| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04877/И |
| Дугаар | 210/МА2026/00327 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00327
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00129 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулдаг үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтэнд эрх олгох сургалтад би хамрагдаж шалгалтад тэнцсэн тул гэрчилгээ авсан. Улмаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж, салбартаа жуух бичгээр шагнагдаж байсан ажил хэргийн нэр төртэй хүн байсан. Ажлын газраа сольж ******* ХХК-д remax reel брокер оффист үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар хамтран ажиллах гэрээгээр ажилласан. Гэтэл өмнө нь ажиллаж байсан remax platin брокер оффисын захирал ******* нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр remax-ийн брокер захирлууд байдаг вайбер чат группт намайг бусдыг залилсан, олон удаа гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан тул remaх-д ажиллавал нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж байгаа юм. Иймд манай брокер овнерууд брэндийн нэр хүндийн төлөө хатуу нэгдэж зогсож чадна гэдэгт итгэж байна гэсэн мэдэгдлийг миний фото зургийн хамт Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гэсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 129 дугаартай өргөдлийн зургийг тавьж ******* нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг байдлаар remax-ийн захирлуудад ойлголт төрүүлж, ингэснээр remax reel брокер оффисоос хамтран ажиллах гэрээ цуцлагдсан.
Би бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, намайг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхээс гэм буруутайд тооцоогүй байхад залилах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн гэж худал мэдээ тараасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан 4,000,000 төгрөгөөр торгож шийтгэгдсэн. Энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг биш бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос намайг үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар ажиллаж болох талаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11/4054 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн. Хариуцагч нь намайг шалгуулахаар өргөдөл өгч байгаагүй атлаа өгч байсан мэт бичсэн өргөдлийн зургийг байршуулан нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тарааснаар би дахин remax-ийн брокер бусад оффист ажиллах боломжгүй болж залилан мэхлэх гэмт хэрэг удаа дараа үйлдэж, цагдаад шалгагдаж ажлаасаа халагдсан юм байна гэсэн ойлголтод remax-ийн захирлууд хүрсэн. Энэ нь вайбэр чат, ярианы бичлэг, гэрчийн мэдүүлгээс нотлогдоно.
Иймд нэр төрийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд миний үүсгэн байгуулсан ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллах хугацаандаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээний 9.5-д Агент нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, түрээсэлсэн зуучлалын үйл ажиллагаа явуулсан тухайгаа нуун дарагдуулсан.../ гэсэн заалтыг зөрчин иргэн *******гаас 7,000,000 төгрөгийг авсныг 2021 оны 12 дугаар сарын 09-ий өдөр манай компанид *******д холбогдуулан гомдол гаргахад мэдсэн.
Иргэн ******* нь гомдолдоо ...би Ремкс-н зарын дагуу танай Remax platin брокерын салбарын агент *******аар зуучлуулан уг байрыг авахаар гэрээ хийсэн. Танай агент ******* нь remax брэндийн итгэх итгэлийг ашиглан залилан мэхлэгчтэй зуучлан холбож хуурамч гэрээ үйлдэх замаар хохироосон явдалд маш их гомдолтой байна... гэсэн. Мөн *******ын Хаан банкны ******* тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн данснаас 7,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаа хавсарган өгсөн байсан тухай болон *******ын үйлдэл нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших, эсхүл залилах гэмт хэрэг эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар бэлдэж байхад ******* утсаар холбогдон амьдрал хэцүү байна гэх мэт зовлон тоочин гуйснаас болж цагдаад өргөдөл гаргаагүй талаар Ремаксын брокер захирлуудын дотоод сүлжээнд мэдээлсэн болохоос биш *******ын нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараагаагүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан аргаараа залруулга хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий байдлыг мэдэж байгаа гэрч н.ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тодорхой бичээгүй. Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох зорилгоор баримт гаргах, хүсэлт гарган шүүхийн журмаар шийдвэрлэх эрхийг хязгаарласан.
4.2. Шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж буй баримт болох viber бичлэгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байхад энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт маргахгүй байгаа хэдий ч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шийдвэрлэсэн буруу юм. Энэ нотлох баримт, үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтын хүрээнд үнэлүүлэхийн тулд гэрч н.ыг оролцуулахаар хүсэлт гаргасныг хязгаарласан атлаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлага, зарим хэсэг, үйл баримт, нотлох баримтыг хариуцагч маргахгүй хүлээн зөвшөөрч байгааг шүүх хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх зөвхөн viber бичлэгийг хэрхэн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байгаа талаар бичсэн байх бөгөөд нийт гаргаж өгсөн баримт, үзлэгийг тэмлэглэлийг үнэлээгүй, тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд дээрх зөрчлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс тухайн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт гэж үзсэн. Хэрэгт авагдсан ярианы нотлох баримтуудыг үзэхэд нэхэмжлэгчийн хэлж буй вайбер бичлэг байдаг эсэх, хэрэв байдаг бол тухайн бичлэгийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч тал ямар нэгэн тодорхой хариу тайлбар өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн баримт нь ерөнхийдөө зөвлөмжийн шинж чанартай байсан.
Нэхэмжлэгчийг тухайн группт байдаггүй гэж үзэж байгаа тул бичлэгийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан байна гэх асуудлын талаар хариу өгөөгүй. Мөн нэхэмжлэгч ярианы бичлэгийн талаар ярьдаг бөгөөд 12 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа ******* манай захирал Н.тай ярьж байхад хажуу талаас нь манай нэг агент бичлэг хийж, тухайн ярианы бичлэгийг надад өгсөн гэжээ. Иймээс вайбер бичлэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч нь remax-ийн брокер захирлууд байдаг вайбер группын чатад нэхэмжлэгчийн талаарх бичвэрийг бичсэн талаар маргаагүй боловч уг вайбер групп ямар нэртэй, хэдэн гишүүнтэй групп болох нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэр төрд халдаж худал мэдээ тараасан тул уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай гэж тодорхойлсон байна. Худал мэдээ тараасан арга хэрэгсэл нь вайбер групп гэж тодорхойлогдож байна. Гэвч дээрх вайбер групп нь ямар нэртэй, хэдэн гишүүнтэй байхаас хамаарч нэхэмжлэгчийн нэр төрд халдсан худал мэдээ тарсан хүрээ тодорхой болох юм. Гэтэл нэхэмжлэгчийн нэр төрд халдаж хариуцагчийн бичсэн худал мэдээ мэдээлэл хэдий хэмжээнд тарсан нь тодорхойгүй байгаа нөхцөлд шүүх энэ талаар тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай байсан.
4. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ