Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ХШТ/61

 

                                        Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Мөнгөншагай, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Ш овогт Б-ын А.

Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 0 дугаар багийн Хатгал тосгонд оршин суух Ц.Д эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны нүүрний ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж 10 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Б.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгажээ.

Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Чингүүн бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг ердийн журмаар бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны дагуу явуулсан.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилж, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, цаг хугацаа, зардлыг хэмнэх зэрэг олон ач холбогдолтой ч энэ нь прокурор, мөрдөгчийн зүгээс хийх зайлшгүй ажиллагаа биш бөгөөд харин яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд үндэслэн хийгддэг хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болно.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх хэлбэрийн төдий процесс биш бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэх нь хууль зүйн үр дагавар үүсгэж, хэргийн яллагдагч хуульд заасан зарим эрхээ алдахад хүргэдэг.

Тодруулбал, шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 0 дугаар багийн Хатгал тосгонд оршин суух хохирогч Ц.Д эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны нүүрний ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол гаргаж, прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, шүүгдэгч өөрөө болон түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар гарын үсэг зурж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорын саналын хүрээнд шийдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж тусгайлан заасанчлан Б.А-д зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрх хадгалагдах ба бусад үндэслэл /эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэх мэт/-ээр давж заалдах гомдол гаргах эрхгүй байна.

Б.А-ын давж заалдах гомдлын тухайд тэрээр хэдий шүүгдэгч /хэргийн оролцогч/ боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар бус, өөрт нь оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасантай нийцэхгүй тул давж заалдах гомдол гаргах эрхгүй субьекттэй адилтган үзнэ.

Иймд Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.1-д заасан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий хүн биш, түүний гомдол үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянаж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

2.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар:

Улсын Дээд шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 214 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх замаар “Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгалаа олсон боловч түүнийг хэрэглэхэд тодорхой шалгуурыг хангасан байхыг чухалчилдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх явдал атал тухайн хэргийн тухайд ... хууль бусаар нэвтэрч ... авсан байх бөгөөд хохирлын хэмжээ бага дүнтэй байгаа нь шүүгдэгчийн хүсэл зоригтой хамааралгүй, тохиолдлын шинжтэй холбоотой байна. Үүнээс дүгнэхэд бусдад хор хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт хохирлын хэмжээ харгалзахгүй байхаар хууль тогтоогч ямар нэгэн эргэлзээгүй, ойлгомжтой байдлаар хууль тайлбарлах байдлаар санаагаа илэрхийлсэн нь шүүхээс өөр агуулгаар тайлбарлахыг хязгаарласан зохицуулалт гэж үзнэ." гэж казуаль тайлбар хийж, тодорхой жишиг тогтоосон.

Гэтэл Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хэлэлцэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа “Шүүгдэгч Б.А-ын... үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн нь Дээд шүүхийн дээрх тайлбар, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж хууль тогтоогчоос тайлбарласан аутентик тайлбарыг тус тус үгүйсгэсэн үндэслэлгүй тайлбар хийсэн.

Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах аутентик тайлбар нь албан ёсны тайлбарын нэг төрөл бөгөөд заавал биелэгдэх шинжийг агуулж байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирлын хэмжээ шаарддаг хэдий ч мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэмт хэргийг хохирлын хэмжээ үл харгалзан гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байна.

Жишээлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан "Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” үйлдлийг яагаад хохирлын хэмжээ үл харгалзан гэмт хэрэгт тооцдог болох тухайд авч үзвэл, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нэг талаас хохирогчийн эд хөрөнгө алдагдаж, бодитой хохирол хүлээж, өмчлөх эрх нь зөрчигддөг бол үүнээс гадна хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрх мөн зөрчигдөж, хүний орон байрны халдашгүй байдалд аюул учирдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж суурь эрхийг баталгаажуулж, Үндсэн хуульд заасан хүний эрхийг бусад хуулиар, жишээлбэл Эрүүгийн хуулиар хамгаалдаг.

Тиймээс Үндсэн хуульд заасан, Монгол улсын иргэний орон байрны халдашгүй байдал, халдашгүй чөлөөтэй байх баталгаатай эдлэх эрхийг хамгаалж байгаа нэг хамгаалалт болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан заалтыг үгүйсгэж, хохирогч Ц.Д орон байрны халдашгүй чөлөөтэй байдалд халдаж хохирол учруулсан шүүгдэгч Б.А-ын гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Чингүүн нь хяналтын шатны шүүхэд 2 үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг оролцогч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад өөр үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хоёрдугаарт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүйгээр тооцохоор тухайн зүйлийн тайлбарт тайлбарласан байдаг. Гэтэл хохирлын хэмжээ нь ялимгүй гэдэг үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцлээ бичсэн байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэх асуудал байсан эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлд тус хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл мөн хамаарх асуудал байгаа учраас давж заалдах шатны шүүх энэ гомдлын дагуу хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шийдвэрлэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаасан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авснаар төгсдөг гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэрэгт хохирлын хэмжээ бага эсвэл их байгаа эсэхийг шаардахгүй талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт хууль тогтоогч нар тусгаж өгсөн. Давж заалдах шатны шүүхээс хохирлыг буцаан төлсөн нөхцөл байдал нь ялимгүй шинжид хамаарахаар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төгссөн гэмт хэргээс хойш тухайн хохирлыг барагдуулсан хэсгээс үл хамаарч тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Мөн 175,000 /зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учирсан асуудалд тухайн шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаарсан бага хэмжээний хохирол учирсан зүйл биш. Монетон бөгж шиг шаргал өнгийн бөгжийг авсан байдаг. Энэ нь монет юу, эсвэл алтан болон гоёлын хямдхан бөгж болохыг шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэж байх үед үнэлж дүгнэх боломжгүй. Түүний хүсэл зоригоос үл хамаараад хохирлын хэмжээ бага хэмжээгээр тогтоогдсон. Үүнийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршиг байхгүй гэж үзэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангах хүрээнд уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны үндэслэл, журмыг мөн хуульд тусгайлан зохицуулсан болно.

Ийнхүү хуульчлагдсан үндэслэл, журмыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гүйцэтгэсэн ажиллагаа, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангах зайлшгүй нөхцөл нь юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан тул хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг сахин биелүүлээгүй тохиолдолд энэ нь хуулийг зөрчсөнд тооцогдож мөн зүйлийн 2-т зааснаар уг ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээдийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцно.

Эрүүгийн хэрэг үүсгэгдэн, яллагдагчаар татагдсан этгээд буюу яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 7-д тус тус заасан хориг байхгүй тохиолдолд мөн зүйлийн 1-д заасан болзол, нөхцөлийг хангасан бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байна.

Тэрээр ийнхүү хүсэлт гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийнхөөс гадна мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдана.

Яллагдагчийн гаргасан хүсэлт, прокурорын сонгосон ял ба үүний дагуу хүлээлгэж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний санал болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг ойлгон, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явуулдаг, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх зорилготой уг ажиллагааны онцлогоос шалтгаалан хэргийн талууд болон оролцогчтой хамааралтай зарим тусгай журам үйлчилдэг болно.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т нэрлэн заасан саналыг прокурор нь яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын зурвал яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлдэг ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан нөхцөл байдлууд үүсээгүй, тогтоогдоогүй тохиолдолд шүүх энэ зүйлийн 4-т заасан шаардлага хангагдсан эсэхийг хянаж, уг зүйлийн 5-д заасны дагуу шийдвэрээ гаргана.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан бол яллах  болон өмгөөлөх /шүүгдэгч, түүний өмгөөлөгч/ тал, түүнчлэн хэргийн бусад оролцогч нь /хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн /мөн хуулийн 39.8 дугаар зүйл/ үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргаж болох ба уг зүйлийн 8-д зааснаар дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй юм.

Яллагдагч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газарт хандан өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хэргийн 87 дахь тал/-ыг хяналтын прокурор Ц.Чингүүн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 188 дугаар тогтоолоор /хэргийн 97 дахь тал/ ханган шийдвэрлэжээ.

Уг тогтоолыг дагалдуулан гаргасан прокурорын санал /хэргийн 102 дахь тал/-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялын саналыг /Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх/ тодорхой тусгасан байх бөгөөд үүнийг яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарт танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авсны дараа түүнд шүүх хуралдааны дэг болон эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан /хэргийн 107 дахь тал/ байх бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 25-нд болсон шүүх хуралдааны явцад тэрбээр гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ялын төрөл, хэмжээтэй санал нийлж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүйг мэдэж ойлгосон болохоо шүүх хуралдаан даргалагчийн асуултанд хариулах байдлаар /хэргийн 115 дахь тал/ илэрхийлжээ.       

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлуудыг хянан тодруулсны эцэст шүүгдэгчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасантай нийцсэн байна.

Шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр үндэслэлээр буюу 1 жил хорих ялын хөнгөрүүлж өгөх талаар гомдол /хэргийн 127 дахь тал/ гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д хэргийн оролцогчоос гомдол гаргаж болох хүрээг тодорхойлсноос гадна мөн зүйлийн 8-д гомдол гаргах хязгаарлалтыг тогтоосон байхад давж заалдах шатны шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчиж гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн шүүгдэгчийн хувьд гомдол гаргах эрхийг хуулиар дээрх байдлаар хязгаарласан тул хуулиар зөвшөөрснөөс бусад үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх байжээ.

Иймд өөрийнх нь харьяалан шийдвэрлэх бус асуудлаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Ц.Д амьдардаг монгол гэрийн тооноор нэвтрэн орж 175,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилснээс гадна прокуророос гаргаж, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ялын саналын хүрээнд түүнд ял шийтгэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Б.А-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна” гэж дүгнээд /хэргийн 154-155 дахь тал/ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь учир дутагдалтай болсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсноор мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субъектив шинжүүдийн нэгдэл юм.

Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог байна.

Эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог тул шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж ялын бодлогод шууд нөлөөлдөг ба ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно.

Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайлсан гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжэд хамааруулж, ялын төрөл, хэмжээг хүндрүүлэн хуульчилдаг байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, халдлагын зүйл, хохирлын шинж чанар, хэр хэмжээг хүндрүүлэх, мөн зүйлийн 3 дахь хэсэгт үйлдлийн давтамж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тус тус тогтоосон бөгөөд уг хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол” нь энэ хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй болох талаар энэхүү зүйлийн тайлбарт тодорхой заажээ.

Хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбараар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй.

Иймд хохирогч Ц.Д байнга амьдардаг монгол гэрийн тооноор нэвтрэн орж түүний орон байрны халдашгүй байдлыг, дөрвөн төрлийн 175,000 төгрөгийн эд хөрөнгийн хулгайлж өмчлөх эрхийг нь тус тус зөрчсөн шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан “...үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Тиймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг ханган шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолд /хэргийн 120 дахь тал/ шүүгдэгчийг 220,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэж түүний учруулсан хохирлын хэмжээг буруу тодорхойлж тусгасныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар магадлалын хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.А-ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд заасны дагуу хорих ялыг эдлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ