Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00326

 

 

******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17516 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТББ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ТӨХХК нь хариуцагч ******* ТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ******* эрхлэлтийг дэмжих сангаас ******* ТББ-тай 2010 оны 05 сарын 10-ны өдөр Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ-г байгуулж, гэрээгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ******* эрхлэлтийг дэмжих сангаас 6,600,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх, ******* ТББ нь зээлийг төлөхдөө зээлээр олгосон чацарганы суулгацын үнийн дүнтэй тэнцэх мөнгөн хэлбэрээр хувиарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 17-18/

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3000 ширхэг чацарганы суулгац зээлээр өгсөн хэргийн 17 дугаар тал дахь баримтаар нотлогдсон байна.

 

3.3 Хариуцагч нь нэхэмжлэгч нэг ч удаа шаардаагүй, энэ гэрээг байгуулаагүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

3.4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

3.5. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулж, орон тооцны хязгаарыг баталсан. Уг тогтоолыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлсэн. /хх-ийн 15-16/

 

3.6. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, эд хөрөнгийн эрхийг ******* ТӨХХК-д шилжүүлсэн. Уг тогтоолыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь тус сангийн байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 13-14/

 

4. Нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ******* эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан чацарганы суулгац зээлээр олгох гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь буцаан төлөгдөхгүй нөхцөлтэй байсан учраас өнөөдрийг хүртэл шаардаж байгаагүй, мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.

 

4.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь гэрээний үүрэгтэй, эсхүл үл хөдлөх эд хөрөнгөтэй, эсхүл тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй, эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүрэгтэй холбоотой эсэхээс хамаарч өөр өөр байдаг ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

 

4.2. Талууд байгуулсан гэрээний 2.2-т зээл төлөх хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг төлөх, 2.3-т гэрээний үүргийн биелэлтийг таван жилийн дараа дүгнэж, төслийн хэрэгжилтийн үнэлгээ зээлийн төлбөрийг төлж дуусгасан байдлыг үндэслэн гэрээний эрх, үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон.

 

4.3. Дээрх тохиролцооноос үзвэл талууд зээл төлөх сүүлийн өдөр болох 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ дүгнэх 5 жилийн хугацааг тооцоход 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүргийн биелэлтийг тооцохоор тохиролцсон байна. Энэ хугацаанаас хойш үүргийн биелэлт хангагдаагүй эрх зөрчигдсэн тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрх үүсэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч ******* ТӨХХК нь хариуцагч ******* ТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.4. Нөгөөтэйгүүр хариуцагч нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж маргасан тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ...үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

5. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлахаар өөрчлөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3... гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ