Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 707

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч, хохирогч Ж.Г,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Ж.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905015740741 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . дугаарын регистртэй, Э.Б.

Холбогдсон хэргийн талаар

- Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд иргэн Б.С-тэй хардалтын улмаас маргалдан зодолдох үедээ хөл дээр гишгэж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд иргэн Ж.Гтай маргалдан гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г мэдүүлэхдээ:

“...Б миний толгой руу цохисны улмаас өвдөөд байсан ба шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан. Имрай зураг авахуулсан болон эмчилгээ хийлгэсэн. 301.000 төгрөгийн зардал гарсан ба төлөгдсөн...” гэв. 

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Бын өгсөн:

“...Тухайн өдөр манай паабад үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй манай ширээнд сууж байгаад, яасан юм мэдэхгүй сүүлд өөрсдийнхөө анх сууж байсан ширээнд суухаар явсан. Тэр үед би тэр эмэгтэйгээс сүүлд авсан хоёр ширхэг пивоны тооцоо аваад гаргах санаатай очсон чинь эрүүлжүүлэх байранд орсон эмэгтэй гэнэт надруу асаад С эгчтэй багынх нь найзууд гээд ирсэн танихгүй хүмүүстэй намайг хардаад дайраад босоод ирсэн. Тэгээд намайг үсдэж доошоо дараад зодоод эхэлсэн. Тэр үед С эгч намайг салгах гээд ирсэн чинь нөгөө хоёр эмэгтэй учиргүй С эгчрүү дайраад үснээс нь зулгаагаад байсан бөгөөд би салгах гэсэн боловч дийлэхгүй болохоор Паабны дотор хаалгыг онгойлгон буудал руу орж Ресепшинд /нэрийг нь мэдэхгүй/ цагдаа дуудаад өг гэж хэлэх үед буудлын зохион байгуулагч Туяа эгч караокед ажилладаг /нэрийг нь мэдэхгүй/ эгчийн хамтаар пааб руу орсон. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд буцаад пааб руу ороход С эгчийг нөгөө хоёр эмэгтэй үснээс нь зулгаагаад доошоо дарчихсан байсан бөгөөд би ороод салгах гэсэн боловч Туяа эгч намайг хойшоо бай гээд С эгчээс нөгөө хоёр эмэгтэйг арай гэж салгасан. Тэр үед эрүүлжүүлэх байранд ордог эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан бөгөөд би бичлэг хийлгэхгүй гээд гар утсыг аваад гутлынхаа түрийнд хийсэн байхад Туяа эгч Баа одоо эгчийн дүү гар утсыг өгчих, бичлэг хийхгүй байх гэхээр нь би Эрүүлжүүлэх байранд орсон эмэгтэйн гар утсыг өгөөд удаагүй байхад цагдаа нар ирээд намайг нөгөө эрүүлжүүлэгддэг эмэгтэйн хамт аваад явсан.

Миний харснаар бол С эгчийг тэр хоёр эмэгтэй үснээс зулгаан газар дараад унагаачихсан байсан бөгөөд С эгчийн хөлөнд яаж байгаад гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Тэр хоёр бол хоёулаа үсдээд дарчихсан байсан. Тухайн үед эрүүлжүүлэх байранд орсон эмэгтэй миний үснээс зулгаасан байхад С эгч тэр эмэгтэйн араас намайг салгах гээд зулгаах үед нөгөө эрүүлжүүлэх байранд орсон эмэгтэй С эгчийг зөрүүлэн үсдээд авах үед хажуу талаас нь хамт явсан настай эмэгтэй нь зулгаагаад байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Гтай үл ойлголцон маргасны улмаас Ж.Ггийн биед хөнгөн хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 127-128/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Ггийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 30-нд орой 22 цагийн үед ажлынхаа хүмүүстэй сууж байгаад хамт ажилладаг Бальдмаа эгчийнд хүргэж өгөх гээд 2-лаа гэрийнх нь хойд талд байдаг “Эл-Хаус” нэртэй пабад орсон. Тэгээд тэнд бид 2 хүний гурав, гурван пиво захиалж уугаад сууж байхад зөөгч эмэгтэй ирээд манайх удахгүй хаах гэж байна гэсэн. Тэгээд бид 2 жаахан сууж байгаад гаръя гэж зөөгчөөс гуйгаад сууж байгаад миний утас дуугараад би ойр ойрхон гарч яриад байсан. Тэгээд нэг утсаар яриад ороод ирэхэд Б эгч хажуу талын ширээнд пабын эзэн гэх эмэгтэйтэй хамт 3 хүнтэй сууж байхаар нь очоод хамт суусан. Тэгээд сууж байгаад хэсэг хугацааны дараа утас дуугараад гарчаад ороод ирэхэд пабын зөөгч эмэгтэй чи яагаад гарч гүйгээд байгаад манай найз залуугийн дугаарыг аваад байна уу гээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлж үсдэлцээд байж байхад Б эгч, нөгөө пабын эзэн гэх эмэгтэйтэй ирээд салгах гээд бөөн бужигнаан болоод пабыг зөөгч эмэгтэй намайг үснээс чирсэн. Тэгээд хажуу талаас пабын эзэн гэх эмэгтэй намайг зуураад байхаар нь би тэр эмэгтэйг барьж аваад үсдээд зууралдсан. Тэгээд дээр доороо ороод бөөн бужигнаан болсон. Би тэгээд тэр дундаас гарч гүйгээд утсаараа 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Б эгч, пабыг зөөгч эмэгтэй, бид 3-г аваад явсан. Хохирогч Б.С-эгийн баруун хөлөн дээр гишгэх үед хурууг нь хугалснаа сүүлд нь мэдсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-41, 124-125/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С-ийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 22:00 цагийн үед арван жилийнхээ найзууд болох Т, А болон өөр танихгүй залуутай ажлынхаа гадаа уулзаад, ажил руугаа орсон. Тэр үед манай паабад 3 ширээ үйлчлүүлэгчтэй байсан бөгөөд би хамт явсан хүмүүстэйгээ нэг ширээнд суугаад 750 граммын Күйли гээд нэртэй архи, ус ундаатай аваад суусан. Тэгээд шөнийн 00:00 цаг болоод хаах болсон болохоор би тогооч охин Бд үйлчлүүлэгчдээ гаргаад хаалгаа барьчих гэсэн чинь, тогооч Б за гэсэн. Тэгээд хаалгаа барих болсон чинь манайд үйлчлүүлж байсан 3 ширээний хоёр ширээ нь гараад, 2 эмэгтэй сууж байсан нэг ширээ үлдчихээр нь гайхаад Баас асуутал тэр хоёр эмэгтэй хаалаа гэсэн чинь дахиад пиво захиалаад жаахан суумаар байна гэж гуйгаад байна гэсэн. Тэгээд би арван жилийнхээ найзуудтай яриад сууж байхдаа паабдаа жаахан бүжиглэх гээд ая тавиад байтал нөгөө ширээнд сууж байсан хоёр хүүхэн бид нартай жаахан бүжиглэсэн. Тэгээд байж байтал сүүлд эрүүлжүүлэх байранд орсон охин ариун цэврийн өрөө орсон юм уу, яасан юм мэдэхгүй байхгүй байхад хамт явсан настай эмэгтэй нь надтай юу болж байгаа талаар асуугаад ярихаар нь би арван жилийнхээ найзуудтай уулзаад байгаа юм гэж хэлтэл тэр эмэгтэй өө тиймүү ямар гоё юм, жаахан хамт сууя гэхээр нь би тэг тэг гээд хамт суусан. Тэгээд тэр эмэгтэй манай ширээнд суугаад архинаас ууж байхад хамт явсан эрүүлжүүлэгдсэн залуу охин нь гарч ирээд бид нартай суусан. Тэгээд хоорондоо жаахан юм ярьж байгаад би ариун цэврийн өрөө орчихоод гараад иртэл манай тогооч охин Быг нөгөө хоёр эмэгтэй үснээс нь зулгаачихсан газар унагаачихсан байсан. Тэр үед би тэд нарыг салгах гэж очоод нилээн зууралдаж байгаад салгасан чинь нөгөө хоёр эмэгтэй надруу дайраад миний үснээс зулгаасан. Тэгээд байж байхад манай буудлын зохион байгуулагч Туяа, ресепшин А, өөр шинээр орж ирсэн нэрийг нь мэдэхгүй байна нэг охины хамт гурвуулаа орж ирэн бид нарыг салгасан. Тухайн үед миний харснаар сүүлд зохион байгуулагч Туяа, ресепшин А нар салгаад байсан бөгөөд би паабын нэг ширээнд суугаад харж байхад нөгөө эрүүлжүүлэх байранд ордог охин нэг ширээнд суучихсан гар утсаараа бичлэг хийгээд, ойртсон хүн болгоныг өшиглөх гээд сарвалзаад байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд манай ангийн А, нөгөө хоёр эмэгтэй, тогооч Б, мөн буудлын зохион байгуулагч Туяа, ресепшин А, шинээр орсон ресепшин охин гээд бүгд байсан бөгөөд цагдаа нар ирээд Б, нөгөө хоёр эмэгтэйг аваад явснаар би араас нь цагдаа дээр ирсэн.

Тухайн өдөр эрүүлжүүлэх байранд орсон охин миний үснээс зулгааж эхлэн, араас нь хамт явсан настай эмэгтэй нь үснээс зулгаагаад газар өнхөрч унасан. Тэгээд тэр хоёр миний дээрээс цохиод өшиглөөд зодоод байсан. Тэгээд би доошоо харсан байхад тэр хоёр эмэгтэй зодоод байсан болохоор би хэн нь хаашаа цохиж зодоод байгааг харж чадаагүй. Миний мэдэж байгаагаар эрүүлжүүлэх байранд орсон охин миний үснээс зулгаачихаад газар нааш, цаашаа болгоод чирээд байсан харин нөгөө настай эмэгтэй нь миний энд тэнд гараад цохиод, өшиглөөд байсан. Би тэр үед яаж байгаад миний хөлөнд гэмтэл учирсан талаар мэдэхгүй байгаа юм. Тэр хоёр хүүхэн яаж учруулсан талаар мэдэхгүй байгаа бөгөөд сүүлд зодооноос салаад сандал дээр очиж суухад хөл өвдөөд, оймсоо тайлаад хартал хөл маань хавдчихсан гишгэж болохгүй байсан. Би одоогоор хичнээн төгрөгийн зардал гарсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан гарч байгаа бүх эмчилгээний баримтуудаа цуглуулж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэх мэдүүлэг /хх-н 23-27/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ггийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг 30 минутад ажлаа тараад, хамт ажилладаг Э болон түүний нөхөр Тамир, Б нартай Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг, нэрийг нь санахгүй байна нэг паабад орсон. Тэгээд тэр паабад бид дөрөв хүний 3, 3 пиво уусан. Тэгээд бид анх паабаас гараад Э эгч нөхөртэйгөө харих гээд явсан бөгөөд би Б эгчийг гэрт нь таксигаар хүргэж өгөөд өөрөө цаашаа явъя гэж бодоод Б эгчтэй хамт такси бариад явж байтал Б эгч модны хоёрын замаар дээшээ өгсөж явахдаа Г эгчийн дүү хоёулаа нэг газар орж жаахан сууя гэхээр нь би тэгье гэсэн чинь Б эгч манай гэрийн урдхан талд Эл хаус гээд газар байдаг юм хоёулаа тийшээ оръё, манай гэртээ ойрхон болохоор амар гэсэн. Тэгээд бид хоёр Б эгчийн гэрийнх нь урдхан талд байдаг Эл хаус гээд паабад ороод хүний нэг, нэг пиво захиалаад суусан. Тэгээд анх авсан пивоо ууж дуусгаад, дахиад хоёр пиво захиалах гэтэл зөөгч охин нь манайх хаах гэж байна, гэхээр нь Б эгч бид хоёр гайхаад, яагаад хаах цаг болоогүй байхад хааж байгаа юм гэсэн чинь тэр зөөгч охин манайх харин хаалгаа бариад найзуудынхаа хамтаар жаахан суух гэж байгаа юм, хэрэв та хоёрт зүгээр гэвэл хамаагүй жаахан сууж болно, бид нар харин хөгжим тавьж бүжиглэх гэж байгаа юм гэхээр нь Б эгч бид хоёр за яахав, хөгжмөө нэг их битгий чанга тавиарай гэж хэлээд суусан. Тэгээд бид хоёр сүүлд авсан пивоо ууж байхад миний гар утас дуугараад, би тэр паабын үүдэнд очин утсаараа ярьчихаад буцаад ширээндээ очтол Б эгч байхгүй байсан. Тэгээд гайхаад хартал Б эгч нөгөө паабын эзэн гэх эмэгтэй болон өөр танихгүй хоёр залуу болон зөөгч охины сууж байсан ширээнд очоод суучихсан байхаар нь би явж очоод Б эгч юу хийж байгаа юм гэсэн чинь Б эгч “эгч нь харин энэ хүүхэнтэй нас ойролцоо, жоохон юм ярьсан чинь дажгүй яриа хөөрөөтэй хүүхэн байна” гээд нөгөө паабыг ажиллуулдаг гээд нүдний шилтэй эгчтэй юм яриад, ширээн дээр нь байсан хундагатай архийг намайг уух уу гэхээр нь би уухгүй гээд уугаагүй. Тэгээд тэр хүмүүсийн ширээнд сууж байтал миний гар утас дахиад дуугархаар нь би босоод үүдэнд очиж ярьчихаад, Б эгчийн суусан ширээнд суух гэтэл нөгөө паабын зөөгч охин намайг хамт ширээнд сууж байсан саарал малгайтай цамцтай залууг өөрийнхөө найз залуу гэж хэлээд “чи манай найз залуугийн утасны дугаарыг аваад байгаа юм уу” гэх шиг болоод миний үснээс зулгааж газар унагаад сэгсчээд байсан. Тэр үед би тэр хүүхнийг бас зөрүүлэн үснээс зулгаасан. Тэгээд тэр хүүхэн бид хоёр үснээсээ зулгаалцаад байж байхад нөгөө паабын эзэн эмэгтэй, Б эгч хоёр салгах гэж ирсэн. Тэгж ирэх үедээ нөгөө паабын эгч намайг татаж салгах гэж байгаад миний зүүн хацар орчмоос урчихсан.

Тэр үед Б эгч уур нь хүрсэн юм уу яасан юм мэдэхгүй нөгөө паабын эгчтэй маргалдаад бие, биенийхээ үснээс зулгаагаад зөөгч охин бид хоёроос салаад явсан. Тэгээд нөгөө зөөгч охин бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан хэвээрээ байсан бөгөөд зөөгч охин миний үснээс зулгаасан хэвээрээ намайг гудчан чирсээр байгаад нэг ширээний завсар оруулан миний хамар орчим нэг удаа цохисноос болж миний хамарнаас цус гарсан. Тэр үед Б эгч нөгөө эгчтэй зууралдсан байгаад яаж салсан юм мэдэхгүй, бас хэн нь мэдэхгүй миний араас ирээд зөөгч охин бид хоёрыг салгах үед би гадагшаа гарч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд буцаад ороход Б эгч нөгөө паабын эзэн эгчтэй зууралдсан хэвээрээ байсан бөгөөд нөгөө зөөгч охин намайг хардаад өөрийнхөө найз залуу гээд байсан залуутай маргалдаад байж байсан. Тэгээд удаагүй байтал нөгөө хүмүүс надтай дахин маргалдах гээд байхаар нь би гар утсаа гарган ирээд бичлэг хийлээ гэсэн чинь надад хүн ойртоогүй. Тэгээд удаагүй байтал цагдаа нар ирээд намайг болон зөөгч охин, Б эгч бид гурвыг аваад явах гэж байхад Б эгч гэрлүүгээ яваад би эрүүлжүүлэх байранд орсон. Миний биед учирсан хацар, завьжны арьсны зулгаралт гэмтлийг паабын эзэн гэх эгч миний араас салгах гэж ирээд татахдаа учруулсан. Харин бусад гэмтлийг тэр зөөгч охин учруулсан. Миний биед учирсан гэмтэлд учирсан зардал гэвэл толгойн томографийн зураг авахуулсан 120,000 төгрөг, өөр шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгний зардал гарсан байгаа. Өөр зардал гараагүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 30-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бгийн өгсөн:

“...Би өөрийн хамт ажилладаг Ггийн хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эл хаус гэх паабад 22:00 цагийн үед орсон. Тэгээд бид хоёр тэр паабад хүний 3 шил пиво ууж байхдаа, бид хоёрын сууж байсан ширээний дээд талд хөгжим чанга яваад байсан тул паабын зөөгч охинд хэлэн өөр ширээнд суусан. Тэгээд бид хоёр гурав дахь пиво ууж дуусаад байтал бид хоёрын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр тухайн паабыг ажиллуулдаг гээд нэг хүүхэн хоёр залуугийн хамтаар бас зөөгч охинтой дөрвүүлээ сууж байсан бөгөөд тэр дөрөв босоод ая тавиад бүжиглэх үед нь Г бид хоёр бас босоод бүжиглэсэн. Тэгээд Г бид хоёр ширээндээ суух гэтэл нөгөө хүмүүс сууж байсан ширээндээ хамт суучих гэхээр нь бид хоёр хамт суусан бөгөөд нэг хэсэг манай Г гар утсаараа яриад алга болчихсон байсан. Тэгээд Г орж ирээд бид нар тэр паабыг ажиллуулдаг гээд хүүхэн, хоёр залуу, зөөгч охины хамтаар нэг ширээнд суугаад юм яриад сууж байтал, манай Г гэнэт алга болчихсон. Тэгээд байж байтал бид нарын сууж байсан ширээний ард талд хүн зодолдох чимээ гарахаар гайхаад хартал паабын зөөгч охин Ггийн үснээс зулгаачихсан доороо хийчихсэн зодож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад юу болоод байгаа юм гэсэн чинь Г нөгөө зөөгч охиныг найз залуутайгаа хардаад намайг зодлоо гээд байсан бөгөөд цагдаад дуудлага өгсөн гээд байсан…” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С-ийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 22:00 цаг өнгөрч байхад арван жилийн найзууд болох А, Т нарын хамтаар өөрийн ажиллуулдаг Эл хаус гээд паабад орсон. Тэгэхэд манай паабад зөөгч охин Б болон гаднаас үйлчлүүлж байгаад 4 хүн хоёр, хоёроороо тус тусдаа ширээнд сууж байсан. Тэгээд би арван жилийн хоёр найзтайгаа паабнаас 1 шил 750 граммын Күйлий нэртэй архи аваад нэг ширээнд суусан. Тэгээд би зөөгч охинд паабаа хаачих гэж хэлээд хаалгаа бариулах гэтэл манай паабад сууж байсан 4 хүний хүүхэн залуу хоёр нь зүгээр гарч яваад хоёулахнаа явж байсан хоёр эмэгтэй гарахгүй дахин пиво авна гээд суугаад байсан бөгөөд би гарга гэсэн боловч тэр хоёр эмэгтэй нь манай зөөгчөөс гуйсаар байгаад хоёр пиво аван суусан. Тэгээд байж байтал нөгөө хоёр эмэгтэй бид нартай танилцаад манай ширээнд суусан. Тэгээд тэр хоёр эмэгтэй манай ширээнд суун бид нартай юм ярин архи ууж байгаад, сүүлд өөрсдийнхөө ширээнд суусан. Тэгээд удаагүй байтал нөгөө хоёр эмэгтэй манай зөөгч охиныг нийлээд зодож байсан бөгөөд би салгах гээд очтол цагдаа нар эрүүлжүүлсэн охин нь миний үснээс зулгаан толгой, тархи бие цээж орчим өшиглөөд байсан бөгөөд сүүлд манай буудлын ажилчид орж ирээд салгах гэхэд хүртэл тэр охин сандал дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд сүүлдээ тэр хоёр эмэгтэй агсам согтуу тавиад салах шинжгүй болохоор бид нар цагдаад дуудлага өгч тэр хоёр эмэгтэйг өгч явуулах гэхэд нэг настай эмэгтэй нь зугтаад явчихсан байсан бөгөөд сүүлд цагдаа дээр ирэхэд миний биед халдан гэмтэл учруулсан охин, манай зөөгч охинтой хоёулахнаа болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 17-р хороо Эл хаусын паабад зодоон болоод байна гэж дуудлага мэдээлэл авч шалгасан. Намайг дуудлаганд очиход Эл хаус паабыг ажиллуулдаг С гээд эмэгтэй согтуу, Б гээд охин мөн согтуу, үйлчлүүлж байсан гээд 2 эмэгтэй /Б, Г/ нэрийг нь мэдэхгүй нэг залуу гээд нийт 5 хүн байсан. Тэгээд намайг шалгаж байхад тухайн паабын тогооч охин болон эрүүлжүүлэх байранд орсон Г хоёр нь хоорондоо зодолдсон гээд бие биенийхээ үснээс зулгаасан гээд гартаа хоёр биеийнхээ үснээс тугаар нь барьчихсан харин С, Б нар хэрэлдээд байж байсан.

Тогооч Бын толгойг нь Г гэгч нь шилээр цохисон гээд толгойноос нь цус гарсан байдалтай мөн Г гэгч үснээс нь зулгаасан гээд тугаар нь үсээ барьсан сууж байсан. Ггийн зүүн хацар орчим маажуулсан, мөн Б гэгч үснээс зулгаасан гээд үсээ барьчихсан сууж байсан. С нь Г гэгч толгойны орой хэсгээс зулгааснаас боллоо гээд оройных нь үс бараг халзарсан байсан бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл бэртлийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Тийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 31-ний шөнө ажил дээрээ хонох учиргүй боловч манай буудлын хамгаалагчид ажил гараад явсан учраас би ажил дээрээ хонохоор болоод ирсэн. Тэр үед манай буудлын харъяа Пааб хаалттай байсан бөгөөд шөнийн 02:00 цаг өнгөрч байхад паабын хяналтын камер нь унтраатай мөртлөө дотор нь хүмүүс орилдоод маргалдаад байх шиг чимээ гараад байсан болохоор би буудлаас гараад паабын дотуур хаалгыг үзтэл дотроосоо цоожтой байсан. Тэр үед пааб дотор хүмүүс зодолдоод байх шиг чимээ гараад байсан бөгөөд би нилээн удаан хаалгыг тогшиж зогссон. Тэгээд хаалгаа тайлахгүй болохоор би буудал руу буцан ороод дотуур утсаар паабын утас руу залгатал Б гээд тогооч охин утсаа аваад эгчээ цагдаа дуудаарай, С эгч бид хоёрыг зодоод, алах гээд байна гэсэн. Тэр үед би Б хаалгаа онгойлгоо, хурдан хаалгаа онгойлго гэсэн чинь Б эгчээ хаалга онгойлгож чадахгүй байна гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буудалд Паабын урдуур хаалганы өөр илүү түлхүүр байдаг болохоор тэрийг аваад хаалгыг онгойлгоод ортол паабын дотор талд шалаар нэг эмэгтэй хүний үс уначихсан, С гээд эмэгтэйг нэг настай гэмээр эмэгтэй үснээс нь зулгаачихсан газар унагаачихсан байсан. Харин Бын үс нь сэгсийчихсэн, толгойноос нь цус гарчихсан хүн аймар царайтай зогсож байсан бөгөөд Сгийн үснээс зулгаасан эмэгтэйн хамт явсан арай залуухан туранхай охин тамхины өрөөнөөс гарч ирээд гар утсаа гарган ирж бид нар зодоон салгаж байхад бичлэг хийгээд байсан. Тэр үед би тэр охинд чи яагаад байгаа юм бэ, бид нар зодооныг салгах гээд хэцүү байхад ямар учиртай бичлэг хийгээд байгаа юм гэсэн чинь тэр охин та нар дуугүй бай гээд аймар загнаад байсан…” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Аийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн арван жилийн найз Ттай уулзаад явж байхдаа арван жилийн найз Стэй уулзангаа нэг шил архи уух санаатай Стэй ярьсан. Тэгээд бид гурав уулзаад гадаа архи ууж байхаар Сгийн пабад орлого оруулах санаатай орсон. Тухайн үед цаг 22:00 цаг болж байсан байх. Тэгээд С, Т бид гурав Сгийн пабад ороод нэг шил 750 граммын архи аваад уунгаа бүжиглээд байж байтал тухайн пабаар үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй пабын зөөгч охинтой гэнэт зодолдоод эхэлсэн байгаа. Тэр үед С нөгөө хүмүүсийг салгах гээд очсон боловч сүүлдээ нөгөө үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй болон С зөөгч охиныхоо хамтаар хоорондоо маргалдаад зууралдсан байгаа. Тухайн үед би салгах гэсэн боловч 3-4 эмэгтэй хүн хоорондоо хэрэлдээд зууралдаад байхаар салгахад маш төвөгтэй байсан учраас би Сгийн пабын хажууд байдаг буудлын ажилчдад мэдэгдэн цагдаа дуудсан.

Ямар ч байсан С бид хоёр ширээн дээрээ сууж байтал ажилтан гээд нэг охинтой үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй зууралдаад эхэлсэн. Тэр үед С салгах гээд очсон боловч сүүлдээ тэр дөрөв бие биенийхээ үснээс зулгаагаад газар өнхрөөд байсан. Тэр үед би салгах гэсэн боловч тэр дөрөв бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан болохоор татаж болохгүй, дээрээс нь хамаагүй хүч хэрэглээд татах гэхээр дараа нь би өөрөө эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн асуудалд орох байх гээд ойртож чадаагүй. Тэгээд аргаа бараад буудлын хүмүүст хэлж цагдаа дуудсан.

Тухайн үед миний харснаар пабын зөөгч охин миний толгой хагалчихлаа гээд байсан. Харин нөгөө хоёр эмэгтэйд ямар гэмтэл бэртэл байсан талаар сайн хараагүй. Ерөнхийдөө тэр маргаан болоод дууссан хойно шалаар нэг эмэгтэй хүний үс хөглөрсөн байсан бөгөөд тэр дөрвөн эмэгтэй бие биенээ үсдээд зууралдаад байсан. Харин намайг харж байхад тэр дөрөв бие биенээ цохиж байгаа харагдаагүй. Сүүлд цагдаа нар ирээд явсан хойно С надтай хамт явж байхдаа миний хөл гишгэж болохгүй өвдөөд байна гэсэн. Дараа нь ярихад нэг хөлнийх нь хуруу хугарсан гэл үү яасан гэлээ нэг юм хэлсэн. Би тухайн үед Сгийн биед хэн хэрхэн халдаад байгааг тодорхой харсан юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн:

“...Ггийн биед учирсан зовхи, хацар завжины арьсны зулгаралт, хамрын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд хохирогчийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг бөгөөд бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 43/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн:

“...Баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, 2 шуу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг зүүн хөхний дээрх цус хуралт зүүн чихний урд зүүн гарын ядам хурууны язрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд баруун тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт орох ба баруун тавхай зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ямар нэгэн зүйлд цохигдох тухайн хэсэгт гишгэх зэрэг үйлчлэлээс үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 4089 тоот:

1. Ж.Г-н биед тархи доргилт, зовхи, хацар, завьжны арьсны зулгаралт, хамар, мөр, бугалга, ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 4094 тоот:

1. Б.С--н биед баруун тавхайн 4-р хурууны шивнүүр ясанд хугарал, баруун сарвуу, баруун тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн хөхний дээр цус хуралт, зүүн чихний ард, зүүн сарвууны ядам хуруунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 48/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71, 109/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78, 113/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 79/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

            - Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд иргэн Ж.Гтай маргалдан гараараа толгой орчим цохиж биед тархи доргилт, зовхи, хацар, завьжны арьсны зулгаралт, хамар, мөр, бугалга, ташааны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Бын “...хохирогч Ж.Гтай үл ойлголцон маргасны улмаас Ж.Ггийн биед хөнгөн хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Ггийн “...Миний биед учирсан хацар, завьжны арьсны зулгаралт гэмтлийг паабын эзэн гэх эгч миний араас салгах гэж ирээд татахдаа учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бгийн “...бид нарын сууж байсан ширээний ард талд хүн зодолдох чимээ гарахаар гайхаад хартал паабын зөөгч охин Ггийн үснээс зулгаачихсан доороо хийчихсэн зодож байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ын “...намайг шалгаж байхад тухайн паабын тогооч охин болон эрүүлжүүлэх байранд орсон Г хоёр нь хоорондоо зодолдсон гээд бие биенийхээ үснээс зулгаасан гээд гартаа хоёр биеийнхээ үснээс тугаар нь барьчихсан харин С, Б нар хэрэлдээд байж байсан.

Ггийн зүүн хацар орчим маажуулсан, мөн Б гэгч үснээс зулгаасан гээд үсээ барьчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Аийн “...Сгийн пабад ороод нэг шил 750 граммын архи аваад уунгаа бүжиглээд байж байтал тухайн пабаар үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй пабын зөөгч охинтой гэнэт зодолдоод эхэлсэн. Тэр үед С нөгөө хүмүүсийг салгах гээд очсон боловч сүүлдээ нөгөө үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй болон С зөөгч охиныхоо хамтаар хоорондоо маргалдаад зууралдсан.

Тэр үед С салгах гээд очсон боловч сүүлдээ тэр дөрөв бие биенийхээ үснээс зулгаагаад газар өнхрөөд байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Ггийн биед учирсан зовхи, хацар завжины арьсны зулгаралт, хамрын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд хохирогчийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг бөгөөд бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 4089 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар,

 

- Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд иргэн Б.С-тэй хардалтын улмаас маргалдан зодолдох үедээ хөл дээр гишгэж  биед баруун тавхайн 4-р хурууны шивнүүр ясанд хугарал, баруун сарвуу, баруун тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн хөхний дээр цус хуралт, зүүн чихний ард, зүүн сарвууны ядам хуруунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Ггийн “...Хохирогч Б.С-эгийн баруун хөлөн дээр гишгэх үед хурууг нь хугалснаа сүүлд нь мэдсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С-ийн “...Миний мэдэж байгаагаар эрүүлжүүлэх байранд орсон охин миний үснээс зулгаачихаад газар нааш, цаашаа болгоод чирээд байсан харин нөгөө настай эмэгтэй нь миний энд тэнд гараад цохиод, өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Б-ын “...намайг шалгаж байхад тухайн паабын тогооч охин болон эрүүлжүүлэх байранд орсон Г хоёр нь хоорондоо зодолдсон гээд бие биенийхээ үснээс зулгаасан гээд гартаа хоёр биеийнхээ үснээс тугаар нь барьчихсан харин С, Б нар хэрэлдээд байж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Аийн “...С бид хоёр ширээн дээрээ сууж байтал ажилтан гээд нэг охинтой үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй зууралдаад эхэлсэн. Тэр үед С салгах гээд очсон боловч сүүлдээ тэр дөрөв бие биенийхээ үснээс зулгаагаад газар өнхрөөд байсан.

Сүүлд цагдаа нар ирээд явсан хойно С надтай хамт явж байхдаа миний хөл гишгэж болохгүй өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, 2 шуу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг зүүн хөхний дээрх цус хуралт зүүн чихний урд зүүн гарын ядам хурууны язрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тустусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд баруун тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт орох ба баруун тавхай зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ямар нэгэн зүйлд цохигдох тухайн хэсэгт гишгэх зэрэг үйлчлэлээс үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 4094 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Ж.Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ж.Ггийн биед хөнгөн хохирол тус тус учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 138 дугаар талд хохирогч Б.С- “...Ж.Гтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, 139 дүгээр талд “...Ж.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Г, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ж.Б нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ