Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1847

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/01847

 

Төгс Шал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 12-ны өдрийн 101/ШШ2016/05769 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Төгс Шал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хотон Трейд ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 3 482 779 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сарнай

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхжаргал, Д.Доржсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хотон Трейд ХХК нь Төгс шал ХХК-тай Жуковын музейн замын урд байрлах өөрийн авто машин угаалгын газрын шалыг цутгуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 04 дүгээр сард Бетон шал цутгах болон өнгөлөх тухай 15121 дугаар гэрээг байгуулан ажилласан юм. Гэрээний хугацаанд Төгс шал ХХК-иас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч Хотон Трейд ХХК-ийн зүгээс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу гэрээнд тусгагдсан ажлын төлбөрийг элдэв шалтаг заан одоог хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж ирлээ. Иймд Хотон Трейд ХХК-иас хөлсний үлдэгдэл  10 000 000 төгрөг,  алдангийг 50 хувиар тооцож 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх  2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төгс шал ХХК-тай гэрээ байгуулан Авто машин угаалгын газрын шал цутгуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж, гэрээнд заасны дагуу урьдчилгаа 10 000 000 төгрөг төлсөн.  Гэрээний 4.1 болон 6.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч нь гэрээт ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй  боловч  ажлыг хүлээн авах үед шалны цутгалт нь хуримтлагдсан усыг ус зайлуулах хоолой руу урсгах боломжтой налуу байдлаар хийгдээгүй зэрэг чанарын доголдол илэрсэн тул манай компаний зүгээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж, гэрээнд заасны дагуу чанарын доголдлыг 1 сарын хугацаа тогтоон өөрийн зардлаар засаж сайжруулан хүлээлгэн өгөх шаардлага тавьсан.

 Үүний дагуу Төгс шал ХХК нь манай шаардлагыг хүлээн зөвшөөрч, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөө амаар баталгаажуулсан ч өдийг хүртэл  доголдлыг арилгаж, ажлаа хүлээлгэн өгөхгүй зугтаасаар ирсэн. Энэ хугацаанд шалны налуу хийгдээгүй доголдлоос болж хуримтлагдсан ус, ус зайлуулах хоолой руу биш эсэргээрээ хананд хуримтлагдаж ханыг мөөгөнцөрдүүлэх өгөршүүлэх зэргээр барилгын чанарт сөргөөр нөлөөлж байна. Бид өөрсдөө Монгол улсын мэргэшсэн инженерт хандан Төгс шал ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг шалгуулахад ...барилгын гадна ханын хийцийг өгөршүүлэх, барилгын хана мөөгөнцөртөх болон барилгын дулаан тусгаарлалтад нэвчсэнээр дулаан тусгаарлалтад сөргөөр нөлөөлөх нөхцөлтэй байна гэж дүгнэн тодорхойлолт гаргаж өгсөн.  Гүйцэтгэгч Төгс шал ХХК нь гэрээт ажлыг чанарын доголдолтой хийж, уг чанарын доголдолоо тогтоосон хугацаанд засаж сайжруулан хүлээлгэн өгөөгүй атлаа нэхэмжлэлдээ гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Хотон Трейд ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгс шал ХХК нь бетон шалаа стандартын бус усны урсацыг эсрэг талруугаа урсахаар буруу хийснээс машин угаасан ус нь ус зайлуулах сувагруу жигд урсаж зайлуулагдахгүй барилгын ханаруу урсаж, нэвчсэнээс барилгад эвдрэл үүсгэж, барилгын ханаруу нэвчсэн ус ханын дулаалгын материалд шингэн удаан хугацаанд хадгалагдсан байснаас хана бүхэлдээ норж өнгө заслууд хуурч, өгөршин муудсанаас бидэнд тодорхой хэмжээний хохирол учраад байна. Одоогийн байдлаар тус эвдрэл гэмтлүүдийг засварлуулахад нийт 3 482 770 төгрөг болж байгаа бөгөөд засварт шаардлагатай материалуудыг авсан байгаа болно. Цаашид удаан хугацаагаар хананд ус нэвчсэн байдалтай байвал цахилгаанд хүртэл нөлөөлөх магадлалтай  юм. Стандартын бус шал хийснээс болж бидэнд учирсан хохирол болох 3 482 770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Бетон шал цутгах болон өнгөлөх тухай ажлын гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхэд захиалагч талаас шалны ажлын зураг төсөл огт өгөөгүй, тухайн үед хариуцаж байсан захиалагч талын инженер гэх хүний аман зааварчилгааг дагаж ажлыг гүйцэтгэсэн. Мөн газар шорооны ажлыг захиалагч тал өөрсдөө хийсэн бөгөөд бетон цутгах явцад нягтаршуулалт муу хийгдсэн хэсгүүдэд суулт өгч зарим хэсэгт түвшин алдагдсан. Ажил гүйцэтгэхэд барилгын хана болон шал норж өгөршиж муудсан удаан хугацаанд засвар хийгдээгүй гараж байсан. Ханын засварын ажил анхнаасаа зориулалтын бус материал ашиглан гүйцэтгэж байсан. Шалны ажлыг чанаргүй муу хийсэн бол өдийд ашиглах боломжгүй байх байсан ба одоог хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хотон трейд ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төгс шал ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төгс шал ХХК-иас 3 482 770 төгрөг гаргуулах тухай Хотон трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан Төгс шал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөг, Хотон трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хотон трейд ХХК-иас 171 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төгс шал ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төгс шал ХХК нь ажлын гүйцэтгэлийг гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй, ажил хүлээлцсэн ямар ч акт үйлдээгүй бөгөөд дутуу чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн байхад гэрээний үлдэгдэл мөнгийг манай компанийг төлөх ёстой гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Тус компани гэрээнийхээ дагуу чанарын доголдолгүй бүрэн гүйцэт ажлыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэ талаар 2-3 шинжээч инженерүүдийн дүгнэлт тодорхойлолтуудад тодорхой заан гарсан байхад анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж үндэслэлгүйгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд  гомдолтой.  Монгол улсын мэргэшсэн инженер М.Уламбаярын тодорхойлолт, Барилгын мэргэшсэн инженер Н.Энхчимэгийн барилгын засварын ажилд хийсэн дүгнэлт зэргийн нотлох баримтаар өгсөн байхад тус 2 дүгнэлт тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэлгүйгээр гэрээнд заасан ямар стандартыг зөрчсөн болохыг баримтаар нотлоогүй гэж хэт нэг талыг барьж чанарын доголдолтой гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолгүй гэж үзэн шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд ийм стандарт нөхцөлөөр хийнэ гэж тусгаагүй боловч биет байдлын доголдолгүй, чанарын өндөр түвшинд хийж, стандартын дагуу гүйцэтгэнэ гэсэн бөгөөд энэ нь аливаа гүйцэтгэгч байгууллагууд чанар стандартаа барьж ажиллах ёстой ба биет байдлын доголдолтой хийгдсэн гэдгийг нотолж 2  мэргэшсэн инженерүүдийн тодорхойлолт, дүгнэлтүүдээр нотолсон болно. Гэтэл шүүх Монгол улсын мэргэшсэн инженерүүдийн дүгнэлтүүдийг ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэн ажлын үр дүнг доголдолгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь хууль зөрчиж гарсан шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Төгс шал” ХХК нь хариуцагч “Хотон трейд” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч ажлын үр дүн доголдлоос учирсан хохиролд 3 482 770 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Талууд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1512/1 тоот гэрээг бичгээр байгуулж,  гэрээгээр 400 м.кв талбайд бетон шал цутгах ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний 1.2-т заасан шал цутгах ажил гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх боловч хариуцагч нь стандартын бус, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой  шал хийснээс болж хана бүхэлдээ норж хохирол учирсан гэж гүйцэтгэсэн ажлын чанарын талаар талууд маргажээ. 

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын чанарын талаар Монгол улсын мэргэшсэн инженер М.Уламбаярын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг тодорхойлолтод дурдсан доголдлууд ажлын үр дүнд байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /хх-26-29 хуудас/

            Анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар Барилга хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч тус байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д зааснаар шинжилгээ хийхээс татгалзсан /хх-55-58 хуудас/ тул 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШЗ2016/07527 дугаар шүүгчийн захирамжаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг шинжээчээр томилжээ. /хх-64-66 хуудас/

 

            Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь шинжээчээр ажиллах боломжгүй талаар дурдаж, тус газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ганчимэгийг зохих журмын дагуу шинжээчээр томилон ажиллуулах саналыг шүүхэд ирүүлжээ. /хх-68 хуудас/

Гэтэл анхан шатны шүүх Н.Ганчимэгийг шинжээчээр томилохдоо захирамж гаргалгүй албан бичиг илгээснээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэснийг зөрчжээ.

Мөн дээрх журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

            Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь  Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан хохиролтой холбоотой эсхүл мөн хуулийн 512 дугаар зүйлийн 512.1, 512.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын дутагдлын улмаас үүссэн гэм хор, хохирлын алинд нь хамаарахаар болсныг шүүх тодруулснаар уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 эсхүл 82 дугаар зүйлд заасан аль бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхийг тодорхойлох  юм.

 

            Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсгийг зуруулаагүй, тухайн хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэрэг шилжсэн талаарх захирамж хэрэгт авагдаагүй нь хуулиар тогтоосон журамд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 12-ны өдрийн 101/ШШ2016/05769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хотон трейд” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД