Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2019/0020/З |
Дугаар | 221/МА2020/0221 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0221
Говь-Алтай аймаг дахь “А” нисэх
буудлын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Говь-Алтай аймаг дахь “А” нисэх буудлын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “А” нисэх буудлын дарга Д.Б 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “А” нисэх буудлын “тус аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Говь-Алтай аймаг дахь “А” нисэх буудлын дарга Д.Б дээр шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “А” нисэх буудал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12 өдрийн А/513 дугаар захирамжаар “А” ХХК-д техникийн захын зориулалтаар олгогдсон 6000 м.кв газар, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаар захирамжаар “Ө” ХХК-д худалдааны төвийн зориулалтаар 18000 м.кв газрыг олгосон захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж “А” нисэх буудлын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбарт бодитой дүгнэлт хийхгүйгээр мөн 6000 м.кв талбайд ямар ч зураг төсөл бүхий барилга барих нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байхад “А” ХХК-д газар олгосон нь “нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх хүлээн”, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэдгийг тус тус зөрчсөн.
Анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд шинжээчид тавьсан асуултад тодорхой хариулаагүй, эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан байхад тус дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь 2018 оны А/513 дугаар захирамжаар 6000 м.кв газрыг “А” ХХК-д олгохдоо эхлээд аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамж гаргасан, дараа нь аймгийн Засаг дарга нь нэг өдөр нэг дугаартай захирамжийг гаргаж нийт 2 захирамж байдаг бөгөөд аль нь хүчинтэй болох эсэх нь тодорхойгүй, мөн нисэх буудлын аюулгүй бүсэд “А” нисэх буудалтай зөвшилцөхгүй олгосон нь аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” А/457 дугаар захирамжийг тус тус зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад анхан шатны шүүх газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Маргааны үйл баримтад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулалгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан шаардлага буюу “Ө” ХХК-д худалдааны төвийн зориулалтаар 18000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны А/235 дугаар захирамжтай холбоотой баримтууд авагдсанаас бус нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “А” ХХК-д техникийн захын зориулалтаар 6000 м.кв газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжтай холбоотой баримтууд бүрэн авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.
Тухайлбал аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаар захирамжаар тус аймаг дахь нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн болон хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд эдгээр бүсэд бусдад газар эзэмшүүлж болох эсэх, “А” ХХК-д эзэмшүүлсэн 6000 м.кв газар нь дээрхийн аль хэсэгт хамаарч байгаа болох, Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/308 дугаар захирамжаар энэхүү газрыг анх төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэг ч төсөл ирээгүйтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулалтын 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр захирамжаар дахин зарлаж, “Э” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “А” ХХК-иуд оролцжээ.
Газар эзэмших төсөл сонгон шалгаруулалтын урилгын “гэрээний нөхцөл”-д техникийн захын барилга байгууламж барих эскиз зураг төсөв ирүүлэхээр, “төсөл шалгаруулах үндсэн үзүүлүүлэлт”-д төслийн агуулга, үнийн санал, шугам сүлжээний зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх, барилгын зураг төслийг харгалзан үзэхээр тус тус заасан, харин хэргийн 60 дахь талд авагдсан сонгон шалгаруулалтын комиссын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд ирүүлсэн төслүүдийг дээрх урилгад заасан шаардлагад нийцүүлэн 14 хоногийн хугацаа зааж дахин хүлээн авахаар болсон байх бөгөөд дуудлага худалдааны ялагч болсон “А” ХХК-иас энэ дагуу ямар материал ирүүлсэн болох, тухайн газрыг анх “төсөл сонгон шалгаруулах” журмаар олгохоор байснаа чухам ямар үндэслэлээр “дуудлага худалдаа”-ны журмаар эзэмшүүлэх болсон, тэрхүү дуудлага худалдаа нь хэрхэн явагдсан талаарх баримтууд авагдаагүй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдааны журмаар шийдвэрлэхээр заасан боловч энэ тохиолдолд аль журмаар “А” ХХК-д газар эзэмшүүлсэн болох нь тодорхойгүйгээс гадна Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “А” ХХК-д газар эзэмшүүлэхдээ “А” нисэх буудал эсхүл тус нисэх буудлыг харьяалах Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газартай зөвшилцөөгүй” болох нь тусгагджээ.
Дээрх дүгнэлтэд “Ө” ХХК-д эзэмшүүлсэн 18000 м.кв газар ч багтсан бөгөөд хуудас нь дугаарлагдаагүй хэрэгт авагдсан газрын байршил зүйн зургаас үзэхэд “Ө” ХХК болон “А” ХХК-д тус тус эзэмшүүлсэн газрууд хил залгаа атал “…дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцээгүй” гэсэн үндэслэлээр зөвхөн “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулан “А” ХХК-д газар эзэмшүүлэх харилцаа хуулийн дагуу явагдсан эсэхийг, мөн тус компанид газар эзэмшүүлэх эрх олгосон огноо, дугаар, агуулгын хувьд адил, гагцхүү Засаг дарга, Засаг даргын орлогч нарын тус тусын гарын үсэг бүхий 2 захирамж байх /хх-ийн 63 дахь талд/ бөгөөд эдгээрийн аль нэгийг нь хүчингүй болгохгүй байгаа шалтгааныг тодруулах нь зүйтэй.
Хэргийг дахин хянан шийдвэрлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүхийн шийдвэрийг танилцуулсан хэсэг техникийн алдаатай, өөр хэрэг, маргааныг шийдвэрлэсэн мэтээр тусгагдсан байгааг зөвтгөн, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН