| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/04516/И |
| Дугаар | 210/МА2026/00271 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00271
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09409 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 453,807,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******той 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 23/04 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 302,538,500 төгрөгийн үнэ бүхий ган бөмбөлгийг нийлүүлж, зарлагын баримт үйлдсэн. Тус гэрээний төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх ёстой атал өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.
1.2. Мөн гэрээнд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 302,538,500 төгрөг, алданги 151,269,250 төгрөг нийт 453,807,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******гаас 302,538,500 төгрөгийн ган бөмбөлөг авсан нь үнэн, ган бөмбөлөг нь чанарын шаардлага хангахгүй, одоо хүртэл байгаа. Буцааж өгөхөд бэлэн. Тухайн үед ган бөмбөлөгийг авахад хүү, алданги тооцохоор тохироогүй. Гэрээ байгуулаагүй байснаа 2025 онд тендерийн материал өгөх гээд байна гэж гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэхдээ 302,538,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Гэхдээ төлбөрийг эвлэрлийн гэрээ байгуулан 2026 онд графикийн дагуу төлөх хүсэлтэй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос үндсэн төлбөр 302,538,500 төгрөг, алданги 151,269,250 төгрөг, нийт 453,807,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,426,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 2,426,989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...хариуцагч *******оос алданги 151,269,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, ******* нь *******-тай 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт 302,538,500 төгрөгийн үнэ бүхий ган бөмбөлөг бүтээгдэхүүнийг худалдан авч байсан.
Гэвч тухайн ган бөмбөлгийг худалдан авч, хүлээн авсны дараа ган бөмбөлөг нь гэрээнд заасны дагуу чанарын шаардлагыг хангаагүй, ашиглалтад тэнцэхгүй, стандартын үзүүлэлтээс зөрүүтэй. Уг доголдлын улмаас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй болж, улмаар манай компанид бодитой хохирол учирсан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй эд материалыг шилжүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч нэхэмжлэгчийн нийлүүлсэн Ф80 мм 8.864 тн, Ф80 мм 63.25 мм, Ф100 мм 37.9 тн ган бөмбөлөг нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, чанарын доголдолтой ган бөмбөлөг байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний зүйлийг тухайн үед шууд шалган авах боломжгүй, доголдлыг хараад шууд мэдэх, илрүүлэх боломжгүй, цаашид гуравдагч этгээдэд худалдан борлуулах боломжгүй байдалтай байна. Миний зүгээс уг барааг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр удаа дараа санал, хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч барааг хүлээн авахаас татгалзсан. Мөн ган бөмбөлгийг худалдан авах үед 50,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг гаргаж өгсөн.
4.2. Энэ талаар анхан шатны шүүхэд тухайн ган бөмбөлгийг анх хүлээн авснаас хойш огт ашиглаагүй, байрлаж байсан газраасаа хөдөлгөөгүй, ямар нэгэн байдлаар ашиг олоогүй, мөн ашиглах болон худалдан борлуулах бодит боломжгүй байгаа нөхцөл байдлыг нотлох зорилгоор холбогдох хүсэлт, нотлох баримтуудыг гарган өгсөн боловч шүүх эдгээрийг хэрэгт хүлээн авахаас татгалзсан нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүйд хүргэсэн гэж үзэж байна. Улмаар барааг ашиглах, худалдан борлуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн тул миний зүгээс гэрээнд заасан алдангийг төлөх боломжгүй байдалтай байна.
4.3. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардаж буй 151,269,250 төгрөгийн алданги нь хэт өндөр байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар болох 50,000,000 төгрөгийг хасаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж, алдангийн хэмжээг 50 хувиар буюу 75,634,625 төгрөгөөр багасгаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь 2023 оноос хойш анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жилийн хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар огт ярьж байгаагүй атлаа нэхэмжлэл гаргасны дараа гэнэт ган бөмбөлөг доголдолтой гэх зүйл ярьж эхэлсэн. Мөн талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл нь хариуцагч талын ярьж буй алданги төлнө, төлөхгүй гэх асуудал болохоос эд хөрөнгийн доголдлын талаар огт яригдаагүй.
5.2. 2023 оны 7 дугаар сард бараа материалаа нийлүүлсэн хэдий ч 2025 онд худалдах, худалдан авах гэрээг нөхөж байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч тухайн гэрээтэй уншиж танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулж, гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон. ******* 2 жилийн хугацаанд тухайн барааны төлбөрийг төлөөгүй тул гэрээгээр хүлээсэн хариуцлагаа хүлээх үүрэгтэй.
5.3. Мөн 50,000,000 төгрөг төлсөн эсэх талаар нэхэмжлэгчээс асуухад 50,000,000 төгрөг огт төлж байгаагүй гэж хэлдэг. Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүхэд 50,000,000 төгрөг төлсөн талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул энэ талаарх асуудлыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс хариуцагч талын алданги бууруулах талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 453,807,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч алданги шаардах эрх зүйн үндэслэлд алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.
Хариуцагч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр *******-аас 302,538,500 төгрөгийн үнэ бүхий ган бөмбөлөгийг худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь дээрх үнийн дүн бүхий ган бөмбөлөгийг нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээг хожим бичгээр хийсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө чанарын шаардлага хангаагүй байсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, ган бөмбөлөгийн үнэ болох 302,538,500 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх хүсэл зориг илэрхийлсэн хариуцагчийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт нийцжээ.
4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас ган бөмбөлөгийн үнэ 302,538,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд байх учиртай.
5.1. Талуудын хожим /2025 он/ бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээнд худалдан авагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэж тодорхойлж, уг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлөхөөр тохирсон нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь гадаад худалдаа, төмөр боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нэгэнт хэтэрсэн, мөн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн хойно ийнхүү хэтэрсэн хугацаанаас тооцож, алданги төлүүлэхээр тохирч буй нь иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон.
Иймд талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхгүй боловч хариуцагч нь 75,634,625 төгрөгийг алдангид төлөх хүсэл зориг илэрхийлсэн, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр алдангийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх алданги 75,634,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдана.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5 дахь хэсэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих бөгөөд хариуцагч нь нэмэгдсэн өртгийн албан татварт 50,000,000 төгрөг гаргаж өгсөн гэх асуудлаар анхан шатны шүүхэд мэтгэлцээний байр суурь илэрхийлж маргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
7. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 191/ШЗ2025/42127 дугаартай захирамжаар /хх-77-79/ эдгээр хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй гэж дүгнэж, хангахаас татгалзан шийдвэрлэж, харин хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Энэ хугацаанд хариуцагч тал дээрх хүсэлтийг дахин гаргаагүй байх тул шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09409 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 378,173,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 75,634,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,426,989 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,048,816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,123 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА