Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00286

 

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны

иргэн *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07827 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,164,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би Бээжин хотоос Монгол Улс руу автомашины сэлбэг нийлүүлдэг бөгөөд тухайн үед ******* гэх хүнтэй хамтарч ажиллаж ажилладаг байсан. Тухайн үед *******ын сэлбэгийн дэлгүүрийн худалдагчаар түүний эхнэрийн дүү болох ******* ажиллаж байсан тул түүнтэй танилцан харилцаа холбоотой болсон. Тэрээр худалдагчаар ажиллахаа больж өөрөө автомашины сэлбэг худалдаалдаг болсон гэж Бээжин хотод ирж надтай уулзаж зээлээр сэлбэг авч зарах гэсэн юм туслаач гэсэн учраас би олон жил хамтарч ажилласан итгэл даах хүн гэж үзээд бараа бүтээгдэхүүнүүдийг зээлээр өгч байсан.Тэрээр сүүлд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 19 нэр төрлийн автомашины сэлбэгийг зээлээр авсан.

Үүнд: урд хагас голны гармушик резин 2 ширхэг, рульны аппаратын жийрэг 1 боодол, гидр насосны жийрэг 1 ширхэг, гидр насосын жийрэг марк /9208/ 1 ширхэг, яндангийн жийрэг 4 ком, яндангийн дэр резин 6 ширхэг, рульны аппаратын тосны гуурс 2 ширхэг, рульны гармушик резин 4 ширхэг, урд босоо тэнцүүлэгч 2 ширхэг, урд босоо тэнцүүлэгч марк uzj100 8 ширхэг, хагас голны сальник 30 ширхэг, редукторын сальник урд хойд 6 ширхэг, арын дугуйны сальник 2 ширхэг, урд дугуйны сальник 2 ширхэг, урд хойд хэвтээ тэнцүүлэгч дарагч резин 8 ширхэг, сэнсний ремень хос 2 ком, сэнсний ремень LX470 5 ширхэг, сэнсний ремень HDJ7 3 багц, урд амартизаторын резин 10 ширхэг болно.

Сэлбэг авснаас хойш бид 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж 63,402 юань буюу 29,164,000 төгрөгийг өгөөгүй үлдэгдэлтэй байгааг тэрээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Гэвч түүнээс хойш хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргахад тус дүүргийн Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тогтоолоор *******ын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаас түүний зөвшөөрсөн үнийн дүн болох 29,164,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би Ши.Алтанбагантай анх 2013 онд танилцаад 2014 оныг хүртэл тодорхой сэлбэг авч тэдгээрийн төлбөр тооцоо тухайн үедээ хийж дууссан. Харин 2014 оноос хойш ******* надад сэлбэг нийлүүлээгүй учраас хамтран ажиллахаа зогсоосон, өнгөрсөн хугацаанд төлбөр тооцооны асуудал хөндөгдөж байгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 29,164,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 29,164,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 303,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс тооцоо нийлсэн акт, хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан прокурорын тогтоол, мэдүүлэг гэсэн гурван баримт дээр үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж чадаагүй. Тодруулбал, зохигчид 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн борлуулалтын баримтын доод хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 05-нд үлдэгдэл /68,402 юань/-5000 юань гэсэн, 2023 оны 10 дугаар сарын 07-нд 63,402 юань үлдэв. ******* гээд гарын үсэг зурсан баримтаар автомашины сэлбэгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн борлуулалтын баримтын доод хэсэгт тооцоо нийлсэн баримтын хуулбар, орчуулгын баримтаар тогтоогдож байна гэжээ. Гэвч уг баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Тус баримт дээр захиалагч Цогоо гэх хүний нэр дээрх 19 нэр төрлийн барааны захиалга байдаг. Энэ баримтыг хэрхэн Ш. болон ******* нарын хоорондын тооцоо нийлсэн баримт гэж үзсэн нь ойлгомжгүй. Мөн баримтын доод буланд гараар бичсэн бичиг, үлдэгдэл төлбөрийн үнийн дүн, хариуцагчийн нэр болон гарын үсэг нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэхүү баримт дээр *******, Ш. гэсэн нэр, гарын үсэг огт байдаггүй.

4.2. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тогтоолоор Ш.Алтанбаганын гомдолтой эрүүгийн хэрэгт *******, *******, ******* нар автомашин борлуулсан үнийн дүнгийн үлдэгдэл 53,576,200 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Энэхүү прокурорын дүгнэлтийг үнэн гэж үзвэл анх дурдсан тооцоо нийлэх акт болон нэхэмжлэл зэрэгтэйгээ зөрчилдөнө. Тодруулбал, прокурорын тогтоолд *******, *******, ******* хэмээх гурван хүн 19 нэр төрлийн сэлбэгийн нийт 53,576,200 төгрөгийг өглөгтэй тухай дурдагдсан. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолоос үзвэл энэ гурван хүн нийт 19 нэр төрлийн барааг хамтран авсан бололтой. Тиймээс *******ын худалдан авсан сэлбэгийн тоо нь 19-өөс бага гэж ойлгогдож байна. Гэтэл нэхэмжлэгч *******ыг дангаараа 19 нэр төрлийн барааг авсан гэж бичсэн. Харин 19 нэр төрлийн бараа бүхий тооцоо нийлсэн гэх баримт хоёр мянган юань буюу ойролцоогоор нэг сая төгрөгийн бараа байдаг. ******* нь хэдэн нэр төрлийн ямар үнэтэй сэлбэгийг худалдаж авсан тухай баримт байхгүй, дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэй.

4.3. *******аас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авсан мэдүүлэгт нэхэмжлэгчийн нэр гурван өөр байдлаар буюу *******, , хэмээн өөр өөрөөр бичигдсэн байгаа нь утга зүйн төөрөгдөлтэй байна. Уг мэдүүлгээр хариуцагч нь ямар хүнээс, ямар төрлийн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хэдэн ширхэг бараа авсан талаар дурдагдаагүй. Дээрхийг үл харгалзан Ш. гэх хүнд ******* өглөгтэй болохоо тухайн мэдүүлгээр зөвшөөрсөн гэж үзвэл энэ нь ямар хугацааны өглөгийн асуудлыг ******* ярьсан гэдгийг мөн адил харгалзаж үзэх ёстой. Тухайн мэдүүлэгт ...би хамгийн сүүлд ас 2014 оны 11 дүгээр сард зээлээр бараа авч, Гурвалжингийн гүүрний ойролцоох гаалийн талбайгаас очиж авсан... гэж он, сарыг маш тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, ******* 2014 оны 11 дүгээр сараас хойш Ш.ас бараа аваагүй тухай мэдүүлсэн ба үүнийгээ ч өөрөө хариу тайлбартаа бичсэн. Дээрх мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж гэж үзэн дүгнэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ёстой. Шүүх мэдүүлгээс үнийн дүнтэй хэсгийг таслан ашигласан ба хэзээний үйл явдлыг ярьж байгаа гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан. Цаашлаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сэлбэгийн тооцоо нийлсэн гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусгавар болсон.

Дүгнэж хэлбэл, нэхэмжлэгч нь хэзээ, ямар нэр төрлийн, ямар барааг, ямар үнээр 1 хариуцагчид худалдсан тухай баримт огт байхгүй юм. Сэлбэг худалдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол худалдсан сэлбэгийнхээ нэгийг нь ч болов нэрлээч гэхэд нэхэмжлэгч нэрлэж чаддаггүй. Ийнхүү хариуцагч Ж. Эрдэнэбаатар нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан эсэх, нэхэмжлэгч Ш. д өр төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, хэчнээн тооны ямар төрлийн бараануудыг авсан эсэх нь тодорхойгүй, мөн шаардах эрх дуусгавар болсон байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хариуцагчаас гэрчийн мэдүүлэг авахад мэдүүлэгтээ ...нийт 108,000 юань хүлээн авснаас 63,402 юань үлдэгдэл өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь н.Сосорбарам, н.Сайнхүү, ******* нартай амаар тохиролцон БНХАУ-ын Бээжин хотоос бараа сэлбэг нийлүүлдэг байсан. 2013, 2014, 2016 онуудад бараа сэлбэг нийлүүлсний үлдэгдэл төлбөр хуримтлагдсаар 63,402 юань болсон. Харин тооцоо нийлэх актад тусгагдсан 19 нэр төрлийн бараа гэх асуудал маргаанд ач холбогдолгүй бөгөөд уг баримтын доод хэсэгт гарын үсэг зурсан, үүнийг ******* өөрийн гэрчийн мэдүүлгээр мөн нотолдог. Иймд хариуцагчийн өмгөөлөгч 19 нэр төрлийн бараанд холбогдуулан ойлгомжгүй байдлаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

5.2. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан тул энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг асуудалд хариуцагч маргадаггүй. Хариуцагч ******* гэрчийн мэдүүлэгтээ ...н.******* буюу Ши.Алтанбагантай гэж дурдсан тул уг асуудал олон этгээдэд хамаарсан буюу эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,164,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашины сэлбэг нийлүүлэх, хариуцагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрт мөнгө төлөхөөр амаар харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 19 нэр төрлийн автомашины сэлбэг зээлээр худалдан авч, төлбөрөө төлж барагдуулж байсан боловч 63,402 юань буюу 29,164,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Бараа худалдан авсан баримтын доод талд 2018.05.05-ны өдөр үлдэгдэл төлбөр 68,402 юань гэж гарын үсгээ зураад дараа нь 68,402 юаниас 5000 юань төлсөн тул 2023.10.07-ны өдөр 63,402 юань төлбөрийн үйлдэгдэлтэй гэж гарын үсэг зурж баталгаажуулсан гэж, хариуцагч нь 2014 оноос тодорхой сэлбэг авч төлбөр тооцоог тухайн үедээ төлж дуусгасан, түүнээс хойш сэлбэг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.

 

4.1. Хэргийн 5-6 дугаар талд авагдсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 нэр төрлийн автомашины сэлбэг жагсааж бичсэн борлуулалтын баримт гэх баримтын доод хэсэгт 2018.05.05-нд нийт үлдэгдэл-/68,402 юань/-5000 юань гэсэн, 2023.10.07-нд 63,402 юань үлдэв гээд ******* гарын үсэг зурсан байна.

 

4.2. Эрүүгийн хэрэгт хариуцагч ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Би 2000-2010 оны хооронд хүргэн ахынхаа авто сэлбэг худалдааны газарт ажиллаж байх үед манай ах Хятад улсын иргэн гэх хүнтэй хамтарч ажилладаг байсан. Улмаар би 2013 онд ажлаасаа гарсан байхад ******* // надтай холбогдсон тул хувиараа сэлбэг зарахаар шийдэж Бээжинд очоод 30,000 орчим юанаар сэлбэг аваад 50,000 орчим юаны сэлбэгийг түүнээс зээлээр авсан. Тухайн бараануудаа зарж борлуулан барааны эхний төлбөрт 2014 оны 01 дүгээр сард 20,100 юань, 10 дугаар 10,000 юань төлсөн. Үүний дараа 11 дүгээр сард дахин зээлээр сэлбэг худалдан авсан. 2016 оны 04 дүгээр сард тэрээр монголд ирэхэд нь 10,000 юаныг бэлнээр төлөөд бараа бүтээгдэхүүний борлуулалт муутай байгааг хэлсэн. Би 2021 онд утсаар холбогдон 5000 юань шилжүүлье гэхэд н.Сосорбарам гэдэг хүн над руу мөнгө шилжүүлэн наад хүндээ өгсөн гэсэн тул түүний хэлсэн өгсөн. Тэрнээс хойш үйл ажиллагаа бүрэн зогссон тул төлбөрийг төлөх боломжгүй болсон. Төлөх үлдэгдэл төлбөр байгаа үлдсэн бараагаа зараад төлж барагдуулна. Нийт 108,000 орчим юаны барааг зээлээр аваад төлөлт хийсээр одоо 63,000 орчим юаны үлдэгдэл байгаа... гэжээ. /хх-ийн 55-57/

 

4.3. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолоор ...БНХАУ-ын иргэн ******* нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******, *******, ******* нартай харилцан тохиролцож авто машины сэлбэгийг зээлээр худалдсан боловч худалдан борлуулсан үнийн дүнгийн үлдэгдэл 53,576,200 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон. *******д их хэмжээний хохирол учирсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 7/

 

4.4. Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оноос хойш автомашины сэлбэгийг зээлээр худалдан борлуулсан, хариуцагчаас тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн, талууд 2018 оны 05 дугаар сарын 05 болон 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд тооцоо нийлэхэд 63,402 юаны үлдэгдэл төлбөр гарсан бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

4.5. Хариуцагч нь төлбөр тооцоог төлж дуусгасан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 29,164,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.6. Анхан шатны шүүх хариуцагчаас 29,164,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, зөрүүтэй баримтууд байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

 

5.2. Хэргийн баримтаар талууд 2018 оны 05 дугаар сарын 05 болон 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5000 юань төлсөн, мөн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолоор хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан харуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,770 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ