Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 610

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905020840605 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” нэртэй караокед иргэн Ц.М цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Оийн өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би найзууд болох Батхишиг, С, Чулуунбаатар нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын шинэ эцсийн буудал орчим байрлах Хүслэн нэртэй караокед 22 цагийн орчим орсон. 3-лаа хүн тус бүрийн 2 шил пиво уугаад дуулж байсан. Би Батхишиг, Сгийн хамт 3-лаа тамхи татаад зогсож байсан чинь караокеноос 27-30 орчим насны 2 залуу гарч ирсэн. Тухайн 2 залуугийн нэг нь болох хамар нь муруй, дээгүүрээ бараан өнгийн куртик өмссөн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу хүрч ирээд ямар нэгэн шалтгаангүй намайг хэрзийсэн пизда минь гай болов гэж хэлсэн. Би нөгөө залуугийн өөдөөс уучлаарай ямар нэгэн маргаан хиймээгүй байна шүү гэж хэлсэн. Тамхи татаж дуусаад караоке руу орж захиалсан дуугаа дуулаад зогсож байсан. Тухайн караоке нийтийнх байсан. Нөгөө залуу миний хажууд ирээд намайг мөрлөсөн. Тухайн залуу миний зүүн гар талд зогсож байхаар нь уурандаа баруун гараараа эрүүн тус газар руу нь нэг удаа цохисон чинь арагш толгойн дагз хэсгээрээ газар саван дээш харан караокены плитан шалан дээр унасан. Нөгөө залуу надад цохиулсныхаа дараа хэсэг дээш харан хэвтсэн. Тухайн үед ухаан санаан нь зүгээр байсан. Би газраас босохгүй болохоор нь санаа зовоод очоод харсан чинь 2 нүд нь хоёр тийшээ хөдлөөд байсан. Надад цохиулсан залуутай хамт явсан найз нь гэх саарал өнгийн футболк өмссөн бүдүүн залуу над руу миний найзыг зодлоо гэж хэлэн дайраад байсан. Найзтай нь маргалдаж байх хооронд нөгөө залуу газраас босон үйлчлүүлж байсан ширээн дээрээ очин суусан байсан. Мыг надаас өөр зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Мын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз П намайг дуудаад айлд байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би дуудсан айлд нь очиход П, Майгаа тэгээд Эрка гэх нэртэй гадаад явах гэж байгаа нэг залуу эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд би очиж хоол идээд дараа нь ууж байгаад архинаас уусан. Архинаас 2 хундгыг л уусан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Архи уудаггүй болохоор тасарсан байсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Э-ын өгсөн:

“...2019 оны 05-р сарын 03-наас 04-нийг шилжих шөнө би гэртээ байж байхад С /91347771/, М нар ирээд хоол цай идэж уугаад нэг шил Эдэн нэртэй архи уугаад байж байтал Сгийн найз болох М гэх хүн Стэй гар утсаар яриад манайд ирэхээр болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас М гэх Сгийн найз орж ирээд би танилцаад хоол унд идээд бид нартай хамт архи уухаар болсон тэгээд би гаднаас дахиж нэг шил Эдэн нэртэй архи авч ирээд бид нар хамт уусан. Архиа ууж дуусаад бүгд харьцгаах болсон тэгэхээр нь би гаргаж өгөх гээд хамт гарсан. Тэгээд С, М, М нарын хамт гэрээс гараад зурагтын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд М С 2 харих гээд таксинд суугаад явсан хойно М 2-лаа караокед орж пиво ууя гэж хэлэхээр нь би хамт караоке ороход М 4 шил пиво аваад бид 2 ууж суусан. Тэгээд М 00-н өрөө ороод энэ тэрүүгээр яваад л байсан тэгж байгаад гэнэт хүмүүс шуугиад яваад өгөхөөр нь хартал М шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. тэгээд цагдаа эмнэлэг дууд гээд бөөн юм болоод удалгүй цагдаа нар ирээд цохисон залууг нь авч яваад Мыг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 5650 тоот: 

  1. Ц.Мын биед гавлын дагз ба суурь ясны шугаман хугарал, дагзны баруун хэсэг дэх хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын духны хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнгийн урд хэсгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу толгойн дагз хэсгээр унаснаас үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  6. Дээрх гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байж болох ба тухайн хүнээсээ хамаарна гэх дүгнэлт /хх-н 31/,

 

            - хохирогч Ц.Мын гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-н 86/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” нэртэй караокед иргэн Ц.М цохиж унагаасны улмаас биед гавлын дагз ба суурь ясны шугаман хугарал, дагзны баруун хэсэг дэх хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын духны хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнгийн урд хэсгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Оийн “...Тухайн залуу миний зүүн гар талд зогсож байхаар нь уурандаа баруун гараараа эрүүн тус газар руу нь нэг удаа цохисон чинь арагш толгойн дагз хэсгээрээ газар саван дээш харан караокены плитан шалан дээр унасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Э-ын “...2019 оны 05-р сарын 03-наас 04-нийг шилжих шөнө ... гэнэт хүмүүс шуугиад яваад өгөхөөр нь хартал М шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 5650 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 86 дугаар талд хохирогч Ц.Мын “...Очирпүрэвтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн эмчилгээний зардлыг барагдуулж байгаа цаашдаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” тухай хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.От 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах тухай саналыг тус тус гаргасан ба шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг гэх нотлох баримтгүй, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ