Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00201

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08493 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******д холбогдох,

Барьцааны зүйл 84,850,987 төгрөгийг гаргуулах үндсэн, эд хөрөнгөд учирсан хохиролд 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******тэй 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, ******* тоот 440 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай амины орон сууцыг 3 жилийн хугацаатай, 1 сарын хөлс 4,200 ам.доллар төлөх, барьцаанд 6 сарын хөлстэй тэнцэх 25,200 ам.долларыг шилжүүлэхээр тохирч, хөлс болон барьцааны төлбөрийг шилжүүлсэн.

1.2. 2022 онд хөлслөгч тал өөрчлөгдөж, ******* нь *******тэй 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ТТСТ-2022-180 дугаартай амины орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний 1.3-т “...гэрээний тал өөрчлөгдөж байгаа нь дахин барьцааны төлбөр хүлээн авах барьцаа төлбөрийг хөлслөгч талд буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй” гэж барьцаа төлбөртэй холбоотой асуудлыг тодорхой тусгасан. Мөн ******* нь *******-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, барьцааны төлбөрийн 25,200 ам.долларыг *******гөөс шаардан авах эрхийг шилжүүлсэн.

1.3. Улмаар талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тохиролцож, амины орон сууцны эвдрэл, засварын үнэлгээг *******-аар үнэлүүлэхэд 2,353,050 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Үнэлгээний тайланг хөлслүүлэгч талд танилцуулахад аливаа санал, хүсэлт ирүүлээгүй. Ийнхүү тохиролцсоноор хөлслөгч тухайн амины орон сууцыг тавилга эд хогшлын хамт хөлслүүлэгчид 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн хүлээлгэн өгч акт үйлдсэн.

Иймд орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөр болох 25,200 ам.доллароос хохирлын үнэлгээний 2,353,050 төгрөгийг хасаж, үлдэх 24,530 ам.доллар буюу 84,850,987 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-тай “Орон сууц хөлслөх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулж, орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн. Гэтэл ******* нь гэрээний хугацаа дуусаагүй байхад хөлслөгч талыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******-тай “Орон сууц хөлслөх гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан.

2.2. Тус компани нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр компанийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалан үргэлжлүүлэн хөлслөх боломжгүй болсон шалтгаанаар гэрээг цуцлах талаар мэдэгдсэн.

2.3. Нэхэмжлэгч гэрээний хугацаанд орон сууцыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар компанийн ажилчдын хоолны газар болгон ашиглаж байснаас болж гал тогооны тавилга, хиншүү сорогч их хэмжээний тосоор бохирдож, шарласан, эдэлгээнээс болж гал тогооны тавилга энд тэндээ ховхорч, хуурч, эвдэрсэн, шатны бариулын хэсэг энд тэндээ ховхорч, хуурч, бохирдсон, орон сууцны таазны эмульс замаск ховхорч, шарласан, ханын обой хуурч, шарлаж бохирдсон. Мөн сан, шугам, хоолой их хэмжээний тосоор дүүрч бөглөрөх болсон. Орон сууцыг хүлээн авах үед гал тогооны плитк, холигч, угаалтуур хувцас хатаагч, дүүш эвдэрсэн, хиншүү сорогч их эдэлгээнд орсон, аяга таваг угаагч засварлах шаардлагатай болсон, хөргөгч хагарсан, гал тогооны абжурын чимэглэл дутсан, унтлагын өрөөний зарим гэрэл дутсан байдалтай байсан.

Дээрх нөхцөл байдлаас хамаарч орон сууцанд засвар хийх шаардлагатай болсон байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч компани тухайн үеийн удирдлага, ажилтнуудад 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэхэд тус 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23/536 тоот албан бичгээр орон сууцанд хийх засварыг *******-аар хийлгэхээр үнийн саналыг явуулж, барьцаа төлбөр болох 25,200 ам.доллараас засвар болон хохирлын үнэлгээг хасаж, барьцаа төлбөрт 14,532.8 доллар авах талаар албан бичгийг ирүүлсэн. Мөн гал тогооны иж бүрэн тавилгыг *******-oop хийлгэхэд 100,000,000 орчим төгрөг болохоор байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.

Иймд барьцаа төлбөрт 24,530 ам.доллар буюу 84,850,987 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь гэрээний 2.4.1, 3.2-т заасан үүргээ зөрчиж орон сууцыг амьдрах зориулалтаас өөрөөр ажилчдын цайны газар болгон ашиглаж, орон сууцанд 135,886,150 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд гал тогооны өрөөний тавилга, хэншүү сорогч их хэмжээний тосоор бохирдож, шарласан эдэлгээнээс болж гал тогооны тавилга энд тэндээ ховхорч, хуурч, эвдэрсэн, мөн шатны бариулын хэсэг энд тэндээ ховхорч, хуурч, бохирдсон, орон сууцны таазны эмульс замаск ховхорч, шарласан, ханын обойнууд хуурч, шарлаж, бохирдсон байсан. Улмаар *******-аар орон сууцанд засвар хийлгүүлэхээр болсон бөгөөд түүний засварын зардлыг 10,667.2 ам.доллараар тооцсон.

3.2. Мөн гал тогооны тавилгыг *******-оор захиалж хийлгэж байсан бөгөөд ажилчдын хоол буюу хятад хоол их хэмжээгээр хийж байснаас улбаалж гал тогооны тавилга их хэмжээгээр гэмтэж, элэгдсэн. Улмаар гал тогооны тавилгыг засварлуулахаар *******-д захиалга өгсөн боловч засварлах боломжгүй гэсэн тул гал тогооны тавилгыг бүхэлд нь солиулах шаардлагатай болсон.

3.3. Орон сууцыг хүлээн авах үед гал тогооны плитка, холигч, угаалтуур, хувцас хатаагч, дүүш эвдэрсэн, хиншүү сорогч их эдэлгээнд орсон, аяга таваг угаагч засварлах шаардлагатай болсон, хөргөгч хагарсан, гал тогооны абжурын чимэглэл дутсан, унтлагын өрөөний зарим гэрэл дутсан байсан.

Иймд орон сууцны засварын зардалд 35,000,000 төгрөг, гал тогооны тавилгыг *******-оос дахин захиалж хийлгэхэд шаардагдах ажлын хөлс 80,283,850 төгрөг, орон сууцны бусад эвдэрсэн, солих шаардлагатай тавилгын үнэд 20,602,300 төгрөг нийт 135,886,150 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. ******* нь гэрээнд заасны дагуу орон сууцыг амьдрах зориулалтаар ашиглаж байсан бөгөөд тус орон сууцанд менежментийн багийн захирлууд амьдарч гал тогоог ашиглаж байсан. Түүнчлэн гал тогоо ашиглалтай холбоотойгоор ******* төлбөрөө нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг сарын 5,170 ам.доллар байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Иймд гэрээний үүргээ зөрчиж орон сууцыг амьдрах зориулалтаас өөрөөр ажилчдын цайны газар болгон ашигласан гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Мөн гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь орон сууц хүлээлцэх үед дээр дурдсан асуудлаар талууд ярилцаж улмаар ******* 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирлыг үнэлүүлэх хүсэлт гаргаж, үнэлгээ хийлгэхээр тохирч ******* орон сууцны хохирлын үнэлгээг 2,353,050 төгрөг болохыг тогтоосон. Хохирлын үнэлгээтэй холбоотой санал, гомдол гаргаагүй тул дүгнэлтэд дурдсан хэмжээгээр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

5.1. ******* нь *******тэй 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлсийг бүрэн төлж, мөн 6 сарын төлбөртэй тэнцэх 25,200 ам.долларыг барьцааны төлбөрт төлсөн.

5.2. 2022 оны 10 сард *******тэй харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг ******* болон ******* нарын хооронд байгуулахаар болсон. Улмаар *******-ийн барьцааны төлбөрийг *******-тай байгуулах гэрээний барьцааны төлбөрт тооцож, дахин *******-аас барьцааны төлбөр авахгүй байхаар болсон тул ******* нь *******гөөс буцаан авах эрхтэй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 84,850,987 /наян дөрвөн сая найман зуун тавин мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******өөс нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 135,886,150 /нэг зуун гучин таван сая найман зуун наян зураа нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,502 төгрөгийг, хариуцагч *******өөс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,381 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 582,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт ******* болон хариуцагч ******* нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээгээ дүгнэж, гэрээний зөрчил гараагүй тул *******-аас дараагийн хөлслөгчөөр *******-ийг хариуцагч *******д санал болгосноор зохигчид харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан” гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нь *******-тай орон сууц хөлслөх гэрээг дүгнэж, гэрээний зөрчил гараагүй гэж *******-тай гэрээ байгуулаагүй юм.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр: ...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* хaягaac ******* xaягт харилцсан мессеж чатад хариуцагч *******өөс өмнөх хөлслөгч ******* руу мэйлээр өмнөх хөлслөгч *******-тай орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 4,200 ам.доллар гэснийг 5,500 ам.доллар гэж болгосон үндэслэлээ... олон хүн орж гарч хоол унд иддэг тул орон сууцны сарын төлбөрийг 5,500 ам.доллар болгохоор нэмэгдүүлж байна... гэсэн үндэслэлийг тодорхойлдог. Харин нэхэмжлэгч *******-тай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн TTCT-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээгээр уг саналыг хүлээн зөвшөөрч, сарын төлбөрийг 5,170 ам.доллараар орон сууц хөлслөх гэрээний нэг сарын төлбөрийг тусгаж, талууд харилцан тохиролцсон байна. Энэ нь орон сууц хөлслөх гэрээний үнийг өсгөж, тодорхой орон сууцанд гарч буй ердийн элэгдэл хорогдол бусад гомдлоо мөнгөн дүнгээр үнэлж тогтоосон гэж үзнэ” гэж дүгнэсэн байна. Гэтэл *******-тай байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсийг элэгдэл, хорогдол бий болгосон гэж нэмээгүй. Мөн хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гуравдагч этгээд рүү бичсэн мэйлд шүүхээс үзлэг хийгээгүй байдаг. Энэ талаар хариуцагч талаас шүүх хуралдааны явцад тайлбарласан.

7.3. Хариуцагчийн хувьд орон сууцыг гуравдагч этгээдэд хөлслүүлэхээс өмнө засварчин өөр иж бүрэн засварыг хийлгэж, гал тогооны тавилгыг шинээр захиалан хийлгэж, бусад бүх тавилгыг шинээр авсан. Гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь анх орон сууцанд 2-3 хүн амьдарна гэж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан атлаа гэрээний хугацаанд орон сууцыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ажилчдын хоолны газар болгон ашиглаж байсан. Үүний улмаас орон сууц, гал тогооны тавилга зэрэгт хохирол учирсан. Иймд орон сууцанд засвар хийх шаардлагатай болсон. Улмаар энэ талаар нэхэмжлэгч компани тухайн үеийн удирдлага, ажилтнуудад мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч компани зөвшөөрч *******-аар орон сууцанд учирсан хохирлыг үнэлүүлсэн.

Гэвч манай талаас тус үнэлгээгээр орон сууцанд учирсан хохирлыг 2,353,050 төгрөг гэж тооцсон болохыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд ******* нь *******-аас үнийн санал авч, ирүүлсэн. Тухайлбал, *******-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23/536 тоот албан бичигт *******-ийн үнэлгээ, *******-ийн үнийн саналын хэмжээнд хохирлын үнийг хасаж тооцон барьцаа төлбөрөөс 14,532.8 ам.долларыг шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Иймд хохирлыг 10,667.2 ам.долларын хэмжээнд талууд тохиролцсон байсан.

7.4. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээлцэх үед гал тогооны тавилгын хохирлыг барагдуулж, иж бүрнээр сольж өгөх талаар талууд тохиролцсон. Тухайлбал, гэрээ хүлээлцсэн акт дээр “солих шаардлагатай” гэж талууд гарын үсэг зурсан. Улмаар хариуцагч өөрт учирсан хохирлоо нотлохын тулд ******* компаниас баримтууд гаргуулж шүүхэд өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2-т 2 жилийн дараа гэрээ байгуулсан байна, үнийг хямдруулсан нь тодорхойгүй байна гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

7.5. Орон сууцыг анх *******-д хүлээлгэж өгөхөд орон сууцны бүх тавилга бүгд хэвийн байсан. Гэтэл орон сууцыг хүлээж авахад хэд хэдэн тавилга эвдэрсэн, засварлах шаардлагатай болсон байсан. Гэтэл шүүхээс тавилгуудыг худалдан аваагүй байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан байна.

Шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзахдаа Иргэний хуулийн 298.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл ******* нь дээрх хохирлуудыг хүлээн зөвшөөрч байсан. Мөн “Орон сууц хөлслөх” ТТСТ-2022-180 дугаар гэрээний 1.3-т “Хөлслүүлэгч нь барьцааг Хөлслөгчөөс энэхүү гэрээний дагуу хөлслүүлэгчид төлөх төлбөр болон бусад хохирлын нөхөн төлбөрт суутган тооцох эрхтэй” гэж заасан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага тухайн үед байгаагүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй.

7.6. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш орон сууцанд олон удаа ус алдсан. Үүний улмаас орон сууцанд хохирол учирсан. Хариуцагч нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хандсан ч шалтгааныг олж тогтоож чадаагүй. Иймд хариуцагч орон сууцыг засварын ажлыг хариуцдаг байсан засварчин д хандсан. Тэрээр орон сууц доторх бохирын хоолойг задалж, засвар хийсэн. Ингэхэд хоолой их хэмжээний хятад хоолны тос, үлдэгдэл зэргээр дүүрсэн байсан. Энэ үйл явцыг хариуцагч бичиж авсан байдаг. Энэхүү бичлэгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-т 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хийсэн бичлэг 13 байна гэж дүгнэсэн бичлэгүүд юм. Иймд тус үед учирсан хохирлыг нэхэмжлэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Мөн гэрчээр засварчин оролцож, орон сууцыг бусдад хөлслүүлэхээс өмнө засвар хийж байсан болон хөлслөгч нарыг байхад хэд хэдэн удаа очиж засвар хийж байсан, түүний төлбөрийг хариуцагч төлж байсан, бохирын хоолойтой холбоотой засварыг хариуцаж хийсэн, бохирын хоолой хятад хоолны тос, үлдэгдлээр дүүрсэн байсан талаар мэдүүлсэн. Гэтэл шүүх засварчин ийн мэдүүлгийг үнэлээгүй, яагаад үнэлээгүй болохоо шийдвэртээ тусгаагүй байна.

7.7. Хариуцагчаас хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий 25 бичигт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхээс тус хүсэлтийг хангасан атлаа 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 25 бичлэгт үзлэг хийхдээ хариуцагчийн татгалзлыг нотлоход ач холбогдолтой бичлэгт бичигдсэн ярианд үзлэг хийхээс татгалзаж, үзлэг хийгээгүй.

Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөr нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Тухайн орон сууцыг өөр зориулалтаар ашиглаж байсан гэх хариуцагчийн давж журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Тус орон сууцанд менежментийн багийн захирлууд амьдарч байсан. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч нь гэр бүлийн хамт амьдарч байгаа. Орон сууцыг хүлээлцэх үед хохирлын асуудал яригдсан. Хохирлыг үнэлүүлж, үлдэгдэл төлбөрийг буцаан өгье гэх хүсэлтийг ирүүлсэн. Талууд харилцан тохиролцож  ******* нь орон сууцад учирсан хохирлын үнэлгээг хийж 2,353,050 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Хариуцагч нь үнэлгээтэй холбогдуулан маргаагүй.

8.2. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдох баримтууд нь он, цаг, дарааллын хувьд орон сууц хөлсөлж байсан хугацаатай хамааралгүй. 2025 оны 2 дугаар сарын баримт байсан. Тухайн орон сууцанд учирсан хохирлыг нэхэмжлэгч компани учруулсан болох нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь хохирлыг хүлээн зөвшөөрч байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. *******-ийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн.

8.3. Хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

8.4. Анхан шатны шүүх хариуцагчийн дурдсан 25 бичлэгт үзлэг хийсэн. Тухайн бичлэгүүд нь орон сууцыг хөлсөлж байсан хугацаатай давхацдаггүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүрэг дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан барьцааны эрх дуусгавар болсон тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар хариуцагч барьцааны зүйлийг өгөх үүрэгтэй.

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барьцааны үлдэгдэл болох 24,530 ам доллар буюу 84,850,987 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны засварын зардалд 35,000,000 төгрөг, гал тогтооны тавилга хийлгэх ажлын хөлс 80,283,850 төгрөг, бусад эвдэрсэн болон солих шаардлагатай тавилгын үнэ 20,602,300 төгрөг нийт 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 440 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г бүртгэж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 20 дугаар тал/

3.2. *******, ******* нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр DGK-2020/08 дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь дээрх амины орон сууцыг 3 жилийн хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, ******* нь 1 сарын 4,200 ам.долларын хөлс төлөх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 6 сарын хөлстэй тэнцэх 25,200 ам.долларыг *******гийн дансанд байршуулах үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 15-19 дүгээр тал/

Дээрх гэрээний дагуу ******* нь хариуцагч *******гийн дансанд 25,200 ам.долларыг шилжүүлсэн. /1хх-ийн 37-38 дугаар тал/

3.3. ******* нь *******-тай 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээний төлсөн барьцаа төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь *******тэй 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан DGK-2020/28 дугаартай гэрээний дагуу *******д барьцаа төлбөрт шилжүүлсэн 25,200 ам.долларыг орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсноор буцаан шаардах эрхийг *******-д шилжүүлжээ. /1х-ийн 223-224 дүгээр тал/

3.4. *******, ******* нар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ТТСТ-2022-180 дугаартай “Амины орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 440 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай амины орон сууцыг 1 жилийн хугацаагаар эзэмшилд шилжүүлэх, ******* нь 1 сарын 5,170 ам.долларын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 22-27 дугаар тал/

3.5. Талууд дээрх гэрээг харилцан тохиролцож, дуусгавар болгосон бөгөөд хөлс төлсөн эсэх асуудлаар маргаагүй, орон сууц болон бусад тавилга хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан эсэх нь маргааны зүйл болсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, барьцааны шаардах эрх шилжсэн талаар зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоосон, зарим нотлох баримтыг үнэлээгүй орхисон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, үндсэн нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээнэ.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5.1. ******* нь *******-тай 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээний төлсөн барьцаа төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* болон ******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний барьцааны зүйл болох 25,200 ам.долларыг шаардах эрхийг шилжүүлэн авсан байх тул уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний нөхцөлөөр талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /1хх-ийн 15-16 дугаар тал/

6. Дээрх гэрээний 7.1-д “Гэрээний хугацаа дуусахад хөлслүүлэгч орон сууц, тавилга, эд хогшлын гэмтлийн хохирлын төлбөрийг болон байрны ашиглалт болон энэхүү гэрээний 3.5-д заасан төлбөрүүдийг төлж барагдуулсан эсэхийг шалгаад аливаа нэгэн төлбөрийн үлдэгдэл, доголдолгүй бол шаардлагатай тохиолдолд барьцаа төлбөрөөс эдгээр зардал, төлбөрийг суутган эргүүлэн төлнө” гэж тохирсон нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд орон сууц болон бусад эд хөрөнгөд учирсан хохирлыг барьцаа хөрөнгөөс хангуулах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.  

6.1. Нэхэмжлэгч байгууллагын орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай саналыг хариуцагч хүлээн авч, гуравдагч этгээдээр орон сууцны эвдрэл, гэмтлийн үнэлгээг тогтоолгох санал гаргаж, улмаар харилцан тохиролцож сонгосон этгээдээр үнэлгээг хийлгэсэн болох нь талуудын тайлбар болон хоорондоо харилцсан албан бичгүүдээр тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй. /1хх-ийн 190-191/

6.2. 1хх-ийн 33 дугаар талд авагдсан нэхэмжлэгч *******-ийн 2023.04.18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичигт “...талууд харилцан тохиролцож сонгосны дагуу мэргэжлийн засал чимэглэлийн компани болох *******-аас дотор заслын үнийн саналыг авч, *******-аар ус алдсанаас үүдэн учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн танд хүргүүлсэн билээ. Иймд 6 сартай тэнцэх барьцаа төлбөр буюу 25,200 ам.доллараас дотор заслын үнэ, хохирлын үнийг хасаж тооцон, үлдэгдэл барьцаа төлбөр болох 14,532.8 ам.долларыг тухайн өдрийн ам.долларын Монгол банкны ханшаар тооцон амины орон сууцыг хүлээлгэн өгсний дараа *******-ийн Голомт банкны 3205100645 тоот дансанд шилжүүлж өгнө үү...” гэж тусгаж, нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ. Тухайн үед энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан гэж тайлбарлаж байна.

6.3. Иймд дээрх хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон тул орон сууцны дотор засал болон ус алдсан хохирлыг учруулсан, уг хохиролд 10,667.2 ам.доллар төлөхийг нэхэмжлэгч байгууллагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Энэ хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана. 

Ийнхүү барьцаа хөрөнгөөс нэмэлт үүргийн гүйцэтгэлийг 10,667.2 ам.долларын хэмжээнд хангахыг хүлээн зөвшөөрсөний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдсан байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч хохирол шаардах эрхээ алдсан, барьцааны зүйлийн үнээс 10,667.2 ам.долларыг хасаж тооцохгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.   

6.4. Талууд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэж эвдэрсэн болон засварлах шаардлагатай эд хөрөнгийг жагсааж, гал тогооны тавилгыг солих шаардлагатай /1хх-30/ гэж тусгажээ. Үүнтэй холбогдуулан барьцааны мөнгөн хөрөнгийг бүхэлд нь эдгээр эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн хохиролд тооцохоор хожим тохирсон гэх хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.  

7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, барьцааны мөнгөн хөрөнгө 25,200 ам.доллараас хариуцагчид учирсан хохиролд 10,667.2 ам.долларыг суутган тооцох нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

8. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт “Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь эд хөрөнгө хүлээлцэх үед болон түүний дараа илэрсэн эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийг засварлуулсан болон засварлах зардал, гал тогтооны тавилга хийлгэх зардалд нийт 135,886,150 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.   

8.1. 1хх-ийн 30 дугаар талд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хүлээлцэх акт нь хөлслөгчөөс эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үеийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж тогтоосон баримт байх бөгөөд харин эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн зардалд барьцааны мөнгөн хөрөнгийг бүхэлд нь тооцох агуулга тусгагдаагүй байна.

Гэрээний 3.2-ын 1.3-т “Хөлслүүлэгч нь барьцааг хөлслөгчөөс энэхүү гэрээний дагуу хөлслүүлэгчид төлөх төлбөр болон бусад хохирлын нөхөн төлбөрт суутган тооцох эрхтэй” гэж заасан нь зөвхөн хөлслүүлэгчийн хүсэл зоригоос хамааран хэрэгжих зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасны улмаас хохирол учирсан бол хөлслүүлэгч нь хохирлын хэмжээгээ бодитоор тогтоож, энэ талаар талуудын хүсэл зориг харилцан нийцсэн тохиолдолд дээрх эрх хэрэгжих боломжтой. Иймд тухайн үед нэхэмжлэгч нь эд хөрөнгөд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул барьцааны мөнгөн хөрөнгийг бүхэлд нь хохиролд суутгах эрхтэй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагч нь эд хөрөнгө хүлээлцэх актад тусгасан эвдрэл, гэмтлийн хохирлыг шаардах эрхийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх ба уг хохиролтой холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

8.2. Мөн 1хх-ийн 234-238 дугаар талд флашинд хадгалсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд эдгээр бичлэг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хамаарна гэж тэмдэглэгджээ.

Үүнээс 2023 оны 3 дугаар сарын 13, 29-ний өдрийн бичлэгт тусгагдсан эвдрэл, гэмтлийн хувьд талууд харилцан тохиролцож хохирлын үнэлгээг тогтоож, хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн бичлэгт тусгагдсан эвдрэл, гэмтэл нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн үүргийн зөрчилд хамаарч болох боловч уг хохиролд холбогдох шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна.

8.3. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 18, 21, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрүүдийн бичлэгт бичигдсэн ус алдсан нөхцөл байдал нь хятад хоолны тос, бохирдлоос болсон гэж, уг гэмтлийг засварласан гэх гэрч *******өөс мэдүүлэг авхуулсан, тэрээр “...орон сууцыг хөлслүүлж байхад 3-5 удаа очсон, ...2025 оны хавар 00 давхрын бөглөрсөн бүх сантехникийн зүйлүүдийг 100 хувь сольсон, ...уг бөглөрөлт нь гал тогоонд их хэмжээний тос хэрэглэснээс болж зүүний сүвэгч орохооргүй болтлоо бөглөрөөд энэ нь дээшээ хальж шал руу орсон, ...тухайн үед би мэдээгүй байсан, зөвхөн янзлаад явж байсан, ...дараа нь ...подвалийн өрөөнд орж таазыг нь хуулж байгаад бүх шугамуудыг солиход гал тогооноос төв шугам руу явсан бүх шугам 100 хувь бөглөрсөн байдаг, ...” гэж мэдүүлжээ.   

Гэрчийн мэдүүлэгт тусгагдсан нөхцөл байдлыг орон сууцыг хүлээн авснаас хойш 2025 оны хавар хүртэл хугацаанд мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх цаг хугацааны эвдрэл, гэмтлийг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж дүгнэхэд зөвхөн гэрчийн мэдүүлэг хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний тосны бохирдлоос шугам сүлжээ бөглөрсөнийг мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдсон байх учиртай.      

Иймд гэрчийн мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй тул дээрх цаг хугацаанд хамаарах эвдрэл, гэмтлийг нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогдоогүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй.

8.4. Мөн *******-ийн үнэлгээгээр хохирол учирсан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагч тайлбарласан боловч уг тайланд эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нөхцөлийн талаар тусгаагүй байх тул тухайн баримтаар “их хэмжээний тосны бохирдлоос шугам сүлжээ бөглөрсөн”-ийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхгүй. Тус тайлангаар тогтоосон хохирлын үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.

9. Иймд хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж хохирол шаардах эрхээ алдсан, учирсан гэх зарим хохирол нь нэхэмжлэгчийн үүргийн зөрчилтэй холбоотой гэх байдлаа баримтаар нотлоогүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон.

Харин 10,667.2 ам.доллар буюу 37,265,330 /тухайн үеийн ханшаар/ төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэл хангагдсан гэж үзэх боловч уг хохирлыг барьцааны мөнгөн хөрөнгөөс хасаж тооцох тул магадлалд нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар тусгагдахгүй.

10. Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох тул барьцааны мөнгөн хөрөнгөөс үлдсэн 14,532.8 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 50,269,972 /14,532.8 х 3,459.07/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт нийцнэ.   

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах гомдлыг хангахгүй орхино.

11.1. 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд 25 ширхэг бичлэгт үзлэг хийж, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгаж, харин хариуцагч талаас бичлэгт байгаа аудио яриаг текст хэлбэрээр бичүүлэх санал гаргасныг хүлээн аваагүй талаар тэмдэглэжээ. /1хх-234-238/ Үүнээс хойш хариуцагч тал бичлэгт дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байх тул шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

12. Анхан шатны шүүх тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зүйл, хэсэг баримталсан нь оновчтой бус болсныг хассан өөрчлөлт оруулна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гөөс 50,269,972 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 34,581,015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “298 дугаар зүйлийн 298.1” гэснийг “288 дугаар зүйлийн 288.2.2” гэж

3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “582,502” гэснийг “409,300” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,883 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.БАДРАХ

                                             ШҮҮГЧИД                                             Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                           Т.ГАНДИЙМАА