Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 596

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Э.Э,

хохирогч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805059960549 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ дугаарын регистртэй, Э.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүд Сэд ХХК-ны “Сүртэй-2” нэртэй барьцаалуулан зээлдүүлэх газрын эзэмшлийн “Айфоне 6 эс плас” /I Phone6 plus/ маркийн гар утсыг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан гар утсыг залилан авч бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад мөнгө хэрэгтэй байсан болохоор ломбарднаас гар утас авч зугтаасан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Эы өгсөн:

“…Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний автобусны буудлын хажууд “Сүртэй-2” нэртэй ломбардны гадна очоод би энэ газарт гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа гэж надад хэлсэн тэгэхээр нь би ямар утас юм бэ гэж асуухад ягаан өнгийн iPhone 6 rap утас гэж хэлсэн тэгэхээр нь би ломбард руу ороход шилэн лангуун дээр ил гар утаснуудыг харуулсан байдалтай байсан бөгөөд тэр дунд ягаан өнгийн iPhone 6 маркийн гар утас байсан тэгэхээр нь би тэрийг нь үзье гэж хэлж аваад үзэж байгаад шууд гараад гүйчихсэн юм.

Би ломбарднаас гар утсыг авч гарч гүйгээд тэдээсээ шууд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн урд талын автобусны буудал дээр очоод 2 давхарт ломбард байхаар нь ороод тэндээ өөрийн бичиг баримтаар 160.000 төгрөгөөр барьцаанд тавиад тэр мөнгөөрөө ерөнхийдөө цэргийн албанд татагдах хүртэл тоглоом тоглох, будган буугаар байлдах зэргээр үрээд дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 54-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Бийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажилладаг Сүртэй-2 нэртэй ломбарданд сууж байсан тэгтэл гаднаас үл таних эрэгтэй орж ирээд “Зарж борлуулах гар утас байна уу?, утас сонирхож явна” гэхэд нь би “iPhone 6S загварын гар утас байна” гэж хариулсан. Тэгээд тухайн үедээ 400.000 төгрөгөөр зарах гэж байсан урьд өмнө 2017 онд манай ломбарданд хураагдсан iPhone 6S PLUS маркийн загварын улаан өнгийн гэртэй, шаргал өнгийн гар утсыг үзүүлсэн. Тухайн үл таних эрэгтэй миний гар утсыг 40 гаран минут хугацаанд үзэж сонирхож байгаад миний анхаарлыг сарниулан өөр зүйлд анхаарал төвлөрөх үед тэр чигээр нь аваад гараад явчихсан. Тухайн залуу нь 20 орчим насны, 170 см орчим өндөртэй, боровтор царайтай, туранхайвтар биетэй байсан. Манай ажил дотор талдаа хяналтын камертай учир царай зүсийг нь харах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 26-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Шэрчмаагийн өгсөн:

“...тус ломбарданд 2018 оны 10-р сарын 15-ны өдөр Энхбаяр овогтой Энхтайван нь Iphnoe 6S маркийн гар утас барьцаанд 120.000 төгрөгөөр тавьсан байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-13/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 73/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүд Сэд ХХК-ны “Сүртэй-2” нэртэй барьцаалуулан зээлдүүлэх газрын эзэмшлийн “Айфоне 6 эс плас” /I Phone6 plus/ маркийн гар утсыг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан гар утсыг залилан авч бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Эы “…Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний автобусны буудлын хажууд “Сүртэй-2” нэртэй ломбардны гадна очоод би энэ газарт гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа гэж надад хэлсэн тэгэхээр нь би ямар утас юм бэ гэж асуухад ягаан өнгийн iPhone 6 rap утас гэж хэлсэн тэгэхээр нь би ломбард руу ороход шилэн лангуун дээр ил гар утаснуудыг харуулсан байдалтай байсан бөгөөд тэр дунд ягаан өнгийн iPhone 6 маркийн гар утас байсан тэгэхээр нь би тэрийг нь үзье гэж хэлж аваад үзэж байгаад шууд гараад гүйчихсэн юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Бийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажилладаг Сүртэй-2 нэртэй ломбарданд сууж байсан тэгтэл гаднаас үл таних эрэгтэй орж ирээд “Зарж борлуулах гар утас байна уу?, утас сонирхож явна” гэхэд нь би “iPhone 6S загварын гар утас байна” гэж хариулсан. Тэгээд тухайн үедээ 400.000 төгрөгөөр зарах гэж байсан урьд өмнө 2017 онд манай ломбарданд хураагдсан iPhone 6S PLUS маркийн загварын улаан өнгийн гэртэй, шаргал өнгийн гар утсыг үзүүлсэн. Тухайн үл таних эрэгтэй миний гар утсыг 40 гаран минут хугацаанд үзэж сонирхож байгаад миний анхаарлыг сарниулан өөр зүйлд анхаарал төвлөрөх үед тэр чигээр нь аваад гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Шэрчмаагийн “...2018 оны 10-р сарын 15-ны өдөр Энхбаяр овогтой Энхтайван нь Iphnoe 6S маркийн гар утас барьцаанд 120.000 төгрөгөөр тавьсан байна...” гэх мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс Э.Эд гомдолгүй, хохирлоо бүрэн төлүүлсэн гэх хүсэлт гаргаж өгсөн тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Эд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдлын хувьд өөрийн гэм буруу дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ