| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00070/Э |
| Дугаар | 00072 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Хохирогч Ч.Тя
Шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Өд холбогдох 1932000000068 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд гал сөнөөгч ажилтай, * тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Өмнө нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн №98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №141 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Хаянхярваагийн Ө.
Х.Ө нь 2018 оны 08 дугаар сар, 11 дүгээр сар, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 03 дугаар саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Тяг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: ... Бид хоёрын дунд болсон маргаан 2 сараас хойш болсон. Энэ дээр би 2,3 удаагийн үйлдлээр гар хүрч зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Аль болох талаар нь хохирлоо барагдуулсан. Миний хувьд эвдэлж хэмхэлсэн юм зөндөө байсан. Хийсэн ч юм байдаг. Бид хоёр хоорондоо тухайн цагт жаахан юманд үл ойлголцож, тэрнээс биш хамт байх хугацаанд сайхан л байдаг байсан. Ядаж бие биенээ хайрлаж байсан. Анх нийлсэнээс хойш би гэртээ хоол хийлгүүлж үзээгүй. Гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд хувцасаа угаагаад явж л байсан. Энэ дундуур насны зөрүү байдаг л байх. Хоорондоо хүсэл сонирхол таарахгүй үл ойлголцолд хүрээд тиймэрхүү зүйл боллоо. Үнэхээр их гэмжиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тя мэдүүлэхдээ: ... Ө эхнээс нь ярьсан учраас би давтаж ярьмааргүй байна. Надад энэ хүнээс нэхэмжлээд байх зүйлгүй. Надаас болоод амьдралаа алдсан байгаа дээр нь ахиад битгий алдаасай. Шүүхийн зүгээс энэ хүнийг хорих ялгүй талаас нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. өмгөөлөгч, прокурор нарт миний Өд хэлэх гээд ойлгуулах гээд байсан зүйлийг хэлж, сайн ойлгуулж өгсөнд баярлалаа. Хэтэрхий дурласан хүн сэтгэцийн өвчтэй байдаг гэж уншиж байсан гэв.
Хохирогч Ч.Тя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хоол ид гээд байхад идсэнгүй гэж уурлаад хоолныхоо аягыг хана руу шидээд зүүн чих рүү гараараа алгадаад, толгойны араас буйдангийн дэрээр гурваас дөрвөн удаа цохиж, зочны өрөөнд байсан 32 инчийн зурагтыг өшиглөж эвдлээд, орилж байгаад хүүхдүүдээ аваад явсан. Явсных нь дараа чих сонин болоод байхаар нь хамраа чимхэж байгаад үлээхэд зүүн чихнээс хий гарч байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн чих хамар хоолойн эмчид цаг авч үзүүлээд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд хэнгэрэг нөхүүлэх ажилбар хийлгэсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой Ө уурлахдаа өөрийн өмсөж байсан өвлийн гутлаараа миний хоёр хөлний гуя, шилбэ, гарын тохой, бугалга хэсэг рүү олон удаа өшиглөсөн, амны баруун завж руу хуруугаа хийж чанга татсан тухайн үед миний хоёр хөлний шилбэ, гуя, баруун гарын бугалганы дотор гадна хэсэг хөхөрч, зүүн тохойны арьс нь зулгарч улмаар идээлсэн байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ө найзуудтайгаа шар айраг ууж байгаад ирлээ гээд 23 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн. Би тэр өдөр үсчин орж үсээ шаргал өнгөөр будуулсан байсан тэгсэн чинь Ө намайг чи талийгаач болсон нөхөртэйгөө байх үеийн засалтаар үсээ засуулсан байна гэж уурлаад манай гэр бүлийн зургийн цомгийг шатааж гартаа асаалттайгаар барьж байсан галтай ахуйн газаараа зайнаас даллаж айлгаснаа чи яасан намайг түлчих нь гэж бодоо юу гээд газаа унтраагаад гартаа барьж байсан Самсунг Жи-3 загварын гар утсаа миний хамар луу шидсэн тэгээд миний хамар хавдсан чинь хохь чинь одоо архичин авгай шиг гоё харагдаж байна гээд унтаад өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой намайг ажилтай байхад над руу залгахаар нь би утсаа авсан чинь би хувцасыг нь шатаалаа чи надаар юу хийлгэмээр байна гээд манай талийгаач нөхрийн малгайг нь бүснийх нь хамт миний шкафанд байсан хувцас, ажлын ном зэргийг шатаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/,
Гэрч А.Бг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед надад хүнд зодуулчихлаа гэж хэлээд надад үзүүлж эмчилгээ бичүүлж авч байсан. Би тухайн үед тодорхойлолт бичиж өгнө гэхэд би тодорхойлолт авахгүй дараа хэрэг болвол авна гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би нөгөө 2019 оны 02 дугаар сард үзүүлсэн тодорхойлолтоо авъя гэхээр нь би бичиж өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,
2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №79 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Ч.Тягийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун зүүн нүд, хамранд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Баруун, зүүн нүдэнд цус хуралт, баруун зүүн нүд, хамрын зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/
Хохирогч Ч.Тягийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-20-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 50-51-р хуудас/
Х.Өын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: … Би Тятай гэр бүлийн харилцаатай хамт амьдраад 1 жил гаран болж байна. Дээрхи гурван удаагийн хэрүүл маргааны үед Тя бид хоёроос өөр хүн байгаагүй. Дээрхи гэмтэл нь миний цохиж зодсоноос болж үүссэн гэмтэл мөн. Би Тяг зодсон гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 50 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Өын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /58 дугаар хуудас/, УБТЗ-ын ЦХОБА-ын Зүүнхараа цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн даргын тодорхойлолт /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 60-68 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 08 дугаар сар, 11 дүгээр сар, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 03 дугаар саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Тяг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Тягийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/, Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №79 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/, Хохирогч Ч.Тягийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-20-р хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 50-51-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Өыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Тяг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 08 дугаар сар, 11 дүгээр сар, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 03 дугаар саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Тяг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Ч.Тягийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун зүүн нүд, хамранд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Хаянхярваагийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.