Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 718

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805045890610 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: __ дугаарын регистртэй, Ц.С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал орчим таксинаас буухдаа хамт явж байсан Ш.Ү-гийн нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж гар цүнхийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Сгийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б- бид хоёр Хархорин зах дээр жижиг сажиг хог зарсан тэр өдөр нэг бүдүүн эгчтэй танилцсан. Тухайн өдөр бороо орж байсан болохоор Б- бид хоёр 16-17 цагийн хооронд буугаад Б-ын гэр болох Орбитод очиж байж байтал хойноос бүдүүн эгч Б- утсаар холбогдоод ирсэн. Бүдүүн эгч ирээд 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад бид гурав хамт Б-ын гэрт хувааж уусан. 20-21 цагийн хооронд архиа ууж дуусаад Б- гэртээ үлдээд бүдүүн эгч бид хоёр такси бариад 32-н буудал дээр ирээд би бүдүүн эгчийг дахиад нэг шил юм аваад өгөөч гэхэд бүдүүн эгч мөнгө байхгүй гэхээр нь би таксинаас бүдүүн эгчийн цүнхийг нь аваад явсан. Цүнхэнд нь бичиг баримт, 60.000 төгрөг будаг, шунх байсан. Би мөнгийг нь аваад үлдсэн зүйлсийг нь цүнхтэй нь гүүр давуулаад шидчихсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ жаахан архи уучихсан байсан гэнэт эд зүйлсийг авч явах санаа орж ирээд цүнхтэй эд зүйлсийг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-38, 49-54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ү-гийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Орбитоос такси бариад БГД-н 20-р хороо 5-н шарын автобусны буудал дээр ирээд Сонинхүү гэх залууг машинаас буулгах гэхэд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод миний цүнхийг угзарч татахад цүнхний оосор тасарч Сонинхүү миний цүнхийг булаагаад аваад явсан. Тэгээд таксины жолоочтой хамт тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед Орбит орчмоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын хажуу талаас гар өргөхөөр нь авсан чинь таван шар орно гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргаад эмэгтэй нь согтуурхаад хэл амаар хамт явсан 40 орчим насны залуугаа доромжлоод байсан тул тэр залуу таван шар орчим очоод хэдэн төгрөг гарсан талаар тодруулахад 6.500 төгрөг гарсан байгаа талаар хэлэхэд ах нь хамаг мөнгөө наад хүүхэнд чинь зарцуулж архи авч өгөөд дууссан байна. Би чамд бичиг баримт гар утсаа өгье маргааш холбогдож байгаад авна гэж ярилцаж байтал хамт явсан эмэгтэй чи буу яв зайл гээд байсан тул тэр ах надад хандаж наад эмэгтэй чинь мөнгө байхгүй би аваад бууя гээд машинаас бууж чи буугаад ир гээд татаж байсан. Тэгтэл би буухгүй гээд байсан тул цүнхнээс нь татахад оосор нь салаад үлдсэн. Хамт явсан гэх залуу буугаад ир гээд цүнхийг нь аваад цаашаа яваад өгсөн. Тэр үед тэр эмэгтэй цагдаа дууд намайг дээрэмдлээ гэх мэтээр орилж чарлан цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал орчим таксинаас буухдаа хамт явж байсан Ш.Ү-гийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Сгийн “...Дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ жаахан архи уучихсан байсан гэнэт эд зүйлсийг авч явах санаа орж ирээд цүнхтэй эд зүйлсийг нь аваад явчихсан..” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Ү-гийн “...Сонинхүү гэх залууг машинаас буух гэхэд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод миний цүнхийг угзарч татахад цүнхний оосор тасарч Сонинхүү миний цүнхийг булаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Эын “...Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед Орбит орчмоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын хажуу талаас гар өргөхөөр нь авсан чинь таван шар орно гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргаад эмэгтэй нь согтуурхаад хэл амаар хамт явсан 40 орчим насны залуугаа доромжлоод байсан тул тэр залуу таван шар орчим очоод хэдэн төгрөг гарсан талаар тодруулахад 6.500 төгрөг гарсан байгаа талаар хэлэхэд ах нь хамаг мөнгөө наад хүүхэнд чинь зарцуулж архи авч өгөөд дууссан байна. Би чамд бичиг баримт гар утсаа өгье маргааш холбогдож байгаад авна гэж ярилцаж байтал хамт явсан эмэгтэй чи буу яв зайл гээд байсан тул тэр ах надад хандаж наад эмэгтэй чинь мөнгө байхгүй би аваад бууя гээд машинаас бууж чи буугаад ир гээд татаж байсан. Тэгтэл би буухгүй гээд байсан тул цүнхнээс нь татахад оосор нь салаад үлдсэн. Хамт явсан гэх залуу буугаад ир гээд цүнхийг нь аваад цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримт болон гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн цүнхийг авахын тулд тулгарч буй аливаа саадыг арилгах зорилгоор хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл  хийгээгүй байх тул шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглээгүй байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилж, шүүгдэгч Ц.Сг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 290.000 төгрөгийн хохирол дээр, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...хохирогчийн цүнхэнд 60.000 төгрөг бэлнээр байсныг авсан...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 350.000 төгрөг гаргуулж хохирогч  Ш.Ү-д олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон 6 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээв.

 

Шүүгдэгч Ц.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Чонод овогт Цэрэндорж овогтой Сонинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сг 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Сгийн цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

     6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сгээс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ү-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ