| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2017/0035/З |
| Дугаар | 46 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э миний бие нь Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадад 1981 оноос 1992 он хүртэл малчинаар ажиллаж байсан билээ. Тэгээд тэтгэвэрт гарах нас болсны үндсэн дээр 2016-02-01-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрийн материал бүрдүүлж өгсний дагуу тэтгэвэр маань тогтоогдсон.
Гэтэл 2017 оны 03 дугаар сард тэтгэвэр олголтын шалгалтаар зөрчил илэрсэн гэж мэдэгдсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод явсан ба Увс аймагт байгаа ойр дотны хүнийг явуулах хүсэлт гаргахад би ойр дотны хүн байхгүй, ханьтайгаа хамт Улаанбаатар хотод эмнэлэгээр явж байна, хотоос ирсний дараа уулзана гэж хэлсэн. Увсад ирээд банкнаас тэтгэвэр авах гэхэд миний 3 сарын эрх нээгдсэн тул ямар ч асуудалгүй юм байна гэж бодож байтал 04 дүгээр сарын 07-ны өдөр банк утсаар таны тэтгэвэр хаагдсан байна гэж утсаар мэдэгдсэн. Би 2017 он 04 дүгээр сарын 08-09-ний хооронд тэтгэвэрийн байцаагчтай ирж уулзахад акт тавьсан талаар анхнаасаа хэлээгүй. Харин таны тэтгэвэр зогсоосон, ийм ийм зөрчилтэй гэж үзэж тэтгэвэр зогсоосон гэж танилцуулсан. Би ойлгохдоо миний ажилласан жилийг хуурамч гэж үзэж байгаа юм байна гээд 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож авсан. Тэгээд би ажиллсан байдлаа тогтоолгосон шүүхийн шийдвэрийг хүргэж өгөхөд Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хөдөө ажилтай явна 7 хоногийн дараа хариугаа аваарай гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа өөрөө очиход танд 3.263.000 төгрөгний акт тавигдсан тул энэ мөнгийг төлсний дараа таны тэтгэвэр үргэлжилж олгогдох боломжтой гэж хэлсэн. Анх надад акт тавьсан талаар танилцуулж, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Энэ талаар надад эрт мэдэгдсэн бол шүүхээр явж эрхээ хамгаалуулах байсан. 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Нийгмийн даатгалын хэлтэс, шүүх зэрэг байгуулагаар эрхээ сэргээлгэхээр явж байна. Хариуцагчийн зүгээс Намайг зүгээс намайг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж хэлж байгаад би маш их гомдож байна. Би өөрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, оюутан хүүхдийн төлбөр төлөх, хавдартай хүн асардаг. Мөн дээр нь тэтгэвэрийн зээл төлж маш их хохирч байна. Би хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай бүх бичиг баримтаа өгөөд тэтгэвэр тогтоолгосон.
Би 2016 оны 02 сарын 01-ний өдөр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын тэтгэвэр хариуцсан Улсын байцаагч О.Бд тэтгэвэр тогтоолгох холбогдох баримт материал бүрдүүлэн өгөхдөө ямар нэгэн байдлаар бичгийн хэлбэрт оруулсан, эрх зүйн акт буюу баримт материал өгөөгүй, тэтгэврийн эрх үүсгэх ач холбогдол бүхий Улсын архивын лавлагаа гаргуулж өгсөн.
Би Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981-01 сараас 1992 оны 08 сарыг дуустал малчинаар ажиллаж байсан нь гарцаагүй үнэн учир 2017-04-12-ны өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу 2017-05-04-ний өдөр №352 тоот шүүхийн шийдвэр гарсан билээ. Надад хуурамч бичиг баримт гаргуулан тэтгэвэр тогтоолгох эрх байхгүй. Хэрэв шаардлага хангаагүй бичиг баримт байсан бол тухайн үед та шүүхээр ажиллаж байснаа тогтоолгож ир гэж зөвөлгөө өгөх байсан. Иймээс дээрхи нөхцөл байдлуудын улмаас актаар тавигдсан төлбөрийг хэзээ ч хариуцахгүй харин хууль бус бичиг баримт гаргаж өгсөн, хянаж шийдвэрлэсэн төрийн албан хаагчид төрийн шүүхийн өмнө хариуцлага хүлээх байх.
Иймд Улсын байцаагчийн 2017-03-04-ний өдрийн №07 тоот актын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Э нь 2016 оны 01 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байдаг.Гэтэл 2017 оны 03 дугаар сард нийгмийн даатгалын хэлтэст шалгалт ирээд улсын байцаагчийн актаар Н.Эыг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэн тэтгэврийг зогсоон олгогдсон тэтгэврийг гаргуулахаар шийдвэрлэсэн.Архивын баримтанд байхгүй баримтыг үндэслэж лавлагааг гаргасан гэсэн.Тэтгэврийг ганцхан архивын баримтанд үндэслэж тогтоогоогүй бусад баримт бичгийг үндэслэсэн байгаа.Н.Э нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн ба шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа.
Тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж тогтоолгоогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Тухайн үед архивын цалингийн тодорхойлолт шаардлага хангахгүй гэдгийг тэтгэвэр тогтоосон байцаагч хэлсэн бол өнөөдөр Н. хохирохгүй байх байсан. Улсын байцаагчийн акт үндэслэлгүй тул Н.Э холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...”гэв.
Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Н.Э нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 1-р сарын 06 -нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан байна.
Тухайн иргэн нь тэтгэврийн материалдаа ХААН нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр 2 ширхэг, Нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, Иргэний үнэмлэхийн хуулбар Шимтгэл төлсөн лавлагаа /Аймгийн ЭМНДХ-ийн лавлагаа/, Архивын лавлагаа /1991,1992-9 сар хүртэл С¹74, ХН¹ 11-12/ 1 ширхэг, Архивын лавлагаа /1981-1990 он С¹74,ХН¹10-19 / 1 ширхэг зэрэг баримт материал бүрдүүлэн өгсөн байна.
Дээрх баримт материалыг үндэслэн тус хэлтсийн тэтгэврийн байцаагч 2016 оны 2 сарын 1-ээс 230000 төгрөгийн тэтгэвэр тогтоож, олгож эхэлжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны А/316 дугаар , Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/11 дугаар тушаалын дагуу" Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян"-ы хүрээнд шалгалтаар Н.Эын 2015 оны 11 сарын 30, 2016 оны 1 сарын 06-ны өдрийн Увс аймгийн төрийн архивын лавлагааг шалгахад архивт байхгүй баримтыг үйлдэж лавлагаа гаргаж ирүүлснийг үндэслэн тэтгэвэр тогтоосон гэсэн үндэслэлээр 2016 оны 2 сараас 2017 оны 3 сар дуусталх 13 сарын тэтгэвэр болох 3263000 /гурван сая хоёр зуун жаран гурван мянган/ төгрөгийг 2017 оны 03 сарын 04-ний өдрийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 07 тоот актаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд 1990 оноос өмнө СнЗ-ийн 1968 оны 338 дугаар тогтоолоор болон 1991-1995 онд Хөдөлмөрийн сайдын 1991 оны 219 дүгээр тушаалаар батлагдсан "Хөдөлмšрийн дэвтрийг хөтлөх тухай заавар"-ыг үндэслэн даатгуулагчдад хөдөлмөрийн дэвтрийг нээж олгох, хөтлөх, баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх тогтоол, тушаалаар аж ахуйн нэгж байгууллага нь тухайн даатгуулагч иргэний 1990 оноос өмнө ажилласан хугацааг тооцох үндсэн баримт болох хөдөлмөрийн дэвтэрт түүний овог нэр, төрсөн он сар, өдөр, эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилд орсон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаарыг засваргүй, үнэн зөв бичиж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна гэсэн байдаг. 1991 оноос өмнө хөдөө аж ахуйн нэгдэлд малчнаар ажилласан хугацааг хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн тооцно. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай тохиолдолд нэгдлийн гишүүний ажилласан хоног, авч байсан хөдөлмөрийн хөлсийг нотлох цалин хөлсний 70 дугаар дансны лавлагааг хавсаргах гэсний дагуу иргэн Н.Эын хөдөө аж ахуйн нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийн овог засвартай, төрсөн он зөрүүтэй, хөдөлмөрийн дэвтрийн цалинд тамга тэмдгийн зөрчилтэй зэргээс үндэслэн иргэн Н.Эаас аймгийн архиваас 70-р дансны хуулбарыг хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтэрт хавсаргахыг шаардсаны дагуу Архивын лавлагаа /1991,1992-9 сар хүртэл/ С¹74, ХН¹ 11-12 1 ширхэг, Архивын лавлагаа /1981-1990/ С¹74, ХН¹10-19 1 ширхэг авчирсныг үндэслэн тухайн үед тэтгэвэр тогтоосон.
Дээрх 1981-1992 оны ажилласан хугацааны лавлагааг хуурамч гэж үзэх үндэслэл нь : Увс аймгийн Наранбулаг сумын "Пионер" нэгдлийн 1981-1992 оны цалингийн баримт Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа боловч зөвхөн Н.Эын нэр, цалин байхгүй байхад дээрхи лавлагааг гаргаж ирүүлсэн нь хуурамч лавлагаа гэж үзэхэд хүргэж байна. Мөн манай хэлтсээс уг лавлагааг шалгахад аймгийн архивын тасгийн 2017 оны 2 сарын 16-ны өдрийн 113 тоот, 2017 оны 8 сарын 14 -ний өдрийн 342 тоот лавлагаанд Н.Этай холбогдох цалин, материал байхгүй байгааг тодорхойлж ирүүлсэн нь тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлсэн дээрхи лавлагаа хуурамч гэдгийг харуулж байна. Тухайн үед аймгийн архив Н.Эын цалингийн баримт байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн бол манай байгууллага нийгмийн даатгалын хуулийн дагуу заавар зөвлөгөө өгч, тэтгэвэр тогтоолгох асуудпыг шийдвэрлэх байсан болно.
Тус байгууллагын нийгмийн даатгалын улсын байцаагчид Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 2-д заасны дагуу хуурамч материал бүрдүүлэн өгсөн иргэн Н.Эаар илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Мөн тэтгэвэр тогтоолтонд зөрчил гарсан тухай үед иргэн Н.Эт утсаар мэдэгдэж ирж уулзахыг шаардахад Улаанбаатар хотод явж байна очоод уулзана гэж тайлбар өгсөн . Мөн акт тавих болсон талаар сонсгоход хувийн ажилтай, тухай үед уулзах боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгч байсан” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед тэтгэврийн баримтыг манай хэлтсийн байцаагч шалгаж хүлээж авсан. 1981-1992 оны хөдөлмөрийн дэвтэр нь төрсөн огноо, овог зөрчилтэй байсан тул архиваас лавлагаа авах шаардлага тавьсан. Журмын дагуу улсын байцаагч шаардлага тавьсан. 2017 оны 03 дугаар сард тогтоогдсон нийт тэтгэврийн талаар шалгалт явагдаж тамга буруу харж дарагдсан, нэг хүний гарын үсэгтэй байна гэсэн зөрчил илэрсэн тул аймгийн архивын газарт шалгалтын бүрэлдэхүүн миний бие хамт явж шалгахад Н.Эын цалингийн бичиг баримт олдоогүй тул би Н.Этай утсаар холбогдож энэ талаар танилцуулахад би Улаанбаатар хот руу явж байна гэсэн хариу өгсөн. Тухайн шалгалт цагаан сарын үеэр ирсэн тул 3 дугаар сарын тэтгэвэр урьдчилж орсон байсан тул Н.Эын тэтгэврийн эрх нээгдэж 3 сарын тэтгэвэр орсон юм. Манай тэтгэврийн байцаагч анх төрийн архивын тамга тэмдэг бүхий лавлагааг үндэслэж тэтгэвэр тогтоосон.Гэтэл уг лавлагаа нь архивын баримтанд үндэслээгүй байсан тул улсын байцаагчийн акт үндэслэлтэй” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Э тус шүүхэд хандан Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 03 дугааар сарын 14-ний өдрийн 07 дугаартай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Э нь маргаан бүхий актын талаарх гомдлыг Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргаж уг зөвлөл 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хариуг нь өгсөн байна.
Н.Э 2017 оны 07 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн, хуульд заасан хугацаандаа шүүхэд хандсан гэж үзлээ.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 03 дугааар сарын 14-ний өдрийн 07 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийг зөрчиж 47 хүнд 19017088 төгрөгийн тэтгэвэр илүү олгосон зөрчил илэрсэн гэж үзэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн хавсралтанд дурдсан нэр бүхий 47 хүнд илүү олгосон 19017088 төгрөгийг зохих санд буцаан төлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, актын хавсралт-2-оор 2015.11.30, 2016.01.06-ны өдрийн Увс аймгийн Төрийн архивын лавлагааг шалгахад архивт байхгүй, баримтыг буруу бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний дэвтрээс хуулбарлан бичиж архивын лавлагаа гарган өгч бүрэн тэтгэврийн эрх үүсгэсэн зөрчил гарган илүү тэтгэвэр авсан гэж үзэн 3.263.000 төгрөгийг Н.Эаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Өндөр насны тэтгэвэр тогтооход хуурамч баримт бичиг бүрдүүлж өгөөгүй, төрийн архивын байгууллага лавлагаа гаргаж өгсөн, нэгдэлд ажиллаж байсан нь үнэн тул актыг зөвшөөрөхгүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “2015.11.30, 2016.01.06-ны өдрийн Увс аймгийн Төрийн архивын лавлагааг шалгахад архивт баримт байхгүй байсан тул Н.Эыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авсан гэж үзэн тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй“ гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Эт Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудсаар өндөр насны бүрэн тэтгэврийг 230.000 төгрөгөөр тогтоож 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэжээ.
Монгол Улсын Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дугаартай “Аян зохион байгуулах тухай” тушаалын 1-р хавсралтаар “Тэтгэврийн тогтоолт,олголтыг шалгах аян” зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг, 2-р хавсралтаар ажлын удирдамжийг тус тус баталж, уг аяны хүрээнд нийт тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгахаар болжээ.
Тус сайдын тушаал болон Эрүүл мэнд,нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А/11 дугаартай “ Аян зохион байгуулах тухай” тушаалын хүрээнд Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтэс нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж маргаан бүхий актаар 47 иргэнд холбогдох зөрчлийг тогтоосон байна.
Маргаан бүхий актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасныг үндэслэж буюу нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэн нэхэмжлэгч Н.Эаар 3263000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснээр Н.Эын өндөр насны тэтгэвэр олголт зогсоогдсон байна.
Иймд Н.Э нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэгч Н.Э нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт бүрдүүлэн өгөхдөө Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн гаргасан цалингийн хоёр тодорхойлолтыг өгчээ.
Хэрэгт авагдсан Н.Эт 1981 оны 01 сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1981-1990 онуудад ажиллаж авч байсан цалин хөлсийг, 1991 оны 01 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 он болон 1992 оны 8 сарыг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсийг тус тус бичсэн байх боловч Н.Э нь 1961 оны 02 сарын 01-ний өдөр төрсөн байхад төрсөн оныг 1960 оны 02 сарын 01-ний өдөр төрсөн гэж зөрүүтэй бичсэн,1989 оны цалин хөлсний бичилт тэмдэггүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 сарын 31-ний өдрийн 163 дугаартай тушаалын 1-р хавсралтаар баталсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.3-д Хөдөлмөрийн дэвтэр буруу бичигдсэн, гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулааагүй байвал тухайн үеийн нэгдлийн гишүүний цалин хөлсний 70 дугаар дансыг үндэслэн аймгийн архиваас гаргасан ажилласан хугацаа, авсан хөдөлмөрийн хөлсний лавлагааг хавсаргана“ гэж заасан байх ба уг журмын дагуу нэхэмжлэгч Н.Э аймгийн архивын тасгаас цалингийн тодорхойлолтыг гаргуулан авчээ.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 2015 оны 11 сарын 20-ны өдөр олгосон Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан Н.Эын цалингийн тодорхойлолтод 1981 оноос 1990 онуудад ажиллаж авч байсан цалинг, 2016 оны 01 сарын 06-ны өдөр олгосон Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан Н.Эын цалингийн тодорхойлолтод 1991 оноос 1992 онуудад ажиллаж авч байсан цалинг тус тус тодорхойлсон байна.
Дээр дурдсан хоёр тодорхойлолт архивын сан хөмрөгт хадгалагдсан баримтанд үндэслээгүй, харин Н.Эын хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн хуулбарласан цалингийн тодорхойлолт болох нь Архивын тасгийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 113 дугаартай лавлагаа, 2017 оны 08 сарын 14-ны өдрийн 342 дугаартай лавлагаа, архивын ажилтан гэрч С.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн” Н.Э манай байгууллагад хүсэлт гаргахдаа хөдөлмөрийн дэвтрээ өгсөн. Архивын баримтанд Н.Эт холбогдох цалингийн баримт байгаагүй ба хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг засваргүй байсан тул хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслэж цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Манай архиваас урьд нь хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслээд лавлагаа гаргаж өгдөг байсан юм. Н.Эын зүгээс гуйсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Н.Э нь өндөр насны тэтгэвэр зогсоогдсоны дараа шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байх ба Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 352 дугаартай шийдвэрт Наранбулаг сумын Пионер нэгдлээс Н.Эт 1981,1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэн Н.Эын 1981 оноос 1992 оны 8 сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 11 жил 8 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр үндэслэлгүй тогтоолгож авсан бол үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр зохицуулжээ.
Архивын цалингийн тодорхойлолтонд дурдагдсан онуудад Н.Э нь Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар шүүхээс тогтоосон байх тул архивын лавлагааны агуулга хуурамч биш, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаарх мэдээлэл огт байх ёсгүй, байгаагүй зүйл биш байна.
Харин архивын сан хөмрөгт байхгүй баримтыг буюу иргэнд байсан хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн нэгдэлд ажиллаж байсан талаарх цалингийн тодорхойлолтыг аймгийн архивын тасгаас гаргасан нь Архивын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Архивын байнгын хадгалалтад байгаа...бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ” гэх заалт, Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн А/167 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам“-ын 5.5-д “Цалингийн тодорхойлолтыг тухайн байгууллагын санхүүгийн баримт болон тушаал шийдвэрийг үндэслэн олгоно” гэх заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Э ямар нэг байдлаар архивын байгууллагын ажилтантай хуйвалдсан, баримт бичгийг боловсруулахад оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
“Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам-“ын 5.10-д “Төрийн архиваас олгосон архивын лавлагаа,баримтын хуулбарын үнэн бодит байдлыг лавлагаа гаргасан ажилтан хариуцна” гэж заасан тул архивын баримтанд үндэслээгүй лавлагаа, тодорхойлолт гаргаж иргэнд өгсөн үйл баримтанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай актын Н.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 07 дугаартай актын Н.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ