Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 612

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

хохирогч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905017980593 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ регистрийн дугаартай, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын вокзалын авто зогсоол орчим иргэн Д.Дгийн биед халдан зодож, түүний дагзны баруун дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...2019 оны 4 сарын 17-ны орой Замын-үүд явах гээд эхнэрийн хамт вокзал дээр очсон. Д.Д 6 хүн машиндаа суулгачихсан байсан. Нэг хүн аваад Вокзал дээрээс гарах гэтэл дүүрэн хүнтэй машинд суучихъя гэсэн. Би болиултал маргаан үүссэн. Би гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ:

“...2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 9 цаг 40 минутаас 10 цаг 3 минутын хооронд үйл явдал үргэлжилсэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Б.Х болон П.Г нар надруу 2 уулаа зэрэг дайрсан. Мөрдөн байцаалтын шатанд нэг хүнээр бичээд байхаар нь тогтоох байх гэж бодсон. Тэгтэл огт тогтоогоогүй. Б.Х эхлээд надтай зууралдаж аваад П.Г гэдэг хүн нь бие рүү цохиж дайрсан. П.Г гэдэг хүнийг шалгуулъя, дээр нь тэр бичлэг алга болсонд би гомдолтой байна. Бичлэг алга болсон шалтгаан нь дүрсний чанар муу байсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хэлсэн..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хын өгсөн:

“…Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 21:00 цагийн үед Вокзалын хүн тээвэр хийдэг цэг дээр өөрийн 6891 УБЦ улсын дугаартай авто машинтай хүн ачих гээд зогсож байхад надтай адил хүн тээвэр хийдэг Д хувийнхаа авто машинтай миний хажууд зогсож байсан. Тэгээд намайг Дтэй юу ч яриагүй байхад Д надад хандаж ... би эндээс хүн авчих уу, авч болох уу .. гэхээр нь би Дд ... болно шүү дээ, бололгүй яадаг юм ... гэсэн чинь Д надруу ... чи эндээс зайл, зайлчихдаа гэсэн ... тэр үед ерөнхийдөө Д бид хоёрын хооронд маргаан эхэлсэн бөгөөд би эхлээд 20 орчим минут Дтэй хэрүүл хийлгүй дуугүй байсан. Тухайн үед Д намайг хэл амаар доромжлоод ... хоёулаа ийшээ саад орох уу, үзэх үү .... гээд өдөөд л байсан. Тэгээд би эхлээд дуугүй байсан боловч Д намайг .... машинаасаа буугаад ир ... гэсэн. Тэр үед би машинаасаа буугаад очтол Д миний нүүр орчим баруун гараараа нэг цохисон. Тэр үед би Дгийн эхний нэг цохилтыг гаргаад хоёр дахь цохилт нь миний зүүн шанаа орчим ирсэн байгаа. Тэр үед би зөрүүлээд Дгийн толгой орчим баруун гараараа нэг удаа цохиод, дараа нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэр үед Д миний цохилтоос болж хойшоо хөл алдаад авто замруу орох гэж байхад нь би өөрөө татаж нааш нь болгосон. Тэгээд би Дг замаас татчихаад шууд машиндаа ороод хаалгаа түгжээд суусан. Тэр үед Д миний машин дээр ирээд хаалга нүдээд урд болон хажуу талын шил нүдэж байгаад, миний машины урд хоёр их гэрэлний баруун талын гэрэл цохиод байсан. Тэр үед харин Д бид хоёртой хөдөө орон нутагт тээвэрт явдаг жолооч нараас хэн нэгэн нь ирээд ... болиоч чи гэж хэлж ... Дг татан аваад явсан. Тэр үед нь би өөрийнхөө машиныг асаан хөдлөөд Барс зах орчим очиж зогссон Замын үүд явах гэж байсан хүмүүсээ буулгасан. Тэгээд буцаад Дтэй маргалдсан газраа буцаад очтол Д гэмтлийн эмнэлэг явчихсан гэхээр нь би өөрийнхөө эхнэрийг аваад танай цагдаагийн хэлтэс дээр ирээд эхнэрийгээ оруулан Дтэй уулзуулахад Д толгойгоо боочихсон, манай эхнэрт .... гомдолтой байгаа, шийддэг газраар нь шийдүүлнэ гэж байна ... гэхээр нь би за за гээд гэртээ харьсан. Тэгээд дараа нь цагдаад өргөдөл өгсөн тухай мэдээд Дтэй уулзаад хохирол мөнгөний талаар ярьтал Д өдрийн 120,000 төгрөгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлмээр байна, чи өгч чадах уу гэхээр нь би Дд барахгүй талаараа хэлсэн. Тэр үед Д ... чамд тэгвэл хэдэн төгрөг байгаа юм бэ .. гэхээр нь би бэлэн 1,000,000 төгрөг байгаа талаараа хэлтэл, Д надад ... чи 2,000,000 төгрөг өгчих тэгвэл би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, өргөдлөө буцаалаа гэсэн. Тэр үед би Дд за тэгвэл тэгье гэсэн чинь Д надад ... маргааш гэхэд 2,000,000 төгрөг олж өгөөрөй гэхээр нь би за гээд салсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 43-45, 73-74/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Дгийн өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 21:00 цагийн үед өөрийнхөө 8447 УБД улсын дугаартай авто машинтайгаа Вокзалын авто зогсоолын хажуу талын карманд 4 хүн авчихаад, нэмж хоёр хүн олох гээд зогсож байтал, надтай адил орон нутагт явдаг Х гээд залуу өөрийнхөө авто машинтай миний хажуугаар шахаж зогссон. Тэр үед би машинаасаа буугаад нилээн холоос Замын үүд явах нэг хүн аваад машиндаа суулгах гээд явж байтал Хантанбаатар гэнэт миний хажуунаас ... за би нэг хүн аваад гарлаа гэж машиныхаа цонхоор хэлсэн ... тэр үед миний машинд суух гээд явж байсан хүн Хыг гарах гэж байгаа гээд Хын машинд сууна гээд явчихаар нь би Хт ... чи яаж байгаа юм бэ, адилхан хүн олох гэж ядарч байгаа юм байж ... гэсэн чинь Х надад ... тэр ямар хамаатай юм, би угаасаа гарах гэж байгаа юм чинь, нэг хүн аваад явахад яадаг юм гээд ... маргаан эхэлсэн. Тэр үед надад бас нэг хүн дайвар өгөх гээд ирсэн чинь Х бүр их уурлаад, надад ... хоёулаа хөдөө замд гараад замдаа уулзнаа, чи надтай уулзаж чадах уу, айгаад уулзаж чадахгүй дээ ... гэхээр нь би ... одоо энд уулзъя л даа ... гэсэн чинь Х машинаасаа бууж ирээд өөр нэг орон нутаг явдаг залуутай нийлээд ... энэ мууг энд нь алчихъя ... гээд хоёулаа надруу дайрсан. Тэр үед Х, нөгөө залуугийн хамтаар надтай зууралдаж байгаад, буцаад машинруугаа явсан чинь нөгөө залуу нь бас надруу дайрахаа больсон. Тэгээд Х машин руугаа яваад хаалгаа онгойлгон нэг юм ухаж байгаад гартаа үзүүртэй гэмээр зүйл барин гарч ирээд надруу дайрсан чинь анх надруу Хтай дайраад байсан залуу дахин Хтай нийлээд дайрсан. Тэр үед нөгөө залуу нь намайг бариад Х гартаа барьсан үзүүртэй гялгар юмаар дээгүүр нь давуулаад цохиод байсан. Тэр үед харин Х бид хоёртой хамт хөдөө орон нутагт явдаг жолооч нар ирээд салгасан. Тэр үед нөгөө намайг бариад байсан залуу алга болсон бөгөөд Х бас машиндаа суугаад зугтаасан. Би араас нь барьж авах гээд Хын машинаас 20 орчим метр чирэгдэж явсан. Тэгээд Хын машинд чирэгдэж байгаад би 103-т дуудлага өгсөн боловч түргэн ирэхгүй 20 орчим минут болоод байхад миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь манай тэр хавийн жолооч нар миний машиныг бариад гэмтэлийн эмнэлэг хүргэн өгсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулаад цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.И-ын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой Д машиндаа 4 хүнтэй байсан бөгөөд нэг хүн олоод машиндаа суулгах гэж байхад хажуу талаас Х Дгийн авч ирсэн хүнийг өөр машинд суучих одоо гарах гэж байгаа гэж хэлээд Д, Х нарын хооронд маргаан болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо маргаад байж байх хооронд би ариун цэврийн өрөө орж бие засчихаад гараад иртэл Дгийн толгойноос цус гарчихсан Хын машины хаалганаас зуурчихсан ... миний толгой руу Х юмаар хатгачихлаа ... гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Гын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 17-ны оройн 21 цагийн үед БГД-ийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах вокзалын урд талын автобусны буудал дээр өөрийн машинаа зогсоогоод, алхаад вокзалын зүүн хойд талд байрлах авто машины зогсоол дээр зогсож байсан Х дээр очиход Д Хыг зайлаачээ пизда минь гэж хэлсэн, Х за за одоохон зайллаа гэж хэлсэн. Х намайг ирсэн гэдгийг ажиглаагүй нөгөө Дтэй маргалдаад байсан, би юунаас болж маргалдаад байгаа юм гэж асуухад Д Х дээр ирээд гэдсээрээ арагшина түлхээд байсан. Би мөн голоор нь ороод та хоёр яагаад байгаа юм гэхэд Х намайг эндээс хүн авлаа гэнээ зайл гээд байна, би одоо явлаа гэж хэлэн Х машиндаа ороод машинаа асаатал Д нэг юм хэлсэн Х машинаасаа эргээд бууж ирээд Дтэй зууралдсан. Энэ үед би мөн Дг салгаад Хын машины араар түлхээд яв гэж хэлсэн, гэтэл Д Хыг цохих шиг болсон, Х зөрүүлээд мөн цохисон, би голд нь салгаад яахаа мэдэхгүй байсан. Энэ үед Д газар унасан, би гараас нь татаад босгоод, газар унасан байсан гар утсыг аваад утсаа ав гээд өгөх үед миний өмсөж байсан куртик цус болсон байсан. Үүний дараа Д газраас босож ирээд Хыг ална гээд хөөсөн, Х зугтаад машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 93-94/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 4938 тоот: 

  1. Д.Дгийн биед дагзны баруун дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  2.3.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 14/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын вокзалын авто зогсоол орчим иргэн Д.Дгийн биед халдан зодож, түүний дагзны баруун дээд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Хын “…би зөрүүлээд Дгийн толгой орчим баруун гараараа нэг удаа цохиод, дараа нь зүүн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Дгийн “...Х машин руугаа яваад хаалгаа онгойлгон нэг юм ухаж байгаад гартаа үзүүртэй гэмээр зүйл барин гарч ирээд надруу дайрсан чинь анх надруу Хтай дайраад байсан залуу дахин Хтай нийлээд дайрсан. Тэр үед нөгөө залуу нь намайг бариад Х гартаа барьсан үзүүртэй гялгар юмаар дээгүүр нь давуулаад цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.И-ын “...Д, Х нарын хооронд маргаан болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо маргаад байж байх хооронд би ариун цэврийн өрөө орж бие засчихаад гараад иртэл Дгийн толгойноос цус гарчихсан Хын машины хаалганаас зуурчихсан ... миний толгой руу Х юмаар хатгачихлаа ... гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Гын “...Д Хыг цохих шиг болсон, Х зөрүүлээд мөн цохисон, би голд нь салгаад яахаа мэдэхгүй байсан. Энэ үед Д газар унасан, би гараас нь татаад босгоод, газар унасан байсан гар утсыг аваад утсаа ав гээд өгөх үед миний өмсөж байсан куртик цус болсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 4938 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Д гэрч П.Гыг шүүгдэгчтэй нийлж дайрсан гэх боловч гэрч П.Г болон шүүгдэгч Б.Х нарын мэдүүлгээс үзэхэд П.Г нь зодооныг салгах зорилготой үйлдэл хийжээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргасан Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Хт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал ажиглагдахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Б.Хт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ