Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 700

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1905028750831 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 6 тоотод байхдаа иргэн Ж.Н-гийн эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан картнаас 500.000 төгрөгийг уншуулан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо 47-р байранд орцны жижүүр хийгээд 4 жил болж байгаа юм. Би оршин суугчдаа бүгдийг нь таньдаг. 2019 оны 6 дугаар сарын 22-нд гэртээ байж байсан чинь манай байрны 6 тоотод амьдардаг Н эгч манай өрөөнд согтуу орж ирээд бичиг баримтаа хаячихлаа надад нэг шил архи аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгээд бид 2 Н эгчийн гэр лүү нь бичиг баримтыг нь хайхаар орсон. Ороод гэрт нь бичиг баримтыг нь хайсан чинь олдохгүй зөвхөн Хаан банкны картыг нь олсон. Олоод би картны нууц дугаарыг мэддэг учраас авч гараад 10-р хорооллын Хаан банкны АТМ-с Н эгчийн картыг уншуулаад 500.000 төгрөг авсан. Авсан мөнгөө хоол унд гэх мэт ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан. Маргааш нь Н эгч Хаан банкны виза карт олдохгүй байна картаа хаалгая гэхээр нь би айсандаа картыг нь авсан гэж хэлээгүй нуусан...” гэх мэдүүлэг /хх-н 19/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Н-гийн өгсөн:

            “...2019 оны 6 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд урд нь хөрш байсан үсчин Нг дуудаж хажуу байрны дэлгүүрээс 1 шил  архи аваад 2-уулаа хувааж ууж дуусаад Нг 10-р хорооллын автобусны буудал дээрээс автобусанд суулгаж өгсөн. Тэгээд гэрлүүгээ хариад амарсан. Маргааш өглөө нь босоод Хаан банкны виза картаа хайтал байхгүй байсан. Тэгээд гэрт байгаа байх гээд хайгаад байсан огт гарч ирээгүй. Тэгээд 2019 он 6 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкин дээр очоод би картаа алга болгочихлоо гэсэн чинь таны данснаас 6 дугаар сарын 22-ны орой 22:30 цагт 10-р хорооллын Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг уншуулж авсан байна гэхээр нь би мөнгө аваагүй одоо яах  вэ? гэсэн чинь картаа хаалгаад шинэ картаа захиалаад цагдаад ханд гэсэн. Тэгээд би өнөөдөр цагдаа дээр өргөдөл гаргаж өгсөн. Би хаан банкны виза картнаас 500.000 төгрөг алдаад 250.000 төгрөгийг нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой манай жижүүр Мөнхөө нэг хүүхэн таньд өгчих гээд надад өгчихөөд яваад өгсөн. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 11-12/,

 

            - эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 29/,

            - хохирогч Ж.Н-гийн хохиролгүй болсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 41/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 6 тоотод байхдаа иргэн Ж.Н-гийн эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгай хийж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Мын “...10-р хорооллын Хаан банкны АТМ-с Н эгчийн картыг уншуулаад 500.000 төгрөг авсан. Авсан мөнгөө хоол унд гэх мэт ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан. Маргааш нь Н эгч Хаан банкны виза карт олдохгүй байна картаа хаалгая гэхээр нь би айсандаа картыг нь авсан гэж хэлээгүй нуусан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Ж.Н-гийн “...Би хаан банкны виза  карнаас 500.000 төгрөг алдаад 250.000 төгрөгийг нь 2019 оны 06 дугаар сарын 26-ний орой манай жижүүр Мөнхөө нэг хүүхэн таньд өгчих гээд надад өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мд  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Н- нь “...Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 11-12/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Мд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гучин ус овогт Бямбаагийн Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ