| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04776/И |
| Дугаар | 210/МА2026/00279 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00279
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07579 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 121,719,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* би Тэнгэрийн гэрэлт цамхаг ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 01- ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр *******, Зайсан 8 /1-2/ хаягт байрлах объектын Д блокийн барилгын суурь, зоорийн давхар болон 1-5 давхрын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Хариуцагч нь ажлын хөлс 326,838,713 төгрөг төлөхөөс 217,869,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 108,969,713 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.
1.2. Талуудын байгуулсан гэрээний 7.3-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байхад захиалагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй мөн гүйцэтгэсэн ажил үүргийг хавсралт №01-д заасан хугацаанд хүлээн аваагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу алданги 12,719,169 төгрөг болсон. Иймээс хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 108,969,713 төгрөг, алданги 12,719,169 төгрөг, нийт 121,719,169 төгрөг гаргуулна.
1.3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 32,512,400 төгрөгийн ажлыг дутуу хийсэн гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 32,512,400 төгрөгөөр багасгасан тул 89,206,769 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
*******,нд байршилтай ******* хотхоны В, D блок, 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай бүрэн цутгамал барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр *******тэй гэрээ байгуулж ажилласан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж В блок дуусаж, D блок 5 дугаар давхар хүртэл хийгдээд зогссон. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр *******тэй тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад В блокийн угсралтын алдаатай холбоотой төлбөрийг хэрхэн суутгахыг ярьж шийднэ гэж дурдсан.
Алдааны хувьд угсралтын зургийн дагуу хананд нүх гаргаагүйн төлбөр D блок 1,104,000 төгрөг, В блок 5,658,000 төгрөг, хар шалны цутгалтын зөрүү 25,750,400 төгрөг, нийт 32,512,400 төгрөгийн ажил дутуу хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 76,457,313 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 12,749,456 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 540,236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны үеэр хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь хуульд нийцээгүй. Учир нь шүүх хэргийн материалтай танилцах 10 минутын хугацаа өгсөн боловч богино хугацаанд хэргийн материалийг бүрэн шинжлэн судалж нотлох баримт гаргах боломжгүй, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх, нотлох баримтыг няцаах боломж хангагдахгүй байхад хэргийг хянан шийдвэрлэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
4.2. Хэрэгт талуудын тооцоо нийлсэн акт авагдсан бөгөөд уг актад ХХК-тай тооцоо нийлсэн актаар В блокын угсралтын алдааны акт тавигдсан. Дээрх тооцоо нь акт суутгаагүй дүн болно гэсэн утгатай байдаг. Шүүхээс хэргийн материалтай танилцах, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх хугацаагаар хангаж өгөөгүй атлаа шүүхийн шийдвэрт... холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ гэж тусгасан нь илт алдаатай шийдвэр болсон. Учир нь нэхэмжлэгч талын өмгөөлөгч ...бид нар ХХК-тай холбогдоход яах аргагүй акт байсан нь үнэн гэсэн... гэж тайлбарласан байхад шүүхээс хэргийг бүрэн гүйцэт нотлогдоогүй байхад шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Тус хэрэгт шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Тиймээс хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлд тус тус заасан эрхээ хариуцагч эдэлсэн. Учир нь ХХН-ийн өмгөөлөгч н., хуульч , , ******* нар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах шалтгаан болж байсан.
5.2. Талуудын тооцоо нийлсэн акт байдаг бөгөөд бид гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги шаардаж байсан шаардлагаасаа татгалзсан. Мөн ХХК-тай тооцоо нийлсэн акт болон ******* ХХК-ийн хийсэн ажилд алдаа гарсан гэх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч 108,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүхээс 76,000,000 төгрөг болоход тухайн үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нь бригадаар ажиллаж тодорхой хүмүүст цалин олгодог бөгөөд тэдгээр ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй асуудал үүссэн. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, тус шийдвэрийг гардан авах боломжтой байхад шуудангаар авч тул хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьдаг.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Тэнгэрийн гэрэлт цамхаг ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 121,719,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32,512,400 төгрөгөөр багасган, 89,206,769 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийннд байршилтай, ******* хотхоны D блок, 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх, хариуцагч Тэнгэрийн гэрэлт цамхаг ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5-10/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийннд байршилтай, ******* хотхоны D блок, 16 давхар орон сууцнаас барилгын суурь, зоорь, 1-5 давхар хүртэл 326,838,713 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснээс хариуцагчаас 217,869,000 төгрөгийг төлж, 108,969,713 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хариуцагч байгууллагын нягтлан бодогч П.Чинбаярын гаргасан тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. /хх-ийн 21/
4.1. Талууд гэрээгээр Хан-Уул дүүргийннд байршилтай ******* хотхоны D блок, 16 дугаар давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын барилга угсралтын ажлыг 766,220,500 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон, үүнээс нэхэмжлэгч нь 1-5 давхар хүртэл барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, улмаар барилгын ажил зогссон, хариуцагч 108,969,713 төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй байна.
4.2. Дээрхээс дүгнэвэл, талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4.3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн тооцоо нийлсэн актад В блокийн угсралтын ажлын алдааны төлбөрийг суутгаагүй дүнг тодорхойлсон ба угсралтын зургийн дагуу хананд нүх гаргаагүйн алдаа дутагдалд 6,762,000 төгрөг, хар шалны цутгалтын зөрүү 25,750,400 төгрөг, нийт 32,512,400 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь уг тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 32,512,400 төгрөгийн хэмжээгээр багасгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
4.4. Харин хариуцагч нь ... ХХК-тай тооцоо бүрэн нийлээгүй учир дээр дурдсан 32,512,400 төгрөгийн ажлаас гадна дахин суутгах зүйл байгаа гэж маргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.5. Анхан шатны шүүх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 108,969,713 төгрөгөөс нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлын суутгалд тооцсон 32,512,400 төгрөгийг хасаж, хариуцагчаас үлдэх 76,457,313 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Тэнгэрийн гэрэлт цамхаг ХХК-д холбогдуулан алданги 12,749,456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
6.1. Шүүх тус хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан. Хариуцагч байгууллагаас тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг д олгож, тэрээр 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хариу тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг гаргасан. Шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр товолж, шүүгчийн туслах 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдэгдсэн.
Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээсээ татгалзсан тул 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагыг төлөөлж ******* нь шинээр оролцож, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, харин хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулсан байна. Үүний дараа шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шат өнгөрсний дараа өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байх тул тэрээр хэргийн материалтай танилцах, нотлох баримт ирүүлэх, гаргаж өгөх замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Түүнчлэн, хариуцагч байгууллагын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаан хийх өдөр сольсон нь тухайн байгууллагын зохион байгуулалттай холбоотой байх тул анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу биш байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хэргийн материалтай танилцах 10 минутын хугацаа өгсөн боловч богино хугацаанд хэргийн материалийг бүрэн шинжлэн судалж нотлох баримт гаргах боломжгүй, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх, нотлох баримтыг няцаах боломж хангагдахгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 540,237 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ