Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 701

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905017980593 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ регистрийн дугаартай, Д.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэвшил 1-2 тоотод Б.З-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Дийн өгсөн:

“…2019 оны 5 дугаар сарын 25-нд З бид хоёр хэрэлдээд салсан байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бид хоёр нийлээд тэгээд хамт байж байгаад З гэрлүүгээ яваад ирнэ гээд яваад 2-3 хоног ирээгүй. Би Згийн гэрт ажлаа тараад орой очиход гэртээ ирээгүй байдаг байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Згийн гэр болох Баянгол дүүргийн 20-р хороо дэвшил 1-2 тоотод З гэртээ байсан би өөрийн хувцсаа аваад, ургийн баяр болох гээд миний уур хүрээд З руу уурлаад гэртээ байхгүй гадуур тэнээд явлаа гээд нүүр лүү нь цохьчихоод өөрийн юмаа аваад гараад явчихсан юм. Тэгээд Зг өргөдөл гаргасныг мэдээгүй би ургийн баяртаа хөдөө Хөвсгөл аймаг руу яваад Улсын баярын дараа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.З-гийн  өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо дэвшил 1-2 тоотод би гэртээ байхад найз залуу Д 16 цагийн үед манай гэрт ирсэн. Д надаас цамц, яак асуухаар нь би хувцасны шүүгээнээс аваад өгсөн чинь чамайг алах юмсан гээд уурлаад хөлрүү өшиглөөд, нүүрлүү нэг удаа цохисон, би нүүрээ дараад уйлаад сууж байхад Д гараад зугтсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй, орой ээжрүү яриад хамт цагдаа руу ирээд өргөдөл гаргасан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 7718 тоот: 

  1. Б.З-гийн биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. .

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэвшил 1-2 тоотод Б.З-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Дийн “…би Згийн нүүр лүү цохьчихсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Згийн “...Д надаас цамц, яак асуухаар нь би хувцасны шүүгээнээс аваад өгсөн чинь чамайг алах юмсан гээд уурлаад хөлрүү өшиглөөд, нүүрлүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн 7718 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Д, хохирогч Д.З нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд хамаарахгүй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээргүй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 12 дугаар талд хохирогч нь “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.Дийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Дид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ажиглагдахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Д.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ