Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 213/МА2026/00007

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303/ШШ2025/00788 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй ,

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ,

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн 39,284,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг /цахим/, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд амьдардаг. Архангай аймгаас банз, шургааг, түлшний мод авчирч аймгийн төвийн зах дээр зогсож зардаг байна. 2020 оны 04 дүгээр сард Аймгийн төв зах дээр банз зарах гээд зогсож байтал ******* сумын Засаг дарга ******* ирээд манай сум айлуудынхаа хашааг шинэчлэх гээд банз, шургааг хэрэгтэй байна мөнгийг нь төлнө гээд түүний машин дээрх банз модыг үзээд худалдан авахаар болсон. Тухайн үед банз 1 ширхэг нь 7,000 төгрөгөөр зарагдаж байсан тул тэр ханшаар худалдаж авахаар тохирч эхний банзаа 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр 3,800,000, 2,200,000 төгрөгийн нийт 6,000,000 төгрөгийн банз, 8 дугаар сарын 03-ны өдөр 676 ш * 7000 = 4,732,000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 770ш*7000=5,390,000 төгрөгийг банз авсан. Ингээд 2020 онд нийт 16,122,000 төгрөгийн банз мод авсан байна. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр дахиж яриад дахин банз авмаар байна та авчраад өгөөч гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2м, 4м н урттай 235 ш банзыг 2,845,500 төгрөг, 4м н урттай 150ш шургааг 14,000 төгрөгөөр тооцон 2,100,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-нд цэвэр банз 280 ш * 15000= 4,305,000, бохир банз 773ш*14000 =10,822,000, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр банз 980ш* 7500 = 7,350,000, шургааг 410* 14,000 = 5,740,000 төгрөгөөр худалдаж аваад нийт 49,284,500 төгрөг болсон. Худалдаж авсан банз модныхоо үнийг өгнө гэж явсаар байгаад 2022 оны 4 дүгээр сарын 14-нд 10,000,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн байсан. Түүнээс хойш мөнгөө авахаар нэлээд хөөцөлдсөн боловч бүтээгүй 2024 оны 10 дугаар сард Баян-Овоо суманд очиж ЗДТГ-ын дарга, нярав, нягтлан бодогч нартай нь уулзаж бүгдээрээ сууж байгаад тооцоо хийгээд 2020-2022 онд *******оос нийт 49,284,500 төгрөгийн банз мод худалдаж аваад *******ид 14,000,000 төгрөг өгч одоо 39,284,500 төгрөг өгөхөөр тохиролцсон байна. Түүнээс хойш өнөөг хүртэл уг мөнгө төлөгдөлгүй иргэнийг хохироож байгаа тул шүүхэд хандаж байна ... гэжээ.

 

2. Хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн иргэн *******оос 2022 онд Баян-Овоо сум авсан гэх мод, банзтай холбоотой тооцоо үүссэн талаар тайлбарыг Санхүүгийн албаны дарга *******ээс авч хүргүүлж байна. Санхүүгийн албаны дарга ******* тайлбартаа 2022 онд ажиллаж байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Уг тооцооны талаар 2024 онд ******* ирж уулзсан ба банз, мод худалдан авахтай холбоотой гэрээ, Санхүүгийн тайланд өрөөр тусгасан ямар нэгэн үндэслэх баримт байхгүй, өөрийнх нь гар бичмэл байсныг тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэж авсан. Тэр үед Засаг даргаар ажиллаж байсан Ж.******* дарга хэлэхдээ *******оос банз, бор мод худалдаж авч, 3-4 дүгээр гудамжны нүүрийг хийсэн гэж хэлж байснаас өөр мэдэх зүйлгүй байна гэсэн байна. Ямар нэгэн үндэслэх баримт бичиг, тооцоо нийлсэн хуудас байхгүй тул Засаr даргын Тамгын газраас төлөх боломжгүй болно... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас банз, шургаагны үнэ 19,642,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,642,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,373 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 256,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах гомдлын агуулга:

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн иргэний шүүх хуралдааныг шүүгч даргалж уг хурлаар *******ийн нэхэмжлэлтэй Баян овоо сумын ЗДТГ-аас банз модны үнэ 39,284,500 төгрөгийг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 д зааснаар Баян-Овоо сумын ЗДТГ-аас банз мод шургаагны үнэ 19,642,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 19,642,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 00788 тоот шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ ийн 161 дүгээр зүйлийн 161.1 д зааснаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд амьдардаг. Архангай аймгаас банз, шургааг, түлшний мод авчирч аймгийн төвийн зах дээр зогсож зардаг байна. 2020 оны 04 дүгээр сард Аймгийн төв зах дээр банз зарах гээд зогсож байтал ******* сумын Засаг дарга ******* ирээд манай сум айлуудынхаа хашааг шинэчлэх гээд банз, шургааг хэрэгтэй байна мөнгийг нь төлнө гээд түүний машин дээрх банз модыг үзээд худалдаж авах, үнийг тухай бүр нь төлөхөөр тохирсон. Банз модоо тухайн үед зарагдаж байсан зах зээлийн ханшаар худалдаж авахаар тохирч эхний банзаа 2020 оны 04 дүгээр сарын 7-нд 3,800,000, 2,200,000 төгрөгийн нийт 6,000,000 төгрөгийн банз, 08 дугаар сарын 03-нд 676 ш * 7000 = 4,732,000 төгрөг, 08 дугаар сарын 17-нд 770ш*7,000=5,390,000 төгрөгийг банз авсан. Ингээд 2020 онд нийт 16,122,000 төгрөгийн банз мод авсан байна. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр дахиж яриад дахин банз авмаар байна та авчраад өгөөч гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 20-нд 2м, 4м н урттай 235 ш банзыг 2,845,500 төгрөг, 4м н урттай 150ш шургаагыг 14,000 төгрөгөөр тооцон 2,100,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-нд цэвэр банз 280 ш * 15,000= 4,305,000, бохир банз 773ш*14,000 =10,822,00, 2022 оны 06 дугаар сарын 20-нд банз 980ш* 7500 = 7350 000, шургааг 410ш * 14 000 = 5,740,000 төгрөгөөр худалдаж аваад нийт 49,284 500 төгрөг болсон. Худалдаж авсан банз модны үнээс 2022 оны 04 дүгээр сарын 14-нд 10,000,000 төгрөгийг Нацагдоржийн дансанд шилжүүлж үлдсэн 39,284,500 төгрөгийг өгөөгүй тул нэхэмжлэл гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох бичиг баримт байхгүй гэх үндэслэлээр татгалзсан. Иймээс 2020 онд анх худалдан авах гэрээг амаар хийсэн Засаг даргаар ажиллаж байсан Ж.******* болон холбогдох гэрчүүдийг асуулгахад *******оос банз мод шургааг авсан түүгээр сумын тохижилтод хэрэглэж эхний 2 гудамжны нүүр хэсгийг сольсон гэснээр Нацагдоржоос банз мод шургааг авсан гэдэг нь тогтоогдсон, өмгөөлөгчийн хүсэлтээр Баян-Овоо суманд очиж гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлуулахаар үзлэг хийлгэхэд: Нацагдоржоос авсан банзаар эхний 2 гудамжны нүүр хэсгийг бүгдийг сольсон нь тогтоогдсон. Эхний нэгдүгээр гудамж нь 26 хашаа, 2 дугаар гудамж нь 27 хашаа байсан бүгд шинэ хашаатай болсон нөхцөл байдал үзлэгээр ч нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс: нэхэмжлэгч хариуцагч нарын аль аль нь шургааг модыг хүлээн авах, хүлээлгэн өгөхдөө хэдэн ширхэг ямар хэмжээтэй банз мод өгсөн авсан талаар баримт үйлдээгүй нь талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч ******* нь хувиараа банз мод худалдан борлуулдаг хувь хүн бөгөөд өөрийнхөө хувьд үйлдэж байсан баримтаа үндэслэн нэхэмжлэл гаргасан. Худалдах худалдан авах гэрээнд заасан /амаар тохиролцсон/ үүргээ биелүүлсэн. Худалдан авагчийн саналын дагуу хэрэгцээтэй модыг хүссэн цаг хугацаанд нь ямар нэгэн доголдолгүй, тоо ширхгээр нь өгч түүнийгээ өөрийн хувийн бүртгэлдээ боломжит хэлбэрээр бичсэн нь хувь хүний тухайд Баян овоо сумын ЗДТГ т хүлээлгэн өгсөн анхдагч баримт бичиг мөн.

Харин хариуцагч тал нь төрийн байгууллага, ажилтан албан хаагчид нь тодорхой эрх эдэлж үүрэг хүлээсэн, хариуцлага хүлээх чадвартай хүмүүст л хүлээлгэж өгсөн. Тэр хүмүүс ямар баримт үйлдэж яаж баримтжуулах нь албан үүрэгтэй нь холбоотой асуудал юм. Эрх бүхий албан хаагчийн нэхэмжлэгчээс банз мод хүлээн авахдаа ямар нэгэн баримт үйлдээгүй хариуцлагагүй үйлдлээс иргэн хүн хохирох ёсгүй юм. 2020 онд ажил албан тушаал хашиж байсан гэрчүүд *******оос хүлээн авсан банз мод шургаагаар хаана юу хийснээ баримттайгаар мэдүүлсэн. Шүүхээс Баян овоо суманд очиж хийсэн үзлэгээр Дуутын 1,2 дугаар гудамжны 53 айлын хашааг шинэчлэхэд ойролцоогоор 6360 ш банзаар хийгдсэн байсан. Энэ хэсгийг *******оос авсан банзаар шинэчилсэн гэдгийг үзлэг оролцсон Баян овоо сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Алимаа хэлж нотолж байсан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өөрийн хувийн бүртгэлийг хариуцагч талаас няцаасан үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй тул дээрх Нацагдоржоос гаргаж өгсөн бичмэл баримт нь нотолгооны хувьд энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болон 19,462,250 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд ИХШХШТХ ийн 167 дугаар зүйлд зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00788 тоот шийдвэрийн нэгдүгээр заалтын ...нэхэмжлэлийн шаардлагаас 19,642,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон 19,642,250 төгрөгийг Баян-Овоо сумын ЗДТГ-аас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг гаргасан тайлбартаа:

Сумын Засаг Тамгын газар чинь Засаг даргын ажлын алба байдаг. Олон удаагийн банз буух болгонд Ж.******* хэлээгүй. Ж.******* хамгийн анх банз авна гэдгийг ирж хэлсэн. Тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилчид буулгасан. Засаг даргын ажлын алба чинь өөрөө энийг чинь гүйцэтгээд байна. Банзыг Ж.******* 773 гэж хэлээгүй. Эхлээд сум орон нутагт банз хэрэгтэй байна гэдгийг зах дээр ирж хэлсэн болохоос биш, уг банзыг хүлээж авч байгаа асуудлыг Тамгын газар гүйцэтгэсэн. Тийм учраас Тамгын газрыг татсан. Хоёрдугаарт гарал үүслийн гэрчилгээгүй байсан гэж ярьж байна. Тэр шаардлагыг хэн хангах ёстой вэ гэхээр хүлээж авч байгаа тал хангах ёстой. Хэрвээ эд хөрөнгийн доголдолтой, эрхийн доголдолтой байсан бол таны банз модыг бид нар хүлээж авахгүй, тавигдах шаардлага хангахгүй байна эсвэл танайх гэрээ хийгээгүй байна гэсэн бол өөр. Тэгвэл хураагаад тавьчихсан банз байх юм бол очоод авъя. Сум орон нутгийн хөгжилд жишиг гудамж хийгээд шилдэг сумаар хүртэл шалгарч байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан байгаа. Байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр хариуцаад, дараа нь хувь хүнээсээ авдаг. Тэр журмаар явах ёстой. Энэ хариуцлагагүй албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хүн хохироод явна гэдэгт харамсалтай байна. Би хийгээгүй, учир битүүлэг хэдэн банз нь хаана буулгасан юм бол гэдэг нь салхинд хийсчихсэн юм шиг байвал эргэлзэнэ. Тийм учраас газар дээр нь очоод үзэхэд, нүдэн дээр ил хийгдчихсэн. 6300 ширхэг банз орчихсон, будчихсан хэдэн хашаа байж байгаа. Тийм учраас би уг банзны мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж бодож байгаа. М.Нацагдоржийн үйл ажиллагаа 2023 оноос эхлээд зогсчихсон. Тэтгэврийн хөгшний орлого тасарсан байдалтай байж байгаа. Өнчин хүүхдээ тэжээж байгаа хөгшин байгаа 2023 оноос хойш үйл ажиллагаа зогсчихсон, хийх юм байхгүй болчихсон. Тамгын газрын хувьд энэ үйл ажиллагаанд Засаг дарга гээд байх юм байхгүй. Засаг дарга бол төсвийн ерөнхийлөн захирагч учраас банз авъя гэдэг саналыг тавьсан, тэгээд авсан нь үнэн. Тэгээд энэ банзаар ийм ийм хашаа хийнэ, тэдийг солино, уг банзыг хийлгэсэн хүмүүсийн ажлын хөлсийг Тамгын газрын дарга гарын үсэг зураад өгсөн байж таараа. Уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Тийм учраас уг мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэв.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй Баян-Овоо сумын ЗДТГ-т холбогдох иргэний хэрэгт бие даан шийдвэр гаргах боломжгүй. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч нь сумын Засаг дарга байдаг тул боломжгүй байна. Дээрх иргэний хэргийг ОНХС-ийн хөрөнгөнөөс хагас жилээр тодотгол х ийж шийдвэрлэж өгөх боломжтой. *******оос авсан банзаар сумын төвийн хашааг шинэчлэн засварлаж мөн шинээр гудам гаргаж барьсан нь үнэн..гэжээ.

 

7. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Нацагдорж гуайгаас банз аваад, сумын тохижилтод хэрэглэсэн нь үнэн. Тэгээд манай сум дээр буусан нь үнэн. Тэнд байсан хүмүүс мэдэж байгаа, би өөрөө мэдэж байна. Гэхдээ 2023 онд дансны хуулга шахаж үзэх нь үзсэн. Засаг дарга надад хэлэхдээ Нацагдорж гуай мөнгө өгөөд байгаа, та нар ирж тооцоо нийлнэ гэж байна. Дансны хуулганд шахаж үзээрэй гэсний үндсэн дээр бид нар шахаж үзэхэд дансны хуулганаас нь 5,000,000 төгрөгийг мэдээгүй. Тэрийг бид нар гаргаж ирсэн нь үнэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* даргыг байхгүй учраас ингэлээ гэж ярьж байна. Төрийн байгууллага учраас хувь хүний хоорондох тохиролцоогоор төсвийн мөнгийг өгнө гээд байх боломжгүй гэдэг дээр өдий хүртэл өгөөгүй явж байгаа. Хэрвээ надтай гэрээ хийгээд, Засаг дарга нь хууль дүрмийнх нь дагуу гэрээ контрактаа хийгээд захиалагч нь Тамгын газар гээд явсан бол тухайн үедээ орон нутгийн хөгжлийн сандаа оруулаад, иргэдээс саналаа аваад шийдвэрлээд явуулах боломж байсан. Тухайн үед Засаг дарга уул уурхайгаас нийгмийн хариуцлагын хүрээнд орж ирсэн мөнгөөр төлөх юм байгаа юм гэдэг хариултыг надад өгснөөс биш, ******* даргыг байхаар төлөөд, байхгүй учраас төлөхгүй гэдэг зүйл байхгүй. Төрийн ажил явах ёстой журмаараа явах ёстой гэж би үзэж байгаа. Тухайн сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч учраас орон нутгийн хөгжлийн санд тодотголоор иргэдээс саналаа аваад тодотголоор оруулаад төлөх боломж байгаа. Тэрнээс биш би өөрөө бие даагаад, өнөөдөр май гээд төлье гэсэн надад боломж, эрх мэдэл байхгүй гэдгээ тайлбартаа бичсэн байгаа. Өмнө нь цагдаа дээр шалгуулахдаа үзүүлж байсан. Нотлох баримт байна уу, гэрээ контракт байна уу гэхээр нь байхгүй гэдгээ тайлбараа хэлж байсан. Засаг дарга ирэхдээ энэ банзыг буулгаад ав, хашаагаа солино гэж хэлж байсан. Тэгээд бид нар Засаг даргын үүргийг дагаж биелүүлэх үүрэгтэй учраас тухайн үедээ биелүүлээд буулгаж авч, хураах ёстой юмыг нь хураалгаад, хашаагаа сольж шинэчилсэн гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах хэлцлийн дагуу банз болон шургааг мод худалдан борлуулсны үнэ 39,284,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь худалдах худалдан авах гэрээний зүйл банз болон шургааг модыг хүлээн авсан, сумын тохижилтийн үйл ажиллагаанд ашигласан тул *******ид төлөх төлбөрийг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хагас жилийн тодотгол хийж шийдвэрлэх боломжтой гэж бичгээр тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Үйл баримтаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.******* нь тус сумын ЗДТГ-ыг төлөөлөн 2020 оны 04 сараас 2022 оны 04 сарын 14-ний хооронд нийт 49,284,500 төгрөгийн банз, шургааг модыг *******оос үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авч, 10,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 14-ний өдөр *******ид төлсөн, үлдэх 39,284,500 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4.1. Үүнд Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуухад гэрч ******* нь ******* нь 2024 онд Баян-Овоо сумын ЗДТГ-т ирж 2022 онд худалдсан банз, модны тооцоо хийж байсан, банз мод аваад манай сумын гудамжны хашааны банзыг сольж байсан. Хагас банз нь Баян-Овоо сумын ЗДТГ-т байгаа, тооцоо нийлэхэд ЗДТГ-ын дарга Н.Жавзансүрэн, нягтлан бодогч нар байсан ..гэж, гэрч Ж.******* нь *******оос 3см ын банз, шургааг модыг худалдан авч Баян-Овоо сумын 1,2 дугаар гудамжны нүүр, 3,4 дүгээр гудамжийг барих зориулалтаар Баян-Овоо сумын ЗДТГ худалдан авсан. Үлдэгдэл төлбөрийг Баян-Овоо сумын ЗДТГ төлөх ёстой.. гэж, гэрч .. Би 2020-2022 онд ЗДТГ т няраваар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн *******оос 800 ширхэг банзыг хүлээн авсан. Энэ банзаар урд талын гудамжны нүүрийг сольсон.. гэж тус тус мэдүүлсэн байна.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2025 оны 10 сарын 22-ны өдөр Баян-Овоо сумын төвийн дуутын 1, 2 дугаар гудамжинд үзлэг хийхэд үзлэгт оролцсон Баян-Овоо сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас ..тус сумын 1,2 дугаар гудамжны нүүр хэсгийг шинээр хийсэн, 1 гудамжинд 26 айл байна, нэг хавтанд 26-27 ширхэг банз орсон, нийт 2096 ширхэг банз, үүн дээр шон нэмэгдсэн, 1 дүгээр гудамжны урд байрлах хайсыг шинээр хийлгэсэн, хөдөөний хүмүүст банз өгсөн... тухай тайлбарлаж, үзлэгийн тэмдэглэлд тусгажээ.

4.3. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан байх ба нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байна.

 

5. Улмаар хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

5.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байнагэснээс үзэхэд сумын Засаг даргын ажлын алба нь энэ маргааны хариуцагч мөн гэж үзэв.

5.2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь банз, шургаагны үнэ 39,284,500 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

5.3. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзансүрэн нь 2020 оны 04 сараас 2022 оны 04 сарын 14-ний хооронд банз, шургааг модыг *******оос хүлээн авч, Баян-Овоо сумын төвийн 1,2 дугаар гудамжны айлуудын хашааны хаалгыг шинэчлэн, тохижуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, хүлээн авсан, тоо, ширхэг хэмжээ болон чанар байдалд гомдлын шаардлага гаргаагүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж зааснаар хариуцагч нь банз, шургааг зэргийг хүлээн авсанд тооцож, гэрээний зүйлийн тоо, ширхэг, чанар байдлын болон үнийн дүн дээр маргаангүй гэж дүгнэлээ.

 

6. Харин анхан шатны шүүх .. Талууд банз, шургаагны тоо хэмжээн дээр маргадаг нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь зохих ёсоор биелүүлээгүй, хамтдаа банз, шургаагаа тоолж, баримт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй нь нэхэмжлэгч *******, хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар нарын хэн альных нь буруу байх тул хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 19,642,250 төгрөгийг гаргуулж, үлдэх 19,642,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж .. хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж дүгнэлээ.

 

7. Иймд хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 04 сараас 2022 оны 04 сарын 14-ний хооронд банз, шургааг худалдан авсны үнэ 39,284,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,161 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303/ШШ2025/00788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

.. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас банз, шургаагны үнэ 19,642,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,642,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.. гэснийг

..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас банз, шургаагны үнэ 39,284,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.. гэж,

2 дахь заалтыг

.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,373 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 256,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.. гэснийг

..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,373 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 354,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,161 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.