| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/07252/И |
| Дугаар | 210/МА2026/00272 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00272
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10016 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 283,401,602 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, *******, ******* нар нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр В170240507001 дугаартай зээлийн гэрээ, 1170240507001 дугаартай ипотекийн гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгийг, сарын 2,9% хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө татан авах зориулалтаар авсан.
1.2. Зээлийн барьцаанд *******ий өмчлөлийн ******* дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай 62,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
1.3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч нараас үндсэн зээл 232,041,667.61 төгрөг, хүү 50,226,100.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,333.46 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 283,401,602 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч бөгөөд *******, ******* нарын төлөөлөгч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр *******-тай зээлийн гэрээг байгуулж, зээлийг бизнесийн эргэлтийн хөрөнгөд зарцуулахаар зээлсэн. Зээл авсан хугацаанд бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй болсон. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 90 хоногийн хугацаанд нэхэмжлэгчээс арга хэмжээ авах ёстой боловч аваагүй зээлдэгчийг илүү өрөнд оруулж зээлийн хүүг нэмсэн байдлаар нэхэмжлэл 283,401,602 төгрөгөөр үүсгэсэн байна. Энэхүү төлөлт нь хэтрүүлсэн хугацаагаар зээлийн хүү бодсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн В170240507001 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгт хариуцагч *******, ******* нараас 283,401,602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, ******* тоот гэрчилгээтэй, 62,3 м.кв бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, *******ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* миний бие хариуцагчийн хувиар болон хариуцагч *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хариуцагчийн төлөөлөгчөөр, хариуцагч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэвч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эдлэх эрх үүргийг эдлүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Миний бие 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шинэ салбарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан тул тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүгчийн туслахад мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг утсаар илэрхийлсэн. Тухайн өдрөөс хойш шүүгчийн туслах надтай утсаар холбогдоогүй. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр надтай холбогдож шүүхийн шийдвэр гардаж аваарай гэж мэдэгдсэн. Улмаар миний бие шүүхийн байранд ирэхэд уг хэрэг маргааныг 2025 оны 11-р сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг зохион байгуулж, хэргийг миний эзгүйд шийдвэрлэсэн талаар мэдэж, шүүхийн шийдвэрийг гардаж авч хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэгээг хийж хэргийн материалд хавсаргасан байна. Гэвч бодит байдал дээр надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болох нь хэргийн материалд утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримт байхгүй ба үүгээр нотлогдоно.
4.2. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж оролцох боломжийг анхан шатын шүүх боомилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна.
4.3. ******* нь хариуцагч болохын хувьд болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд шүүхээс хоёр удаа нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хариуцагч болох *******д анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн оролцогч тус бүрт буюу нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээд бүрт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар гаргах эрхээр нь хангах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нарт хуулиар олгогдсон тэгш эрхийг эдлүүлэхгүйгээр хэт нэг талыг баримтлан хариуцагч нарын эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.
Дээрх үндэслэлийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү.
Ингэснээр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчийн нэг этгээд төлөөлж байгаагаас үл хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү. Хариуцагч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх боломж бүрдэнэ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн. Хэрэг анхан шатны шүүхэд байх үед хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Түүнчлэн 3 дахь удаагийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир манай талын гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
5.2. Хариуцагч ******* нь төрсөн дүү болох хариуцагч *******өөс итгэмжлэл авсан бөгөөд нэхэмжлэлийн хувийг *******өөс олгогдсон итгэмжлэлийнхээ эрхийн дагуу ******* гардаж авсан учир заавал *******д нэхэмжлэлийн 1 хувийг гардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******гийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 232,041,667.61 төгрөг, хүү 50,226,100.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,333.46 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 283,401,602 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* болон *******, ******* нар 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 250,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 11-13 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, ******* болон ******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Ипотекийн гэрээ”-г байгуулж, *******ий өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 62.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх-ийн 14-16 дугаар тал/
3.3. Хариуцагч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт 17,958,332.39 төгрөг, хүүнд 66,311,400 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.1. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нар сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч байгууллага нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн.
4.2. Зээлдэгч нар 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 17,958,332.39 төгрөг, хүүний төлбөрт 66,311,400 төгрөг төлсөн байх боловч зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн төлбөр огт төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ нь гэрээний 9.2.1-д зааснаар гэрээ цуцлах үндэслэл болсон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээ цуцлах үндэслэлийг талууд тохиролцон тогтоож болох бөгөөд ийнхүү тохиролцсон үндэслэл бий болсон байх тул нэхэмжлэгч байгууллага гэрээг цуцлах эрхтэй.
Энэхүү эрхээ нэхэмжлэгч байгууллага шударга бусаар хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болохыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зохицуулсан.
Иймд зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээ цуцалснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 90 хоногийн хугацаанд нэхэмжлэгчээс арга хэмжээ авах ёстой, аваагүй зээлдэгчийг илүү өрөнд оруулж зээлийн хүүг нэмсэн гэх агуулга бүхий хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан хүү тооцооллын баримтаас үзвэл зээлдэгч нар 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 232,041,667.61 төгрөг, хүү 50,226,100.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,333.46 төгрөг нийт 283,385,101.57 төгрөг төлөх үүрэгтэй болохыг хуульд заасан журмаар зөв тооцоолсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.
6. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 16,500 төгрөгийг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
7. ******* болон ******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
8.1. 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх асуудлаар санал солилцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/40470 дугаартай захирамжаар /хх-44-45/ хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул энэ талаарх гомдол хангагдахгүй.
8.2. Мөн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, нотлох баримттай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж /хх-76-77/, шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд тус тус утсаар мэдэгджээ. /хх-78/
Дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болохыг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан. Иймд шүүхийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
8.3. Хариуцагч ******* нь өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцуулахаар 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр *******д итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлд нэхэмжлэлийг гардан авах эрхийг олгосон байх ба 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ******* нэхэмжлэлийг гардан авч, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар гаргасан /хх-33-36/ байна. Энэхүү ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт нийцсэн, мөн ******* нь төлөөлөгчөөсөө татгалзах хүсэл зориг илэрхийлээгүй байх тул *******д нэхэмжлэл гардуулаагүй, хариуцагч нарт хуулиар олгосон тэгш эрхийг эдлүүлэхгүй, хэт нэг талыг баримталсан гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан гомдол хангагдахгүй.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,645,159 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА