Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 702

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.От холбогдох эрүүгийн 1905027110838 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Н.О.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургууль, “МТ”-ийн ШТС-ын орчим хамтран амьдрагч иргэн Д.Ог “хүргэж өгч чадахгүй” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас марган биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Оын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр Д.О алдарт эхийн 1 дүгээр одон авах байсан тул би 2 хүүхдээ аваад ээжийндээ очиж гадуур тоглуулж байгаад тэгээд гэртээ 19 цаг орчим байх ирэхэд эхнэр Д.О ирчихсэн байсан. Тэгээд би 2 хүүхдээ үлдээчихээд гарах гэсэн чинь надад хэлээгүй хашааны гадна байсан машин дотор эхнэр сууж байхаар нь дуудлага авчихсан байна чи буу гэхэд чи намайг буулгах гэлээ энэ машиндаа янханууд суулгаад яваад байдаг байж гээд бид 2 маргалдаж байгаад машинтайгаа бид 2 урагшаа төв зам гарах гээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “МТ” ШТС-ын орчим явж байхад эхнэр хэрүүл маргаан хийгээд байхаар нь согтуу байна гэдгийг нь мэдээд би машинаасаа буугаад жолоочийн хажуу талын урд сандал дээр сууж байсан эхнэр Д.Огийн шилэн хүзүүг нь баруун гараараа зүүн гараараа аль гарыг нь санахгүй байна татаад тэгээд машинаас хүчээр буулгачихаад машинтайгаа  яваад өгсөн. Эхнэрт учирсан гэмтлүүдийг би машинаас татаж буулгахад учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Огийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн өглөө манай хамтран амьдрагч Н.О 2 хүүхдийг авч явчихаад тэгээд үдээс хойш ирэхээр нь би хашаа байшингаас нүү гээд байна Улиастайд байдаг найзтайгаа очиж уулзаад болох юм бол хашаанд нь байя гэж хэлээд Н.Оын машинаар хүргүүлэх гээд хамт явж байсан чинь уурлаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “МТ” ШТС-аас өнгөрөөд төв замд ороод явж байгаад уурлаад намайг үснээс зулгааж машинаасаа буулгаад толгой, нүүр орчимд хэд хэдэн удаа цохьчихоод тэгээд машинтайгаа яваад өгөхөөр нь цагдаагийн 102 дугаарт залгаад өргөдөл гаргаж өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 6780 тоот: 

1.2. Д.Огийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 26/,

- хохирогчийн Н.Отай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухай хүсэлт /хх-н 78/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургууль, “МТ”-ийн ШТС-ын орчим хамтран амьдрагч иргэн Д.Ог “хүргэж өгч чадахгүй” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас марган биед нь халдан зодож, биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Оын “...Д.Огийн шилэн хүзүүг нь баруун гараараа зүүн гараараа аль гарыг нь санахгүй байна татаад тэгээд машинаас хүчээр буулгачихаад машинтайгаа  яваад өгсөн. Эхнэрт учирсан гэмтлүүд би машинаас татаж буулгахад учирсан байх...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Огийн “...Н.Оын машинаар хүргүүлэх гээд хамт явж байсан чинь уурлаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “МТ” ШТС-аас өнгөрөөд төв замд ород явж байгаад уурлаад намайг үснээс зулгааж машинаасаа буулгаад толгой, нүүр орчимд хэд хэдэн удаа цохьчихоод тэгээд машинтайгаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 6780 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 78 дугаар талд хохирогч “...Отгонбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч Н.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.От холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ