Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00167

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08918 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,713,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бараа зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч нь сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авч гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлбэл гэрээний 2.6-д зааснаар алданги төлнө гэж тохирсон. Хариуцагч нь 21,809,2007 төгрөгийн сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл үнийг буцаан төлөөгүй.

Иймд хариуцагчаас сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 21,809,200 төгрөг, алданги 10,904,600 төгрөг, нийт 32,713,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна. Гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой хугацааны турш сэлбэг, тос тосолгооны материалыг хэсэгчилж хүлээж авсан. Гэхдээ хариуцагч компанийн захирал ******* нь тухайн бараа материалыг хүлээж аваагүй, харин хамтарч ажиллаж байсан хүмүүс авсан. Нэхэмжлэгч талын гаргасан баримт дээр гардаж авсан гэх гарын үсэг байхгүй. Гэхдээ хариуцагчийн хувьд алдангийг 50 хувиар бууруулж 2 сарын хугацаанд үндсэн төлбөрийг төлөх саналтай байна.

2.2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлөн ******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан итгэмжлэлд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, харин ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэл байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.4 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэн, ямар үндэслэлээр гаргахыг заасан бөгөөд эрх, ашиг сонирхол хөндөгдсөн этгээд, бусдын эрх ашгийг хуулиар төлөөлөн хамгаалах эрх олгогдсон этгээд, прокурор, бага насны хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэхэмжлэл гаргах эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч болох хуулийн этгээд нь эрх зүйн чадвар, чадамжтай этгээд байх тул өөрөө нэхэмжлэл гаргах эсхүл итгэмжлэлээр эрх олгох боломжтой. Иймд *******д олгосон итгэмжлэлд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул хуульд зааснаар хэрэг үүсгэснээс хойш хэргийг хэлэлцэх үед илэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас 32,713,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 321,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал, ******* ХХК-аас *******, ******* нарт олгосон итгэмжлэлийн тэргүү хэсэгт ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр... нарыг томилж байна гэж дурдсан нь иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар бусдаар төлөөлүүлэхээр төлөөлөгч томилсон агуулгатай байна.

Тус итгэмжлэлийн үндсэн хэсгийн агуулгад төлөөлөгч нарт ямар үйлдэл хийх эрх олгосон талаар үгчлэн тоочсон байх боловч дээрх төлөөлөгч нарт тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн зарим хэсгийг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно гэж зааснаар итгэмжлэлд дурдаагүй эрхийг анхнаасаа олгоогүй гэж үзэх бөгөөд практикт ч ингэж гэж ойлгогддог. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү итгэмжлэлээр олгосон гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг гардан авах эрх олгож байгаа нь нэхэмжлэл гаргах эрх олгосонтой адилтган үзэх боломжтой бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх олгох боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх процессын эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах боломж процессын эрх зүйн харилцаа үүссэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хийгдэх юм. Харин итгэмжлэлд тусгагдсан зохигч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг нь процессын эрх зүйн харилцаа үүссэнээр хэрэгжих юм. Эрх зүйн үр дагаврын хувьд анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргах ёсгүй байхад процессын хуулийг зөрчиж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

4.2. Шүүхийн шийдвэрт зарлагын баримтыг хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, 21,809,200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагчийн өмгөөлөгчийн байр суурийг өөрийн үгээр, буруу тусгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон түүний өмгөөлөгч ******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргадаггүй, гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгааг анхан шатын шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Мөн хуульд заасан хугацаанд хариуцагч тал хариу тайлбарыг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгч нь *******д 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргаагүй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхгүй гэж дүгнэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,809,200 төгрөг, алданги 10,904,600 төгрөг, нийт 32,713,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талууд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч ******* ХХК нь сэлбэг, тос тосолгооны материал нийлүүлэх, худалдан авагч ******* ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх5-7/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 21,809,200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, тос тосолгооны материалыг хариуцагч ******* ХХК-д нийлүүлсэн нь хэрэгт авагдсан зарлагын баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогджээ. /хх-ийн 13-52/

3.3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг татгалзсан талаар тайлбар гаргаагүй, харин шүүх хуралдааны шатанд хариуцагч компанийн захирал ******* нь тухайн бараа материалыг хүлээж аваагүй, харин хамтарч ажиллаж байсан хүмүүс авсан гэх агуулга бүхий тайлбар гарсан боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

 

3.4. Талуудын байгуулсан гэрээний 2.5-д сэлбэг, тос тосолгоог хүлээн авснаас хойш 1 сар буюу 30 хоногт төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж тохиролцжээ. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 12/

 

4. Мөн гэрээний 2.6-д худалдан авагч тал төлбөрийг 2.5-т заасны дагуу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэргийн баримтуудад үндэслэн хариуцагч ******* ХХК-аас бараа бүтээгдэхүүний төлбөр 21,809,200 төгрөг, алданги 10,904,600 төгрөг, нийт 32,713,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч нь ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэх агуулга бүхий гомдол гаргасан.

 

6.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******өөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарт итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд уг итгэмжлэлд ...компанийн төлөөлөгч анхан, давах, хяналтын шатны шүүх хуралд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн шүүхээс нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, тэдгээрт төлөөлж гарын үсэг зурах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг гардан авах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, итгэмжлэлийг бусдад шилжүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх... гэжээ. /хх-ийн 3/

 

6.2. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан.

 

6.3. Нэхэмжлэгч байгууллагаас төлөөлөгч нь итгэмжлэлд зааснаас илүү эрх хэмжээг хэрэгжүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаагүй байхаас гадна төлөөлөгчийн төлөөлөх эрх төлөөлүүлэгчийн хүсэл зориг буюу субъектив эрхээс хамаардаг байна. Иймд нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлээгүйгээс өөрийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаагүй нөхцөлд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин алдангийн дүнгээс 50 хувийг хасаж нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байх боловч өмгөөлөгчийн хувьд итгэмжлэл аваагүй... гэх тайлбар гаргажээ. Уг тайлбарыг шүүхийн шийдвэрт агуулгын хувьд зөрүүтэй тусгаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх өмгөөлөгчийн байр суурийг өөрийн үгээр буруу тусгасан гэх гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/08918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 321,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ