Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“К” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Ц” нэртэй ....... гектар талбай бүхий ....... тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2005 оноос хойш эзэмшиж маргаан бүхий акт гарах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж, жил бүр холбогдох хуулийн дагуу сунгуулсаар ирсэн, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг эрх зүйн ямар нэг зөрчилгүйгээр эзэмшиж байсан болно.

Компанийн удирдах албан тушаалтны тухай:

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...“К” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Монгол Улсын иргэн Н овогтой М” байсан гэжээ.

2018 онд ажиллаж байсан өмнөх гүйцэтгэх захирал Н.М нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр 2017 оны санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зарлан хуралдуулах ёстой байсан боловч огт хурал хийж, ажлын болон санхүүгийн тайлан танилцуулаагүй тул 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон байдаг.

Улмаар гүйцэтгэх захиралд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах боломжит хугацаа олгосон боловч компанийн ажлыг орхигдуулж, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй” гэж заасанчлан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн 02 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоох буюу эзэн-төлөөллийн харилцааг дуусгавар болгосон байдаг.

Энэ нь хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг эн тэргүүн харгалзан үзэх тухай зохицуулалт бөгөөд идэвхтэй буюу нэг хувьцаа эзэмшигчтэй хаалттай компанийн тохиолдолд өмчлөх ба удирдан хянах эрхийг хамгаалан нэгтгэсэн агуулгатай байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигч нь компанийн бүхий л асуудлыг шийдвэрлэн холбогдох асуудлыг хариуцан ажиллаж байсан эцсийн өмчлөгч мөн ажээ.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсноор хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааг хариуцаж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх үед хувьцаа эзэмшигч нь компанийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч цорын ганц эрх бүхий удирдах албан тушаалтан байсан болно.

Хүндэтгэн үзэх нөхцөл байдлын тухайд:

“К” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх буюу 2019 оны 2 дугаар сарын 4-ний үеэр буюу 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд компанийн удирдлага хүнд өвчтэй гадаад оронд байсан байдаг.

Энэ нь хавтас хэрэгт авагдсан БНХАУ-н иргэн Л В-гийн гадаад паспортын штамб болон Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2-5а/10900 тоот лавлагаагаар гадаад оронд байсныг, “Нандин-Эрдэнэ Сэргээн” засах төвийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн эмнэлгийн магадалгаа, албан бичиг зэргээс 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл архаг зүрхний болон уушгины багтраа хавсарсан өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн байдаг.

Ийм хүнд явцтай зүрхний багтраагийн үед өвчин хоногт хэд хэдэн удаа хөдөлж, амьсгал боогддог тул өвчтөнг амрааж, утлага болон эмчилгээг цогцоор хийж байж өвчнийг намдаах бололцоо олддог. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь БНХАУ-д эмчилгээгээ эхлүүлж Монгол Улсад үргэлжлүүлэн сувилуулсан боловч одоо ч бүрэн эдгэрээгүй байдаг.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйл болон Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д тус тус тодорхойлон заасан байх бөгөөд иргэний “онцгой нөхцөл байдал буюу өвчтэй байгаа” нь хамаардаг байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй” гэж, 2006 оны 7 дугаар сарын 3-ны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт “...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ” гэж тайлбарласнаас үзвэл уг тохиолдол нь манай эрх зүйн тогтолцооны хүндэтгэн үзэх шалтгаан хэмээх ойлголтод хамаарахаар байна.

Тодруулбал нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэх объектив боломжгүй нөхцөл үүссэн буюу хүндээр өвчилсөн байх тул эрх зүйн хамгаалалтын механизмыг хэрэгжүүлж, энэрэнгүй хандана хэмээн итгэж байна.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй тухайд:

Нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь “бодит нөхцөлд тохирсон ...байх” тус хуулийн 24 дүгээр зүйлд “Нөхцөл байдлыг тогтоох” гээд 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргах бодит нөхцөл, нотлох баримтууд болон сонгох боломж зэргийг судлах ажиллагаа явуулах үүрэгтэй байна.

Мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд “Оролцогчийг сонсох” тухай зохицуулсан бөгөөд 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх ...” гэж тус тус заасан байдаг.

Үүний дагуу холбогдох ажиллагаа явуулж нэхэмжлэгчийг оролцуулж шийдвэр гаргах ажиллагааны журамд заасан эрхийг нь хангах ёстой байжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан ...этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасанчлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс аливаа төрлийн мэдэгдэх буюу гардуулах ажиллагаа явагдаагүй болно.

Тухайн үед захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг сонсох, актыг мэдэгдэх ажиллагаа буюу оролцогчийн эрхийг хангах ажиллагаа огт хийгдээгүй, маргаан бүхий акт болон холбогдох мэдэгдлүүд нь шуудангийн “буцалт” тэмдэглэгээтэй байсан бөгөөд бид 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр захиргааны байгууллагаас шаардаж авсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт тодорхой бүртгэгдсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй нь хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар буцаагдсан хэмээн дүгнэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцагчийн хүлээх үүргийг гуйвуулсан тайлбар хийсэн үндэслэлгүй болжээ.

Компанийн төлбөрийн чадварын тухай:

Манай компани нь 2008 онд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Маргаан бүхий газарт 2017 оноос тус ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тухайн жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрт ойролцоогоор 1 сая гаруй төгрөг төлж ирсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийн 1 сая гаран төгрөг /Хэрэв захиргааны байгууллага зохих ёсоор мэдэгдсэн бол/ төлөхөөс зайлсхийх, татгалзах ямар ч үндэслэлгүй юм.

Хуулийн этгээдүүд нь ашигт малтмалын харилцаанд ашгийн төлөө оролцох бөгөөд харилцааны онцлогоос хамааран зөвхөн техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, шаардлагатай уурхайн тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг бэлтгэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээдийн удирдлага хүндээр өвчилснөөс хамааран бүхий л үйл ажиллагаа салхинд хийсэх эрсдэлтэй нөхцөлд ороод байна.

Иймд дээр дурдсан бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгч, зөвшөөрөхгүй тохиолдолд түүнийгээ нотлох баримт бичгийг гаргаж өгөх боломжийг олгохоор хуульчилсан бөгөөд хариуцагчаас энэхүү ажиллагааг хуульд заасны дагуу явуулсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн тухайд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ц нэртэй талбайд байрлах 63.16 гектар талбай бүхий ........ тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 169 дүгээр шийдвэрээр шилжүүлэн эзэмшсэнээс хойш цуцлагдах хүртэл нийт 9 жилийн хугацаанд эзэмшиж байснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ 8 жилийн хугацаанд биелүүлж иржээ.

Анх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үед компанийн хаягийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ........ тауэр ......... тоот гэж, холбогдох утасны дугаарыг ......., ......... гэж тус тус бүртгүүлсэн, энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн байх бөгөөд хариуцагчаас 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө дараа жилийн төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 7/945 дугаар мэдэгдлийг уг хаягаар хүргүүлэхдээ мэдэгдлийн дугтуйнд 91921998 утасны дугаарыг;

-харин тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 7/1877 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ мэдэгдлийн дугтуйнд дээрхээс гадна ......... утасны дугаарыг тус тус тэмдэглэсэн байна.

Гэвч эдгээр мэдэгдлийн аль алийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, буцалт хийсэн болох нь явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр болон “Монгол шуудан” ХХК-ийн магадлагаагаар тогтоогддог.

Иймд хуульд заасан мэдэгдэл хүргэгдээгүйтэй холбогдуулан эхний буюу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэлд ........ дугаарыг дангаар нь, мөн дараагийн буюу цуцалсан тухай мэдэгдэлд кадастрын бүртгэлийн мэдээллийн системд бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус ......... утасны дугаарыг хамтад нь бичих болсныг тодруулан шалгах нь зүйтэй.

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сүүлийн утасны дугаарыг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Л В эзэмшдэг гэж тайлбарласан болно.

Дээрхээс гадна нэхэмжлэгчээс уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул тусгай зөвшөөрлийн жилийн нэг сая гаран төгрөгийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, татгалзах үндэслэлгүй, 2019 оны уулын ажлын болон байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө болон бусад шаардлагатай баримт бичгийг холбогдох байгууллагаар батлуулж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ бүрэн хангасан байсан гэх тайлбартай нь холбогдуулан эдгээрийг нотлох баримтуудыг цуглуулах, мөн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М тусгай зөвшөөрлийг цуцлах үед албан үүргээ гүйцэтгэж байсан эсэхийг тодруулах, хэрэгт түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг мөн өдрөөр дуусгавар болгосон хувьцаа эзэмшигчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр авагдсан, гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дууссан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН