Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00280

 

 

******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07999 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: ******* ХХК

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

 

Дампуурсанд тооцож, татан буулгуулах иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулгаа:

1.1. ******* ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 114,500,000 төгрөг, нэг хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан боловч тогтвортой, идэвхтэй үйл ажиллагааг эрхлээгүй. 2014 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, дотоодын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар богино болон урт хугацаат хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажилласан. Гэвч 2017 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж богино болон урт хугацаат өр төлбөр төлөөгүй, хөрөнгө оруулалт олгосон аж ахуйн нэгжүүд ашиггүй ажиллаж өр төлбөрийг төлж чадахгүй, ажилчдын цалин хөлсийг олгох боломжгүй, татвар, нийгмийн даатгалын өр төлбөр нэмэгдэж төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон. Мөн 2019 оноос эхэлсэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 халдварт өвчний улмаас үүссэн эдийн засгийн хямрал, татварын өсөлт, ам долларын ханшийн өсөлт гэх зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс хамааран сүүлийн 7 жил үйл ажиллагаа явуулаагүй.

1.2. Компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй, харин нэр бүхий 10 компанийн хувьцаа эзэмшдэг тул нэхэмжлэлд хавсралтаар гаргасан. Тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1836 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 245,253,528 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 103,558,614 төгрөгийн өр төлбөртэй. ******* ХХК нь үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул компанийг татан буулгах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан.

Иймд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагыг хангаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тус компанийн өр төлбөр 2023 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар 104,182,017.15 төгрөг ба үүнээс 2015 оноос үүссэн цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 101,975,655.22 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 2,206,361.93 төгрөг болно.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1-д Татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж заасныг зөрчсөн тул татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд ******* ХХК-аас татварын өр төлбөрт 104,182,017.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ:

3.1. ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2013-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарсан. Тус тайлангийн үзүүлэлтүүд болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00923 дугаартай шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1836 дугаартай захирамж, ******* ХХК-ийн мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 3,662,904,545.64 төгрөг болж өөрийн хөрөнгийн 124.51 хувь...-100.77 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Тайлант хугацаанд ******* ХХК-ийн хуримтлагдсан алдагдал - 3,552,592,000 төгрөгт хүрч эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн дүнгээс /нийт хөрөнгө/ давсан үзүүлэлт гарч байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн -124.51 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна. Тус хуулийн зохицуулалт нь баланс шийт буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай нийцсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Эй Пи АЙ Пи ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2013-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 онд 4,356,203,916.69 төгрөг, 2019 онд 4,136,746,547.11 төгрөг, 2020 онд 4,141,144,400 төгрөг, 2021 онд 4,145,997,000 төгрөг болон нэмэгдэж, нийт 3,552,592,000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 106.9 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2018 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахал ковид19 коронавирусын үед улс эх оронд тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай захирамж болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

3.3. ******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн байх боловч нөгөө талаар ******* ХХК-ийн богино хугацаат өр төлбөрүүд хил гаалийн байгууллагын үйл ажиллагаа хаагдсан, тээврийн үнийн хэт өсөлтөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн зэрэг удаа дараа бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй болсон, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлд гүйцэтгэх удирдлагын буруутай ажиллагаа, үйл баримт тогтоогдоогүй.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, талуудаас дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргагч ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хариуцагч төлбөрийн чавдартай болох нь тогтоогдвол гэж заасан. Гэтэл шүүх хариуцагчийн хүсэлтийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ зөвхөн тус хуулийн этгээдийн өмнөх эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцааг дүгнэж өмнөх хувьцаа эзэмшигчийн буюу худалдагчийн компанид оруулсан өр төлбөр, хохирол, үр дагаврыг эцсийн өмчлөгч нь арилгуулахаар шаардах, хэлцэл, гэрээний үүрэг шаардах зэргээр шийдвэрлэх боломжтой байхад хуулийн этгээдийг шууд дампууруулах, татан буулгах замаар шүүхэд хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэсэн хуульд нийцэхгүй байна.

5.2. Шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн эцсийн өмчлөгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******гээс тус хуулийн этгээдийг шилжүүлэн авсан боловч үүнээс хойш нэг сар гаруйн хугацаанд хуулийн этгээдийг татан буулгах, дампууруулах хүсэлтийг шүүхэд гаргасан үйл баримтад үндэслэн хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж хуулиар хориглоогүй зүйлийг үндэслэл болгосон. Тухайн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь Дампуурлын тухай 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байхад хуулийн этгээдийг шилжүүлэн авснаас хойш нэг сар гаруйн хугацаанд хуулийн этгээдийг татан буулгах, дампууруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасантай нийцэхгүй байна.

5.3. Шүүхийн шийдвэрт 2013-2022 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 3,312,806,000 төгрөгийн өр төлбөр үүссэн гэх шалтгаан үндэслэлийн талаар хүсэлт гаргагч тодорхой тайлбар гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тухайн өр төлбөр юунаас үүссэн гол шалтгаан зэрэг тодорхой тусгагдаагүйгээс Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээ бүрэн тусгагдсан эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь Эи Пи Ай Пи ХХК өөрөө бусдад төлөх 3,3 тэр бумын өр төлбөртэй байхад Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан бусдаас авах авлагад хамааруулан тооцож, Дампуурлын тухай хуулийн нэр, томьёог буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ.

******* ХХК-ийн 3.3 тэрбум төгрөгийн өр төлбөр юунаас ямар үйл ажиллагааны улмаас үүссэн нь тодорхой бус байхад зөвхөн татварын тайланд үндэслэн төлбөрийн чадваргүй болсон гэж үзэхэд учир дутагдалтай... гэж Монгол улсын сангийн яам Төрийн сангийн хэлтсээр баталгаажсан хуулийн этгээдийн санхүүгийн тайланг үгүйсэгсэн хариуцлагагүй дүгнэлтийнхээ үндэслэлийг шийдвэрт тусгахгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан журмыг зөрчжээ. Санхүүгийн тайланд тусгагдсан тухайн 3.3 тэрбум төгрөг нь Гадаадын хөрөнгө оруулагч талаас аваад буцааж төлж чадаагүй өр төлбөр бөгөөд энэхүү компанийг анх Монгол улсын иргэн ******* өөрийн нөхөр болох АНУ-ын иргэн болон түүний ХХК-ийн санхүүжилтээр үүсгэн байгуулсан боловч Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн шаардлага, шалгуур үзүүлэлт өндөр, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн таатай орчин бүрдээгүй, зах зээл хумигдмал зэрэг нөхцал шалтгааны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний алдагдал хүлээж оруулсан хөрөнгө оруулалт нь ******* ХХК-ийн өр төлбөр болж үлдсэн.

Шүүхээс ******* ХХК-ийн дампуурлын үйл ажиллагаанд хяналт тавьж, захирамж гарган тодорхой ажиллагаануудыг шаардаж хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хоёр дахин гаргуулахад тухайн компани төлбөрийн чадвартай болох нь тогтоогдоогүй. Гэтэл шүүх зөвхөн татварын тайланг үндэслэн төлбөрийн чадваргүй болсон гэж үзэхэд учир дутагдалтай гэж өөрийн үзэмжээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцэхгүйгээс гадна шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон захирамжтай зөрчилдсөн. Тус компани нь зөвхөн гадны эх үүсвэрээс 100 хувь хамааралтай үүсгэн байгуулагдан алдагдалд орж санхүүгийн эргэшгүй уналтанд орсон учраас цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадамж байхгүй тул чөлөөт зах зээлийн тогтолцоотой нийгмийн харилцааны дагуу Дампуурлын хуулийн хамгаалалтанд орж зах зээлийг цэвэршүүлэх нийгэм эдийн засгийн ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хүсэлт гаргагч Эи Пи Ай Пи ХХК-ийн татварын өр төлбөр 2023 оны 12 дугаар сараас эхэлж үүссэн ба 104,182,017.15 төгрөг байна. Үүнээс өр төлбөр 2015 оноос цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос олгосон тайлангийн өрөнд 101,000,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өрөнд 2,200,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Хэрэгт Эи Пи Ай Пи ХХК-ийн 2018-2022 оны санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ болон санхүүгийн тайланд хийсэн баланс үзүүлэлтийн харьцуулалт авагдсан. Эдгээрээс харахад Эи Пи Ай Пи ХХК нь 2021 онд өөрсдийн дансны балансыг цэвэрлэж, татварын өр төлбөрөө барагдуулах боломжтой байхад орлогуудаа хаасан байдаг. Тус үйл баримтын дараа 2022 онд компанийн өмчлөгчийг сольж 2023 оноос дампуурлын хэрэг үүсгэсэн.

Иймд Эи Пи Ай Пи ХХК нь дампуурах зорилгоор өөрсдийн балансыг цэвэрлэж, татварын газар дампуурах хүсэлт гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хүсэлт гаргагч ******* ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/06376 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчийг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/06643 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, Өдрийн сонины 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №06(7427) дугаарт нийтэлж, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14.00 цагт хийхээр болсон нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна. /1-р хх53-55, 192-193/

 

3.1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 104,182,017.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /1-р хх177-178/

 

3.2. Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1-р хх-201/

 

3.3.Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар дахин дүгнэлт гаргахыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хэрэг гүйцэтгэгчээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 05 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд ******* ХХК-ийг 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй гээд татан буулгах саналыг гаргасан. /1-р хх-ийн 204-216/

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. БНХАУ-ын Asia Pasific Investment Partners Limited компани нь ******* ХХК-ийг 100,000 ам.долларын дүрмийн сантайгаар 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулан компанийн дүрмийг баталж, улмаар 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. /2-р хх6-7, 189-193/

 

4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаар тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр , 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Галбадрах, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* нар тус тус бүртгэгдсэн. Мөн тус хуулийн этгээд 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ХХК хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ГХОХХК, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ХХК болж тус тус хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилсөн. /2-р хх5-6/

 

4.3. ******* ХХК-ийн дүрмийг 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн баталж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь нийт 114,500,000 төгрөг байх ба нэг бүрийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 11,450 ширхэг энгийн хувьцаа байхаар өөрчилсөн. /2-р хх153-161/

 

4.4. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрээр компанийн бүх хувьцааг *******д худалдахаар шийдвэрлэсэн тул , ******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувьцаа худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр худалдагч нь ******* ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 11,450 ширхэг энгийн хувьцааг худалдах, худалдан авагч нь 114,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар тус компанийн эцсийн өмчлөгчөөр ******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байна. /2-р хх-ийн 60-62/

 

4.5. ******* нь *******тэй 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 11,450 ширхэг хувьцааг 114,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Улмаар тус компанийн эцсийн өмчлөгчөөр ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байна. /2-р хх18-21, 24-25/

 

5. Хүсэлт гаргагч ******* ХХК нь ...2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй. Харин 2017 оноос хойш компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж өр төлбөрөө төлөөгүй, ажилчдын цалин хөлсийг олгох боломжгүй, татвар, нийгмийн даатгалын өр төлбөр нэмэгдэж төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлээгүй. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан ковид-19 халдварт өвчний улмаас үүссэн эдийн засгийн хямрал, татварын өсөлт, ам долларын ханшийн өсөлт зэрэг эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсөн. Тиймээс манай компани шүүхийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 245,253,528 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 103,558,614 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэж тайлбарласан.

 

5.1. Хэргийн баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******д ******* ХХК-ийн хувьцааг худалдахад дампуурах ямар нэг эрсдэл байхгүй гэж, 2022 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр *******т худалдахдаа ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээс өмнө бий болсон өр төлбөр маргааныг өөрийн зардлаар шийдвэрлэх, учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус гэрээгээр тохирсон байна. Гэтэл уг компанийн хувьцааг худалдан авснаас хойш ******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Учир нь хэрэг гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд ...******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2013-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарсан. Үүнд компанийн өр төлбөр 3,662,904,545.64 төгрөг болж өөрийн хөрөнгийн 124.51 хувь...-100.77 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон. Тайлант хугацаанд ******* ХХК-ийн хуримтлагдсан алдагдал -3,552,592,000 төгрөгт хүрч эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн дүнгээс /нийт хөрөнгө/ давсан үзүүлэлт гарсан. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн -124.51 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна. Иймд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, талуудаас дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ. /2-р хх-ийн 228-242/

 

5.3. Хүсэлт гаргагч ******* ХХК-аас дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэл тогтоогдсон гэх нөхцөл байдлыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд зөвхөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн тус компанийг татан буулгах үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Хүсэлт гаргагч ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 104,595,017 төгрөг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 245,503,528 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдсон. Гэтэл уг өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхаас гадна ******* ХХК-ийн 2013-2022 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 3,312,806,000 төгрөгийн өр төлбөр бий болсон гэх дампуурлын үндсэн шалтгаан нөхцөл тодорхой бус, ямар шалтгаанаар уг өр төлбөрийг төлөөгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг гүйцэтгэгчийн хоёр удаагийн дүгнэлтээр төлбөрийн чадвартай болох нь тогтоогдоогүй байхад шүүх төлбөрийн чадваргүй болсон гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5.4. Хэргийн баримтаар ******* ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 11,450 ширхэг энгийн хувьцааг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээгээр *******д, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр *******т тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

5.5. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээний 4.1-д худалдагч нь худалдан авагчид дараах мэдэгдэл болон баталгааг гаргаж байна. 4.1.3-т компанийг дампуурах ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, энэ асуудлаар ямар нэгэн хугацаа, тов зарлагдаагүй, компанийг дампуурсан хэмээн зарлаж байгаагүй, хөрөнгө мөнгө хангалтгүй гэсэн үндэслэлээр дампууруулах нэхэмжлэл буцаагдаж байгаагүй, компани нь дампуураагүй бөгөөд дампуурах ямар нэгэн аюул занал байхгүй гэж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6.1-д талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулбал учруулсан шууд болон шууд бус бүхий л хохирол, зардлыг үл маргах журмаар нөхөн төлнө гэж заасан.

 

5.6. Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдэд зааснаар өмнөх хувьцаа эзэмшигчийн буюу худалдагчийн компанид учруулсан өр төлбөр, хохирол, үр дагаврыг эцсийн өмчлөгч нь арилгуулахаар шаардах, хэлцэл гэрээний үүрэг шаардах зэргээр хуулийн этгээдийн үйл ажиллагаанд үүссэн доголдлыг арилгах, өмнөх өмчлөгчийн үүсгэсэн өр, төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний дагуу гаргуулахаар шаардах, өр төлбөр, хохирлыг гаргуулах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь зөв байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...санхүүгийн тайланд тусгагдсан тухайн 3.3 тэрбум төгрөг нь Гадаадын хөрөнгө оруулагч талаас аваад буцааж төлж чадаагүй өр төлбөр бөгөөд энэхүү компанийг анх Монгол улсын иргэн ******* өөрийн нөхөр болох АНУ-ын иргэн болон түүний ХХК-ийн санхүүжилтээр үүсгэн байгуулсан боловч Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн шаардлага, шалгуур үзүүлэлт өндөр, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн таатай орчин бүрдээгүй, зах зээл хумигдмал зэрэг нөхцөл шалтгааны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний алдагдал хүлээж оруулсан хөрөнгө оруулалт нь ******* ХХК-ийн өр төлбөр болж үлдсэн. Энэ нь санхүүгийн тайлан дээр өр төлбөр нь нөхөр болох АНУ-ын иргэн ын оруулсан хөрөнгийн өр төлбөр 3,6 тэрбум төгрөг байгааг эрсдэл гэж хүлээж компаниас шаардахгүй, санхүүгийн тайлан дээр 3,6 тэрбумын өр төлбөр гэж бүртгэлтэй байх боловч бодитойгоор нийгмийн болон эрүүл мэндийн байгууллагад өр төлбөртэй гэж тайлбарласан. Энэ нөхцөл байдал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдсон гэж үзнэ.

 

6.1. Мөн дээрх хөрөнгө оруулалтыг өр төлбөр гэж бүртгэсэн, тухайн оруулсан хөрөнгөөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаа худалдан авсан, зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй, ашиг орлого олохгүй, алдагдал хүлээснээс тэдгээр аж ахуйн нэгжээс авлага орж ирэх нь тодорхойгүй байна гэж тайлбарласан.

 

6.2. Хүсэлт гаргагч нь ямар ямар аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хэдий хэмжээний хөрөнгө оруулсан, тэдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, хэрэв үйл ажиллагаа явуулахгүй болсноос хөрөнгө оруулалтаа буцаан авах боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул түүний тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.3. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, бусад баримтуудаас үзвэл ******* ХХК-ийн өр төлбөр 2013 онд 979,230,479 төгрөг, 2014 онд 8,941,156,521 төгрөг, 2015 онд 7,273,842,171 төгрөг, 2016 онд 7,926,365,184 төгрөг, 2017 онд 4,581,419,021 төгрөг, 2018 онд 4,356,203,916 төгрөг, 2019 онд 4,136,746,547 төгрөг, 2020 онд 4,141,144,400 төгрөг, 2021 онд 4,145,997,000 төгрөг, 2022 онд 3,664,032,700 төгрөг гэжээ. Үүнээс үзвэл ******* ХХК-ийн өр төлбөр жил бүр буурсан үзүүлэлттэй байна.

 

6.4. Мөн хэрэгт авагдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн лавлагаар хүсэлт гаргагч ******* ХХК нь Сор 68, Сүү 3,000 ширхэг, Махимпекс 63 ширхэг, Мон цах холбоо 249 ширхэг, Шарын гол 1,300 ширхэг, Хангал 170 ширхэг, Багануур 223 ширхэг, Увс чацаргана 3,909 ширхэг, Хай Би Ойл 1,198 ширхэг, Олло 805,147 ширхэг хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдсон. Уг хувьцаанаас ногдол ашиг авч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байхаас гадна эдгээр компаниудын хувьцааг зах зээлд худалдан борлуулах боломжтой байх тул хүсэлт гаргагч ******* ХХК-ийг санхүүгийн хүндрэлд орсон гэж дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч өөрт байгаа хувьцааны ногдол ашиг авах, эдгээр компаниудын хувьцааг зах зээлд худалдан борлуулах замаар татвар болон нийгмийн даатгалын байгууллагад үүсээд буй өр төлбөрийг барагдуулах боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн баримт, талуудын тайлбарыг үндэслэн ******* ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ