Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 861

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Ц.Батзориг,

шүүгдэгч Ж.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Ж-гийн Г-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905017050460  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ... -ны өдөр  ........... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .......... дүүргийн .... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Б овогт Ж-гийн Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 19-21 цагийн хооронд ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод иргэн Б.С-ийн нүүр хэсэгт цохиж, ноцолдож 2 шүдний хугарал, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод оршин суух иргэн Б.С-ийн гэрт буюу орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн Б.С-ийг түүхий охин “Б.Х-ийн утасны дугаарыг өг, энд дууд” гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.Г- мэдүүлэхдээ: “Би тэр үед уусан байсан. Урьд өдөр нь охинд нь мөнгө зээлсэн байсан. Тэр талаар уулзаж ярилцъя гэж ороод буруу ойлголцоод тийм зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хутга аваагүй. Б өөрөө бичлэг хийж байгаад явсан. Би үүдэн дээр нь сууж байхад цагдаа ирээд авч яваад эрүүлжүүлэхэд орсон” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 19-21 цагийн хооронд ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод иргэн Б.С-ийн нүүр хэсэгт цохиж, ноцолдож 2 шүдний хугарал, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод оршин суух иргэн Б.С-ийн гэрт буюу орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн ... хороо нутаг дэвсгэрт байрлах ...байрны ... тоотод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн Б.С-ийг түүхий охин “Б.Х-ийн утасны дугаарыг өг, энд дууд” гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.С-ийн “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ дөнгөж орж ирээд хоол хийх гээд хөргөгчнөөс мах гаргаад зогсож байтал хаалга тогшсон. Хаалгаа онгойлготол гаднаас Г- гэх зүс таних залуу шууд гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм, ямар учиртай юм бэ гэсэн чинь та нарыг ална гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь над руу дайрсан. Тэгэхээр нь Б гэх манай ажлын залуу чи яагаад айлд согтуу дайрч орж ирж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа аваад цагдаад дуудлага өгнө дугаар нь хэд билээ гээд Бгаас асуусан. Тэгсэн чинь Б 102 дугаар луу залгаад үз гэж хэлсэн чинь Бг нүүр лүү нь хальт цохих шиг болсон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэтэл намайг түлхээд гал тогооны  өрөөний текэн дээр  байсан хутгыг шүүрч аваад та нарыг ална гэсэн. Тэр үед манай эгч П- миний дүү юу болж байна гээд босоод иртэл П- эгчийг шууд буйдангийн хажуу тал руу түлхэж унагаасан. Тэгэхээр нь би Г-г бариад авсан. Тэр үед Г-гээс гуйгаад боль миний дүү юу болсон юм бэ гээд аргадсан. Тэгээд би 40-өөд минут Г-г аргадаж хэсэг юм ярьж суусан. Энэ үед гар утаснуудыг бүгдийг нь авч нуусан. Тэгээд Г- гэх залуу Б руу л дайраад ална гээд байсан. Тэгээд Г-г анхаарал нь түр сарнингуут Б хаалгаар гарч зугтаасан. Тэр үед Г- Бгийн хойноос нь ухасхийхдээ гараараа миний ам руу цохиж гэмтээсэн бас гинж таслаж цамцны товч тасарсан. Тэгэхээр нь амаа бариад зогссон. Бг гарсаны дараа Г- текний хажууд сууж байгаад хутгаараа жимс зүсэж идээд сууж байсан. Тэр үед Г-гийн халаасан дахь гар утас дуугараад Г- миний гар утсыг халааснаасаа аваад нэг эмэгтэй хүнтэй гар утсаараа ярьсан. Гар утсаар ярьж байхдаа би хүн ална, би шоронд явна, би артай хүн, 2 жил л шоронд сууна гэж хэлэх үед тэр ярьж байсан эмэгтэй хүн нь арга тасраад за за, чи өөрөө мэд гээд гар утсаа салгаж байсан. Тэгээд 20-30 минутын дараа  хаалга тогшиход онгойлгоогүй. Тэгэхээр нь манай эгч П- Г-д хандан миний хүү хаалга онгойлго, би харьмаар байна, хүүхдүүд ирж байгаа гэсэн чинь хаалга онгойлгохгүй байсан. Тэгснээ би Багануур луу ажил болгоод очиж байхад танай охин чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Танай дүү хаалга нүдэж л байг гээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Г- хаалга онгойлгоход гаднаас хоёр цагдаа орж ирээд Г-г баривчилсан. Тэгээд халааснаас нь гар утаснуудыг гаргаад Г-г авч явсан. Гарт нь байсан хутгийг нь доороос нь аваад газар шидэж байсан.

... Хутгатай байх үедээ миний гарын эрхий хурууг зүссэн ба миний тохойг ноцолдож байхад шалбалсан. Бас миний шүдийг цохиж гэмтээсэн. Яг юугаар цохисон талаар сайн мэдэхгүй байна.

... Гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна. Эмчилгээ хийлгэсэн баримт байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“Г- нь 2019 оны 01 дүгээр сараас хойш миний төрсөн охин Б.Х- рүү байнга утсаар залгах болон facebook хаяг руу нь хандах, мессеж бичих зэргээр тайван байлгахгүй байгаад байхаар нь манай охин Б.Х- өөрийн эзэмшиж байсан ..... дугаараа барихгүй, дугаараа 2 хоног сольсон юм байна лээ. Тэр үед Х- өөрөө Багануурт байсан. Дээрээс нь дугаар нь холбогдохгүй байсан болохоор Г- 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой Х-тэй холбогдож болох дугаарыг мэдэх гэж л манайд ирсэн юм байна лээ.

... Тэгэхээр нь би утсаар яриад өгье гэж хэлээд Г-гаас утсаа аваад охин Х- рүү залгаад ярьж эхлэх үед Г- миний утсыг гараас шүүрч авч Х- рүү би дугаарыг чинь хаанаас ч олно ш дээ гэх зэргээр яриад байсан.

... Энэ хооронд Б манай жижиг өрөөнд байгаад байсан чинь Г- түүнийг харчихаад чи цагдаа дуудаад байна уу гээд намайг түлхээд жижиг өрөө рүү ороход Б миний араар зөрөөд гүйж гарах зуур Г- түүнийг гаргахгүй гээд араас нь гараараа шудрахад миний үүдэн дээд 2 шүд цохигдоод хугарсан.

... Мөн миний баруун шуу, зүүн сарвуу зулгарсан. Энэ нь Г-тай зууралдаж байх явцад үүссэн болов уу гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

“... Б- гэх хүн нь миний төрсөн дүү бөгөөд хорт хавдарын өвчтэй. Тухайн үед манай гэрт эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр ирсэн байсан юм. Одоо Булган аймагт байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2019 оны 10 дугаар сарын сүүл орчмоор  ирнэ. Тэрнээс наана ирэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 130-131 дүгээр хуудас/

           

          Гэрч Б.Х-ийн “Найзаараа дамжуулан танилцаж байсан. Янаг амрагийн харьцаатай таньдаг болоод 1 жил 4 сар болж байна. Хамт амьдарч байгаагүй. Хааяа л уулзаж байсан. Тухайн өдөр би байгаагүй. Багануур дүүрэг рүү явж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

          “... Тийм болохоор Г- манай гэрт очоод согтуу миний ээж Б.С-тэй маргалдан миний барьж байгаа утасны дугаарыг өг гээд шаардаад байсан гэсэн. Гол нь надтай холбоо барих гээд байж ядаад байсан бололтой байна лээ. Гэвч Г- гэр бүлтэй, 3 хүүхэдтэй тул бид бүтэхгүй гэдгээ өөрт нь ойлгуулж хэлээд харилцаагаа тасалъя гэсэн боловч Г- тухайн үедээ ойлгоод за за гэдэг мөртлөө маргаашнаас нь дахиад л над руу залгаад нүүр нүүрээ харж уулзаад яръя, эсвэл ажил руу чинь очъё гээд байдаг юмаа.

          ... гэрт байсан ээжийн ажлын газрын орчуулагч Б гэдэг Өвөрмонгол ахын нүүр лүү гараараа цохиж авсан. Мөн гэрт байсан хүмүүсийн гар утсыг авч халааслаад манай ахуйн хэрэглээний хутгыг гартаа бариад сүрдүүлээд байсан гэсэн. Манай эмээгийн эгч П-ыг түлхээд улмаар манай ээж хажуугаар нь ороход ээжийн урд талын 2 шүд хальт цохигдоод шүд нь хугарсан гэж ээж ярьж байсан. Ж.Г- 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  гэрт ирчихсэн байхдаа ээжийн .........  дугаараас миний ..... дугаарт залгуулж надтай яриад чи зугтаагаад яахав дээ гэхэд ээж хажуунаас нь энэ хүн чинь биднийг айлгаад хутга бариад зогсоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад шууд Г-гийн эхнэр лүү залгаад та ойрхон байгаа бол очоодох, нөхөр чинь манайх руу орчихсон байна гэж хэлээд гэрээ зааж өгсөн. Тэгээд би 22 цагийн орчим  гэртээ  ирэхэд цагдаа нар ирээд Ж.Г-г аваад явчихсан байсан. Ж.Г-гийн гартаа барьсан гэх хутга нь манай ком хутганы нэг болох мах хэрчдэг сааралдуу өнгийн нержин хутга бөгөөд уг хутгыг гялгар уутанд хийгээд гэрт тавьчихсан байсан ба тэр хутгыг ээж цагдаа руу очиж мэдүүлэг өгөхдөө аваачиж өгнө гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/

 

       Гэрч Д. П-ын “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай дүүгийн охин болох С- ирээд байж байтал гаднаас үл таних  залуу хаалга түлхээд ороод ирсэн. Гэрт орж ирээд ална гэж хашгираад С-ийн найз Б гэх залуу уг залуу руу хандан эмэгтэй хүн рүү ямар муухай ханддаг юм бэ гэсэн чинь гаднаас орж ирсэн залуу Бг 2 удаа гараараа цохисон. Тэр үед би маш их айсан. Тэгээд би яаж байгаа юм бэ, миний хүү гэсэн чинь намайг түлхэж газар унагаасан. Тэгээд би босоод ирсэн чинь гаднаас орж ирсэн үл таних залуу Бг бариад авчихсан С- нөгөө хоёрыг салгах гээд дунд нь зогсож байсан. Тэгээд ширээн дээр байсан гар утаснуудыг бүгдийг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд гал тогоо руу ороод гал тогооноос хутга аваад нөгөө Б гэх залууг хутгаараа хатгах гээд дайрсан. Тэгээд Б нөгөө хүнээс зугтаагаад байсан. Тэгж зугтааж байгаад Б гараад зугтсан. Энэ үед нөгөө үл таних залуу гэрийн хаалгыг дотроос нь цоожлоод С- бид хоёрыг гаргахгүй байсан. Тэгэж байтал нөгөө үл таних залуугийн гар утас нь дуугараад гараад ир гээд байх шиг байсан. Тэгсэн чинь нөгөө үл таних залуу үгүй би гаргахгүй гээд орилоод байсан. Тэгэж байтал гаднаас хаалга тогшоод нөгөө үл таних залуу хаалга онгойлгоод гаднаас цагдаа нар орж ирсэн. Архи үнэртэхгүй байх шиг байсан. Б тэр гаднаас орж ирсэн залууг цохиогүй. Харин Бг 2-3 удаа гараараа цохисон. Чамайг алнаа гээд байсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээ № 4578 дугаартай:

          “1. Б.С-ийн биед 2 шүдний хугарал, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга. /хэргийн 58-59 дүгээр хуудас/

 

          Эд зүйлд үзлэг хийсэн тухай “... бор өнгийн иштэй гадуур нь ягаан өнгийн уяа мэт зүйлээр бариулыг нь боосон хутганд үзлэг хийхэд ажиллагааны хэсэг нь 7.5 см урттай, тус хутганы бариул нь 7.5 см урттай нийт 15 см урттай хутга байх ба тус хутганы ажиллагааны хэсгийн урд үзүүрээс эхлээд хойш 3.0 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 127 дугаар хуудас/

 

          Гэрч W-гийн  “Би үүргээ ойлгож мэдлээ. Асуух зүйл байхгүй. Надад мэдүүлгийг орчуулагч Б.Э-тэй хамт өгөхөд татгалзах зүйлгүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчим өөрийн хуучны танил  гэрт надаас асуусан зүйлийнх нь талаар асуух гэж очсон юм. Тэгээд С-ийн гэрт дөнгөж орж ирчихээд байж байхад тэдний гэрт хөгшин эрэгтэй, эмэгтэй 2 хүн, мөн 1 жаахан хүүхэд  байсан бөгөөд ардаас удалгүй хаалга нүдэхэд С- очиж онгойлгож өгтөл гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд орилж чарлаад эхэлсэн юм. Тэр 2 хоорондоо маргалдаж эхлээд С- надаас цагдаагийн дугаар хэд юм бэ гэж хэлэхэд би 102 гэж хариулахад тэр залуу надруу дайрч,  эхлээд намайг чи хэн юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газар болон цээж рүү нэг удаа цохиод текэн дээр ил байсан хутганаас нэгийг нь аваад та нарыг утсаар яриулахгүй, гэрээс хүн оруулж гаргахгүй гэж хэлээд дайрч эхэлсэн. Тэр үед С- тэр залуутай ноцолдоод саатуулж байхаар нь тэр хооронд нь би эндээс гаргахгүй бол маргаан тасрахгүй юм байна гэж бодоод гутлаа өмсөлгүй гараад зугтаачихсан юм. Түүнээс хойш юу болсныг бол би мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учирсан асуудал байхгүй. Надад ямар нэгэн  гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 134-137 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Б- ийн “Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.С-ийн гэрт хагалгаанд орчихоод гарч ирээд байж байхад С-ийн гэрт гаднаас 35-40 орчим насны залуу орж ирээд хашгираад байсан. Тухайн үед миний биеийн байдал муу байсан учраас юу хэлээд байгааг нь ойлгоогүй. Тэгээд тэр залуу С-тэй уулзахаар орж ирсэн. Б гэх залуу руу дайраад 2 удаа хальт цохиж авсан. Тэгсэн тэр залуу гал тогооны текэн дээр байсан хутгийг шүүрч авахаар нь С- тэр залуутай барьцалдаж автал тэр залуу Бг ална гэж дайртал Б хөл нүцгэн гараад зугтчихсан. Тэгээд Бг гарснаас хойш гаднаас орж ирсэн тэр залуу С-ийг хэд хэдэн удаа нударсан. Тэгж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 140-141 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ж.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтас хэргийн материал танилцуулсан баримтанд хохирогч  Б.С-ийн “...Ж.Г- нь миний шүдийг гэмтээсэн хохирлоо барагдуулсан ...” гэсэн /хэргийн 143 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргүүдийн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь зориуд ухамсарлан үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  Ж.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-гийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Бусдын тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Г- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ж.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ