Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 696

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Л.Соёмбо,  

Хохирогч Н.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хэлэлцүүлгээр

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бод холбогдох эрүүгийн 1905000000784 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй,Шаазгайт овогт Булганикийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил Газ” ХХК-н ажлын байрандаа иргэн Н.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө ажилдаа ирээд Н.Дгаас цалингийн тооцоогоо харъя гэж хэлэхэд Н.Д компьютерээ унтраагаад хаачихсан гэж хэлээд босоод ...муу, сайн малнууд гэж хэлээд шүүгээгээ өшиглөхөөр нь миний уур хүрсэн. Тухайн үед Н.Д даргад уурласан уураа надад гаргасан. Миний цалин дутуу бодогдсон байсан учраас би гайхаад Н.Дгаас лавлаж асуух санаатай уулзсан. Миний цалингаас 60-70 мянган төгрөг дутуу орсон байсан. Тухайн үед түгээлтэнд 2 машин явж байсан талаар тайлбар бичээд өгсөн бол цалин бүрэн гүйцэт орох байсан. Бид нар нэмэлт цагаар ажиллаж байсан. Тухайн үед Н.Дгаас болоод цалин дутуу бодогдсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Д мэдүүлэхдээ:

“...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цагийн үед мэдээ танилцуулсан. Би даргатайгаа уулзаад бухимдалтай байсан. Тухайн үед бухимдаад байж байхад Б-од ажиллах боломжгүй байна гэж хэлсэн. Би Б-ыг “мал” гэж хэлээгүй. Учирсан хохирол дээр цамц болон утасны дэлгэц хагарсан. Хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй. Би тухайн үед шинжээчид үзүүлсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК-д борлуулагчаар ажиллаж байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 08:40 минутын орчим хурлаа тараад компаний диспетчир Н.Дгаас “Миний өнгөрсөн сард зарсан газны тооцоог гаргаад өгөөч гэхэд Н.Д “Би өнөөдөр ажлаа хийхгүй, компюьтерээ унтраагаад хаачихсан гэж хэлээд босоод “ Муу сайн малнууд арга хэмжээ авахгүй болохоор ингээд давардаг байхгүй юу” гэж орилоод ширээний хажуу талын булангаа өшиглөхөөр нь би “Би мал байтлаа хэрэглэгчтэй харьцаад явах уу” гэж хэлээд нүүр рүү хавтсаар цохиод Н.Дг хоёулаа Санхүү рүү ороод тооцоогоо гаргая гэж хэлээд Н.Дг чирээд үүд рүү очтол манай байгууллагын дарга нар гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд тэрнээс хойш Н.Дтай уулзаж маргалдаагүй, би Н.Дгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлыг маань хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Дгийн өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК-д ахлах диспетчерээр ажиллаж байгаа юм. Би энэ байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. 2019.06.12-ны өдөр би өглөө 08 цагт ажилдаа ирээд зааварчилгааны хуралдаа суусан, 1 цагаас дээш хүргэлт хийсэн мэдээг танилцуул гэхээр нь өмнөх өдрийн хүргэлтийн мэдээг танилцуулсан. 1 цагаас хойш зайлшгүй шалтгаантай байсан хүргэлтийг засаарай гэхээр нь би цагийг засах боломжгүй, энд нарын ямар шалтгаантай байх нь захиалга өгсөн хүмүүст хамаагүй, машины тоог нэмж гаргаачээ гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг ингэж хүргэлт хийж яах юм хүргэлтээ болъё гэсэн. Би тэгээ тэг ингэж хүргэлт хийгээд яахав дээ гэж хэлэхэд Ганхуяг миний хөлрүү өшиглөсөн, намайг зайл гэсэн. Би мэдээг танилцуулж дуусаагүй байсан учир байж байхад борлуулагч нарт хандуулаад захиалагч нартаа утсаар хэлээд очиж амжихгүй гэдгээ хэлж цагаа тохирч ажилла тэгэхгүй бол дуудлагын утасруу гомдол болж орж ирээд байна гэсэн. Ганхуяг намайг зайл гээд заамдаж ханаруу шахаад чамайг ална гэсэн. Ганхуяг намайг хөөж гаргасан би эргээд 2-3 удаа орсон, хууль гэж байгаа хуулиас гадуур хүн алдаг юм уу гээд хэрүүл хийгээд орсон. Тэгээд тэр хурлын өрөөнөөс гараад ажлын өрөөнд орсон. Ажлын өрөөнд би бухимдаад ууртай юу болсоныг санахгүй. Б- руу хандаж юм хэлээгүй, Ганхуягтай л ярилцсан.Тэр үед Б- ажлын өрөөнд орж ирээд программ дээрээс юм хараад өгөөч гэхээр нь би бухимдалтай байна ийм байдал ажил хийхгүй ажил хийж чадахааргүй байна гээд би өрөөнөөс гарахад Б- цагийн хэтрэлт над дээр яагаад ийм өндөр гарсан юм бэ? гээд надаас асуухаар нь өнгөрсөн сарын мэдээ бас байгаа. Би мэдэхгүй дарга нараас асуу гэхэд Б- намайг заамдаад ханатай хавсарч цохиод, өшиглөсөн, заамдах үед би газар унахад миний цамцнаас татаад чирсэн өөр юм санахгүй байна. Намайг ханатай хавсарч миний толгой нүүр хэсэгт цохисон энэ гэмтлийг Б- учруулсан. Ганхуяг бол миний хөлрүү өшиглөж, ханаруу заамдаж авсан. Ажлын цагийн хэтрэлтийг Б- надтай биш Ганхуягтай ярих ёстой байсан. Б- надад уурлаж цагийн хэтрэлт их гаргасан гэж цохиж зодсон, Уг нь бол Б- Ганхуягтай учраа олох байж надруу дайрсанд би гомдолтой байгаа. Тухайн үед би КТГ зураг авахуулсан 120.000 төгрөг болсон, цамц урагдсан 150,000 төгрөгний үнэтэй. Шүүх эмнэлэг болон цагдаа руу явсан замын зардал 100,000 төгрөг болсон. Одоо гомдолтой байна, би ажлаа хийж байгаад зодуулсан. Миний ажил алдагдсан, тухайн маргаан болсон өдөр ажлаа хийгээгүй дараа нь шүүх эмнэлэг явсан, ажлын 5 хоногийн цалинг нэхэмжлэх ёстой байна...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн шинжээчийн 7335 тоот: 

1. Н.Д-н биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 15/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил Газ” ХХК-н ажлын байрандаа иргэн Н.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бын“...би Н.Дгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлыг маань хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Ды“...Б- намайг заамдаад ханатай хавсарч цохиод, өшиглөсөн, заамдах үед би газар унахад миний цамцнаас татаад чирсэн. Намайг ханатай хавсарч миний толгой нүүр хэсэгт цохисон энэ гэмтлийг Б- учруулсан. Ганхуяг бол миний хөлрүү өшиглөж, ханаруу заамдаж авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 7335 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Н.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 128.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогч Н.Дд олгож, хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шаазгайт овогт Булганикийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Б- нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ