Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 5-р бааз гудамж 2-3 тоотод оршин суух  Дэнзэн овогт Дашдаваагийн Ундрахын /РД:НЮ82031608:/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 20-р хороо ХЦХ-ийн 4-42 тоотод  оршин суух  Боржигонбагамонгол овогт Аюушийн Ариунболдод  /РД:НЭ81123176/ холбогдох

   “Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах,гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах ” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ундрах, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Д.Ундрах миний бие А.Ариунболдтой дунд сургуулиа нэг ангид хамт сурч байгаад хайр сэтгэлийн холбоотой болж 2002 онд нэг гэртээ орж хамт амьдарч эхэлсэн. Ингээд 2004 оны 3-р сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 21 тоот гэрлэлтийн гэрчилгээ авч байсан.Бидний дундаас 2004 оны 5-р сарын 2-ны өдөр охин А.Ану,2008 оны 11-р сарын 9-нд хүү А.Бумбаяр нар төрсөн. Ингээд бидний хамт амьдарч ирсэн 14 жилийн хугацаанд А.Ариунболд нь тогтсон ажил төрөл хийдэггүй, тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй,гэр бүлдээ огт хайр халамж анхаарал хандууладггүй байсан.А.Ариуныолд нь 2006 оны 5-р сард том охиныгоо 2 настай байхад нь ямар ч шалтгаангүйгээр 6 сарын турш хаяж яваад ирэхэд нь би гэр бүлээ бодоод л уучилж хүлээн авсан.үүнээс хойш хэсэг хугацааны дараа гэнэт л хаяад явдаг болсон. Би тухайн үед аавынхаа дэлгүүрийг ажиллуулдаг байсан бөгөөд А.Ариунболд үйл ажиллагааг нь барьцаалж 2011 онд 40.000.000 төгрөгийн зээл авахуулж байсан. Гэтэл мөнгөөрөө машин авна гээд сураггүй алга болсон. Дараа нь сураг сонсоход өөр хүүхэнтэй орооцолдож франц яваад тэр хүүхэндээ луйвардуулсан гэж сонссон. Мөн том охиныг бага байхад нүүр амыг маань хөх эрээн болтол зодож байсан. Үүнээс хойш муудалцах болгонд л хоолой боох,жирэмсэн том гэдэстэй байхад хашаан дотор чирэх зэргээр байнга л гар хүрэх болсон ... хэдий олон удаа хая явж,амьдралдаа тус нэмэр болдоггүй байсан ч би хүүхдүүдээ бодоод тэсээд уучлаад явдаг байсан боловч намайг доромжилсон энэ явдлаас хойш сэтгэл минь хөрж дахин хамт амьдрах аргагүй болсон. Энэ мэтчилэн би л амьдралаа авч явж, санхүү төгрөгөө зохицуулж, олон удаа зодуулж, доромжлуулж амьдарсан. Одоо би энэ хүнтэй дахин хамт амьдарч,хамтын амьдралаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй...Би бага хүүгээ ирээдүйн боловсрол, мэдлэгийг нь бодож гадаад хэлний сургалттай жилийн 3000.000 төгрөгийг төлбөртэй сургуульд сургаж байгаа. Тиймээс  ерөнхий боловсролын сургуулийг нь төгстөл сургалтын төлбөрийг тэнцүү хуваах ёстой гэж үзэж байна. Мөн бидний дунд Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ХЦХ-ийн 4-42 тоотод байрлах 2 давхар 180 м 2 төвийн дулаанд холбогдсон амины орон сууц байдаг. Иймд  Д.Ундрах, А.Ариунболд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Охин А.Ану, хүү А.Бумбаяр нарыг эх  миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр эцэг А.Ариунболдоос гаргуулж өгнө үү. Нөхөр А.Ариунболд  бид хоёр дундын эд хөрөнгө болох хувийн орон сууцныхаа талаар хөрөнгө хуваах гэрээ хийсэн байгаа. Шүүхээр хөрөнгөө хувааж оногдох хэсгээ авахаа асуудлаа шийдүүлэхгүй. Харин гэрээг  шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Одоо гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэмж тогтоолгоно  гэв.

 

Хариуцагч А.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие 2004 оны 3-р сарын 25-ны өдөр Д.Ундрахтай гэр бүл болсон.Бидний дундаас 2004 онд охин Ану, 2008 онд хүү Бумбаяр нар хорвоод мэндэлсэн. 2005 онд Капитрон банкинд ажилд орж 1,3 жил ажиллахдаа теллер,ахлах теллер,эдийн засагчийн ажлыг хийж байсан. Банкинд ажиллах хугацаанд эхнэр маань банкны ажилтнуудтай хардах зэргээс болж  хэрүүл гардаг байсан ба ингээд 2006 онд банкаас гарсан. Ингээд 2011 онд хадам аавын үгэнд орж хүнд даацын том тэрэг зээлээр авсан. Түүгээр олж байсан мөнгөөрөө зээлээ төлж мөн үлдсэн хэсгийг нь гэр орондоо хэрэглэж ирсэн ба эвдрэл гэмтлээс болж уг машинаа зарж зээлээ төлсөн. Ингээд 2011 онд Франц улс явсан шалтгаан нь найз Ганзоригын үгэнд орж өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэхээр явсан ба очсоноос хойшхи хугацаанд ажил олдоогүй. Ингээд тэнд байх хугацаандаа гэр бүлдээ эд материалын ба 2-3 жил өмсөх хувцас хангаж ирсэн. Би гэр бүлийнхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж сайн сайхан амьдралыг бий болгохын тулд хамтаар зүтгэж ирсэн. Зарим нэг ажилгүй байх хугацаанд хадмын дэлгүүрт зогсох мөн байшин барилга барьж засах зэрэг ажлыг хийж өгдөг байсан. Энэ нь гэр бүлийн хамтын сайн сайхан амьдралын төлөө миний оруулж байсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг болно. Намайг бүх талаар харлуулж бичсэн нь туйлын харамсалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу:

Ариунболд миний бие эхнэр Ундрахтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгийн маргааныг 2016 оны 9-р сарын 5-ны өдөр гэрээгээр шийдвэрлэсэн. Мөн өөрийн хүү, охин Ану, Бумбаяр нарыг эхийн асрамжинд  байлгахаар тохиролцсон болно. Миний хувьд улирлын чанартай ажил хийдэг учраас шүүх хуралд оролцох боломжгүй ба энэ хүсэлтийг хүлээн авч надгүйгээр гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.

 

   Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Дэнзэн овогт Дашдаваагийн Ундрах нь хариуцагч Боржигон бага Монгол овогт Аюушийн Ариунболдод  холбогдуулан  “Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

 

            Гэрлэгч Дашдаваагийн Ундрах,  Аюушийн Ариунболд  нар  нь  2002 онд гэр бүл болон хамтран амьдарч байгаад  2004 оны 03-р сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 21-рт  бүртгэгдэж гэрлэлтээ батлуулсан ба  2004 оны 05-р сарын 02-нд охин А.Ану, 2008 оны 11-р сарын 09-нд А.Бумбаяр нарыг төрүүлсэн болох  нь   хэрэгт авагдсан  гэрлэлтийн бүртгэлийн лавлаагаа, хүүхдүүдийн төрөлт бүртгэлийн гэрчилгээнүүдээр  тогтоогдож байна.

 

            Гэрлэгчид нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд  эхнэр  Д.Ундрах нь 2015 оны 01-р сарын 18-нд  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн 122 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

 

            Гэрлэгчид нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй ба нэхэмжлэгчийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ариунболд нь хүлээн зөвшөөрсөн байх тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 

            Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаанаа  хоорондоо харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр  “Гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах гэрээ”-г 2016 оны 09-р сарын 05-ны өдөр хийж нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Үүнд:

            1-рт: Гэрээний талууд 2003 онд гэр бүл болсон бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн дундын хөрөнгө СХД 20-р хороо ХЦХ-ны 4-р гудамжны 42 тоот хаягт байрлах 174 мкв газрын эзэмших эрхтэй гэзэр дээр баригдсан УБД-Ү-2201022557-тай 117мкв хувийн орон сууц байгаа болно. Тус хувийн орон сууц болон газрын эзэмших эрх нь нөхөр А.Ариунболдын нэр дээр бүртгэлтэй байдаг ба тус хувийн сууцны тал нь нөхөр А.Ариунболдын эгч Аюушийн Цэцгээгийн өмчлөлийн гэдгийг гэрээний талууд хүлээн зөвшөөрч байгаа болно.

            2-рт:Гэрээний 1-д дурьдсан үл хөдлөх хөрөнгө нь Капитрон банкны 60.000.000 /жаран сая/ төгрөгийн барьцаанд байгаа болно. Тус үл хөдлөх хөрөнгийг талууд худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 180.000.000 /нэг зуун наян сая/ төгрөгөөр худалдахаар төлөвлөж байгаа болно.Тус үл хөдлөхийг худалдсан дүнгээс 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг Д.Ундрах болон хоёр хүүхдийн хуваарьт  хөрөнгө болгон үл маргах журмаар өгөхөөр талууд тохиролцов.

            3-рт: Тус 75.000.000 /далан таван сая/ төгрөгөөр Д.Ундрах нь хоёр хүүхдэдээ зориулан хотын төвд 2 өрөө орон сууц авах үүрэг хүлээж байгаа бөгөөд өөр зориулалтаар өгсөн мөнгийг захиран зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэв гэрээний 1-д дурьдсан үл хөдлөх хөрөнгө нь төлөвлөсөн хугацаанд буюу 2016 ондоо багтаж зарагдахгүйгээс шалтгаалж /1-2 жил хүлээгдсэн тохиолдолд/ Д.Ундрахын худалдан авах 2 өрөө орон сууцны ханш өссөн тохиолдолд 5.000.000/ таван сая/ төгрөгийг хүүхдүүддээ зориулж А.Аринуболд нь нэмж өгөхөөр Д.Ундрахтай тохиролцов.

            4-рт:Хэрэв үл хөдлөх хөрөнгө удаан хугацаагаар худалдагдахгүй тохиолдолд барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээгээр нь тэнцүү хувааж, нэг талыг А.Цэцгээгийн нөгөө талыг Д.Ундрах болон хоёр хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг А.Ариунболд хүлээнэ. Капитрон банкны зээлийг А.Аринболд хариуцан төлж барагдуулна.

            5-рт: Энэхүү гэрээний 1-д зааснаас өөр ямар нэгэн хөрөнгийн маргаан талуудад байхгүй гэдгийг энэхүү гэрээгээр баталж байна гэж тусгасан болохыг дурдав.

            Хариуцагч А.Ариунболд нь улирлын чанартай ажил хийдэг учраас шүүх хуралд оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авч надгүйгээр гэр бүлийг цуцалж өгнө үү  гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд  хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

            Иймд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 131-р зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дэнзэн овогт Дашдаваагийн Ундрах, Боржигон бага Монгол овогт Аюушийн Ариунболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар   2008 оны 11-р сарын 09-нд  төрсөн А.Бумбаяр, 2004 оны 05-р сарын 02-нд төрсөн  А.Ану нарыг эх Д.Ундрахын  асрамжинд үлдээсүгэй.

 

3.         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2008 оны 11-р сарын 09-нд  төрсөн А.Бумбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн  50 хувиар,  2008 оны 11-р сарын 09-нд  төрсөн А.Бумбаяр, 2004 оны 05-р сарын 02-нд төрсөн  А.Ану нарыг 11-16 нас /суралцаж байгаа  бол 18 нас/ тай  болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр эцэг Аюушийн Ариунболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.    

 

5.         Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.

           

6.         Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаанаа хоорондоо харилцан тохиролцож  шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр  “Гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах гэрээ”-г 2016 оны 09-р сарын 05-ны өдөр хийж нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээндээ:

            1-рт: Гэрээний талууд 2003 онд гэр бүл болсон бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй,гэр бүлийн дундын хөрөнгө СХД 20-р хороо ХЦХ-ны 4-р гудамжны 42 тоот хаягт байрлах 174 мкв газрын эзэмших эрхтэй гэзэр дээр баригдсан УБД-Ү-2201022557-тай 117м.кв хувийн орон сууц байгаа болно. Тус хувийн орон сууц болон газрын эзэмших эрх нь нөхөр А.Ариунболдын нэр дээр бүртгэлтэй байдаг ба тус хувийн сууцны тал нь нөхөр А.Ариунболдын эгч Аюушийн Цэцгээгийн өмчлөлийн гэдгийг гэрээний талууд хүлээн зөвшөөрч байгаа болно.

            2-рт: Гэрээний 1-д дурьдсан үл хөдлөх  хөрөнгө нь Капитрон банкны 60.000.000 / жаран сая / төгрөгийн барьцаанд байгаа болно.Тус үл хөдлөх хөрөнгийг талууд худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 180.000.000/нэг зуун наян сая/ төгрөгөөр худалдахаар төлөвлөж байгаа болно.Тус үл хөдлөхийг худалдсан дүнгээс 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг Д.Ундрах болон хоёр хүүхдийн хуваарьт  хөрөнгө болгон үл маргах журмаар өгөхөөр талууд тохиролцов.

            3-рт:  Тус 75.000.000/ далан таван сая/ төгрөгөөр Д.Ундрах нь хоёр хүүхдэдээ зориулан хотын төвд 2 өрөө орон сууц авах үүрэг хүлээж байгаа бөгөөд өөр зориулалтаар өгсөн мөнгийг захиран зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэв гэрээний 1-д дурьдсан үл хөдлөх хөрөнгө нь төлөвлөсөн хугацаанд буюу 2016 ондоо багтаж зарагдахгүйгээс шалтгаалж/1-2 жил хүлээгдсэн тохиолдолд/ Д.Ундрахын худалдан авах 2 өрөө орон сууцны ханш өссөн тохиолдолд 5000.000/ таван сая/ төгрөгийг хүүхдүүддээ зориулж А.Аринуболд нь нэмж өгөхөөр Д.Ундрахтай тохиролцов.

            4-рт: Хэрэв үл хөдлөх хөрөнгө удаан хугацаагаар худалдагдахгүй тохиолдолд барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээгээр нь тэнцүү хувааж, нэг талыг А.Цэцгээгийн нөгөө талыг Д.Ундрах болон хоёр хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг А.Ариунболд хүлээнэ.Капитрон банкны зээлийг А.Аринболд хариуцан төлж барагдуулна.

            5-рт: Энэхүү гэрээний 1-д зааснаас өөр ямар нэгэн хөрөнгийн маргаан талуудад байхгүй гэдгийг энэхүү гэрээгээр баталж байна гэж тусгасан болохыг дурдсугай.

    

7.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ундрахаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунболдоос  70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            8.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            9.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОЮУНЖАРГАЛ