Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 870

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч О.М- түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт О-ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1905016790638 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны  ... дугаар сарын ...-ний өдөр ....... аймгийн ......... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хиамны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., хүүхдийн хамт ...... аймгийн .......... баг ........ гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ......... дүүргийн ... дүгээр хороо .......... тоотод оршин суух,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхэд нэг нас хүрээгүй үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялд энэ тогтоолоор энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1995 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг сэргээж энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих 6 сарын хугацаагаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2004 оны 11 дүгээр хорооны 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь багтааж бүгд 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт О-ын М-. /РД:ТД65070167/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ..... дүүргийн ...хороо ...байр ...тоотод оршин суух иргэн Ч.Э-д “Мах маркетад ажилладаг, хямдхан мах олж өгнө” гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 458.000 төгрөгийг Хаан банкны 5005281551 дугаарын данс руу  шилжүүлэн авч залилсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар 20-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан захад “Сэлэнгэ сумаас их хэмжээний самар жимс авч ирнэ” гэж хэлж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Г.Д-гаас 11 удаагийн үйлдлээр 1.624.000 төгрөгийг Хаан банкны ......... дугаарын данс руу шилжүүлэн авч мөн бэлнээр 35.000 төгрөгийг авч нийт 1.659.000  төгрөгийг авч залилсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан захад “мөнгө дутчихлаа мобайлдаад өгье” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Х.Ө-аас 50.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 2.167.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

         

          Шүүгдэгч О.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ..... дүүргийн ...хороо ...байр ...тоотод оршин суух иргэн Ч.Э-д “Мах маркетад ажилладаг, хямдхан мах олж өгнө” гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 458.000 төгрөгийг Хаан банкны 5005281551 дугаарын данс руу  шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь:

          Хохирогч Ч.Э-гийн “2019 оны 03 дугаар сарын 30-ний өдөр ...... дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  байрны ... тоотод М- гэх эмэгтэй ирээд манай  охин зурсан зураг худалдаж авна гэж хэлээд ахиал нэг зураг зуруулахаар захиалга өгөөд юм ярьж байгаад эгч нь Дарханых, энд Мах маркетад ажиллаж байгаад хямдхан мах  авахаар бол эгч нь авч өгч болно шүү гэж хэлэхээр нь мах авъя гэж хэлээд 5005281551 гэсэн Хаан банкны данс руу 458.000 төгрөг шилжүүлсэн. М- эгч гарахдаа маргааш орой эгчтэйгээ 99146097 гэсэн утсаар холбогдоод махаа аваарай гэж хэлээд явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-18 дугаар хуудас/

         

          Гэрч С.Н-ийн “Хэдэн сарын хэдний өдөр байсан сайн санахгүй байна. Баянгол дүүргийн 17 дуаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Индра үсчингийн газар манай ээж М- гэх эгчтэй танилцаад манай ээжтэй юм ярьж байгаад миний охин зураг зурдаг гэж хэлэхэд тэр эгч эгч нь  чамаас зураг авнаа гэж хэлээд миний гар утасны дугаарыг авч үлдсэн. Долоо хоногийн дараа М- гэх эгч над руу залгаад эгч нь чиний зурсан зургийг үзэж болох уу гэж хэлэхээр нь би гэрээ зааж өгөөд гэртээ дуудаж авчраад өөрийнхөө зурсан гар зургийг үзүүлтэл эгчдээ нэг зураг зураад өгөөч гэж хэлээд эгч нь чамаас нэг зураг худалдаж авна гэж хэлчихээд гараад явсан. Тэр өдрөөс хойш М- гэх эгч хэд хоног над руу залгаад хоол ундаа идсэн үү гэж асуудаг байж байгаад ор сураггүй холбоогүй болсон. Манайд ирсэн өдөр манайд хямдхан мах олж өгнө гэж ээжтэй ярьж байсан. Манай ээж уг өдөр тэр эгчийн данс руу махны мөнгө гэж шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

          О.М-ийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хороололд үсчинд үсээ засуулаад сууж байхдаа тэр үсчинд үсээ засуулж байсан Ч.Э- гэх охинтой танилцаад өөрийгөө Мах комбинатад ажилладаг гэж танилцуулсан чинь надад мах захиалж авахаар болоод 4 дүгээр сарын 03-ны өдөр эхлээд 300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Түүний дараа маргааш нь дахин утсаар 140.000 төгрөг эгчдээ зээлчихээч махны үнэ нэмэгдээд захиалсан чинь мах чинь жаахан хүлээгдэх гээд байна шүү гэж хэлсэн чинь за ойлголоо гэж хэлээд тэрнээс хойш астам хөдлөөд хэд хоног эмнэлэгт хэвтээд махыг нь авч өгч чадаагүй юм. Би тэр үедээ гар утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          2. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар 20-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан захад “Сэлэнгэ сумаас их хэмжээний самар жимс авч ирнэ” гэж хэлж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Г.Д-гаас 11 удаагийн үйлдлээр 1.624.000 төгрөгийг Хаан банкны .......... дугаарын данс руу шилжүүлэн авч мөн бэлнээр 35.000 төгрөгийг авч нийт 1.659.000  төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           Хохирогч  Г.Д-гийн “Би зах дээр жижиглэнгийн жимс, самар зардаг. 2018 оны 10 дугаар сарын эхээр О.М- гэгч нь надаас 1 удаа 5000 төгрөгөөр 350 грамм самар худалдан авсан. Дараа нь хэд хоногийн дараа дахин ирж 10.000 төгрөгийн самар надаас зээлсэн. Тэгж байгаад таньдаг болсон. Тэгээд 10 дугаар сарын дундуур манай гэрийг хүнээс асууж заалгаад өөрөө олоод ирсэн. Манайд хэд хэдэн удаа ирсэн. Намайг жимс, самар зарах болохоор хямд үнээр, самар жимс өгье, манай хүүгийн найз Сэлэнгэ аймгийн Мандал сумаас их хэмжээний самар, жимс авч ирнэ. Байгаа мөнгөө над руу шилжүүлчих гэсэн. М-ийн Хаан банкны .......... тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр  1.624.000 төгрөг шилжүүлсэн. Дээр нь надаас 35.000 төгрөг бэлнээр авсан байсан. 1.659.000 төгрөг О.М- эгчид өгсөн.  Надад юу ч өгөөгүй. Утсаар ярихаар янз бүрийн шалтаг хэлээд хойшлуулаад байдаг байсан. Сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Ажил хийдэг эсэхийг нь мэдэхгүй. Гэрт нь очиж байгаагүй. Гэрийг нь  хаана байдгийг нь мэдэхгүй. Манай гэрт л 2-3 удаа ирж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 106-107 дугаар хуудас/

          Хаан банкны харилцагч Гомбосүрэн Д-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          3. Шүүгдэгч О.М-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан захад “мөнгө дутчихлаа мобайлдаад өгье” гэж хуурч иргэн Х.Ө-аас 50.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

          Хохирогч Х.Ө-ын “Би Буян захад наймаа эрхэлдэг юм. Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 16-17 цагийн хооронд зах хаах дөхүүлээд намайг сууж байтал гаднаас бандгар махлаг 45 орчим насны, улаан өмдтэй, хар гутал, хар куртиктай, сайн харвал бага зэрэг хазагнаж явдаг хүүхэн орж ирээд надаас 100.000 орчим төгрөгний жимс жимсгэнэ, жижиг, сажиг бараа бүтээгдэхүүн авсан. Тэгснээ “эгчээ би энэ бараагаа түр үлдээе, та харин надад 20.000 төгрөг бэлнээр өгчих, би гараад мобайлдаад буцаагаад өгье” гээд бэлнээр аваад гарсан. Тэгээд эргээд 15 минутын дараа орж ирээд эгчээ та дахиад 30.000 төгрөг бэлнээр өгчих, гадаа юм авсан чинь мөнгө дутчихлаа, би нэг мөсөн мобайлдаад өгье гэхээр нь би итгээд дахин 30.000 төгрөг өгчихсөн. Тэр хүүхнийг би чи чинь одоо ямар ядаргаатай юм бэ гэхэд “та намайг танихгүй байна уу, би энэ хажууд гуанзанд ажилладаг шүү дээ, танихгүй байхдаа яадаг юм бэ” гэхээр нь би гайхаад өнгөрсөн.

          ... Та миний авсан юмыг өөр дээрээ хадгалж бай, жимснүүдийг нь хөргөгчиндөө хийчих гээд надад эргээд энэ дугаараар яриарай гээд нэг дугаар өгсөн. Тэр дугаарыг нь одоо би мартсан байна. Тэгээд тэр эмэгтэй дахин ирэлгүй алга болсон. Тэр эмэгтэйг дахин харвал би танина. Тэр эмэгтэй харахад тарган биетэй намхавтар нуруутай хүүхэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 109-111 дүгээр хуудас/

          ...Надаас 120.00 төгрөгийн бараа худалдаж авсан. Тэгээд тэр бараагаа үлдээгээд надаас 50.000 төгрөгийг аваад “өөр газраас жоохон бараа аваад ирье эргэж ирэхдээ таны мөнгийг аваад ирье гэж хэлсэн. Тэгээд мөнгө авч гараад буцаад тор дүүрэн юм бариад ороод ирсэн. Надад хэлэхдээ АТМ-н сүлжээ болохгүй байна. Орой гэртээ очоод утсаар шилжүүлье гэсэн. Тэгээд алга болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 112 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч О.М- нь хохирогч Ч.Э-, Г.Д-, Х.Ө- нарыг “хямдхан мах олж өгнө, Сэлэнгэ сумаас их хэмжээний самар жимс авч ирнэ, мөнгө дутчихлаа мобайлдаад өгье” гэх зэргээр хуурч шунахайн сэдэлтээр, зориуд санаатай үйлдлээр хохирогч нарын мөнгийг шилжүүлэн авсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.  

Шүүгдэгч О.М- нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хуурах аргаар өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад хохирол учруулахад зориуд хүргэж үйлдсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М- нь хохирогч Ч.Э-д 458.000 төгрөгийн, хохирогч Г.Д-д 1.659.000 төгрөгийн, Х.Ө-д 50.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

          Шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар хохирогч Ч.Э-д 80.000 төгрөг, хохирогч Г.Д-д 40.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул уг төлбөрийг хасч тооцох нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч О.М-ээс 378.000 төгрөг гаргуулж Ч.Э-д, 1.619.000  төгрөг гаргуулж Г.Д-д,  50.000 төгрөг гаргуулж Х.Ө- нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

          Харин хохирогч Г.Д-д хохиролд тооцож 60.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг баримт нь “Гонгор Баяраа” гэсэн хүний данс руу орсон баримт тул уг мөнгийг Г.Д-д төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Өмгөөлөгч Ц.Жамбалсүрэнгээс “Шүүгдэгч М- нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн тул түүнийг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.М- нь урьд “Залилах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

          Шүүх, шүүгдэгч О.М-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   О.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  О.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.М-ээс  378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөг гаргуулж  ......... дүүргийн ... дугаар хороо ....... тоотод оршин суух Б овогт Ч-ын Э-д

1.619.000  /нэг сая зургаан зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж ......... аймгийн ......... сум ... дугаар баг ...... тоотод оршин суух Б овогт Г-ийн Д-д

50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулж  ........ аймгийн ......... сум ... дугаар баг ...... тоотод оршин суух А овогт Х-ны Ө-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ