Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00207

 

 

******* ОССК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09744 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ОССК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 583,421,486 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь ******* ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 535,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Ковид-19 короновирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн төлбөрөөс чөлөөлж зээлийн гэрээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

1.2. Зээлээр худалдан авсан Хан-Уул дүүргийн, Стадион оргил гудамж, *******,******* хаягт байрлалтай, 180 м.кв орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******, нарын өмчлөлд бүртгэгдсэн байсан. *******, ******* нар нь уг орон сууцыг барьцаалж ******* ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг компанийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийн дагуу ЭХА энтертаймент ХХК-ийн нэр дээр барьцаа хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлснээр ЭХА энтертаймент ХХК нь ******* ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.3. ******* ОССК ХХК болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авлага барагдуулах гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авлага барагдуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу ******* ХХК-аас авсан *******, ******* нарын зээл нь ******* ОССК ХХК-д шилжин, зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбартай холбоотой бүхий л шаардах эрх, үүргийг ******* ОССК ХХК нь шилжүүлэн авсан. Зээлдэгч *******, ******* нарын зээл 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 430,364,021.04 төгрөг, үндсэн хүү 93,290,847.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,082,856,97 төгрөг, нийт 526,737,725.18 төгрөг байна.

*******, ******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хуваарийн дагуу төлбөр төлөхгүй байх тул зээлийн эргэн төлөлтийг шаардаж, төлбөр төлөөгүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, уулзалт хийсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэн зээлээ төлөхгүй байна.

1.4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өссөн тул 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү 56,683,761 төгрөг болсон.

Иймд зээлдэгч *******, ******* нартай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 430,364,021.04 төгрөг, зээлийн хүү 144,510,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,547,404 төгрөг, нийт 583,421,486 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нараас 583,421,486.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ОССК ХХК-д олгож,

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ,, Стадион оргил /17012/ гудамж, 533 байр,******* хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ОССК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,861,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 2,791,639 төгрөг, хариуцагч ЭХА энтертаймент ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ОССК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажпын газрын хаягаар мэдэгдэнэ гэж, 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ гэж тус тус заасныг зөрчиж, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Түүнчлэн, хамтран хариуцагчаар ******* ХХК-ийг татсан нь хууль зүйн үндэслэлгүй. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар баримтуудыг шүүхэд гаргаж өгөх гэхэд хэргийг шийдвэрлэсэн байсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

миний бие 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон. Тус хэргийн шүүх хуралдаан болох эсэхийг манай компанийн хууль ёсны хаягт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас илгээгээгүй, хэргийн материалтай танилцуулах, тайлбар гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх тус хэрэгт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хариуцагч нарыг удаа дараа дуудаж, оршин суугаа хаяг болон ажлын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, утсаар холбогдсон. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэн, энэ талаар тэмдэглэлийг үйлдсэн. ******* ОССК ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК болон ******* нарыг ******* төлөөлж нэхэмжлэл гардан авсан. Шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нарын эдэлбэл зохих эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч нарт хурлын товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нарт утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн.

Шүүх хурлаас өмнө буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 20 минутад шүүгчийн туслах хариуцагч *******тай холбогдож шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад эхнэр очно, эхнэртэйгээ яриад холбогдъё гэж хэлээд утсаа тасалсан. Шүүгчийн туслах хариуцагч ******* руу 4 минутын дараа залгахад утсаа аваагүй. Мөн хариуцагч ******* руу залгахад утсаа аваагүй, энэ талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан. Хариуцагч нарт хурлын товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдээгүй. Хариуцагч нараас шүүхэд шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөх, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, үүрэг нь хуулиар олгогдсон байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй атлаа хурлын тов мэдэгдээгүй, өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Зээлдэгч нар зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж, шүүхийн ажиллагааг санаатайгаар удаашруулах гэсэн үйлдэл гэж дүгнэсэн.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч *******, ******* ХХК нар давж заалдах гомдолдоо ...******* ХХК-ийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, тус компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэж тайлбарладаг.

Чингис хаан ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийг хариуцагчаар татсан. Зээлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* байсан бөгөөд тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож холбогдох баримтууд дээр гарын үсэг зурж, нэхэмжлэлийг гардан авч, хурлын тов мэдэгдсэн. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* оролцож байхдаа нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа давж заалдах шатны шүүхэд уг үндэслэлээр гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ОССК ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 430,364,021.04 төгрөг, зээлийн хүү 144,510,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,547,404 төгрөг, нийт 583,421,486 төгрөгийг гаргуулах, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3454 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хариуцагч *******, ******* нарт нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлан, хэргийн материал болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж уг баримтанд гарын үсэг зуруулсан байна.

 

3.1. Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 49449 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлож, шүүгчийн туслах 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг хариуцагч *******гийн дугаарын утсанд, хариуцагч *******ын 9901-0600 дугаарын утсанд тус тус мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон. Гэтэл хариуцагч *******, ******* нараас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.2. Иймд шүүх хариуцагч *******, ******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын ...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Харин анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж, мөн хуулийн 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн.

 

4.2.Хэргийн баримтаар шүүх хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзэх этгээдэд нэхэмжлэлийг гардуулсан гэж үзэх баримтгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн төлөөлөгч оролцуулсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуулийн этгээдэд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулахдаа хариуцагч *******ыг албан тушаалын хувьд тус хуулийн этгээдийг төлөөлөх этгээд болохын хувьд өөрийн албан тушаал, эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтыг, эсхүл иргэний хувьд хуулийн этгээдийг төлөөлж буй бол итгэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийг оролцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

4.3. Иймд анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09744 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч *******ын 3,075,100 төгрөг, хариуцагч *******гийн 3,075,100 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн 3,075,100 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ