Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00199

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09624 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох,

Гэм хорын хохиролд 36,160,650 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Lexus LX470” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явж байтал Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 61-ийн гарамын Хайрханы салдаг зам дээр “Tоyоtа hiace” маркийн ******* улсын дугаартай автомашин миний машиныг мөргөж, осол гаргасан.

1.2. Ослыг шалгаж тухайн автомашины жолооч *******ыг буруутай болохыг тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан.

1.3. Дээрх ослын улмаас автомашинд 38,585,650 төгрөгийн хохирол учирсан гэж ******* тогтоосон. Энэ үнэлгээг хийлгэхийн тулд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Авто центрт эвдрэл гэмтлийн оношилгоог 195,000 төгрөгөөр, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ослын газраас журмын хашаа руу ачуулж, 10 хоног байсны төлбөр 250,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Юү Би” авто центр оношилгооны газар руу ачуулсаны хөлс 100,000 төгрөг, оношилгооны төлбөр 55,000 төгрөг, оношилгооны газраас гэр рүүгээ ачуулсан хөлс 100,000 төгрөг, *******-иар үнэлгээ хийлгэхэд 1,930,000 төгрөг, нийт 41,160,650 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс даатгалаас хүлээн авсан 5,000,000 төгрөгийг хасаад үлдэх 36,160,650 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь хөлсөөр ажиллах хэлцлийн дагуу ******* тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний бүтээгдэхүүн хүргэдэг учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ******* нь аливаа хохирлыг хариуцахгүй.

2.2. Нэхэмжлэгч ******* өөрийн тээврийн хэрэгслийг хуульд заасан хугацаанд үзлэгт хамруулаагүй 2 жил болсон байсан. Энэ нь уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн осол болсон газар хийсэн дүгнэлт хуульд нийцэж гараагүй. Шүүхээс томилогдож ажилласан шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:

3.1. Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутын үед замын хажууд зогсож байгаад 5 км/цаг орчим хурдтай зам руу зүүн дараад эргэсэн, эргээд замын голд байхад ******* ирж мөргөсөн. Нэхэмжлэгч өөрөө халтиргаатай зам дээр хэт хурдтай орж ирж мөргөсөн. Ийм учраас зам тээврийн осол гарсан явдалд буруугүй гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-аас 34,363,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,797,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 300,000 төгрөгийг гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласан *******-д, 200,000 төгрөгийг гаргуулан шинжээч ад тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 329,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 08/04-04 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг , , нар 7 сарын дараа гаргаж ирүүлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж дүгнэлт хийсэнгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд гэдэгт төрийн байгууллага уу, мэргэжлийн байгууллага уу гэдэгт эргэлзээтэй байна. Мөн хуулийн 10.2, 10.4, 10.5, 18.3-т заасныг ноцтой зөрчсөн байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгүүлэх тухай оролцогчийн хүсэлтийг анхаарч үзсэнгүй.

5.2. Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүрэг хариуцлагын талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан “...би 5 км/цаг хурдтайгаар эргээд замын голд байхад ирж мөргөсөн” гэх тайлбаруудтай харьцуулан судлахад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутад болсон зам тээврийн осол “Tоyоtа hiace” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлийн улмаас гарсан гэж дүгнэхээр байна” гэж дүгнэсэн атлаа жолооч *******ыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирлын тодорхой хэсгийг хариуцах заалтыг анхаарч үзсэнгүй.

5.3. Анхан шатны шүүх *******ыг *******-ийн ажилтан гэж үзэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг арилгах тухай ярихаас биш байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагыг тооцох үндэслэлгүй. Харин мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар жолооч, өмчлөгч/эзэмшигч/ нарт хохирлыг хуулиар тэнцүүлж оногдуулах байлаа.

5.4. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдалд зам орчны байдлыг “...асфальтан, шулуун тэгш, цастай, хальтиргаатай, суурин доторх, зохицуулагддаггүй уулзвар, үзэгдэх орчин хангалтгүй, цаг агаар манантай, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, тусгаарлах зурвастай, явган хүний замгүй, хашлагагүй...” гэж тодорхойлсон байх ба хавтас хэргийн 148-150 хуудсанд авагдсан фото зургийн үзүүлэлтээс харахад мөргөлтийн А цэг, ослын дараахь хоёр тээврийн хэрэгслийн байрлал, замын гадаргууны байдал, үзэгдэх орчин, замын тэмдэглэл зэргээс “Tоyоtа hiace” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ыг “Lexus LX470” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг яаж машиныхаа зүүн талаар мөргөж замын эсрэг урсгалын зорчих хэсгийн хөвөөн дээр зогссон байгаа нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан магадлагаатай нийцэхгүй байгаа юм. Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргах байтал эрх зүйч мэргэжилтэй гэж хууль зөрчиж гаргасан дүгнэлтэд;

-“Tоyоtа hiace” маркийн ******* дугаартай автомашины жолооч гийн нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-“Lexus LX470” маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч овогтой нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Учир нь хэргийн газрын үзлэгээр цуглуулж бэхжүүлсэн замын хальтиргаа гулгаа, үзэгдэх орчин манан, мөргөлтийн А цэгийг яаж дүгнэсэн нь ойлгомжгүй. Тэрээр өөрийн магадлагаагаа үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн осол болох нь д/ч ий тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн 0004545 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал... тусгана” гэснийг ноцтой зөрчсөн байхад шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн.

5.5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалтаар жолоочийг буруутгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж гэм хорын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцааж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан. Уг дүгнэлтээр мөн адил жолооч ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн. Техникийн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан.

6.2. *******т тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн буюу томилсон этгээд нь ******* болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. *******-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан өмчлөгч буюу эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасанчлан *******ын бусдад учруулсан гэм хорыг *******-д хариуцуулахаар заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн А цэг болон замын нөхцөл байдал, зам тээврийн ослыг шалгасан эрх бүхий албан тушаалтны магадлагаа нь үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гарсан. Уг маргаанд гуравдагч этгээдээр татагдсанаас хойш шүүхэд удаа дараа дээрх агуулгаар хүсэлт гаргасан.

Бид асуултдаа хариултаа авч чадаагүй буюу “Lexus LX470” маркийн автомашин дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээч дүгнээгүй орхигдуулсан учир шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй, эргэлзээгүй дүгнэлтийг хүлээсэн. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан автомашины эвдрэл, гэмтлийн хохиролд 38,585,650 төгрөг, автомашиныг ачуулах болон журмын хашаанд байршуулсан төлбөр, оношлогоо, үнэлгээний төлбөрт 2,575,000 төгрөг нийт 41,160,650 төгрөгөөс даатгалаас орсон 5,000,000 төгрөгийг хасаж, гэм хорын хохиролд  36,160,650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хохирлын тооцоог алдаатай хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

3.1. Н.ын жолоодож явсан ******* улсын дугаартай Toyota Hiace маркийн автомашины өмчлөгч нь ******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, нэхэмжлэгчид учирсан хохиролд *******ын жолоочийн даатгалаас 5,000,000 төгрөг олгосон, эдгээр үйл баримтад талууд маргаагүй. /1хх-ийн 4, 163-164 дугаар тал/

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч байгууллагын автомашиныг жолоодож явсан ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

4.1. Хариуцагч байгууллага нь зам тээврийн ослын гэм буруугийн асуудлаар маргадаг боловч тухайн осолд холбогдогч *******ыг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар /1хх-23/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, уг зөрчлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар /1хх торгох арга хэмжээ оногдуулсан байх ба уг шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар шүүхэд гомдол гаргаагүй /2хх-125/ байна. Энэ тохиолдолд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах журмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. /1хх-ийн 156-160, 226 дугаар тал/

4.2. Түүнчлэн, 2хх-ийн 45, 50-51 дүгээр талд зам тээврийн осол болсны дараах *******, ******* нарын яриа болон дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба уг ажиллагаагаар илэрсэн зам тээврийн осол болох үеийн нөхцөл байдал нь *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн эрх бүхий албан тушаалтны дүгнэлттэй тохирсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ******* нь хөдөлгөөн хийхдээ зам орчны нөхцөл байдлыг шалгах буюу анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон гэж үзнэ.     

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын хүсэлтээр шүүх шинжээчээр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийг томилж, тус байгууллагаас техникийн тусгай мэдлэг бүхий, шинжээчээр 15-28 жил ажиллаж байгаа 3 хүнийг томилж, шинжилгээг хийлгэхдээ шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан байх тул дээрх ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт нийцжээ. /2хх-ийн 77-78 дугаар тал/

Тус шинжээчийн дүгнэлтээр хариуцагч байгууллагын жолооч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-т заасныг зөрчсөн, энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн, уг дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан баримт хавсаргаагүй, тогтоосон хугацаанд дүгнэлтийг гаргаагүй нь тухайн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй. Мөн хариуцагчийн зүгээс зам тээврийн осол болох үеийн нөхцөл байдалд холбогдох нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн яриа болон дүрс бичлэгийн баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй, уг баримтыг үгүйсгэж чадаагүй нөхцөлд хүчин төгөлдөр болсон эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж дүгнэхгүй.

5. Иймд дээрх үндэслэлээр нотлох баримтыг дутуу бүрдүүлж шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж дүгнэлт хийсэнгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх болохыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зохицуулсан.   

6.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийн хохирлыг 38,585,650 төгрөг гэж тогтоосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээг тогтоолгох хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх *******-ийг шинжээчээр томилжээ. /1хх-52 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлтээр /1хх-60-78/ автомашины хохирлын үнэлгээг 36,788,000 төгрөг гэж тогтоосон, энэ үнэлгээний асуудлаар хариуцагч маргаагүй байх тул шүүх хариуцагчаас автомашинд учирсан хохиролд 36,788,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

6.2. Харин нэхэмжлэгчээс гарсан бусад зардлыг тооцохдоо ямар зардалд, хэдэн төгрөг гарсан нь тодорхойгүй 1хх-ийн 12 дугаар талд авагдсан зарлагын баримтыг үндэслэн 100,000 төгрөгийг хохиролд тооцсон нь буруу байх ба уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч 60,000 төгрөг шаардсан боловч ийм зардал гарсан нь нотлогдоогүй байна. Иймд баримтаар тогтоогдсон *******-ийн үнэлгээний ажлын хөлс 1,930,000 төгрөг, ачилтын 100,000 төгрөг, журмын хашааны төлбөр 250,000 төгрөг, задаргааны ажлын хөлс 195,000 төгрөг, оношилгооны 55,000 төгрөг нийт 2,530,000 төгрөгийг /1хх-9-11, 13-19, 24/ хохиролд тооцож, 60,000 төгрөгийг /1хх-12/ хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.  

7. Иймд нийт хохирол 39,318,000 /36,788,000 + 2,530,000/ төгрөгөөс даатгалаас хүлээн авсан 5,000,000 төгрөгийг хасаж, хариуцагч байгууллагаас 34,318,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага гэм хорыг хариуцан арилгана гэж дүгнэсэн нь алдаатай болсон.

Дээрх хуулийн зохицуулалтаар ажил олгогчийн зүгээс ажилтны ажил үүргээ гүйцэтгэж буй байдалд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажилтны гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг ажил олгогч хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч арилгах үүрэгтэй гэж нарийвчилсан зохицуулалттай, үүнд тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсон буюу шилжүүлсэн, мөн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд бусдад учирсан гэм хорыг хариуцахаар заасан. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэгт зохих өөрчлөлт оруулж, жолооч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч нарт хохирлыг тэнцүү ногдуулах байсан, үүнийг анхаарч үзсэнгүй гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

8. Иргэдийн төлөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлт дутуу, шинжилгээг гүйцэд хийгээгүй” гэх дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэртээ хэрхэн дүгнэсэн талаар тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн.

9. Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09624 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.1” гэснийг “499 дүгээр зүйлийн 499.4” гэж, “34,363,000” гэснийг “34,318,000” гэж, “1,797,650” гэснийг “1,980,650” гэж,

3 дахь заалтын “329,765” гэснийг “329,540” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.МӨНХЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                           Т.ГАНДИЙМАА