Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 868

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ш.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Ш-ын Г-од яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905034781040 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дүгээр сарын ... -ны өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл ... ,  ... насны ... хүүхдийн хамт ..... дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Ш-ын Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд” нэртэй пабын ойролцоо иргэн Т.М-ийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ш.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ш.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд” нэртэй пабын ойролцоо иргэн Т.М-ийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Т.М-ийн “ 2019 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө би Модны хоёрын автобусны буудлаас гэртээ харих гээд явж байгаад Мөнгөн завъяагийн гадаа М- гээд хуучин салсан эхнэрийн хамаатан залуу таарсан. Тэгээд М- надад чи миний эгчийн амьдралаар тоглосон, би чамайг ална гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд М- надад чамаар далан давхарт нүхийг чинь ухуулж байгаад би чамайг ална гөлөг минь  гээд байсан уг Морьтон нэртэй пабад ороод, гараад тэгээд гараад М- нэг хүн дуудаад утсаар ярьсан. Тэгээд М- манайд очиж архи ууя гээд байсан. Би очихгүй гээд гайгүй болоод надтай эвлэрээд юм ярьж байсан. Тэгээд доошоо уруудаад нэг нэрийг нь мэдэхгүй пабад орсон. Хоёр пиво захиалаад уухгүй, би явлаа гээд гараад явсан учраас М-гийн найз гээд нэг залуу хүрээд ирсэн. Тэгээд М- намайг заамдсан. Тэгээд найз нь гээд залуу намайг алхаар гар луу зүүн бугалга руу цохисон. Тэгээд бөгс рүү бас цохисон. Тэгээд би алхыг нь булааж аваад газар луу шидсэн. Тэгээд М-гийн найз нь энийг яасан гэж ингээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд М- миний эгчээс салсан энэ муугаас болж эгчийн амьдрал муу байгаа гэсэн. Уг найз нь чамд энэ асуудал ямар хамаатай юм бэ гээд тэгээд салаад М- найзтайгаа такси бариад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

“... Г- уг гэмтлийг надад учруулсан. Тухайн үед миний зүүн гарын бугалга руу алхаар цохисон. Тэгээд би алхыг булааж аваад шидсэн. Тэгээд бид хоёр маргалдаад зууралдаад салаад явсан. ... Г- миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/

 

Гэрч Я.М-гийн “2019 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мөнгөн завъяагийн доод талд байрлах пабад ороод 3 шил пиво уусан. Тэгээд гараад тамхи татаж байгаад хуучин таньдаг М- над руу ирээд М- мөн үү гээд тийм байна гээд М- хамт юм ууя гээд намайг дагуулаад уруудаад Ланд нэртэй пабад орсон. Тэгээд Сэнгүр нэртэй пиво бид хоёр нэг нэгийг аваад би 100 грамм виски уусан. Тэгээд би найз Г-ыг дуудаад ирээд авчих гэсэн. Тэгээд удалгүй найз ирчихсэн байна гээд би уг пабаас гарах гэхэд араас байж байл даа гээд надтай чаргууцалдаад байсан. Тэгээд би гараад найз Г- дээр очоод явах гэхэд М- явуулахгүй байхаар нь Г- халааснаасаа жижиг алх гаргаад ирсэн. Тэгээд М-ийн гар луу цохичихсон. Тэгэхэд М- ах уг алхыг аваад шидчихсэн. Тэгээд маргалдаж  зууралдаж байгаад Г- бид хоёр салж яваад М- ганцаараа үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хүний  биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10566 дугаартай:

“1. Т.М--н биед хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шинжээч Ш.Цэцэгмаагийн “Т.М-ийн биед үүссэн зүүн бугалга, зүүн тохойнд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь бие даасан гэмтлийн хөнгөн зэрэгт харин хүзүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Ш.Г-ын яллагдагчаар өгсөн “Би тухайн үед М-тай зууралдан алхаар цохиж гэмтээсэн гэм буруугаа ухаарч байна. Би гэм буруугаа ухаарч М-ийн хохирлыг бүрэн барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Тухайн үед М- уг алхыг булааж аваад шидсэн. Тэгээд олоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ш.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Т.М-ийн “...Ш.Г- миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн хүсэлт /хэргийн 68 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Ш-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Г- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ