Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч, Б.Ч нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч, нэхэмжлэгч Б.Ч өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Х, гуравдагч этгээд Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, гуравдагч этгээд Б.Х өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 928 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Б.Х, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ч, Б.Ч нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 473 дугаар захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 928 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 473 дугаар захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Х Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны ...... тоот 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г-....... дугаар бүртгэл, өмчлөх эрхийн ........ тоот гэрчилгээ, уг газарт баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн орон сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэсэн бүртгэл, иргэн Ж.О Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны .........тоот 129 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г-....... дугаар бүртгэл, өмчлөх эрхийн ........тоот гэрчилгээ, иргэн Б.Х, Ж.О, Х.Т нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны .... тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г-...........дугаар бүртгэл, өмчлөх эрхийн ........... тоот гэрчилгээ, иргэн Б.Х, Ж.О, Х.Т нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны ........тоот газар дээрх 183.5 м.кв хувийн сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г-............. дугаар бүртгэл, өмчлөх эрхийн ........ тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Б.Х өмгөөлөгч Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүх хуралдааны ирцийн тухайд гээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн, өмгөөлөгч Б.Б, Б.Д нар нь тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх /өвчтэй, хөдөө ажлаар явсан гэх/ нотлох баримтуудаа ирүүлээгүй, гуравдагч этгээд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно гэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Ч өвчтэй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гээд Б.Ч эмнэлгийн магадлалгааг нэхэмжлэгч Б.Ч шүүхэд өгөөд Б.Ч шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан.

Гэтэл энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар баримт хэрэгт байхгүй. Хүсэлтийг хангаагүй бол ямар үндэслэлээр хангаагүй талаар шийдвэрлээгүй орхигдуулсан.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Чулуунбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлтийг шийдвэрлэхдээ шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 261 дүгээр захирамжаар Б.Ч, Б.Ч нарын газрыг хүчингүй болгосон бөгөөд захирамжийн Захирамжлах хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн 11 дүгээр хороо Рашаантын ....... тоот хашааны газарт Б-ийн Ч, Б-ийн Ч холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж дурджээ.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дээрх захирамжид дурьдсан 495 дугаар тогтоол нь Б.Ч газар болон эд хөрөнгөнд огт хамааралгүй гарсан тогтоол бөгөөд Б.Ч эзэмшлийн 500 м.кв газар дээр барьсан барилга болон гражийн маргааны асуудлаар шийдвэрлэсэн тогтоол байхад уг тогтоолыг хариуцагч төрийн захиргааны байгууллага нягталж шалгалгүйгээр Б.Ч газар болон өмч хөрөнгөнд хамааруулж дээрх 261 дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасныг тус тус баримтлан илт хууль бус болохыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж гомдолтой байна.

Үндэслэл нь Б.Ч, Б.Ч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаагүй. Мөн хуульд зааснаар энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагүй.

Харин Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа энэ тухай дурьдсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргасан мэт нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тодруулах гэдэг нь тухайн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд байх ёстой.

Гэтэл шүүх нэхэмжлэл гаргасан мэт шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 495 дугаар тогтоолыг буруу ойлгож тайлбарлан шийдвэрээ гаргасан. Тухайн маргаан бүхий газар дээр нийтдээ 183.5 м.кв хувийн сууц, граж байсан. Уг хөрөнгийг Б.Х нь өмчлөн амьдарч байсан тул Б.Ч нь 183.5 м.кв байр болон гражийн өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Уг газарт энэ хөрөнгөнөөс өөр ямар ч хөрөнгө байгаагүй тэр тусмаа Б.Чулуунбатын ямар ч хөрөнгө байгаагүй.

Мөн шүүхээс уг актыг хууль бус гэж дүгнэхдээ Б.Х бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан болох нь нотлогдсон гээд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...зохигчдын хооронд газрын маргааны явцад Б.Х газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хүчингүй болсон тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч энэ нь түүний байшинг эзэмшин амьдарч байгаа нь хууль ёсных гэдгийг үгүйсгэх баримт биш, харин маргааны зүйл болсон хашаа байшинг хариуцагч буюу Б.Х нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 180.000 /нэг зуун наян мянган төгрөг/-р худалдан авсан талаарх баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй” гэж дүгнэсэн байх бөгөөд уг тогтоолын үндэслэл болсон бичиг баримтыг хуурамч эсэхийг шалгуулахаар нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “иргэн Б.Х нь бичиг баримт хуурамчаар бүрдүүлж биднийг хохироосон” гэх асуудлаар гомдол гаргасан байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дээрх гомдлыг шалгаж цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон тогтоол гаргасан.

Шинжээчийн дүгнэлтээр “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын ...... тоот хашаа байшинд Б.Х нь амьдарч байхдаа хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр уг байшинг шилжүүлж авсан эсэх тал дээр дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр ...мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ, гэсэн монгол хятад хэл дээрх баримтуудын доод хэсэгт “Худалдсан”, “Хүлээн авсан” гэсэн талд байрлах шинжилж буй гарын үсгүүд нь Ц Ю Ю-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан гээд Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Прокурорын 21а тогтоол зэргийг дурьдаж гуравдагч этгээд Б.Х нь бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан болох нь нотлогдож байна” гээд актыг илт хууль бусад тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4-т заасныг ноцтой зөрчсөн.

Үндэслэл нь шинжээчийн дүгнэлт бол тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шууд нотолсон нотлох баримт биш. Шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн бол уг дүгнэлтийг шууд нотлох баримт гэж үнэлдэггүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ бусад нотлох баримттай харьцуулан үнэлсний эцэст нотлох баримтаар тооцох эсэхээ шүүх шийдвэрлэдэг бөгөөд өмгөөлөгч нар уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх, зөвшөөрөхгүй бол үндэслэлээ зааж мэтгэлцэн шүүх хуралдаанд оролцож шүүгдэгчийн гэм бурууг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан.

Гэтэл шүүхээс уг баримтаар шууд хуурамчаар үйлдсэн гэж дүгнэхдээ мөн гэмт хэргийг үйлдсэн мэт дүгнэсэн. Мөн Б.Х нь өөрийн амьдарч буй байрны нэг өрөөг Ц Ю Ю худалдаж авсан баримтаа гаргаж өгснөөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 261 дүгээр захирамжийг гараагүй. Б.Х хууран мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн тогтоол гараагүй байхад хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7  дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4-т заасныг ноцтой зөрчсөн байна.

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Иргэний өмчийг газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах гэрээг байгуулж уг гэрээ бүрэн хэрэгжиж Б.Х өөрийн гэр бүлийн өмчлөлийн 183.5 м.кв амины сууцыг гэрээний 3.1-т заасан Газрыг чөлөөлөх нөхөн олговор олгох гэсний дагуу буулган нурааж улсад буюу Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгснөөр хүчингүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Б.Х мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Б.Х би 1994 онд маргаан бүхий газарт байсан 4 хятад хүний эзэмшлийн 4 өрөө нийтийн байрыг тухайн үеийн эзэмшиж амьдарч байсан хүмүүсийн 3 хүнээс нь эхлээд худалдаж аваад амьдрах болсон.

Намайг амьдрах үед байрны нэг өрөөнд Ц Ю Ю гэх ганц бие хятад өвгөн байсан бөгөөд сүүлдээ надад өөрийн нэг өрөөг 180.000 төгрөгөөр худалдсан. Энэ цагаас би байранд эхнэр хүүхдийн хамтаар нийтдээ 20 жил амьдарсан. Би 20 жил Б.Ч энэ байрыг хөлсөлж амьдарч байгаагүй. Гэтэл цагийн аясаар Б.Ч өөрийгөө өвгөний хүүхэд байсан учир найз нөхөд явья гээд орж гарч жижиг модон цех хүртэл манай хашаанд барихыг гуйж би зөвшөөрч байсан.

Гэтэл энэ бүгд нь хожим газар булаацалдах л зорилготой байсанг би мэдээгүй. /Сүүлдээ энэ модон цех шатсан/ Намайг хашаа байшинд амьдардаг мөртлөө газрын эзэмших эрхээ авч чадаагүй байхад Б.Ч надаас өмнө 2001 онд газрын эзэмших эрхийг надад мэдэгдэлгүй авчихсан байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн газрын алба 1994 оноос намайг гэр бүлийн хамтаар уг хашаанд амьдардаг гэдгийг мэдсээр байж, мөн өмнө нь 4 хүний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг шууд Б.Ч дангаар нь эзэмшүүлсэн байсан.

Үүнийг би мэдэлгүй хүсэлтийг 2006 онд гаргаж Сүхбаатар дүүргээс надад газрыг эзэмшүүлж байсан боловч 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэргийн шүүхээс миний эзэмших эрхийг гэрчилгээг Б.Ч газартай давхцалтай гэж хүчингүй болгож байлаа.

Үүний дараа Б.Ч иргэний шүүхэд уг газар дээр байгаа нийт 183.5 м.кв хувийн сууц болон гражийн өмчлөгчөөр тогтоолгох, мөн Б.Х албадан гаргах нэхэмжлэл Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргахад Улсын Дээд шүүхээс 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор миний амьдарч буй 183.5 м.кв байрыг Б.Ч өмчлөл гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт би хариуцагчаар орсон учир уг 183.5 м.кв байр нь миний өмчлөлд хэвээр үлдсэн.

Энэ шийдвэрийн дараа би өөрийн амьдарч буй байрны доорх газрыг Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн эзэмшүүлэх хүсэлтийг Газрын албанд бичгээр гаргасан. Би 20 жил үр хүүхдүүдийн хамтаар амьдарсан байшингийнхаа доорх газрыг эзэмших ёстой гэдэг хүсэлтийг хуульд олгогдсон эрхийн дагуу л гаргасан.

Манай амьдарч буй хашаа байшинд Б.Ч, Б.Ч нар огтоос амьдардаггүй байсан атал хорооны бүртгэл хийлгэсэн байсан. Манай гэр бүлийнхэн 1994 оноос уг газарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас холбогдох баримтууд болон шүүхийн шийдвэр мөн уг хашаа байшинд он удаан жил амьдарсан байдал зэргийг харгалзан 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 473 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэж ойлгодог.

Түүнээс биш Б.Х би шүүхийн шийдвэрт дурьдсанчлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад хуурамч баримт бүрдүүлэн газар эзэмших эрхийг эзэмших хүсэлтийг гаргаагүй. Миний Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаж өгсөн хүсэлт шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудад хуурамч баримт байхгүй. Шүүхийн шийдвэр өнөөдрийг болтол хүчин төгөлдөр хэвээр байна.

Гэтэл захиргааны хэргийн шүүхээс миний нэр төрийг илт доромжилон “Б.Х нь бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий актыг гаргуулсан болох тогтоогдсон” гэж эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн мэт дүгнэж байгаа нь байж болохгүй шүүгчийн ёс зүйд нийцэхгүй, нэхэмжлэгч талд хэт үйлчилсэн дүгнэлтийг хийсэнд маш гомдолтой байна.

Намайг бусдыг хууран мэхлэх замаар актыг гаргуулсан гэхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Прокурорын 21а тоот тогтоол зэргийг үндэслэн дүгнэжээ. Б.Хөхөө би хэнийг ч хууран мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй.

Б.Ч, Б.Ч нар намайг иргэний шүүхийн шийдвэр гарсны дараа хуурамч баримт үйлдсэн, залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн мэт гомдлыг гаргахад цагдаагийн байгууллагаас шалгах явцаа миний Ц Ю Ю-гаас нэг өрөөг худалдаж авсан баримтыг хуурамч, миний аав уг гарын үсэг үсгийг зураагүй гэж шинжээч томилуулахдаа өөрсдийн гаргаж өгсөн баримттай харьцуулан шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Энэ үед нь би Б.Ч гаргаж өгсөн баримтанд “Ц Ю Ю гарын үсэг зурсан” гэж шинжээч яаж итгэж харьцуулж байгаа юм бэ наад харьцуулалтыг чинь зөвшөөрөхгүй гээд маргасан.

Гэтэл “шалгаж байна” гэж явсаар байгаад эцэст нь гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг манай байгууллага шалгахгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, гэм буруугүй гэдгийг тогтоогоогүй байхад намайг “хууран мэхлэх замаар акт гаргуулсан” гэж шийдвэрлэж буй захиргааны шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Мөн Сүхбаатар дүүргийн Газрын албатай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үндсэн дээр өөрийн хашаа байшингаа буулган газрыг өгсөн.

Сүхбаатар дүүргээс миний хууль ёсны өмчлөлийн газарт ажилчдын орон сууц барихаар болно, газраа чөлөөлж өөрийн өмчлөлийн хувийн сууцаа буулгаад нөхөн олговор өгнө гэж 192857143 өгөх би 162.846,803 төгрөг авсан. Манай эхнэр Ж.О газрыг Ч.М гэх хүнд мөнгөний хэрэг болоод худалдсан байсан тул Ч.М 30,010,340 төгрөгийг авсан. Хэрэв Сүхбаатар дүүргээс газар чөлөөлүүлэхийг хүсээгүй бол өөрийн өмчлөлийн 183.5 м.кв үл хөдлөх хөрөнгөө буулгахгүй байсан.

Энэ хашаа байшинд 20 жил амьдарсан гэдгийг дахиад хэлье. Би Сүхбаатар дүүргийн Газрын албатай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үндсэн дээр өөрийн хашаа байшингаа буулган газрыг өгсөн.

2. Хэргийн шийдвэрлэх явцад шүүгч О.О нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчид хандан “Б.Ч, Б.Ч нар газрын төлбөрөө байг гэхэд 2 өрөө байр авах хүсэлтэй байна” гэж бухимдаж асууж байсан. Гэтэл ямар ч шүүх хурал дээр нэхэмжлэгч нар 2 өрөө байр авмаар байна гэж хэлээгүй. Шүүх хурлаас гадуур ийм ярилцлага яриа хөөрөө явагдсан байдаг.

3. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч О.О “Б.Ч, Б.Ч нарыг нэхэмжлэлээ сайхан зөв болгоод ир” гэж хойшлуулсан. Энэ үед өмгөөлөгч “шүүгчээ та нэхэмжлэгч нарт хуулийн зөвлөгөө өгч чиглүүлэх эрхгүй” гэж хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Ч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тодруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус өөрчилж, нэмэгдүүлээд орж ирсэн.

Гэтэл энэ хэмжээгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодруулж Б.Ч гаргаагүй, Б.Х би Б.Ч нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай танилцаагүй. Манай өмгөөлөгч ч танилцаагүй. Мөн Сүхбаатар дүүргийн Газрын албанаас энэ өдрийн шүүх хуралдаанаас хойш гаргаж өгсөн баримт болон тайлбартай танилцаагүй.

4. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан 09:30 минутаас эхлэхээр товлосон өмгөөлөгч Д.Н нь 09:10 минутад ирж шүүгчийн туслахтай уулзаад хурлын 1 танхимд орж шүүгчийг 10:20 минут хүртэл хүлээсэн. Шүүхийн камерт бүртгэгдсэн байгаа. Хурлын зааланд шүүгчийг хүлээж байх үед Б.Ч “шүүгчээс татгалзана” гэж хэлсэн учир би өмгөөлөгчийг Сүхбаатар дүүргийн шүүхэд давхацсан хуралдаа явахыг зөвшөөрсөн. Гэтэл шүүгч Б.Ч шүүгчээс татгалзах хүсэлтийг шууд шийдүүлж орж ирээд хурал хийсэн. Би шүүгчээс татгалзах хуралд өмгөөлөгчгүй орно гэж ойлгосон.

5. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд Сүхбаатар дүүргийн Газрын алба нь уг газар нь одоо “н.Батбаяр гэх хүний нэр дээр байдаг” гэж тайлбарласан. Гэтэл н.Б гэх хүн огт энэ хэрэгт оролцоогүй. Энэ тухай баримт байхгүй. Шүүх н.Б гэх хүний одоо эзэмшиж буй газрыг уг шийдвэрээрээ Б.Ч, Б.Ч нарт эзэмшүүлсэн нь н.Батбаяр гэх хүний эрх ашиг хөндөгдөх байх гэж бодож байна. Эцэст нь нэмж хэлэхэд миний гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ 20 жил амьдарсан хашаа байшингийн доорх газрыг яагаад заавал энэ хашаа байшингийн өмчлөгч биш Б.Ч, Б.Ч нар эзэмших, өмчлөх ёстой юм гэдгийг одоо ч Б.Х ойлгохгүй бас зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх яагаад заавал эдгээр хүмүүст хоёр өрөө байр авч өгөх гэж хариуцагчийг загнаад байгааг ч ойлгохгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Бодит байдалд гуравдагч этгээд Б.Х гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албатай байгуулсан “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” 364 дүгээр гэрээний дагуу өөрийн өмчлөлийн хашаа, байшингаа буулгаж газрыг хүлээлгэн өгсөн, харин гуравдагч этгээд Ж.О хувьд өөрийн өмчлөлийн газраа 2015 онд Ч.М худалдаж, Ч.М 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 363 дугаар гэрээний дагуу газраа Б.Х нэгэн адил нөхөн олговортойгоор чөлөөлсөн, одоо уг газар нь иргэн н.Б эзэмшилд шилжсэн гэх хариуцагчийн болон гуравдагч этгээд нарын тайлбар, маргаан бүхий газрын талаарх фото зураг зэргээс үзэхэд холбогдох захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг.

Гэтэл одоогийн нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхээргүй байна.

Түүнчлэн “…маргааны зүйл болсон хашаа, байшинг хариуцагч буюу Б.Х нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 180.000 төгрөгөөр худалдаж авсан талаарх баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй…” гэсэн үндэслэлээр Б.Ч “Сүхбаатар дүүргийн Рашааны ..... тоот хашаанд байрлах 183.5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, гаражийн өмчлөгчөөр тогтоож, уг байшингийн 2 өрөөг хууль бусаар эзэмшиж буй Б.Х албадан гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоол хүчинтэй байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 21 дүгээр тогтоолд тус тус үндэслэн “…Б.Х хууран мэхлэх замаар одоогийн маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан…” гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолын үндэслэлийг үгүйсгэсэн агуулгатай, мөн энэхүү тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү дүгнэх нь буруу.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тэрхүү тодруулсан шаардлагад холбогдох болон маргаан бүхий газрын одоогийн эзэмшигчийн талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН