сумын

Засаг дарга, ЗДТГ-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч Баянхонгор аймгийн******* сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 26,147,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие ******* нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн******* сумын Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус суманд 972 ширхэг 4 метрийн урттай шургааг модыг нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр бодож нийт 19450000 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөн дахин гэрээ байгуулж 1368 ширхэг 4 метрийн урттай банзыг нэг бүрийн үнэ 14000 төгрөг байхаар тооцож нийт 19152000 төгрөгийн банзыг нийлүүлэхээр тохиролцсон. Миний зүгээс гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Би гэрээнд заасан хугацаа хэтрүүлээгүй бөгөөд заасан хугацаанд******* суманд банз, шургаагийг бэлтгэж хүлээлгэн өгсөн.******* сумаас хариу төлбөрт нь 2022 оны 9 дүгээр сард бэлнээр 4 сая төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр дансаар 5 сая төгрөг , 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3456000 төгрөг нийт 12456000 төгрөгийг төлөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 26147000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 26147000 төгрөгийг дээрхи сумаас гаргуулж олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нар нь шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 26,147,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,685 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 288,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдлын агуулга:

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №303/ШШ2025/00782 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие уг ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гаргаагүй, мөн тухайн гэрээний төлбөрийг санхүүжүүлэх батлагдсан төсвийн эх үүсвэр байхгүй. Ийм нөхцөлд 26,147,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хууль, төрийн санхүүгийн сахилга баттай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг шаардлага хангаагүй байхад шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №303/ШШ2025/00782 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шинээр хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.... гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа:

Би өмнө нь өр зээлгүй байсан.******* суманд банз буулгаад, өр зээлтэй болчихсон. Би банкинд өртэй, 2 оюутантай. Банз аваад өдий хүртэл 3, 4 жил харлаа. Уг банзны төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна. Надаас авсан банзаар******* суманд блокон хашаа хийсэн байсан. Тухайн үед нь би зургийг нь аваагүй, машиных нь буулгаж байсан зураг байна. Уг зургийг гаргаад аваад ирсэн. Нярав ******* гэдэг нь тоолж хүлээж авсан. ******* нь одоо ажиллаж байгаа. Би мөнгөө авахаар зөндөө явж байгаа. Банзыг тоолж хүлээж авсан хүн байж байгаа гэв.

 

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд Лутбаатар гэдэг хүнээс банзыг тухайн үед ажиллаж байсан Засаг дарга өөрөө гэрээгээ хийгээд,******* суманд нийлүүлсэн байж байгаа. Тэгээд уг банзны мөнгө төсвөөс гарах ёстой мөнгө биш байгаад байгаа. Төсөвт банз нийлүүлнэ гэсэн төсвийн ангилал, зардал байдаггүй учраас төсвөөс гарах боломжгүй байсан. Тухайн үед нь Засаг даргад банзны мөнгө хаанаас яаж гарах вэ гэхэд ямар ч байсан уул уурхай, хандив туслалцаа ямар нэгэн нийтийг хамарсан ажлаас нь зохицуулаад болгочих байх гэж хариулт өгч байсан. Буулгасан банз нь******* суманд хашаа хийгээд гудамж гаргасан байгаа. Одоо ажиллаж байгаа Засаг дарга 2026 оны 6 сард тодотгол хийгээд харин өгье гэж байгаа нь боломжтой юм шиг санагдаж байна. Тэрнээс төсөвт банзны мөнгө өгнө гэсэн зардал байдаггүй учраас би өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд төсвөөс гарах тухайн үедээ боломж байгаагүй гэв.

 

7. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээг миний өмнөх Засаг дарга Хатанбаатар хийсэн. Би 2024 оны 12 сард******* сумын Засаг даргаар томилогдсон. Ажлаа авсныхаа дараа ******* гэдэг хүнийг манай сумд банз нийлүүлсэн юм байна гэдгийг мэдээд, энэ банз ямар учиртай, хаашаа орсон юу болов гээд асуугаад тодруулсан. Хамгийн гол нь би энэ хүнээс нэг юмыг хүсээд байгаа. Тэр юу вэ гэхээр манай дээр буулгасан баримт гэж ерөөсөө байхгүй, хүлээлгэж өгсөн баримт байхгүй, ямар нэгэн нотлох баримт ерөөсөө байхгүй. Дээрээс нь урьдчилгаа мөнгө авсан гэж байгаа. Уг мөнгө нь дандаа хувь хүнээс орсон. Төрийн байгууллагад уг банзыг буулгасан, ашигласан гэхэд хэцүү байна. Энэ нотлох баримтаа гаргаж өгөөч гэж хүсээд байгаа. Манайхаас хүлээж авсан баримт байхгүй. Ийм учраас анхан шатны шүүх дээр би хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх буруу шийдвэр гаргачихлаа гээд давж заалдсан. *******аас банз худалдан авсан, өгсөн баримт байхгүй. Өмнөх Засаг дарга өөрөө гэрээгээ хийгээд, өөрөө батлаад явчихсан. Та банзыг нь хашаа банз хийсэн байдаг бол, бусад банз нь байхгүй байгаа зэрэг дундуур нь нэг хуудуутай юм байна уу гэж хараад байгаа. Өчигдрийн эвлэрсэн гэрээн дээр би нэг юмыг буруу ойлгосон байна. Манай дээр ганцхан банзны хэрэг яваад байгаа юм байх гэж бодож байсан. Ахиад Нацагдорж гэдэг нэхэмжлэлтэй банз нийлүүлсэн иргэний хэрэг яваад байгаа юм байна. Нацагдорж болохоор******* сумд очоод өөрийнхөө оруулсан банзны хашааг нь тоолоод, хэргийн газар дээр очиж танилцаад, үзлэг хийлгээд, батлаад ирсэн. Гэтэл энэ хүний банз хаашаа орчхов гээд миний ойлгохгүй юм гарч ирээд байгаа. Эднийхээс ганц хүсэж байгаа зүйл нотлох баримтаа өгөөдхөөч, манайд буулгасан банзыг яг хаана байна буулгасан гэхээр миний мэддэг манай сумын хашаа биш юм шиг байгаа юм. Иймд *******ыг нотлох баримтаа өгөөч гэсэн хүсэлтэй байна..гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга,******* сумын ЗДТГ-т тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу банз болон шургааг мод худалдан борлуулсны үнэ 26,147,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Д.Батбаатар нар нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 26,147,000 төгрөгийн гэрээний зүйлийг хүлээн авсан, үнийг тодорхойлсон бичиг баримт байхгүй, тооцоо нийлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Баянхонгор аймгийн******* сумын Засаг дарга нь 2022 оны 3 сарын 24-ний өдөр, 2022 оны 5 сарын 27-ны өдрүүдэд 38,602,000 төгрөгийн банз, шургааг модыг *******аас үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авч, 2022 оны 9 сард бэлнээр 4,000,000 , шилжүүлгээр 2022 оны 12 сарын 09-нд 5,000,000, 2024 оны 5 сарын 18-нд 3,456,000, нийт 12,456,000 төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад

Үүнд:******* сумын Засаг дарга , иргэн ******* нарын хооронд хийгдсэн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн №2022/052702, 2022 оны 03 сарын 24-ний өдрийн №2022/032401 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр******* сумын ЗДТГ-нь иргэн *******аас 1368 ширхэг нэг бүрийн үнэ 14,000 төгрөгийн 4 метрийн хэмжээтэй банз, 972 ширхэг нэг бүрийн үнэ 20,000 төгрөгийн 4 метрийн хэмжээтэй шургаагийг тус тус худалдан авч, үнийг 2022 оны 09 сарын 15-ны дотор төлөхөөр тус тус тохиролцон бичгээр гэрээ байгуулагджээ.

 

5. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ******* сумын Засаг дарга, ЗДТГ-ыг хамтад нь хариуцагчаар тодорхойлсон.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байнагэснээс үзэхэд сумын Засаг даргын ажлын алба нь хариуцагч мөн байна.

 

6. Харин сумын засаг дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан ...нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хөшөө, дурсгал, сандал, хогийн сав, усан оргилуур, бичил тохижилт, спорт тоглоомын талбай, нийтийн бие засах газар, тамхины цэг, хашаа, хайс, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн засвар, арчлалт, цэвэрлэгээ.. зэрэг асуудлыг шийдвэрлэх хүрээнд бусадтай шууд худалдах худалдан авах гэрээ байгуулан, худалдан авсан барааг орон нутгийн өмчид бүртгэлгүйгээр нийтийн хэрэгцээнд захиран зарцуулсан нь Монгол улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.

 

6.1. Тодруулбал: Хэрэгт авагдсан 2 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ нь 2022 оны 3-5 сард байгуулагдсан нь тухайн үед мөрдөгдөж байсан 2005 оны 12 сарын 01-ний өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль мөрдөгдөж байх цаг хугацаанд хийгдсэн байх ба энэ хуулийн 3.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө..гэж заажээ.

 

Улмаар энэ хуулийн дагуу төрийн өмчит хуулийн этгээд нь шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас доош үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг бусдаас худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, захиалагч буюу сумын Засаг дарга нь бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулж болохоор байна.

 

Гэвч захиалагч буюу Засаг дарга нь дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан захиалагч нь ...худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах ..үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдоно.

 

Түүнчлэн уг хуулийн 8.5Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно... гэсэн бөгөөд засаг дарга нь дээрх нэг гүйцэтгэгчтэй байгуулсан, адил нэр төрлийн бараа, ажил үйлчилгээ нь төсөвт өртгийн дээд хязгаараас давсан буюу 38,602,000 төгрөгийн үнийн дүнтэй байхад нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалтын гэрээ хийсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын хавсралтаар Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 20.0 сая төгрөгөөр тогтоож байжээ.

 

6.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заажээ.

 

7. Иймд дээрх 2 гэрээг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хэрэгт хариуцагч******* сумын ЗДТГ нь нэхэмжлэгчийн худалдан борлуулсан гэх хашааны зориулалттай банз мод, шургааг зэргийг хэзээ хэрхэн хүлээн авсан, хэдэн ширхэг тоо хэмжээтэй, ямар бараа бүтээгдэхүүн байсныг мэдэхгүй, орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах шийдвэр гараагүй, сум орон нутгийн батлагдсан төсөвт энэ төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эх үүсвэр байгаагүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн татгалзал нь үндэслэл бүхий байна.

 

7.1. Өөрөөр хэлбэл хариуцагч******* сумын ЗДТГ-нь засаг дарга ын иргэн *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцож, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, захиран зарцуулсан эсэх нь тодорхой биш , хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

8. Иймд анхан шатны шүүхийн ..Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах нь захиалагчийн үүрэг бөгөөд хариуцагч******* сумын Засаг даргын тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанар гэх мэт, мөн хүлээн авсан ажлын үр дүнгийн талаарх баримтыг өөрөө бүрдүүлж, санхүүгийн баримт бүрдүүлэх үүрэгтэй , татгалзлалаа нотлоогүй.. гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,685 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээх зүйтэй. Харин хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,685 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын Баянхонгор аймгийн******* сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 26,147,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,685 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,685 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

В.ЦЭЦЭНБИЛЭГ