Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00200

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэрргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15850 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

13,412,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан алдангид 12,9953,750 төгрөг, орон сууцны талбайн зөрүү үнэ 459,000 төгрөг нийт 13,412,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байрлах, 35.45 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 42,540,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

3.2. Хариуцагч байгууллагын саналыг үндэслэн талууд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 20031636/8-01 дугаартай орон сууц захиалгын нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулж, гэрээний үнийг 60,265,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 13 дугаар тал/

3.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн БА-123/2024 дугаартай дүгнэлтээр *******-ийн захиалгаар барьж гүйцэтгэсэн *******нд баригдсан 16 давхар 1 блок үйлчилгээтэй 150 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулжээ. /хх-ийн 109-112 дугаар тал

3.4. Улмаар, *******од байршилтай, 35.18м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр бүртгэж, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон. /хх-ийн 18 дугаар тал/ 

3.5. Талууд гэрээний үнэ 60,265,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтад маргаагүй, харин уг хугацааг хэтрүүлсэнд хариуцагч буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.  

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэн, шийдлийг хэвээр үлдээнэ.

4.1. Зохигчдыг гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацааны дараа ашиглалтад орж өмчлөлд шилжүүлэхээр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахгүй бөгөөд нэхэмжлэгч хүсэл зоригийн хувьд орон сууц авах, хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны барилга барьж, худалдан борлуулах зорилготой, мөн гэрээний нөхцөл, талуудын эрх, үүрэг зэргээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

4.2. Хариуцагч байгууллага нь гэрээгээр 35.45м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч бодит байдалд 35.18м2 талбайтай орон сууц болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, зөрүү 0.27м2 талбайн үнэ 459,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.  

5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт тус тус заасан.

5.1. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны барилгыг хүлээн авч, ашиглалтанд оруулсан байх тул 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрч, үүргийн зөрчил тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

5.2. Талуудын байгуулсан гэрээний 3.8.3-т “Чанартай холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажлын хугацаа”-г хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна, 3.9-д “Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй” гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээнд заасан дээрх нөхцөл байдал бий болсон нь тогтоогдоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Учир нь хэргийн 79 дүгээр талд авагдсан *******-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 08/23-270 дугаартай албан бичгээр *******-ийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс барилгыг ашиглалтад оруулах хугацаа өнгөрсөн болохыг дурдаж, 6 нэр төрлийн ажлыг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор гүйцэтгэхийг шаардсан байх боловч уг албан бичгийг нэр заасан этгээд хүлээн авсан нь тодорхойгүйгээс тухайн этгээдээс хамааран барилгын ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх албан бичигт хариуцагч байгууллагын хүсэл зориг илэрхийлэгдсэн, нэг талын баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.

5.3. Мөн орон сууцны захиалагчдын төлбөр удаашралтай төлөгдсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй гэж талууд тохиролцоогүй, үүрэг гүйцэтгэх хугацааг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл хугацаагаар тогтоогоогүй тул дээрх нөхцөл байдлууд нь орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгаан болсон талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болжээ. 

6. Иймд хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйд буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул урьдаас таамаглах боломжгүй нөхцөл байдал, эдийн засгийн шинжтэй хүнд нөхцөл байдалд холбогдох баримтуудыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй. 

6.1. Ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нь алданги төлөх үндэслэл болох ба нэмэлт гэрээний 8-д “Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэж, гүйцэтгээгүй үүрэг 60,265,000 төгрөгөөс 215 хоногт тооцон алдангид 12,953,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон.

7. Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээ хэрэгжих явцад Ковид-19 цар тахал гарч хил, гаалийн үйл ажиллагаанаас хамааран барилгын салбар доголдсоны улмаас хариуцагч байгууллагын саналыг үндэслэн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 20031636/8-01 дугаартай нэмэлт гэрээгээр орон сууцны 1м2 талбайн үнийг 1,700,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байх тул хэргийн 67-68, 115 дугаар талд авагдсан цар тахлын нөхцөл байдалд холбогдох баримтууд нь одоогийн нөхцөлд алдангийн хэмжээг багасгахад харгалзан үзэх үндэслэл болохгүй. Мөн дээрх асуудлаар анхан шатны шүүхэд мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийг багасгаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэрргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,014 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                         Т.БАДРАХ

                                                                                                   Т.ГАНДИЙМАА