Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00211

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10019 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 86,762,400 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 13,880,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь *******" ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 992,000,000 төгрөгийн үнэ бүхий дотор цахилгаан хангамжийн кабель утас нийлүүлэх, ******* ХХК нь гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг бэлэн төлөлтөөр, үлдэх 30 хувийг бартер байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч ******* ХХК-аас урьдчилгаа 30 хувь болох 297,600,000 төгрөгийг хугацаандаа шилжүүлж, мөн бартерт орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Харин манай компани гэрээнд заасны дагуу БНСУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын бараа материалыг тогтоосон хугацаанд бүрэн нийлүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр болох 396,800,000 төгрөгийг төлөөгүй.

1.2. Талуудын байгуулсан гэрээний 11.1-д захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр заасан. Гэрээний хавсралтад заасан санхүүжилтийн графикийн дагуу эцсийн санхүүжилт болох 40 хувь буюу 396,800,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги тооцоход алданги 86,762,400 төгрөг болсон. Алдангийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсон ба хариуцагчаас цувуулж төлсөн төлбөрүүдийг нэг бүрчлэн хасаж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон.

Иймд хариуцагч ******* ХХК-аас алданги 86,762,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бараа материал худалдах, худалдах авах гэрээгээр тохирсон 992,000,000 төгрөгийг манай компани бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлсний дараа нэхэмжлэгчээс алданги шаардаж байгаа талаар манай компанид мэдэгдээгүй байдаг.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь барилгын компани бөгөөд *******нд байршилтай ******* орон сууцны хотхоныг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж ирсэн. Улмаар нэхэмжлэгчтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 992,000,000 төгрөгийн үнэ бүхий кабелийн утсыг гэрээний 4.1-д зааснаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь бараагаа 04 дүгээр сарын 06-ны өдөр нийлүүлсэн.

Гэрээний 11.2-т худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, суурилуулах, ажлын явц дунд өөрийн буруугаас ажлыг тасалдуулан хугацаа алдсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутамд алданги төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 992,000,000 төгрөгийн барааны үнээс алданги тооцоход нэг өдрийн алданги 1,984,000 төгрөг, үүнийг 7 хоногоор тооцвол нийт 13,880,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 13,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Талуудын байгуулсан гэрээний 4.1-д бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацааг 2023-оны 1 дүгээр улиралд багтаан нийлүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу нийлүүлэгч тал бараа материалыг заасан хугацаанд бүрэн нийлүүлж хүлээлгэн өгсөн. Харин бараа материал хүлээлцсэн акт үйлдэхдээ 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр бичиж харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 75,611,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 11,904,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 11,151,200 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлээс 1,976,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591,762 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 536,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 205,414 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...санхүүжилтийн графикийн дагуу эцсийн санхүүжилт 40 хувь буюу 396,800,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги тооцож үзэхэд алданги 86,762,400 төгрөг болсон. Бид алдангийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсон бөгөөд хариуцагчаас цувуулж өгсөн төлбөрүүдийг нэг бүрчлэн хасч тооцсоор 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл алданги тооцсон... гэж тайлбарласан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 86,762,400 төгрөгийг хэрхэн яаж хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс хариуцагчийн төлсөн төлөлтүүдийг суутгасныг санхүүгийн баримт болон тооцоололгүйгээр шүүхэд гарган өгснийг шүүх эцэслэн бодсон байдаг. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлага болох алданги тооцсон тооцооллыг зохих ёсоор гаргуулан танилцан мэтгэлцэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хуралдааны төгсгөлд тодорхой болно гэж үзсэн тул шүүх хуралдааныг үргэжлүүлж шийдвэрлэсэн. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд алдангийг гүйцэтгээгүй үндсэн үүргийн үлдэгдэл төлбөрөөс тооцох ёстой. Тухайлбал, хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 107,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс 50,000,000 төгрөгийг төлж, 57,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Гэтэл 57,800,000 төгрөгийн үндсэн үүргийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад хариуцагч мөн өдрийн байдлаар нэхэмжлэгчид 71,680,000 төгрөгийн алданги төлөх ёстой гэж тооцоолж шүүхийн шийдвэр гарсан. Хэрэв хуульд зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байсан бол 57,800,000 төгрөгийн үндсэн үүргийн үлдэгдэлтэй хариуцагч хуулийн ямар заалтын дагуу 71,680,000 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээсэн эсэхийг нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхойлж өгөөгүй байхад шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу 75,611,200 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх ёстой бол хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчид 151,222,400 төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий үндсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байх урьдчилсан нөхцөл үүссэн байхыг шаардах юм.

6.2. Талуудын байгуулсан гэрээгээр 992,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байхад хариуцагчаас нийт 997,427,200 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь нэхэмжлэгч компанийн нягтлангаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр утсаар ярьж талуудын хооронд 5,427,200 төгрөгийг тооцоо байгаа гэж хэлсэн тул манай компаниас 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн. Тус өдрөөс хойш нэхэмжлэгч талаас манай компанид алданги болон төлбөрийн үлдэгдлийн талаар албан бичиг, мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Талууд өнөөдрийг хүртэл тооцоо нийлж баримт үйлдээгүй боловч шүүхийн шийдвэрт сүүлд төлсөн 5,427,000 төгрөгийн талаар дурдаагүй. Хариуцагчаас гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс илүү төлбөрийг өнгөрсөн хугацаанд шилжүүлж тооцоог хаасан.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гомдол гаргахдаа буруу ташаа тооцоо хийж үндсэн төлбөрийн 50 хувиас давсан илүү алданги нэхэмжилсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс биш 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс алданги тооцсон. Мөн 57,800,000 төгрөг биш 396,800,000 төгрөгөөс алданги бодон цувуулж хийсэн төлбөрүүдийг хасаад төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс алданги тооцсон. Төлбөрт өгсөн автомашиныг хүлээн авсан цаг хугацаанаас хамаарч алданги тооцоход өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч талаас төлбөр төлөх хугацааг сунгаж байгаагүй бөгөөд байрны болон төлбөрийн зөрүү мөнгө, алданги, автомашины үнэ зэргээс шалтгаалж тооцоо нийлээгүй, хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги яаж тооцох, талууд төлбөр тооцоо нийлж дуусгавар болгохгүй явсаар ирсэн.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж алданги нэхэмжилсэн боловч бид бараа материалыг заасан хугацаандаа буюу 2023 оны 1 дүгээр улиралд багтаан нийлүүлж хүлээлгэн өгсөн. Харин бараа материал хүлээлцэх актыг 6 хоногийн дараа үйлдсэн бөгөөд тухайн цаг хугацаагаар тооцож алданги төлөхөөр болсон. Мөн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн 5,427,200 төгрөг нь гэрээнээс тусдаа сүүлд нэмж авсан бараа материалын төлбөр байдаг.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 86,762,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 13,880,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь барилгын дотор цахилгаан хангамжийн кабель нийлүүлэх, худалдан авагч ******* ХХК нь 992,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6/

 

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

3.2. Гэрээгээр талууд нийт үнийн дүнгийн 70 хувийг бэлэн төлөлт, 30 хувь нь бартер байна. Санхүүжилтийг гэрээ баталгаажсанаас хойш ажлын 5 хоногийн дотор нийт гэрээний үнийн дүнгийн 15 хувийг урьдчилгаа төлбөрт, материал үйлдвэрлэгдэж дуусаад ачилт хийгдэхээс өмнө 15 хувийг, бараа материал 100 хувь төслийн талбайд бууж актаар хүлээлцсэний дараа 40 хувийг төлж барагдуулна, бэлтгэн нийлүүлэх хугацааг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан бараа материалыг нийлүүлнэ гэж тус тус тохиролцсон.

 

4. Талууд гэрээний төлбөрийг 70 хувийг бэлнээр, 30 хувийг бартераар төлөхөөр тохиролцсон, 30 хувийг бэлнээр, 30 хувийг бартераар хугацаандаа тус тус төлсөн, бараа материалыг бүрэн нийлүүлсэн талаар маргахгүй байна.

 

4.1. Харин гэрээгээр тохирсон бэлнээр төлөх 40 хувийн үлдэгдэл төлбөр төлөлтийг хугацаа хэтрүүлсэн эсэх, бараа материалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хугацаандаа бүрэн нийлүүлсэн эсэх, хэрэв хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.2. Хэргийн баримтаар талууд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цахилгааны кабель утас хүлээцсэн акт үйлдэж, актаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан бараа материалыг хариуцагчид бүрэн нийлүүлсэн. Анхан шатны шүүх уг хугацааг гэрээний 6.1-д заасан бараа материалыг бүрэн хүлээлгэн өгсөн хугацаа гэж дүгнэсэн нь зөв байна.

 

4.3. Хариуцагч нь бараа материалын үлдэгдэл төлбөр болох 396,800,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй байсан боловч үүргийн зөрчил гаргасан байна. Хэргийн баримтаар хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 39,000,000 төгрөгт тооцон автомашин шилжүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 57,800,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн байна. /хх-ийн 75-88/

4.4. Талуудын байгуулсан гэрээний 11.1-д захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд төлөх мөнгөний хоног тутам 0,2 хувийн алданги төлөх үүрэг хүлээнэ гэж тохиролцсон.

 

4.5. Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан, хариуцагч төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй энэ талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

4.6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн үүрэг тус бүрийн хугацааг тодорхойлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцоолж алдангид 75,611,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

4.7. Харин хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр төлөгдсөний дараа алданги шаардсан, үүргээ биелүүлсэн учраас гэрээний харилцаа дуусгавар болсон гэх тайлбар, татгалзал нь нэхэмжлэгчийн алданги шаардсан алдангийг гаргуулахгүй байх үндэслэл болохгүй. Нэгэнт гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг талууд тохирсныг хариуцагч зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

4.8. Анхан шатны шүүх алдангийн хэмжээг зөв тооцоолон хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй болсон боловч хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг алдангиас хасаж тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэв.

 

Учир нь талуудын байгуулсан гэрээний хавсралтад гэрээний үнийг 992,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 148,800,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 148,800,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 39,000,000 төгрөгт тооцон автомашин, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 283,720,000 төгрөгт тооцон орон сууц, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 57,800,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13,880,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,427,200 төгрөг, нийт 997,427,200 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна. Иймээс зөрүү төлбөр болох 5,427,200 төгрөгийг хариуцагчийн алдангид төлөх 75,611,200 төгрөгөөс хасаж тооцон, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...талуудын байгуулсан гэрээний 4.1-т бэлтгэн нийлүүлэх хугацааг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан бараа материалыг нийлүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн учраас гэрээний 11.2-т зааснаар 992,000,000 төгрөгийн үүргээс 7 хоногийн алданги тооцон 13,880,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь  2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 992,000,000 төгрөгийн барааны үнээс 0.2 хувийн алданги тооцоход нэг өдрийн 1,984,000 төгрөг болох ба үүнийг 6 хоногоор тооцвол хариуцагч нь 11,904,000 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчээс 11,904,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,976,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчимд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас 70,184,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 16,578,400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10019 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...75,611,200 гэснийг ...70,184,000 гэж, ...11,151,200 гэснийг ...16,578,400 гэж,

2 дахь заалтын ...536,006 гэснийг ...508,870 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 536,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлал гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ