| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0717/Э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Хатанцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 697
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Г.Хатанцэцэг
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн 1905023360825 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргуй- 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 12 дугаар гудамжны 156 тоотод эхнэр Н.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл
мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 08-ны орой хөдөө ажиллаж байгаад гэртээ ирсэн чинь манай гэрт хүн байхгүй Эхнэр Х хүүхдүүдээ аваад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга байсан. Би ойролцоо байрлах ээж Н-ийн гэрт нь очсон чинь манай охин А, хүү Ц нар байсан. Хг хаашаа явсан талаар ээж Н-ээс асуусан чинь 2 хүүхдээ орхиод өглөө гарсан талаар хэлсэн. Тухайн шөнөө Х гэртээ ирж хоноогүй. Харин маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ны өглөөний 10-11 цагийн орчим найз Энхзоригийн гэрт орсон чинь эхнэр Х согтуу унтаж байхаар нь сэрээгээд гэр рүүгээ авч явсан. Замаараа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа архи, хүнсний зүйл авсан. Замаараа ээж Н-ийнхээр дайраад 2 хүүхдээ аваад явсан. Дөрвүүлээ гэртээ хариад 2 хүүхэддээ хоол ундыг нь өгчихөөд эхнэр Хтай архиа хувааж уухдаа хоорондоо хардалтын улмаас болж маргалдсан. Учир нь манай эхнэр Х намайг хөдөө явсан хойно 2 хүүхдээ манай ээжийн гэрт орхиод манай найзын гэрт очиж архи уусан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд уурандаа эхнэр Хгаа зодож байснаа санаж байна. Яг биеийнх нь хаана хаана хэдэн удаа юугаар цохиж зодсоноо санахгүй байна. Ямар ч байсан зодож байгаад Хг цагдаагийн байгууллага дуудна гэхээр нь гэрээсээ гараад ээж Н-ийн гэрт нь очсон. Удалгүй цагдаагийн 2 алба хаагч ирээд намайг аваад явсан. Гэртээ хоноогүй гадуур гарч архи уулаа гэсэн шалтгаанаар хардан зодсон. Би Хд яагаад гадуур хонож байгаа талаар хэлэхэд миний өөдөөс агсам тавьсан. Миний бие эхнэрээ хардсны улмаас зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Дүгнэлтэнд дурьдсан гэмтлийг би учруулсан. Гэхдээ согтууруулах ундаа хэргэлчихсэн байсан болохоор биеийнх хаана хаана хэдэн удаа юугаар зодож цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-77-80/,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Х-гийн өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 12-13 цагийн орчим би гэртээ 3 настай хүү Ц 6 настай охин А нарын хамт 3-лаа байсан чинь гаднаас нөхөр Б.Б хөдөөнөөс ирсэн. Тухайн үед би согтуу байсан. Учир нь би өглөө нь найзууд болох О, Ц нарын хамт 1 шил архи хуваан уучихсан байсан юм. Нөхөр Б.Б намайг согтуу байхыг хараад уурласан. Гэсэн хэдий ч зодоон болоогүй. Б бид хоёр хамт дэлгүүр орон 1 шил 0,5 литрийн хараа архи аван гэртээ орж хоёулаа уусан. Нөхөр Б нь архи ууж согтоод намайг ямар нэгэн үндэслэлгүй чи хэнтэй хаагуур явсан гэж хардсны улмаас миний толгойн зүүн тал руу модон сандлаар 2-3 удаа, мөн миний зүүн мөр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний ухаан балартан газар унасан. Энэ үед Б эмнэлэг дуудна гэж хэлээд гараад явсан. Үүнээс хойш мэдэх зүйл байхгүй нэг сэргэсэн чинь эгч Баярмаа, хүргэн ах Одмөнх нар хажууд зогсож байсан. Эгч Баярмаа 103 дуудан намайг үзүүлсний улмаас намайг ГССТ-рүү авч явж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-26, 83-84/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ундрахын өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 18 цагийн орчим би гадуур явж байгаад гэртээ ирсэн. Би санаандгүй хөрш айл болох Х, Б нарын гэрт нь ороход Х гэртээ ил харагдах гэмтэл шарх гээд байх зүйл байхгүй хирнээ гэрийнхээ хоймор хэсэгт байрлуулсан орон дээр царай нь цонхийсон хөдлөж чадахгүй байдалтай хэвтэж байсан. Намайг дөхөөд очиход Хгаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд юу болсон талаар асуухад Х бие өвдөөд байна гэж хэлсэн. Би гэрт байсан 6 настай Аагаас юу болсон талаар асуусан чинь аав Б ээжийг зодчихоод гараад явсан талаар хэлсэн. Би өвчин намдаах эм өгч шингэн уулгаж тайвшруулсныхаа дараа Хгаас дахин юу болсон талаар асуухад Б намайг хардсаны улмаас зодчихоод гараад явсан талаар хэлсэн. Тэгтэл гаднаас эгч Баярмаа нь орж ирэн цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага руу утсаар ярьсан. Эмнэлгийн байгууллага ирээд Хг аваад явсан. Тухайн өдөр надад харсан зүйл байхгүй. Харин 6 настай охин А болон Хгийн хэлснээр Б хардсаны улмаас зодсон талаар хэлсэн. Ил харагдах шарх бараг байхгүй мөртлөө бие нь их сул байсан. Би дээрхи хаягандаа 2009 онд ирсэн түүнээс хойш нүүгээгүй байгаа. Х Б нар нь манай гэрийг нүүж ирж байхад шинэ байшин барьж орж байсан. Тэр цагаас хойш мэднэ. Ер нь ороход байнга 2-лаа хамт архи уучихсан согтуурсан мансуурсан хоорондоо маргалдсан байдалтай байдаг. 2-лаа архины хамааралтай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-27-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн 5758 тоот:
1. Н.Х-гийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-н 15/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 12 дугаар гудамжны 156 тоотод эхнэр Н.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Бын“...2019 оны 05 дугаар сарын 09-ны өглөөний 10-11 цагийн орчим найз Энхзоригийн гэрт орсон чинь эхнэр Х согтуу унтаж байхаар нь сэргээд гэр лүүгээ авч явсан. Замаараа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа архи, хүнсний зүйл авсан. Замаараа ээж Н-ийнхээр дайраад 2 хүүхдээ аваад явсан. Дөрвүүлээ гэртээ хариад 2 хүүхэддээ хоол ундыг нь өгчихөөд эхнэр Хтайгаа архиа хувааж уухдаа хоорондоо хардалтын улмаас маргалдсан. Учир нь манай эхнэр Х намайг хөдөө явсан хойно 2 хүүхдээ манай ээжийн гэрт орхиод манай найзын гэрт очиж архи уусан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд уурандаа эхнэр Хгаа зодож байснаа санаж байна. Яг биеийнх нь хаана хаана хэдэн удаа юугаар цохиж зодсоноо санахгүй байна. Ямар ч байсан зодож байгаад Хг цагдаагийн байгууллага дуудна гэхээр нь гэрээсээ гараад ээж Н-ийн гэрт нь очсон. Удалгүй цагдаагийн 2 алба хаагч намайг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Н.Х- “...Нөхөр Б нь архи ууж согтоод намайг ямар нэгэн үндэслэлгүй чи хэнтэй хаагуур явсан гэж хардсны улмаас миний толгойн зүүн тал руу модон сандлаар 2-3 удаа Мөн миний зүүн мөр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний ухаан балартан газар унасан. Энэ үед Б эмнэлэг дуудна гэж хэлэн гараад явсан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Ундрахын “...Б намайг хардсны улмаас зодчихоод гараад явсан талаар хэлсэн. Тэгтэл гаднаас эгч Баярмаа нь орж ирээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага руу утсаар ярьсан. Эмнэлгийн байгууллагад ирээд Хг аваад явсан. Тухайн өдөр надад харсан зүйл байхгүй . харин 6 настай охин А болон Хгийн хэлснээр Б хардсаны улмаас зодсон талаар хэлсэн. Ил харагдах шарх бараг байхгүй мөртлөө бие нь их сул байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 5758 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Н.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэргийн 100 дугаар талд хохирогч Н.Х- “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ