Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 603

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгч А.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905005130594 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, О.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.А нь ганцаараа:

- 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн О.Д-г гэртээ байхад нь гар утсаар “...О эгч нь байна 920.000 төгрөгийг шилжүүлээч...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 920.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Холбоо харилцааны хэрэгсэл ашиглаж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа ачиж буулгах техник экспитезийн механикжсан ангийн нярав ажилтай Б.С-ийн 99147958 дугаарын утаст холбогдон түүний хамт ажилладаг цалингийн нягтлан ажилтай А.М-ийн дуу хоолойг дууриан “...мөнгө байвал зээлээч маргааш өгье..." гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 5018483899 дугаарын Хаан банкны данс руу 680.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгч А.Н- мэдүүлэхдээ:

“...Өнөөдөр 100.000 төгрөг авсан. 820.000 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Аийн өгсөн:

“…Би 2019 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицероос доошоо уруудаад явж байхад байдаг хүнсний зах дотор байдаг Юнителийн дугаар зардаг хувь хүнээс 3,000 билүү 5,000 төгрөгөөр 88605860 дугаарыг худалдан авсан юм. Уг дугаарыг худалдан авахдаа уг дугаарын өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр одоо энэ хохирогч фейсбүүк зар дээр автомашинаа зарна гээд утасныхаа дугаарыг тавьчихсан байхаар нь би утас руу нь залгасан чинь өөдөөс намайг О гэх эгчтэйгээ андуураад зарах машиныхаа талаар ярихаар нь би амыг нь дагуулан ярьж байгаад мессэж бичье гэж хэлээд утсаа таслаад түр мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч, банкны мөнгө төлөх гэсэн мөнгө дутаад байна 920,000 төгрөг шилжүүлчих гэж мессэж бичсэн чинь дансны дугаараа явуул гэхээр нь би Шархадны эцсийн буудал дээр зогсож байсан танихгүй залуугаас карт байна уу дансны дугаараа өгч байгаач, хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд дансны дугаарыг нь аваад хохирогч руу дансны дугаарыг нь мессэжээр явуулчихаад мөнгө орж ирэхийг нь хүлээгээд зогсож байтал, нөгөө залуу та мөнгө авчихаад энэ дэлгүүрт үлдээчихээрэй манай найз ажилладаг юмаа, би юманд явах гээд яараад байна гээд надад Хаан банкны виза картаа үлдээж явахаар нь би хажуугийн АТМ-ээс шилжин орж ирсэн 920,000 төгрөгийг нь картнаас авсан юм. Би шилжүүлэн авсан мөнгөөрөө гэртээ түлээ нүүрс, хоол ундны материал аваад дуусгасан юм.

Уг хэргийн дараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дугаарыг нь санахгүй байна Мобикомын дугаар луу залгасан чинь нэг эмэгтэй хүн авахаар нь би байна уу, юу байна, танихгүй байгаа юм уу гэж ярихад намайг Ч гэх хүнтэй андуураад ярихаар мөнгө байна уу хэдэн төгрөг зээлээч гэсэн чинь одоо бэлэн мөнгө байна дансанд мөнгө алга маргааш өглөө шилжүүлье гэсэн тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед би Ханын материалаас такси бариад зурагт руу явах замдаа таксины жолооч ахаас дансны дугаараа өгөөч хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж дансны дугаарыг нь аваад нөгөө эмэгтэй рүү 680,000 төгрөг шилжүүлчих гээд таксины жолоочийн дансны дугаарыг мессэжээр явуулсан чинь нөгөө эмэгтэй над руу 680,000 төгрөг шилжүүлээд, зурагтад байх АТМ-аас нөгөө таксины жолоочоор картнаас нь авахуулсан. Би авсан мөнгөөр хоол ундны материал аваад дуусгасан юм...” гэх мэдүүлэг /хх-н 35, 121-122/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-гийн өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55 байрны 8 тоотод байж байхад 8001-1141 дугаарын утас руу 8860-5860 дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад О эгч нь байна юу байна гээд, машин авах хүн мэдэж байгаарай гэж би асуусан. Тэгэхэд О эгчийн хоолой нь ядарсан байдалтай байхаар нь би асуутал миний хоолой өвдсөн гэж надаа хэлсэн. Найз нь нэг машин авах гэж байгаа чиний машиныг хэлчихье хүнтэй байна мессэж бичье гэж хэлээд тасалсан. Тэгээд маргааш зээл хаах гэсэн юм 920.000 төгрөг шилжүүлээч энэ данс руу гээд 5082063402 гэсэн данс өгөхөөр нь интернет банкаар үзтэл Хөхөө гэсэн нэр гарч ирэхээр нь мөн үү гэтэл мөн утга дээр нь зээл гэж бичээрэй гэсэн. Тэгээд би интернет банкаар шилжүүлсэн. Орой нь залгатал машин үзэх хүн нь яасан бэ гэж асуухаар залгасан дугаар луу нь залгатал холбогдохгүй байсан. Нөгөө дугаар луу нь залгатал О эгч утсаа аваад чи өнөөдөр надруу яриагүй чамтай би одоо л ярьж байна гэхээр нь би залилуулснаа мэдсэн... “ гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ийн өгсөн:

            “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цагийн үед 88605860 дугаартай утаснаас Ч байна би ... энэ утсан дээр байгаа шүү мөнгө зээлээч гэхээр нь би манай ажлын нягтлан М-ийг байна гэж бодоод тэр үед надад мөнгө байгаагүй болохоор маргааш нь 680.000 төгрөг шилжүүлсэн. М-ийг над руу ярихгүй болохоор нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М-тэй ярихад Сараа эгчээ юун мөнгө вэ, би аваагүй та залилуулсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 69-70/,

 

            Мөрдөн байцаалтад хууль ёсны төлөөлөгч А.Н-гийн өгсөн:

            “...Тухайн үед манай охин Д Австрал руу явах гээд бэлтгэлээ ханган өөрийн автомашинаа зарах гээд зар тавьчихсан байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би нөхөр Ширмэнгийн хамт охин Дгийн гэрийг нүүлгэх гээд гэрийнх нь эд зүйлийг янзлаад байж байхад манай охин Д руу үл таних хүн 88605860 дугаарын утаснаас миний эгч Оюунцэцэгийн охин О-ын нэрийг барьж “миний таньдаг хүн машин авна гэж байна чам руу яриулъя. Би банкны мөнгө төлөх гэсэн юм 920,000 төгрөг зээлээч маргааш эргүүлэн өгье” гэж яриад мессэжээр дансаа явуулаад Д 920,000 төгрөг шилжүүлээд юм. О-ын нэрийг барьж үл таних хүн Дгаас мөнгө авсан гэдгийг нь тэр орой нь мэдсэн, Д О-аас машин авах хүн нь юу болсон бэ гэж асуух гээд уг дугаар руу залгасан чинь уг дугаар холбогдох боломжгүй гээд Оюужаргалын скайтелын утас руу нь залгаж яриад О-ын нэрийг барьж өөр хүн залилан мөнгө шилжүүлж авсан гэж мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 17/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.О-ын өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой 20 цаг өнгөрөөд Д над руу залгаад та яасан бэ машин үзнэ гэсэн хүн чинь яасан бэ гэж асуусан. Тэгэхээр би гайхаад юун машин яасан бэ гэж асуутал та өдөр надаас мөнгө аваа биздээ танай найз чинь надаас машин авна үзнэ гэж хэлсэн яачихваа гэж хэлсэн. Би огт чамтай өнөөдөр яриагүй одоо л ярьж байна би чамаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгтэл миний нэрийг бариад хүн Дгаас 920.000 төгрөг данс руу шилжүүлээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч И.Бын өгсөн:

            “...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өглөө Москва хороололд байрлах гэрээсээ гараад Баянзүрх дүүрэгт байрлах мөнгөн хөлөг нэртэй техникийн зах руу ажил руугаа явж байгаад 10 орчим ханы материалын салдгаас жоохон өгсөөд байрладаг шинэ давхрын хажуугаар явж байтал нэг хүн зам дээр гар өргөөд зогсож байсан. Зам дагуу бол аваад явъя гээд хаашаа очих талаар нь асуутал телевиз ор нь гэхээр нь аваад явсан. Тэгээд суулгаад явж байтал танд виза карт байгаа юу гэсэн би картаа байгаа гэж хэлсэн. Нэг хүнтэй утсаар ярьж байгаад миний дансыг хэлж өгсөн. Тухайн үед хэдэн төгрөг орж байгааг нь надад хэлээгүй би таксины мөнгө хийх гэж байна гэж бодсон. Мөнгө нь орж ирэхгүй хэсэг удсан тэгээд 680.000 төгрөг орлоо гэж надад мессэж ирсэн. Тэр охинд телевиз өнгөрөөд хойшоо явж байхад нэг АТМ байсан тэндээс би тэр охинд мөнгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 82-83/,

 

- төлбөрийн баримт /хх-н 96/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 123/

- байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 125/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 126/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

  Шүүгдэгч О.А нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн О.Д-г гэртээ байхад нь гар утсаар “...О эгч нь байна 920.000 төгрөгийг шилжүүлээч...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 920.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,  Холбоо харилцааны хэрэгсэл ашиглаж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа ачиж буулгах техник экспитезийн механикжсан ангийн нярав ажилтай Б.С-ийн 99147958 дугаарын утаст холбогдон түүний хамт ажилладаг цалингийн нягтлан ажилтай А.М-ийн дуу хоолойг дууриан “...мөнгө байвал зээлээч маргааш өгье..." гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 5018483899 дугаарын Хаан банкны данс руу 680.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Аийн “…2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр одоо энэ хохирогч фейсбүүк зар дээр автомашинаа зарна гээд утасныхаа дугаарыг тавьчихсан байхаар нь би утас руу нь залгасан чинь өөдөөс намайг О гэх эгчтэйгээ андуураад зарах машиныхаа талаар ярихаар нь би амыг нь дагуулан ярьж байгаад мессэж бичье гэж хэлээд утсаа таслаад түр мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч, банкны мөнгө төлөх гэсэн мөнгө дутаад байна 920,000 төгрөг шилжүүлчих гэж мессэж бичсэн чинь дансны дугаараа явуул гэхээр нь би Шархадны эцсийн буудал дээр зогсож байсан танихгүй залуугаас карт байна уу дансны дугаараа өгч байгаач, хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд дансны дугаарыг нь аваад хохирогч руу дансны дугаарыг нь мессэжээр явуулчихаад мөнгө орж ирэхийг нь хүлээгээд зогсож байтал, нөгөө залуу та мөнгө авчихаад энэ дэлгүүрт үлдээчихээрэй манай найз ажилладаг юмаа, би юманд явах гээд яараад байна гээд надад Хаан банкны виза картаа үлдээж явахаар нь би хажуугийн АТМ-ээс шилжин орж ирсэн 920,000 төгрөгийг нь картнаас авсан юм.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дугаарыг нь санахгүй байна Мобикомын дугаар руу залгасан чинь нэг эмэгтэй хүн авахаар нь би байна уу, юу байна, танихгүй байгаа юм уу гэж ярихад намайг Ч гэх хүнтэй андуураад ярихаар нь мөнгө байна уу хэдэн төгрөг зээлээч гэсэн чинь одоо бэлэн мөнгө байна дансанд мөнгө алга маргааш өглөө шилжүүлье гэсэн тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед би Ханын материалаас такси бариад зурагт руу явах замдаа таксины жолооч ахаас дансны дугаараа өгөөч хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж дансны дугаарыг нь аваад нөгөө эмэгтэй рүү 680,000 төгрөг шилжүүлчих гээд таксины жолоочийн дансны дугаарыг мессэжээр явуулсан чинь нөгөө эмэгтэй над руу 680,000 төгрөг шилжүүлээд, зурагтад байх АТМ-аас нөгөө таксины жолоочоор картнаас нь авахуулсан...” гэх мэдүүлэг, 

хохирогч О.Д-гийн “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... 8860-5860 дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад О эгч нь байна юу байна гээд, машин авах хүн мэдэж байгаарай гэж би асуусан. Тэгэхэд О эгчийн хоолой нь ядарсан байдалтай байхаар нь би асуутал миний хоолой өвдсөн гэж надаа хэлсэн. Найз нь нэг машин авах гэж байгаа чиний машиныг хэлчихье хүнтэй байна мессэж бичье гэж хэлээд тасалсан. Тэгээд маргааш зээл хаах гэсэн юм 920.000 төгрөг шилжүүлээч энэ данс руу гээд 5082063402 гэсэн данс өгөхөөр нь интернет банкаар үзтэл Хөхөө гэсэн нэр гарч ирэхээр нь мөн үү гэтэл мөн утга дээр нь зээл гэж бичээрэй гэсэн. Тэгээд би интернет банкаар шилжүүлсэн... “ гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.С-ийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цагийн үед 88605860 дугаартай утаснаас Ч байна би ... энэ утсан дээр байгаа шүү мөнгө зээлээч гэхээр нь би манай ажлын нягтлан М-ийг байна гэж бодоод тэр үед надад мөнгө байгаагүй болохоор маргааш нь 680.000 төгрөг шилжүүлсэн. М-ийг над руу ярихгүй болохоор нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М-тэй ярихад Сараа эгчээ юун мөнгө вэ, би аваагүй та залилуулсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч О.О-ын “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орой 20 цаг өнгөрөөд Д над руу залгаад та яасан бэ машин үзнэ гэсэн хүн чинь яасан бэ гэж асуусан. Тэгэхээр би гайхаад юун машин яасан бэ гэж асуутал та өдөр надаас мөнгө аваа биздээ танай найз чинь надаас машин авна үзнэ гэж хэлсэн яачихваа гэж хэлсэн. Би огт чамтай өнөөдөр яриагүй одоол ярьж байна би чамаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгтэл миний нэрийг бариад хүн Дгаас 920.000 төгрөг данс руу шилжүүлээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч И.Бын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өглөө Москва хороололд байрлах гэрээсээ гараад Баянзүрх дүүрэгт байрлах мөнгөн хөлөг нэртэй техникийн зах руу ажил руугаа явж байгаад 10 орчим Ханы материалын салдгаас жоохон өгсөөд байрладаг шинэ давхрын хажуугаар явж байтал нэг хүн зам дээр гар өргөөд зогсож байсан. Зам дагуу бол аваад явъя гээд хаашаа очих талаар нь асуутал телевиз ор нь гэхээр нь аваад явсан. Тэгээд суулгаад явж байтал танд виза карт байгаа юу гэсэн би картаа байгаа гэж хэлсэн. Нэг хүнтэй утсаар ярьж байгаад миний дансыг хэлж өгсөн. Тухайн үед хэдэн төгрөг орж байгааг нь надад хэлээгүй би таксины мөнгө хийх гэж байна гэж бодсон. Мөнгө нь орж ирэхгүй хэсэг удсан тэгээд 680.000 төгрөг орлоо гэж надад мессэж ирсэн. Тэр охинд телевиз өнгөрөөд хойшоо явж байхад нэг АТМ байсан тэндээс би тэр охинд мөнгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг, төлбөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч О.А нь хохирогч О.Д-д 920,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.С-т 680,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч О.Д-д 100,000 төгрөгийг хохирол төлсөн шүүх хуралдааны явцад 80,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч О.Аээс  740,000 төгрөг гаргуулж хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгчид, 680,000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-т тус тус олгуулахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Аээс 1.420.000 төгрөг гаргуулж хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгч А.Н-д 740.000 төгрөгийг, хохирогч Б.С-т 680.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ