Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 867

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт Г-ын О-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905025410882  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар  сарын ...-ний Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой , мужаан  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод  оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Ж овогт Г-ын О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч О-  нь 2019 оны  06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ... дүүргийн ...хороо ...тоотод эхнэр Э.Э-гаа “эцэг эхийг минь доромжиллоо” гэсэн шалтгаанаар  нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г. О-  нь 2019 оны  06 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө ... дүүргийн ...хороо ...тоотод эхнэр Э.Э-гаа “эцэг эхийг минь доромжиллоо” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Э-гийн “2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагын үед нөхөр О- ах болох О-гийн гэр болох ... дүүргийн ...хороо ...тоотод гэрт би нөхөр болох О-, О-, Э-, Шинээ нарын хамт пиво уугаад  сууж байхад О-гийн эхнэр Э- нь нөхөр болох О-гийн гэр бүлийн зангийн талаар яриад тэгээд Э- би “тийм ш дээ” гэж дэмжсэн чинь О- уурлаад босож ирээд Э- миний нүүр хэсэгт алгадсан. Тэгээд нөхөр О-тай маргалдаад байж байхад О-, Э- нар орноос босож ирээд нөхөр О- бид хоёрыг салгаад би гэрээс нь гүйж гарахдаа шатан дээр нэг унаад босож ирээд хашааны хаалганы хажууд  О-, О-, Э- нарыг унтахыг 20-30 минут хүлээж байгаад унтахаар нь О-гийн гэр лүү ороод хүүхдээ аваад эгчийнхээ гэр лүү явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Г.О-гийн “2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр шилжих  шөнө 02 цагийн үед унтаж байхад эхнэр Э-, дүү О-, О-ын эхнэр Э- нар хоорондоо маргалдах үед би сэрээд яах гээд унтуулж амраахгүй хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлэхэд дүү О- би эхнэр Э-тайгаа хэрэлдэж байна танд хамаагүй шүү гэж хэлэхээр нь би гарч хэрүүлээ хий гэсэн. О- нь эхнэр Э-гийнхаа нүүр хэсэгт 1-2 удаа алгадсан. Тэгсэн дүү О-ын эхнэр Э- хэрэлдэж байгаад гараад явсан. Араас нь дүү О- гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Л. Э-ын “... нөхөр О-ын ээж аав гэр бүлийг муулсан чинь дүү О-гийн эхнэр Э- надтай яриа нийлж ярихад О- босож ирээд надтай хэрэлдэж байх үед эхнэр Э- нь дундуур орж ирсэн чинь чи миний ээж, аавыг муулдаг хэн бэ гээд Э-гийн нүүрэн тус газарт алгадсан. Тэгээд Э- хэрэлдэж байгаад гарах үедээ хаалганы босгонд тээглэж унаад цааш гараад явсан. Удалгүй дүү О- нь Э-гийн араас гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хүний  биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6866 дугаартай:

1. Э.Э--н биед баруун нүдний дээд зовхи, доод  зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хүзүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд  цус хуралд гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд  нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл мохоо нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шинжээч М.Аригуунтөгсийн “Э-гийн биед учирсан баруун нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/

 

Яллагдагч О-ын “... Би ахын гэрт ороод унтаж байсан охиныхоо дэргэд очоод хэвттэл Э-, Э- хоёр манай ээж аавын тухай яриад байхаар нь би босоод эхнэр Э-даа чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд би эхнэр Э-гийн баруун шанаа руу зүүн гараараа алгадаж унагаасан. Манай эхнэр надад алгадуулчихаад юм хум авч шидээд байхаар нь хоорондоо зууралдаж түлхэлцэж заамдалцаж ноцолдсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч О- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Э.Э-гийн “... Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хугацаанд нөхөр О-тай эвлэрч учраа олсон тул энэ хэргийг хялбаршуулж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 45 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ