Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 862

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт П-гийн М-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905037781043  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ... -ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........... дүүрэг ... дүгээр хороо ......... гудамж .... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-гийн М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” бааранд үйлчлүүлж байхдаа Г.С-ийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж, зүүн шанаа, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч П.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” бааранд үйлчлүүлж байхдаа Г.С-ийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж, зүүн шанаа, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.С-ийн “2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Г-ын хамт 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” бааранд ороод ширээн дээр суугаад 0,5 литрийн Соёрхол нэртэй архи 1 шил, 0,45 литрийн Сэрүүн гэх  нэртэй пиво 2 шилийг захиалаад сууж байхад хажуу ширээнд сууж байсан үл таних эрэгтэй элдвээр харааж орилоод байхаар нь би та нар одоо жоохон чимээгээ багасгаачээ гэж 2-3 удаа хэлсэн чинь хажуу ширээнд сууж байсан нэг  үл таних эрэгтэй босож ирээд банди минь гэж хэлээд маргалдаж байх үед хажуу ширээнд сууж байсан нэг үл таних эрэгтэй бас босож ирээд ширээн дээр байсан пивоны шил бариад миний зүүн талын хацар хэсэгт цохиж хагалсан чинь миний зүүн талын хацар хэсгээс цус гоожоод тогтохгүй байхаар нь текнээс салфетик аваад байж байхад хажуу ширээнд сууж байсан үл таних 3 эрэгтэй гараад явсан байсан. Тэгээд би найз Г-ын хамт араас нь гарсан чинь такси бариад яваад өгөхөөр нь ойрхон явж байсан эргүүлийн цагдаад хэлсэн чинь Гэмтлийн эмнэлэг очоод үзүүлээд Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очоод өргөдөл гарга гэж хэлсэн. ...Миний баруун талын хацар шанаа хэсэгт пивоны шилээр цохиж хагалж гэмтэл учруулахад миний хацар шанаа хэсэг зүсэгдсэн. 8 оёдол тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Д.Б-ийн “...Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” баар луу  ороод ширээнд суугаад 3 шил Сэнгүр пиво захиалаад ууж байхад хажуу ширээний үл таних залуу чимээгүй байлдаа гэж 2-3 удаа босож ирээд хэлэхээр нь  Т- босож ирээд хажуу ширээний үл таних эрэгтэйд та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй хамаатай гэж хэлээд маргалдаж байх үед заамдалцсан. Тэгээд байж байхад найз М- нь ширээнээс босоод үл таних эрэгтэй найз Т-ын дундуур орж ирээд салгаад байж байхдаа найз М-ын цамцнаас татаад босож ирэх үед М- үл таних эрэгтэйгийн ширээн дээр байсан пивоны шил бариад маргалдаж байх үед үл таних эрэгтэй найз М-ыг түлхэх үед найз М- үл таних эрэгтэйгийн толгой хэсэгт ширээн дээр байсан пивоны шил аваад цохиход пивоны шил хагарч үл таних эрэгтэйгийн зүүн хацар хэсгээс цус гоожсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Т.Т-ын “...Тэгээд байж байхад найз М- үл таних эрэгтэйг цаашаа түлхэх үед үл таних эрэгтэй унах үедээ найз М-ын цамцнаас татаад босож ирэх үед найз М- үл таних эрэгтэйгийн ширээн дээр байсан пивоны шил бариад маргалдаж байхад үл таних эрэгтэй найз М-ыг түлхэх үед  найз М- үл таних эрэгтэйгийн толгой хэсэгт барьж байсан пивоны шилээр цохиход пивоны шил хагарч үл таних эрэгтэйгийн зүүн хацар хэсгээс цус гоожсон. Тэгээд найз Б- “Элит” баарны тооцоог хийгээд би найз М-, Б- нарыг дагуулж гараад такси бариад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11494 дугаартай:

“1. Г.С-ийн биед зүүн шанаа, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

П.М-ын яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” баар луу ороод ширээнд суугаад 3 шил Сэнгүр пиво захиалаад сууж байхад хажуу ширээний үл таних залуу чимээгүй байлдаа гэж 2-3 удаа босож хэлэхээр нь найз Т- босоод маргалдах үед тэр үл таних залуутай заамдалцаад байж байхад би босож ирээд салгах гээд байж байхад үл таних залуу над руу дайраад байхаар нь би ууж байсан пивоны шилээрээ үл таних эрэгтэйгийн нүүр хэсэгт цохих үед пивоны шил хагарч үл таних залуугийн баруун талын хацар хэсгээс цус гараад байж байх үед найз Т-, Б- нар намайг дагуулаад гараад таксинд суугаад гэртээ хариад амарсан. ...Эмчилгээний төлбөр гэж 1.000.000 төгрөг бэлэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч П.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.С-ийн “...Миний биед хөнгөн хохирол учруулж тул цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд хохирлын мөнгө төлж барагдуулсан. Эмчилгээний төлбөр авсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэсэн хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  П.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  П.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ